Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0122

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0896 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ/2019/0896 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Б Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7, 13 дугаар зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0005553 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шийтгэл оногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баттуул давж заалдах гомдолдоо: “Б” ХХК-ийг Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана”, мөн 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийх замаар “Б” ХХК-д оногдуулсан 5 сая төгрөгийн шийтгэлийн хуудсыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүнийг олон талаар хуульд нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн, шударга ёсонд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Зар сурталчилгааны тухай хуулийн 2.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ хуулийг хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас бараа, ажил үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” хэлнэ гэсэн байхад эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй өвдөлтгүй, миомыг шимэгдүүлнэ, зовиургүй эмийн бус аргаар эмчилнэ, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний үр дүн 100 хувьтай гэдгийг бардам хэлнэ” гэж сурталчилж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах сурталчилгаа болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “Б” ХХК нь эмчилгээний гоо засал, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 08 дугаар сарын 02-ны өдөр авч, үйл ажиллагаа явуулж байхдаа тус компанийн  Lasante center фейсбүүк хуудас болон Eagle.mn, Zindaa.mn сайтууд, FM 89.3-аар зар сурталчилгаа явуулсан талаар талууд маргаагүй байна.

Харин гомдол гаргагч “Б” ХХК-ийн захирал З.Б “...дээрх сайтуудад зар сурталчилгаа байршуулсан гэх боловч эдгээр нь энгийн мэдээллийн чанартай бөгөөд эмнэлгийн үйлчилгээний талаар танилцуулж ойлголт өгсөн зүйл биш учраас хуульд заасныг зөрчиж зар сурталчилгаа явуулаагүй” гэж тайлбарлан маргажээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ,...ний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж зохицуулснаас үзвэл аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас зах зээлд нийлүүлж буй өөрийн бараа, ажил, үйлчилгээний зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтэд зар сурталчилгаа түгээхийг нийтлэг байдлаар хуулиар зөвшөөрсөн хэдий ч ингэхдээ тухайн зар сурталчилгаа нь эмнэлэгийн байгууллагын талаар бол тодорхой хязгаарлалтыг хуулиар нарийвчлан тогтоосон, тухайн тохиолдолд зөвхөн үйлчилгээний чиглэлийг танилцуулах боломжийг дээрх хуулийн хязгаарлалт хөндөөгүй, харин эмнэлгийн танилцуулга нь уриалах, эмнэлгийн үйлчилгээнд баталгаа гаргах, хөнгөлөлт үзүүлэх замаар  урамшуулах зорилготой сурталчилгаа байж болохгүй  гэж ойлгоно.

Гэтэл “Б” ХХК нь Lasante center фейсбүүк хуудсандаа ““Л” эмнэлэг нь бэлэгтэй, азтантай эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах, нөхөн сэргээх физик эмчилгээнд бүтэн 1 курсээр нь 100 хувь үнэ төлбөргүй орох азтан шалгаруулна, 1.100.000 төгрөгийн бонус зарлалаа, миомыг бүтцээс нь хамааруулан шимэгдүүлэх эмчилгээг танд эмгүй, мэсгүй, өвдөлтгүй нөхөн сэргээх физик эмчилгээгээр хийж байна” гэж,  Eagle.mn  сайтад тус эмнэлэгийн захирал З.Болормаа “Эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх эмчилгээний үр дүн 100 хувьтай гэдгийг бардам хэлнэ” гэж, FM 89.3-аар ““Л”  эмнэлэг нь Францын Феникс аппаратаар эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчин чангалах эмчилгээг мэсгүй, өвдөлтгүй, зовиургүй, эмийн бус аргаар эмчилнэ” гэсэн нь Зар сурталчилгааны тухай хуулиар хориглосон зар сурталчилгаа явуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс явуулсан зар сурталчилгааг өөрийн байгууллагын ажил, үйлчилгээний зах зээлийн хүрээг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн анхаарлыг татах, үйлчлүүлэгчийн тоог нэмэгдүүлэх зорилготой гэж үзэх хэдий ч “Б” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд өөрийн эмнэлгийн үйлчилгээний талаарх зар сурталчилгааг хуулиар зөвшөөрөгдсөн байдлаар олон нийтэд мэдээлэх ёстой байтал дээрхээс үзэхэд эмнэлгийн үйлчилгээндээ урамшуулал зарлах, үйлчлүүлэхийг уриалах төдийгүй эмнэлгийн үйлчилгээнд баталгаа гаргах байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан байгаа нь эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгааг зохицуулсан Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 13.8 дахь заалтуудыг зөрчжээ.

Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шударга өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “...тус эмнэлгийн захирал З.Б Францын Вивалтис гэдэг компанитай хамтран ажилладаг гэж хэлж надад итгэл төрүүлсэн. Миом шимэгдүүлдэг эмчилгээ хийнэ гэж худал сурталчилгаа хийснээс болж, тухайн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон...” гэх иргэн Г.Ц гаргасан гомдлоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт явуулж, гомдол гаргагч “Б” ХХК дээрх байдлаар хориглосон зар сурталчилгааг түгээсэн зөрчилд улсын байцаагч М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0005553 дугаар шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, гомдол гаргагч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон