| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00115/и |
| Дугаар | 209/МА2025/00056 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 209/МА2025/00056
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
*******,
“*******” ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд нийт 70,277,804 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч ******* болон “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
******* нь 2021 онд үйлдвэрлэгдэж, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр импортлогдсон Даюун брэндийн өөрөө буулгагч 380 мотортой ачааны автомашиныг 195,000,000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа 39,000,000 төгрөгийг төлж, үлдэх 156,000,000 төгрөгийг банкны зээлээр авсан.
...******* нь “*******” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээний дагуу хамтран ажилладаг бөгөөд Хаан банкны зээлээр худалдаж авсан ******* СБА улсын дугаартай, Даюун брэндийн өөрөө буулгагч ачааны авто машинаараа гэрээний дагуу тээвэрлэлт хийж, ажлын хөлсөө авч тогтмол орлого олдог.
...Уг ачааны автомашинаараа байнгын, тогтмол ажил хийж, орлого олж өөрийн эх, 2 хүүхдээ тэжээн тэтгэж, өрхийн санхүүгийн асуудлаа зохицуулдаг, өдөр тутмын болон зайлшгүй гарах бүхий л зардал, хэрэгцээ, шаардлагыг хангаж, амьдрал ахуйгаа авч явдаг.
... “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******той аман гэрээ байгуулж, тохиролцсоны дагуу түүний эзэмшил, ашиглалтад /түрээсийн гэрээний дагуу/ байдаг Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Үйлдвэрийн районд байрлах автомашины гражийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх объект буюу гражид тухайн өөрөө буулгагч ачааны авто машинаа сарын 600,000 төгрөгийн төлбөртэй тавьдаг.
...Гэтэл 2023 оны 12 сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө ******* нь оройн 20:45 цагийн орчимд ачааны автомашинаа тухайн гражид тавиад, гэртээ хариад, маргааш өглөө нь 07:08 цагийн орчимд ажилд гаргахаар очтол түүний автомашины урд талд байсан ******* ДАА улсын дугаартай Краны сум нь түүний автомашин дээр унаж, кабиныг нь цөмлөж эвдэлсэн байдалтай байсан.
...Гражид тавьсан байсан *******ын ******* ДАА улсын дугаартай Краны сум нь унаж *******ийн ******* СБА улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинд “кабин цөмөрч, чихэгдсэн, кабины дотор тааз дээвэр чихэгдсэн, шил хагарсан, шилний нуух, рам гулзайсан, шилний сарааны хөл хугарсан, шил арчигчийн шилбэ гулзайсан, зүүн хаалга гажсан, хаалганы рам чихэгдсэн, зүүн хойд багана чихэгдсэн” зэрэг эвдрэл гэмтэл учруулсан байх бөгөөд үнэлгээ хийлгэж, тухайн үнэлгээгээр ашигласан хугацааны элэгдэл, хорогдлыг хасаж тооцон 35,357,600 төгрөгийн хохирол учруулсан байна гэж тогтоосон.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* /гражийн эзэмшигч/ нь граждаа автомашинуудыг шахаж тавиулдаг, шахаж тавьж байх шаардлага тавьдаг нь тухайн асуудал үүсэж, осол гарч, автомашинд хохирол учруулахад нөлөөлсөн гэж үзэж байна. “*******” ХХК /гүйцэтгэх захирал *******/ болон *******ийн хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хадгалагч болох “*******” ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ, 422.3.6-д хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах гэж заасны дагуу хадгалуулсан эд хөрөнгө болох ачааны автомашины бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тухайн гражид осол гарч автомашинд хохирол учруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ. Олох байсан орлогын тухайд:
...Нэхэмжлэгчийн орлого нь тээвэрлэлтийн гэрээ, дансны хуулга, холбогдох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд 2023 оны жилийн орлого 252,000,000 төгрөг, арифметик дундаж олох аргаар сарын дундаж орлогыг тооцоолж гаргахад 22,909,000 төгрөг байна. 1 сарын хугацаанд олдог байсан орлогоор 1 сарын хугацаанд олох байсан орлогыг тооцож 22,909,000 төгрөг гаргуулахаар тодорхойлж байна. Цаашид шүүх хуралдаан болж хэрэг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд, автомашиныг өмнөх байдалд нь оруулж сольж, засварлах хүртэлх хугацаанд олох байсан орлогоо нэмэгдүүлэн нэхэмжилнэ.
Иймд автомашинд учруулсан гэм хорын хохирол төлбөр 35,357,600 төгрөг, үнийн санал, үнэлгээний тайлан гаргуулсны төлбөр нийт 1,817,000 төгрөг, нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн нотариатын зардал 58,000 төгрөг, олох байсан орлого /1 сарын хугацаанд/ 22,909,000 төгрөг, нийт 60,141,600 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. / 1 х.х-1-3 /,
1.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулга:
Хариуцагч *******, “*******” ХХК, ******* нараас:
а.2024.01.06-ны өдөр эвдрэл гэмтэл учирсан автомашинаа үзүүлж, засварлуулахаар Улаанбаатар хот руу явахдаа авсан шатахууны зардал 885,500 төгрөг,
б. Автомашины урд шил шинээр авч сольж тавьсан зардал 600,000 төгрөг,
в. Засварчинд засварын хөлсөнд урьдчилж өгсөн 1,800,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 3,200,000 төгрөг,
г. Будаг авч автомашинаа будсан зардал 315,000 төгрөг,
д. 2024.01.15-2024.01.18 хүртэл хугацааны буюу 4 хоногийн олох байсан орлого /22,909,000/30=763633*9/ 3,054,533 төгрөг,
е. Анх гаргасан нэхэмжлэлд 2023 оны жилийн орлого 255,091,883 төгрөг, сарын дундаж орлого 23,190,171 төгрөг болохыг 22,909,000 төгрөг гэж дутуу бичсэн тул залруулан уг шаардлагыг 281,171 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж, нийт 10,136,204 төгрөгийг нэмж гаргуулах.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл анх гаргасан нэхэмжлэлтэй адил, тэнд тодорхой бичсэн байгаа. Автомашинаараа ажил хийж орлого олохын тулд засварлахад /бүрэн засварлагдаагүй/ зарцуулсан зардал 6,800,500 төгрөг, олох байсан орлого 6,872,697 төгрөгийг тус тус нэмж нэхэмжилж байна гэжээ. / 2 х.х-131/
2. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
...Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК болон ******* нараас гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээгээр тухайн авто машины гражид эрх эдэлж, үүрэг хүлээн гэрээ байгуулаагүй, мөн өөрийн машин тавьж байсан байрлалаа өөрчилж, миний тээврийн хэрэгслийн байрлалын харалдаа тавьж авто машиндаа гэмтэл учруулжээ.
Миний машины сум доошилж улмаар авто машинд хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр миний бие бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг гражид тавьсан. Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор гэм хорын хохирлыг хэрхэн тооцох талаар тайлбарласан. Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн хуулийн 15-р бүлэг Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны зохицуулалтыг эрүүгийн болон иргэний шүүн таслах ажиллагааны зохицуулалтыг эрүүгийн болон нэг мөр ойлгож, шүүхийн практикт зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын дээд шүүхээс энэхүү тайлбарыг гаргасан. Тайлбарын 6.2-т хохирол арилгах гэдэгт гэмт хэргийн улсаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хамааруулна. Цагдаагийн газарт гомдол мэдээлэл өгсөн боловч гэмт хэрэгт тооцон намайг шалгаж буруутгасан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй. 6.2.1-т Эд хөрөнгөд учруулсан гэм хорын тухайд эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх эсхүл Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1-д зааснаар адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Иргэний хуулийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учруулсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлээс өөрийн эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. / 1 х.х-141-143 /,
2.1. Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
Тухайн үед миний бие нэхэмжлэгчид учирсан хохирлыг яаралтай түргэн шуурхай барагдуулаад, автомашиныг нь 3 хоногийн дотор засварлаад хэвийн болгоод өгөх хүн Дархан-Уул аймагт байна гэж хэлсэн боловч засуулахгүй, заавал кабин солино, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн тул харилцан тохиролцож чадаагүй.
Гэтэл өнөөдөр хаа байсан Улаанбаатар хот руу авч явж, засуулаад түүнийхээ зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас харахад нэг талдаа засварын зардлаа авна, нөгөө талаараа кабин солих зардлаа авна гэж байгаа нь хоорондоо ямар ч авцалдаагүй байна.
Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймагт гуравхан хоногийн дотор засаад хэвийн болгочих засварын газрууд хаа сайгүй байхад заавал яагаад Улаанбаатар хот авч явж засуулан нэмэлт зардал гаргах болсон, мөн тухайн үед нэхэмжлэгчээс даатгалаа дуудаад, кабин солих зардлаа даатгалаасаа аваад, манай зүгээс 3 хоногийн дотор засуулаад өгье гэсний дагуу засуулаад авсан байсан бол нэхэмжлэгчийн хувьд ямар ч хохиролгүйгээр бүх зардлаа гаргуулаад авчих бүрэн боломжтой байхад өөрийн буруугаас болж өөртөө учирсан хохирлын хэмжээгээ нэмэгдэхэд хүргэсэн байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул ийм хэмжээний хохирол учирч, зардал гарсан гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс ******* СБА улсын дугаартай автомашинтай холбоотой учирсан хохирол нэхэмжилж байгаа бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг автомашин нь ХААН банкны өмч буюу тус компанийн эзэмшилд бүртгэлтэй байна. Гэтэл хэрэгт тус компаниас төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг олгосон баримт байхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаар “*******” ХХК болон н.Төртогтох нарыг тодорхойлохдоо хууль зүйн хувьд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний дагуу хариуцах ёстой гэж тодорхойлсон бөгөөд энэхүү хуульд заасны дагуу хохирлыг бүрэн хэмжээгээр хадгалагч хариуцахаар заасан тул хариуцагч ******* хадгалагч биш тул энэхүү иргэний хэргийн хариуцагч гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.
Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2 х.х 176-177/,
3. Хариуцагч “*******” ХХК, ******* нарын нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар:
3.1. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
... “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзсан байр суурьтай байгаа.
Камерын бичлэгээс харахад: ******* нь тухайн өдрийн өмнөх өдөр ******* СБА машинаа зогсоолоос нь авч гарахдаа өөрийн Harier маркийн цагаан өнгийн суудлын машиныг өөр хүний зогсоолд зөвшөөрөлгүй тавьчхаад явсан. Энэ үед ******* рүү залгасан боловч утасны дуудлагаа огт аваагүй гэдэг. Тиймээс *******ийн Harier маркийн машинаа тавьсан зогсоолын жолооч нь *******ийн зогсоол дээр машинаа тавьсан болох нь бичлэгээс харагддаг.
Үүний дараа ******* нь ******* СБА машинаа авч ирээд краны сумны дор кабиныг нь байрлуулж тавьчхаад явсан байдаг. Маргааш нь өглөө 07:14 минутад ******* өөрөө гражид орж ирээд түүний машины дээрээс сум бууж байгааг харсан боловч зогсоох талаар ямар нэг арга хэмжээ авахгүйгээр орхиж явсан. 08:30-09:00 цагийн үед манай ажилчид хувцсаа солиод заал руу ороод анхны арга хэмжээ авч, данхраад тулан зогсоож, хохирол нэмж учрахаас сэргийлсэн байдаг.
******* нь өөрийн зогсоолдоо машинаа тавьсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. *******ээс өөр краны сумны дор машиныхаа кабиныг байрлуулж байсан удаа манайд байхгүй. ******* өөрийн буруутай үйлдлээр өөртөө хохирол учруулсан тул хохирлыг хариуцахгүй гэжээ / 1 х.х-176 /
3.2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
******* нь хувь хүнээр биш ажил үүргийнхээ хүрээнд *******тэй дулаан зогсоолд автомашин тавиулахаар аман тохиролцоог хийсэн байх тул *******оос төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. “*******” ХХК-ийн гаргасан хариу тайлбартай ******* нь агуулгын хувьд ижил байр суурьтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2 х.х 99 /,
3.3. Хариуцагч “*******” ХХК болон ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
*******ийн машины дээрээс краны сум буусан асуудалд хариуцагч нар нь хамааралгүй. Мөн ******* краны сумыг бууж байхыг нь харсан атлаа хохирлыг багасгах арга хэмжээ аваагүй, Дарханд засварлуулах боломжтой байхад өөрөө Улаанбаатар хот руу тээвэрлэх зэргээр гарах ёсгүй зардал гаргаж, орох байсан орлого нь урт хугацаанд ороогүй гэж үзэх юм бол ******* өөрөө хугацаа алдаж хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэж байна гэжээ. /2 х.х-215/,
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч *******оос 2,270,000 төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас 2,270,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөгийн шаардлагыг болон хамтран хариуцагч *******од холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 509,399 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, “*******” ХХК-иас тус тус 43,795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд, мөн шинжээчийн зардалд хариуцагч *******, “*******” ХХК-иас тус тус 550,000 төгрөг гаргуулж, “” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,540,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 65,737,804 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
а. Нэхэмжлэлийн шаардлагын олох байсан орлогыг гаргуулах шаардлагаа нотлох үндэслэлээр буюу авто машиныг ямар хугацаанд хэзээ зассан, хэзээ эхэлж, хэзээ засаж дууссан, орлого олох боломжгүй байсан буюу засвартай байсан хугацааг тодруулах болон нэмэлтээр тухайн машинд ямар эвдрэл гэмтэл учирсан байсан, ямар засвар хийгдсэн, засварын ажлын хөлс зэргийг нэмж тодруулахаар машин зассан засварчнаас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заан нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх цуглуулах эрхийг ноцтой зөрчсөн. Өөр бусад баримтаар нотлох боломжтой гэж шүүхээс тайлбарласан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.
б. Шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон “” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгомжгүй, тодорхой бус, шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагыг хангаагүй, арга аргачлал байхгүй, огт үндэслэлгүй, захирамжид заасан асуултуудаас өөр утга агуулгаар дүгнэлт гаргасан, засвар хийсний дараа очиж үзэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс мөн үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заан нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх цуглуулах эрхийг ноцтой зөрчсөн.
в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус заасныг зөрчсөн.
Үүнд: Шүүхээс захирамжийн дагуу томилогдсон “” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргасан этгээд нь зөвлөх инженер байх бөгөөд тэрээр шүүгчийн захирамжид заасан асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, түүнийг нотлох баримт байхгүй байна. Дүгнэлтдээ хавсаргаж ирүүлсэн гэрчилгээний хуулбар дээр -д Зөвлөх инженерийн зэргийг Барилга, замын машины ашиглалт, найдварт ажиллагааны хүрээнд сунгаж баталгаажуулав гэсэн байна. Тус баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байна. Тодруулбал, тухайн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй этгээд, үндэслэлгүй дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байхад шүүх түүнийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байна.
...Мөн шүүхээс шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, үнэн зөв мэдүүлэг гаргах болон хүлээх хариуцлагынх нь талаар хууль сануулаагүй байдаг. Шүүхийн стандарт бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримталдаг батлагдсан албан ёсны маягт баримт хэрэгт байхгүй бөгөөд энэ нь шүүх уг үүргээ биелүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байдаг.
Дүгнэлт гаргасан этгээд дүгнэлтдээ хавсаргаж Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хуулийн заалт бүхий цаасан дээр гарын үсгээ зурж ирүүлсэн байдаг. Гэтэл шүүх хурал дээр шүүхээс шинжээчид эрх, үүрэг тайлбарлан өгч, хууль сануулсан баримт дээр гарын үсэг зуруулсан байна гэж шинжлэн судалсан нь хуульд нийцэхгүй байх бөгөөд уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм.
Шүүхээс гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан тул гэрчийн мэдүүлгийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт нотлох баримтаар хавсаргасан боловч үнэлээгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулж хэрэгт хавсаргасан “” ХХК-ийн дүгнэлтийг огт үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй байна.
г. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.
Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хурал дээр гаргасан гэрчээс мэдүүлэг авхуулах, дахин шинжээч томилуулах хүсэлтүүдийн үндэслэл агуулгыг бүрэн тайлбарлуулаагүй, хязгаарлалт тогтоож нэхэмжлэгч талын эрх ашгийг зөрчиж, мэтгэлцэх зарчим тэгш хангагдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл шүүхийн тогтоолд хүсэлттэй холбоотой гаргасан үндэслэл, тайлбарыг бүрэн тусгаагүй байх бөгөөд үндэслэлгүйгээр татгалзсан байдаг.
Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэн зөв, бүрэн үнэлээгүй гэж үзэж байна.
Кабин солиулах болон кабиныг засуулсан зардлыг давхардуулан шаардах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал нэхэмжлэгч анхнаасаа кабиныг солиулах шаардлага гаргасан бөгөөд машинаа ашиглах боломжтой болгож тээвэр хийж орлого олж амьдралаа залгуулах зайлшгүй шаардлагын улмаас ашиглах боломжтой болгох төдий засвар хийж, машинаараа тээвэр хийж орлогоо үргэлжлүүлэн олж амьдралаа залгуулж, өр төлбөрөө барагдуулж эхэлсэн. Машиныг дээрх байдлаар засуулахгүйгээр хэргийг шийдэгдтэл хүлээх боломж бодит байдал дээр байхгүй байсан. Тухайн машин бол миний орлого олдог ганц эх үүсвэр. Хэрвээ машинаа засуулж тээвэр хийж орлого олохгүй байх тохиолдолд хэрэг шийдэгдэх хүртэл хугацааны олох байсан орлогыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага их хэмжээгээр нэмэгдэх эрсдэл үүсэх үр дагавартай байсан юм. Хэрэгт авагдсан баримтуудаар олох байсан орлогын хэмжээг тодорхойлох нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн, олох байсан орлогыг тооцсон хугацаанд орлого олоогүй гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн тогтоогдож байгаа болно.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. / 2 х.х-246-248/
6. Хариуцагч нараас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч, “*******” ХХК, *******, ******* нарт холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд кабин солиулах үнэ 35,357,600 төгрөг, кабиныг засварлуулахад гарсан зардалд урд шил шинээр авахад 600,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг, будгийн үнэ 315,000 төгрөг, Улаанбаатар хот руу машинаа засуулахаар авч явахад гарсан шатахууны зардал 885,500 төгрөг, олох байсан орлого 26,244,704 төгрөг, нотариатын зардал 58,000 төгрөг, үнэлгээний тайлан гаргуулсны төлбөр 1,817,000 төгрөг, нийт 70,277,804 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна. / 1х.х-1-119, 141-143, 176, 2 х.х-99, 131, 176-177/
Хэргээс үзэхэд:
9. Хариуцагч “*******” ХХК нь “” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар Үйлдвэрийн раойнд байрлах үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байх хугацаандаа гражийн зориулалтаар бусдад түрээслэх үйл ажиллагаа явуулж байсан, нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-ийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан дээрх объектод амаар байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн СБА улсын дугаартай Dayun маркын ачааны автомашинаа тавьж байсан, 2023 оны 12 сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 сарын 14-нд шилжих шөнө тухайн гражид тавьсан байсан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн СБА улсын дугаартай Dayun маркын ачааны автомашины кабин дээр хариуцагч *******ын эзэмшлийн краны сум бууж, эвдрэл бий болсон зэрэг байдал тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Харин хэний үйлдлээс болж ямар хэмжээний хохирол автомашинд учирсан, учирсан хохирлыг хэн хариуцах талаар маргажээ.
10. Хэрэгт авагдсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн техник худалдах, худалдан авах гэрээгээр ******* нь “” ХХК-иас Даюун брэндийн өөрөө буулгагч 280 мотортой, техникийг 195,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тус техникийг худалдан авахад зориулж, 156,000,000 төгрөгийн техникийн хөрөнгө оруулалтын зээлийг Хаан банкнаас авч, тус техникээ 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу Хаан банкны нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн байх тул нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй. /1 х.х 8-22, 182-183/
Дархан-Уул аймгийн авто тээврийн газраас ирүүлсэн лавлагаагаар ДАА улсын дугаартай Zoomlion маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагч ******* байх бөгөөд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь дээр дурдсан техник, тээврийн хэрэгслүүдээ “*******” ХХК-ийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа гражид амаар тохирсны үндсэн дээр төлбөртэйгөөр байршуулсан байх үед дээрх осол болсон үйл баримт тогтоогдож байна. /1 х.х-ийн 197-205, 235-242/
11. Нэхэмжлэгч *******ийн гаргасан гомдлын дагуу дээрх ослын асуудлыг шалгахад иргэн *******ийн эзэмшлийн ******* СБА улсын дугаартай Даюун маркийн өөрөө буулгагч автомашин эвдэрч хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон боловч Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 сарын 03-ны өдрийн 8 дугаартай “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол гарч, зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1 х.х 229-230/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан бөгөөд зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.
12. Нэхэмжлэгч ******* нь шинжээч болон дүгнэлт гаргасан “” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шүүхээс шинжээчид эрх, үүрэг тайлбарлахдаа шүүхийн стандарт бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримталдаг албан ёсны маягт үйлдээгүй учир “” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй, “” ХХК нь гаргасан шинжээчийн дүгнэлтээ өөрийн компанийн тамга бүхий албан бичгээр ирүүлсэн, шүүхийн зүгээс томилогдсон шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдол үндэслэлгүй, уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ. / 2 х.х-57-74/
Хэдийгээр шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж өгөхдөө Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан №25 баримтыг үйлдээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй шинжээчийн эдлэх эрх, хүлээх үүргийг дэлгэрэнгүй тайлбарласан баримт дээр гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байх тул шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн гэж үзнэ. / 2 х.х-75-77/
Мөн гэрчээс асуух асуулт нь шинжээчид тавигдсан асуулттай давхацсан байх тул гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
13. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т “хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” гэж, 424 дүгээр зүйлийн 424.1-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө.” гэж тус тус хуульчилсан.
Талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв боловч уг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг дутуу хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.
14. Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтууд, камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр хариуцагч *******ын эзэмшлийн краны сум шөнийн турш аажмаар доошилсоор нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн автомашины кабины дээр буусан байдал тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч “*******” ХХК нь цаг хугацааны хувьд дээрх хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авах боломжтой байсан атлаа гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ямар нэгэн арга хэмжээ авахгүй, хариуцагч ******* нь өөрийн эзэмшлийн краны сумыг доошоо унахгүй байлгах арга хэмжээг авч чадаагүй байх тул хариуцагч *******, “*******” ХХК-д гэм хорын хохирлыг хариуцуулж, хариуцагч *******ыг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. /2 х.х-ийн 24-25, 190-200/
15. Нэхэмжлэгч *******ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө өөрийн хүсэлтээр “” ХХК-иар дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлт нь эрх бүхий байгууллагаас томилсон шийдвэрийн дагуу гаргасан дүгнэлт биш бөгөөд шүүхээс шинжээчээр томилогдсон “” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр эвдрэл учирсан автомашины кабиныг солих шаардлагагүй гэж дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн зүгээс “” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч нараас 4,540,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч олох байсан орлогын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
16. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д: Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан ба олох ёстой байсан орлого гэдэгт тухайн үйл явдал болоогүй бол гарцаагүй орлого болж орох байсан нь тодорхой байсан боловч ороогүй, алдагдсан ашиг, орлого, эсхүл тухайн үйл явдлаас болж ашгийн хэмжээ буурсан, гэрээ, хэлцэл цуцлагдсанаар боломжоо алдсан зэргийг ойлгоно.
Хэрэгт авагдсан дансны хуулганаас үзэхэд 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банкны тоот хугацаагүй хадгаламжийн дансанд 520,539,773.94 төгрөгийн орлого, тоот харилцах дансанд 256,964,243 төгрөгийн орлого, нийт 777,504,016.94 төгрөгийн орлого орсон бөгөөд тухайн орлогуудын зарим хэсэг нь тээврийн хөлс, хүдэр тээвэр өглөг, цемент тээвэр, будаа тээвэр гэсэн утгатайгаар гүйлгээ хийгджээ. / 1 х.х-44-119/
Дээрх гүйлгээний утгуудаас харахад нэхэмжлэгч ******* нь ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж амьдардаг иргэн болох нь нотлогдож байх бөгөөд өөрийн эзэмшлийн ******* СБА улсын дугаартай Даюун маркийн өөрөө буулгагч автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байх хугацаанд нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас түүний автомашинд эвдрэл гарч, ачааны тээврийн үйл ажиллагаа эрхлэх боломжоо тодорхой хугацаанд алдсан байна.
Нэхэмжлэгч *******ийн хувьд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж 1 сарын хугацаанд дунджаар хэдэн төгрөгийн орлого олж байсан болохыг тогтоохын тулд түүний ХААН банкны тоот хугацаагүй хадгаламжийн данс, тоот харилцах дансны хуулгыг шүүж үзэхэд 2023 оны хугацаанд ачаа тээвэртэй холбоотой нийт 255,091,883 төгрөгийн орлого орсон байна.
Гэвч өөр машинаар тээвэр хийж олсон болон хово, урьдчилгаа түлш төлбөр зэрэг утгатай гүйлгээ нь 54,560,000 төгрөг болж байх тул үүнийг хасахад 200,531,883 төгрөгийн орлого олсон байх бөгөөд 1 сард дунджаар 16,710,990 орлого олж байжээ. /255,091,883-54,560,000=200,531,883, 200,531,883:12=16,710,990/
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн автомашинд гэм хор учирсан асуудалд буруугүй гэдгээ нотолж чадаагүй, нэхэмжлэгч нь 1 сарын хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж чадаагүй гэж тайлбарласныг няцааж чадаагүй учир 1 сарын хугацаанд олох байсан дундаж орлого болох 16,710,990 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас 4,540,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн дээр 16,710,990 төгрөгийг нэмж, нийт 21,250,990 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн 307/ШШ2025/00955 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1, 229 дүгээр зүйлийн 229.1., 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч *******оос 10,625,495 /арван сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас 10,625,495 /арван сая зургаан зуун хорин таван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 49,026,814 төгрөгийн шаардлагыг болон хамтран хариуцагч *******од холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.”гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“...хариуцагч *******оос 132,102, “*******” ХХК-иас 132,102 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд, мөн шинжээчийн зардалд хариуцагч *******, ******* ХХК-иас тус бүр 550,000 төгрөг гаргуулж, “” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч *******ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,399 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ