| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0467/Э |
| Дугаар | 482 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Ч-д холбогдох эрүүгийн 1910007620531 дугаартай, 187/2019/0467/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын .......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,...... настай, ........ боловсролтой, ....... мэргэжилтэй, Хавдар судлалын үндэсний төвд унтуулгын их эмч ажилтай, ам бүл ......... хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Л-ийн Ч /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43г байрны 42 тоотод эхнэр Б-тайгэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр орчимд алгадаж баруун доод зовхи, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43г байрны 42 тоотод эхнэр Б явуулахгүй гэсэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмар нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.Ч-ыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнөх өдөр нь манай нөхөр Л.Ч нь гэртээ ирж хоноогүй байсан. Би гэртээ орсон чинь манай нөхөр гэртээ байж байсан. Тэгэхээр нь би “чи хаагуур яваад байгаа юм бэ’ гэх мэтээр бид 2 маргалдаж эхэлсэн. ...Би гэрийнхээ хаалгыг өшиглөөд байсан чинь миний хацар луу гараараа 2 удаа алгадсан. Тэгээд намайг явах гэж байхад намайг явуулахгүй гээд миний цээжээр тэвэрч хаалганаас холдуулахдаа хавиргыг чинь хугалсан байх гэж манай нөхөр хэлсэн...2018 оны 10 дугаар сард гэр бүлийн маргаанаас болоод намайг нэг хүнтэй мессеж бичсэний төлөө намайг хардаж зодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3287/-ний дүгнэлт:
-Б.Б-ийн биед зүүн 6-р хавирганы хугарал, баруун доод зовхи, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21/
4. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Хавирганы хугарал, баруун доод зовхи цус хуралт нь дангаараа тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. Баруун бугалганы гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
5. Аюулгүйн зэргийн үнэлгээ “...дунд...” /хх-50/
6. Шүүгдэгч Л.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эхнэр гарч явна гээд байхаар нь би гаргахгүй гээд хэлсэн чинь заавал гарч явна гээд маргалдаад байсан. ...Би нүүрэн тус газар нь агсам тавихаа болиоч гээд нэг гараараа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Ч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3287/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Л.Ч нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43г байрны 42 тоотод эхнэр Б явуулахгүй гэсэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмар нүүрэн тус газар нь алгадаж түүний биед зүүн 6-р хавирганы хугарал, баруун доод зовхи, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Болормаа нь шүүгдэгч Л.Чинбаттай 2010 оноос хамтран амьдарсан, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43г байрны 42 тоотод амьдарч байсан, мөн шүүгдэгч Л.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46/ аюулгүйн зэргийн үнэлгээний маягт: “...аюулын зэргийн үнэлгээ дунд...” /хх-50/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-59/ зэргээс шүүгдэгч Л.Ч нь хохирогч Б-тайгэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Ч-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Л.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Ч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр төгрөгөөр торгох ял / хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/,түүний хувийн байдал /...35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний эх эмч мэргэжилтэй, Хавдар судлалын үндэсний төвд унтуулгын их эмч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.../ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс Л.Ч-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд улсын яллагчийн санал болгож байгаа 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Л.Ч-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Л-ийн Ч-ыг 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ч-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Л.Ч-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Ч-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР