| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/00802/и |
| Дугаар | 209/МА2025/00053 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 209/МА2025/00053
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/00889 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “14,725,000 төгрөг гаргуулах” тухай,
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******л /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******оос гэрээний дагуу төлөх төлбөрт 9,500,000 төгрөг, 5 сарын хүү 475,000 төгрөг, алданги 4,750, 000 төгрөг нийт 14,725,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс үндсэн төлбөр 9,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х-1, 23/
4. Хавтаст хэрэгт авагдсан “Зээлээр ургамал хамгааллын бодис худалдах, худалдан авах гэрээ”-г талууд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулахдаа худалдагч тал болох “ *******” ХХК нь Граунд ВР нэртэй, 250 л хэмжээтэй ургамал хамгааллын бодисыг 1 литрийг нь 38,000 төгрөгөөр тооцон нийт 9,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тал болох ******* нь гэрээний төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгахаар, худалдан авагч нь сар бүр худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувийн хүүг тооцон худалдагчид төлөхөөр, худалдан авагч нь төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /х.х-5-6/
Харин хариуцагчийн хувьд гэрээний дагуу 250 л ургамал хамгааллын бодисыг хүлээн авсан боловч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд гэрээний дагуу тооцсон хүү, алдангийг төлөхгүй гэж маргаж байна.
5. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ....худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-д “худалдан авагч нь сар бүр худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хувийн хүүг төлнө”, 5.5-д “худалдан авагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагчид төлнө” гэж харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт нийт 475,000 төгрөг, алданги 4,750, 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
6. Хариуцагч нь гэрээний дагуу тооцсон хүү, алдангийг зөвшөөрөхгүй талаар “...2024 оны намар хураасан будаа шаардлага хангаагүй, борлогдоогүй учир төлбөрийг төлж чадаагүй” гэж маргаж байгаа боловч энэ талаар холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 307/ШШ2025/00889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ