Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2025/0093

 

 

Ц.А****-ийн гомдолтой, Баянгол дүүргийн

Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид

холбогдох хэргийн тухай

         Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Г.Банзрагч

Шүүгчид:                         Д.Батбаатар

                                           П.Соёл-Эрдэнэ

                                            Ц.Цогт

Илтгэгч шүүгч:             М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/0474 дүгээр магадлал,

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0399 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагч Ц.А****, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ж****, хариуцагч Д.Д****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У**** нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага:

1.Ц.А****-ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “... тус улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Татварын ерөнхий газраас ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 9 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ц.А****-т холбогдох зөрчлийн мэдээллийг эрх бүхий албан тушаалтны саналаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д**** хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ********* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Ц.А****-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийг үйлдсэнд тооцон 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00**** дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.А****-ээс Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д****-д холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00**** дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус тул хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/0474 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.А****-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч Ц.А****, түүний өмгөөлөгч Э.Ж**** нарын давж заалдах гомдлыг хангажээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ш.У****-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0399 дүгээр тогтоолоор “.. эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргажээ. Үүнд:

6.1.Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгийг өөр өөрөөр, ялгаатай тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх “... нэр дэвшигчийн авсан хандивт тавигдах шаардлага болон уг шаардлагыг хангаагүй хандивыг сонгуульд нэр дэвшигч буцаан шилжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойгоор, хоёрдмол утгагүйгээр заасан байна” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “... шууд утгаар тайлбарлавал иргэний хувьд нэр, иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгахаар, харин хандивын эх үүсвэрийг заавал тусгасан байхыг шаардахгүй, иймд эх үүсвэр бичээгүй гэсэн үндэслэлээр тухайн хандивыг буцаах үүргийг хүлээхгүй” гэж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

6.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргийг хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлагагүй мэтээр дүгнэсэн нь хууль дээдлэх, сахин биелүүлэх, шударга, тэгш байх зарчимд нийцээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

6.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “... эрсдэлээс сэргийлэх шаардлагыг хангах болон хууль дээдлэх зорилгоор дээрх мэдээлэл тодорхойгүй хандивыг буцаах, сонгуулийн зардалд хэрэглэхгүй байх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байжээ” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “... дан ганц нэр бичээгүй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй хандив гэж үзэхгүй” гэж зөрүүтэй тайлбарласан.

6.4.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэх заалтуудыг давж заалдах шатны шүүх харгалзаж үзээгүй, өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулж хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх шаардлагагүй мэт буруу жишиг тогтоохоор байна.

6.5.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалтад нийцээгүй.

6.6.Тодруулбал, гомдол гаргагч талын дан ганц “Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг буцаасан буюу улсын орлого болгосон тухай тайлан”-г үндэслэн дүгнэсэн нь хэрэгт хамааралтай, нотлох баримтыг бүрэн гүйцэт, зөв үнэлээгүй ба гомдол гаргагч талын сонгуулийн дансны хуулгад төрийн санд шилжүүлсэн гүйлгээ, баримт байхгүй байгааг анзаараагүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, нэг талыг баримталж, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх боломж олгосон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна.

6.7.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/0474 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Гомдол гаргагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбарыг ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс  магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

9.Маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2025 оны 00**** дугаартай шийтгэлийн хуудсаар “... нэр дэвшигч Ц.А**** нь хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, буцах хаяг тодорхойгүй хандивыг улсын орлого болгоогүй” нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Ц.А****-т  10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан;

10.Хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримтуудаар Ц.А**** нь Монгол Улсын Их Хурлын ээлжит 2024 оны сонгуульд нэр дэвшиж, “****” банкинд сонгуулийн зардлын дансыг нээж, сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэн, хуулийн этгээдээс хандив хүлээн авсан бөгөөд улмаар хуульд заасан шаардлага хангаагүй хандивыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй, хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлого буюу төрийн санд шилжүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

11.Гомдол гаргагчийн зүгээс “... хандивлагч нь өөрийн регистрийн дугаараа бичиж хандив шилжүүлсэн, тухайн иргэний регистрийн дугаараар нь хайж үзэхэд хандивлагчийн нэр, хаяг тодорхой харагдаж байхад шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлгүй.

12.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ”, 54.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж тус тус заасан.

13.Дээрх зохицуулалтын дагуу сонгуульд нэр дэвшигчид буюу хандив хүлээн авагч нь мөнгөн хандив хүлээн авах тохиолдолд 1) иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар; 2) хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар; 3) хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллүүд банкны гүйлгээний баримтад тусгагдаагүй бол хандивыг буцаан шилжүүлэх, мөн хандивыг буцаан шилжүүлэхэд буцах хаяг нь тодорхойгүй бол хандивыг улсын орлого буюу төрийн санд шилжүүлэх журмыг тодорхой зохицуулжээ.

14.Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос “иргэний нэр, иргэний улсын бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн мэдээлэл”-ийг нэг бүрчлэн банкны баримтад заавал тусгах талаар “болон” гэдэг холбоосоор хоёрдмол утгагүй заасан. Хэрэв уг мэдээллүүд дутуу бол хуульд заасан шаардлага хангаагүй хандивт хамаарах бөгөөд сонгуульд нэр дэвшигч нь тухайн орлогыг хандивлагчид буцаан шилжүүлэх, мөн буцах хаяг нь тодорхойгүй хандивыг улсын орлогод шилжүүлэх үүргийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5-д зааснаар хүлээнэ.

15.Ийнхүү хуульд заасан шаардлага хангаагүй хандивыг хандивлагчид буцаан шилжүүлэх, эсхүл улсын орлогод шилжүүлэх үүргийг биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

16.Гэтэл давж заалдах шатны шүүх “... Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон тоо бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл код буюу регистрийн дугаар бичсэн хандиваар тухайн этгээдийг хэн гэдгийг тодорхойлох бүрэн боломжтой, иймд тухайн гүйлгээг дан ганц нэр бичээгүй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй хандив гэж үзэхгүй ... эх үүсвэрээ бичээгүй гэсэн үндэслэлээр тухайн хандивыг буцаах үүргийг хүлээхгүй ...” гэж дүгнэсэн нь буруу, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

17.Давж заалдах шатны шүүхээс “... Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүргэсэн” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт сонгох хариуцлагыг тусгаагүй буюу “хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хариуцлагыг нэг мөр, тодорхой заасан тул уг хариуцлагыг ногдуулж шийдвэрлэснийг зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхгүй.

18.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/0474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.БАНЗРАГЧ

                         ШҮҮГЧИД                                            Д.БАТБААТАР

                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                            Ц.ЦОГТ

                                                                                           М.БАТСУУРЬ