Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 01263

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж   

               Нэхэмжлэгч: Булган аймаг, Хангал сум, 2-р багт оршин суух,Өргөн овгийн Сэнгэдоржийн Уранбилэгийн  /ФБ-61022307 / ажиллаж  байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч С.Уранбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний бие  55 нас хүрч тэтгэвэрт гарсан боловч миний ажилласан жил дутуу орсон тул доорхи хугацаанд ажиллаж байсныг минь шүүхээр тогтоолгохыг хүсч байна.Миний бие 1987-04-09-ны өдрөөс 1999 он хүртэл хугацаанд Эрдэнэт хотын 35-р авто баазад кондуктораар тасралтгүй 12 жил ажилласан боловч архиваас цалин хөлсний баримт олдохгүй байгаа учир ажилласан жилийн хугацаанаас хассан.Намайг энэ хугацаанд ажиллаж байсныг гэрч Лхагвасүрэн, Хишигээ, Чанцал нар гэрчилэхээс гадна бусад баримтууд батална.Иймд намайг Эрдэнэт хотын 35-р авто баазад кондуктораар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

             Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч С.Уранбилэг нь 1987-1999 он хүртэл Эрдэнэт хотын 35-р авто бааз,Зорчигч тээврин баазад кондуктораар ажиллаж байсан болох нь Орхон аймгийн архивын тасгийн 2013-07-03-ы өдрийн лавлагаа, 1998-12-13-ны өдөр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, 091128 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, цахим үнэмлэхний баталгаат хуулбар, Эрдэнэт хотын 35-р авто баазын захиргааны 1988-02-04-ний өдрийн баярын бичиг, 1987-07-04-ний өдрийн баярын бичиг, фото зургууд, хамт ажиллаж байсан гэрч Д.Хишгээ, Ж.Лхагвасүрэн, Г.Чанцал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд С.Уранбилэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй.

           Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өргөн овгийн Сэнгэдоржийн Уранбилэгийг 1987 оны 04 дүгээр 09-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын 35-р авто бааз,Зорчигч тээврийн баазад тус тус кондуктораар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ