| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0466/Э |
| Дугаар | 481 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 1910015130541 дугаартай, 187/2019/0466/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны........... дугаар сарын ......-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, ...... настай, ......... боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл ......... хүүхдийн хамт, Алдар спорт хорооны тамирчин ажилтай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 29-2 дугаар байрны 41 тоотод оршин суух, улсын харцага цолоор шагнагдсан, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Б-ын О /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наадам центр” төвийн 3 дугаар давхарт байрлах “Монгол кораоке”-д зохион байгуулагч ажилтай Т.Г-ийг илүү мөнгө нэхлээ гэх шалтгаанаар зүүн шанаа тус газар нь алгадаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наадам центр” төвийн 3 дугаар давхарт байрлах “Монгол кораоке”-д зохион байгуулагч ажилтай Т.Г-ийг илүү мөнгө нэхлээ гэх шалтгаанаар зүүн шанаа тус газар нь алгадаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Наадам центр”-ийн 3 дугаар давхарт байрлах “Бигэрсайхан” ХХК-ийн эзэмшлийн “Монгол караоке”-д зохион байгуулагчаар ажиллаж байх үед улсын харцага цолтой бөх болох О хэдэн хүний хамт номерын өрөөнд орж үйлчилгээ авсан юм. ...Тооцоогоо хийх үед нь би нэгдүгээр ширээний тооцоог андуурч нэгдүгээр өрөөнд орсон хүмүүсийн тооцоог 200.000 төгрөг гэж өгсөн. Гэтэл уг тооцоог хийх гэж байсан залуу “манай тооцоо буруу гарсан байна” гэхээр нь нягталж үзсэн чинь би тооцоог нь андуурч өгсөн байсан учир уучлалт гуйгаад 160.000 төгрөгийн тооцооны хуудас өгсөн юм. ...Тооцоо хийх гэж байсан залуутай хамт явж байсан улсын харцага цолтой бөх О кассны машины урд талд ирээд намайг гараараа дохиж дуудсан учир би ямар нэгэн зүйл хэлэх гэж байна гэж бодоод тонгойж толгойгоо ойртуулсан чинь ямар нэгэн үгийн зөрүү байхгүй баруун гараараа зүүн талын шанаа тус газар цохих үед зүүн чих хэсэг шуугиж байгаад зүгээр болсон. ...Ингээд 2 хоногийн дараа зүүн чих өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь чихний хэнгэрэг цоорсон гэсэн онош гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/
3. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тооцоо хийх болоод текин дээр очиж кассны машины ард зогсож байсан залуу руу Алдарбаяр очоод буцаж ирээд “манай өрөөнөөс үйлчилгээний хөлс илүү нэхээд байна” гэхээр нь О ийн хамтаар явж очиход кассан дээр байсан залуу “би өөр өрөөний тооцоог андуурсан байна” гэж хэлэхэд бид хоёр болохгүй талаар ярьж хэлэхэд үл ойшоосон байдалтай байхаар нь О зүүн шанаа орчимд нь нэг удаа алгадахаар нь би боль гэж хэлээд дагуулаад гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
4. Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны 21 цаг өнгөрч байхад би үүрэг гүйцэтгэж байсан. “Монгол караоке”-ны 1 дүгээр өрөөнд үйлчлүүлж байсан нэг залуу тооцоо хийхээр болоод кассны ар талд зогсож байсан нэг залуу тооцоо хийхээр болоод кассны ар талд зогсож байсан зохион байгуулагч Ганзориг дээр очиж хоорондоо юм ярилцаж байсан. ...Тэгээд заалаа хянаад байж байхад кассны урд талд 3 хүн байснаа захад зогсож байсан хар хөх өнгийн саравчтай малгайтай, футволктой биеийн тамирын өмдтэй байсан нэг залуу нь баруун гараараа Ганзоригийн зүүн талынх нь хацар луу нь нэг удаа алгадаад байж байгаад 1 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан иргэд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7586/-ний дүгнэлт:
-Т.Г-ийн биед чихний хэнгэрэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 27/
6. Шүүгдэгч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Караокед найз нарынхаа хамт ороод 1 цаг гаран дуулж байгаад гарах болоод тооцоо хийх гэхэд кассны машины ар талд сууж байсан уг газрын ажилтан залуу манай өрөөний тооцоог буруу гаргаж маргаан үүссэн. Энэ үед уг залууг дуудаж тонгойх үед нь зүүн талын шанаа тус газар нь гараараа нэг удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, шийтгэх тогтоолоор тогтоогдлоо. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул Б.О ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7586/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наадам центр” төвийн 3 дугаар давхарт байрлах “Монгол кораоке”-д зохион байгуулагч ажилтай Т.Г-ийг “илүү мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар зүүн шанаа тус газар нь алгадаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.О ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.О ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/, түүний хувийн байдал /...34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Алдар спорт хорооны тамирчин ажилтай.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б-ын О ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.О-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР