Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2025/00054

 

   *******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/01016 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “2,435,000 төгрөг гаргуулах” тухай,

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******р, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.
                                                                              ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй,  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан туслах малчнаар ажиллуулахаар урьдчилж өгсөн цалингийн зөрүү 345,000 төгрөг, өвсний үнэ 1,140,000 төгрөг, хариуцагчийн адууг малласны хөлс 950,000 төгрөг, нийт 2,435,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ. /х.х-1, 20/

4. Зохигчийн хувьд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн адууг маллахаар, мал малласан 1 сарын цалин хөлс 500,000 төгрөг байхаар амаар ярилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн адууг маллаж эхэлсэн, адууг маллаж байх явцад нэхэмжлэгч *******ийн 2 тооны адуу алга болсны улмаас талуудын хооронд маргаан үүсэж, уг маргааны улмаас хариуцагч ******* нь ажил үүргээ гүйцэтгэхээ больсон нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

5. Талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна.” гэж хуульчилсан, талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн адууг маллахаар амаар харилцан тохиролцож, тодорхой хугацаанд маллаж байсан байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн адууг маллаж байх явцад 2025 оны 03 сарын 21-нээс 2025 оны 03 сарын 22-нд шилжих шөнө нэхэмжлэгч *******ийн 2 тооны адуу алга болсны улмаас талуудын хооронд маргаан гарч, хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэхээ больсон байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зөв дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч *******гийн хувьд 1 сарын ажлын хөлс 500,000 төгрөг байхаар нэхэмжлэгчтэй амаар тохирсон талаар маргаагүй, 1 сарын цалингаа урьдчилан авсан байх тул тэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаанд буюу 17 хоногт оногдох 310,323 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.

Адуу нь урт хөлийн мал бөгөөд нэхэмжлэгч *******ийн адуунаас алга болсон 2 тооны адуу нь айлын адуунд нийлсэн байсныг 2024 оны 04 сарын 07-ны өдөр олсон, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн адууг маллахаа больсон цагаас эхлэн өөрийн 7 тооны адууг авах шаардлага тавихад нэхэмжлэгч нь өөрөө сайн дураар буцаан өгөөгүй байх тул түүнийг бусдын өмнөөс даалгаваргүйгээр үүрэг гүйцэтгэсэн гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 307/ШШ2025/01016 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Г.МЯГМАРСҮРЭН

                          ШҮҮГЧИД                                             Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                       Я.ТУУЛ