Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2025/00057

 

 *******ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  05 дугаар сарын 21-ний өдрийн 307/ШШ2025/00837 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “18,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...Дархан-Уул аймгийн засаг дарга ******* “*******” ХХК-ийн захирал ******* нарын баталсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГТ-05/02 дугаартай байгуулж, гүйцэтгэгчийг төлөөлж гарын үсэг зурсан. Тус тендерт оролцох хүсэлтээ “*******” ХХК 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар албан бичгээр холбогдох 47 хуудас бүхий материалын хамт ирүүлсэн ба уг албан бичигт захирал ******* өөрөө гарын үсэг зурж байгууллагын тамгыг дарсан байдаг. Гэрээний нийт дүн 18,000,000 төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актаар барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн.

Тус барилга нь аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байгаа болно. Аймгийн цагдаагийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/643 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үзлэг хийхэд ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн таазны гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага, тамбарын хэсгээр хагарсан байна. Энэ нь дотор заслын ажил технологийн дагуу хийгдээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзээд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах гэсэн заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэсэн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлтийг гаргасан.

2009 онд “*******” ХХК-иас засвар хийсэн боловч барилгад хагарал үүссэн тул аймгийн Цагдаагийн газрын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/265 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийхэд гал тогооны өрөөний цонхны доод төвшнөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэрээр 1-1,3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан, сууц ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5 м урттай 0,1-1.2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан, гал тогоо, амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өдрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байсан ба Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас дээр дурдсан гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгад тавигдах шаардлагын Хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх, 9.1.1 дэх заалтын ашиглалтын шаардлагыг хангаагүй гэсэн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Чанар муутай барилга барьсан асуудалд “” ХХК-ны даамал ажилтай т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдсон боловч Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн тоот хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

Орхон суман дахь Цагдаагийн кабоныг ашиглах баталгаат хугацааны явцад чанарын гологдол нь илэрсэн ба 2012 оноос одоог хүртэл ашиглах боломжгүй байгаа болно. Аймгийн Цагдаагийн газраас уг асуудлаар Сум дундын шүүхэд хандан 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн шүүгчийн 3844 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 1636 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Монгол улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Цагдаагийн газраас гомдлын шаардлага гаргах хугацаанд /3 жил/ болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад дурдсан /2жил/ хугацаанд шүүхэд хандсан ба аймгийн Засаг даргаас дээрх зүйлийн 349.2-т заасны дагуу Хууль буюу гэрээнд баталгаат хугацааг заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно" гэж заасны дагуу гомдлын шаардлагыг гаргаж байгаа болно. Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчээс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 380-4616 тоот захирамжаар шинжээчээр “” ХХК-г томилон, Орхон суманд баригдсан Цагдаагийн хэсгийн байрыг чанаргүй баригдсан гэж үзсэн ГМ05/02 дугаартай барилгын зургаар одоо уг барилгыг шинээр дахин барихад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан байх ба барилгыг одоо барихад 135,912,038 төгрөгийн өртөгтэй болохыг тодорхойлсон.Орхон сумын Засаг дарга болон иргэдээс уг барилгыг бариулах шаардлагыг удаа дараа гаргаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шаардлага гаргах эрхийн дагуу ажлыг шинээр гүйцэтгүүлэхэд шаардагдах зардал135.912.038 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /1 х.х-1-3/

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багсгасан, үндэслэлийн агуулга:

*******аас Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх” ГТ-05/02 дугаартай гэрээг “*******” ХХК-тай 2017 онд байгуулсан.

*******ын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110/769 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* надад олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлд дурдсан 135,912,038 төгрөгийг багасгаж хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ. / 2 х.х-56/

2. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэгч тал чухам ажил гүйцэтгэх гэрээний үүргийн шаардаад байна уу?, эсвэл гэрээний хариуцлагаас үүссэн хохирол шаардаад байна уу эсвэл гэм хор учруулсны улмаас үүссэн хохирол шаардаад байна уу? гэдэг нь тодорхойгүй байгаагаас гадна энэ хэрэгт хариуцагчаар татагдсан "*******" ХХК, нарын хэнээс нь шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Түүнээс гадна Иргэний хуулийн ямар зүйл заалт, ямар нотлох баримтыг үндэслэн шаардах эрх үүсээд байгаа талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байна.

..."*******" ХХК-иар барилгын ажлыг гүйцэтгүүлэх засаг даргын шийдвэр гарч, ажил гүйцэтгэх гэрээнд "*******" ХХК-ийг төлөөлж нь гарын үсэг зурж, барилгын ажлыг өөрийн биеэр гүйцэтгэсэн. Энэ барилгыг барих ажилд "*******" ХХК-ийн зүгээс огт оролцоогүй бөгөөд барилгын ажлыг хариуцан гүйцэтгэсэн. нь барилгын мэргэжлийн хүн биш бөгөөд тухайн үед 18 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан одоо ч энэ ажлаа хийж байгаа. нь "*******" ХХК-д ажиллаж байгаагүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд "*******" ХХК-ийн менежер гэсэн нэрийн ард гарын үсэг зурсан байсан. "*******" ХХК нь барилгын ажилд огт оролцоогүй болохоор нь барилгын ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн байсан. Үүнээс хойш 7 жил 10 сарын хугацаа өнгөрсний дараа *******а тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох *******а Хаянхярваа нь гэрээг байгуулаад гүйцэтгэлд нь огт хяналт тавилгүй орхисон бөгөөд тухайн барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулснаас хойш барилгын чанарт гарсан дутагдлын талаар гэрээний гүйцэтгэгч талд нэг ч удаа гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Цагдаагийн байгууллага нь гэрээний захиалагч тал биш бөгөөд тухайн барилгын чанарын асуудлаар гомдлын шаардлага гаргах эрхтэй этгээд биш.

Нэхэмжлэгч тал буюу Дархан-Уул аймгийн засаг дарга нь Цагдаагийн байгууллагын хүсэлтээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 7 жил 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа, тухайн барилгыг анх барьсан үнэ болох 18,000,000 төгрөгийг гэрээний аль заалтаар 7 дахин өсгөж хэнээс нь нэхээд байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч тал чанартай гүйцэтгэж чанарын доголдолгүй барилгыг улсын комисс, техникийн комисст хүлээлгэн өгсөн нь улсын комиссын болон техникийн комиссын актаар нотлогддог. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 х.х-48-50/

2.1. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн нэхэмжлэлийн шаардлага багасгасантай холбогдуулж гаргасан нэмэлт хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрхгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байгаа тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Барилгыг улсын комисс хүлээн авсан 2007 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн хугацаа эхэлсэн байх бөгөөд энэ гурван жилийн хугацаа 2010 оны 12 сарын 05-ны өдөр дууссан байна.

2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний захиалагч тал болох *******ын зүгээс гүйцэтгэгч тал болох “*******” ХХК-д хандаж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. ...Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил  бөгөөд хугацаа нь 2012 оны 05 дугаар сарын 01-ээс эхэлж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

...Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг гэрээний захиалагч тал биш харин уг барилгыг ашиглаж байсан гэрээний оролцогч биш этгээд буюу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар захиалагч талд хандан гаргаж байсан нь Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдээр нотлогдож байх тул гэрээний оролцогч биш этгээдээс гаргасан гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 жилийн хугацаанд “*******” ХХК-д хандаж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гомдлын шаардлага нэг ч удаа гаргасан баримт байдаггүйгээс гадна захиалагч тал буюу Дархан-Уул аймгийн засаг дарга анх гэрээ хийхдээ Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан Барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах, 15.1.6-д заасан Барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх, 15.1.7-д заасан Барилга байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулах үүргүүдээ биелүүлээгүйгээс болж тухайн барилга барих газрын хөрс нь ус чийг ихтэй байснаас болж цэвдэгшил үүсэж, барилгыг ашиглах явцад ханаар нь цан цохиж цууралт хагарал үүссэн талаар Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтэд дурдсан, мөн уг барилгыг ашиглалтад өгсний дараа дотор нь амьдарч байсан Орхон сумын хэсгийн төлөөлөгч мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогддог. Хариуцагч тал хуульд заасан үүргээ биелүүлж барилга барихаас өмнө барилга барих газрын хөрснөөс хөрс, усны шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргасан бол тухайн барилгад цууралт үүсэж доголдол гарахгүй байсан. Шүүхэд хөрсний шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч одоог хүртэл үр дүн гараагүй байна хариу гарсны дараа хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна  гэжээ. /2-х.х-67-68/

3. Хариуцагч ийн 2015.12.07-ны өдөр гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:

2005 оны 8 дугаар сарын эхээр “*******” ХХК-ийн захирал ******* надтай уулзаад манай компани Орхон суманд сургуулийн засвар хийж байгаа. Гаднах ажлаа хөөцөлдөөд ирэхээр засварын ажил зогсох гээд байна. Би чамд юуг, яаж хийх талаар тогтмол зааварчилгаа өгөөд байя гээд нэлээн удаан гуйсан бөгөөд мөнгө хэрэг болж байсан тул би зөвшөөрч түүнээс хойш хэдэн хэдэн барилга дээр зааврын дагуу ажил хийж байсан. 2007 онд Орхон сумын Цагдаагийн кабоныг барихад даамлаар ажиллаж хариуцан бариулсан. Гэтэл 2012 оны 3 дугаар сард Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж гэм буруутайг тогтоож намайг 2,700,000 төгрөгийн тооцоог барагдуул гэсэн тул захирлын хувийн дансанд 2,000,000 төгрөгийг 2012 оны 04 сарын 25-ны өдөр шилжүүлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг сүүлд нь бэлнээр өгсөн. 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Өршөөлийн хуульд хамруулж өршөөл үзүүлсэн. 

...”*******” ХХК-д 2008 оноос хойш ажиллаагүй учир энэ компанид хамааралгүй. Иймд энэхүү нэхэмжлэлд миний бие хамааралгүй гэжээ. /1 х.х-162/

3.1. Хариуцагч ийн 2018.02.26-ны өдөр гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:

“*******” ХХК нь Орхон суманд баригдах цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийг зарлахад ялагч болж аймгийн засаг даргын шийдвэрээр уг тендерийг гүйцэтгэх эрхийг аймгийн засаг дарга гийн шийдвэрээр гүйцэтгэх болсон юм. Уг ажлыг гардан гүйцэтгэхээр “*******” ХХК аймгийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулагдаж, 2007 онд уг ажил эхэлсэн. Ингээд “*******” ХХК-ны захирал нь надад уг барилгын ажлыг газар дээр нь зохион байгуулж ажиллаач гэсэн санал тавьсан. Би барилгын мэргэжилгүй багш хүн учир барилгыг яаж барих вэ? гэдэг талаар ямар ч ойлголтгүй гэдгээ хэлэхэд энэ талаар санаа зоволтгүй, би гэж барилгын инженер хүн ажиллуулна гэж хэлэхээр нь би зөвшөөрч барилгын талбайд зохион байгуулалт, ажилчдын ахуй хангамж хариуцан ажилласан. Уг барилгыг барьж тэр ондоо ашиглалтад хүлээлгэн өгсөн. Барилгыг зураг төсвийн дагуу барьж хүлээлгэж өгөх ажлыг барилгын инженер “*******” ХХК-ны захирал , газар дээр нь барилгыг технологийн дагуу барьж хянах ажлыг барилгын инженер нар хариуцан ажилласан. Гэтэл уг барьсан цагдаагийн хэсгийн барилга нь 2012 онд тухайн барилга барьсан газрын хөрсний бүтэц шинж чанараас болж суулт өгч барилгад ан цав үүссэн гэсэн. Үүнээс болж уг барилга чанар муутай баригдсан барилга барих газар өрөмдлөг хийж шинжилгээ гаргаагүй гэж яригдаж байгаа. Уг барилгын хөрсний шинжилгээ хийх ажлыг лав би хийлгэхгүй. Захиалагч хийдэг юм уу? гүйцэтгэгч хийлгэдэг юм уу? гэдгийг би мэдэхгүй.

Гэтэл энэ барилгын талаар маргаан гараад шүүхэд асуудал үүсээд ирэхээр “*******” ХХК-ны захирал нь намайг хамтран хариуцагчаар татсан нь ямар ч үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл барилгын чанарын асуудал яригдахад барьж байсан барилгын манаач хариуцлага хүлээдэггүйтэй адил би зөвхөн ажилчдын ахуй хангамж, ажиллах нөхцөл талыг нь хариуцаж байсан би барилгын талаар ямар ч мэдлэггүй түүхийн багш хүн учраас юм хэлье гэсэн над мэдэх юм юу ч байхгүй. Иймд энэ хэрэгт хамтран хариуцагчаар татахаар гийн гаргасан хүсэлт, энэ хүсэлтийг үндэслэн аймгийн засаг даргын нэхэмжлэлд намайг хамтран хариуцагчаар нэхэмжлэл гаргасан үндэслэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1х.х-222 /

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг хариуцах этгээд биш талаар:

Талуудын хооронд байгуулагдсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг бодит байдлаар *******атай “*******" ХХК нь байгуулаагүй, тухайн компанийг төлөөлж гарын үсэг зурж, барилгын ажлыг 100 хувь хариуцаж, гэрээний дагуу орж ирсэн төлбөр 18,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хэрэгт цугларсан баримтаар дүр үзүүлэн байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна. Улсын комисс 2007 онд тус барилгыг хүлээж аваад, 2009 онд гарсан зөрчилтэй холбоотойгоор засвар үйлчилгээ хийсэн байдаг. Үүний дараагаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөрдөн байцаагч, ахлах дэслэгч 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр татах тухай тогтоол гаргаад, маргаан бүхий байрны асуудлаар ийг сэжигтнээр татаж, 2 удаагийн мэдүүлэг авсан үйл баримт байдаг. Тухайн барилгыг чанаргүй барьсан, доголдолтой хүлээлгэж өгсөн гэдэг зүйл дээр 100 хувь өөрөө хариуцаж дан ганц өөрөө дээрх барилгыг хариуцан ашиглалтад оруулсан, Миний буруу гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх чанаргүй байрыг барьсан асуудлаар хэн буруутай байна вэ? гэдгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаартай тогтоолоор ийн буруу болох нь тогтоосон байна. Гэсэн хэдий ч 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Энэ барилгын ажлыг хэн гэдэг этгээд барьсан, ямар байдлаар чанаргүй барьсан, уг асуудалд хэн гэм буруутай талаар эрүүгийн журмаар шалгагдаад тогтоогдсон. "*******" ХХК-ийн захирал асан ******* нь ийг танилын үүднээс гуйсан учраас гэрээнд нь гарын үсэг зурсан гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ нөхцөл байдал нь эрүүгийн журмаар шалгахад тогтоогдсон. "*******" ХХК-ийн зүгээс гэм буруутай эсхүл бусад байдлаар иргэний хариуцагч гэж тогтоогдсон зүйл байхгүй. ийг шалгахдаа "*******” ХХК дээр ямар нэгэн байдлаар эрүүгийн журмаар шалгасан хэрэг үүсгэсэн зүйл байдаггүй. Чанаргүй барилгын асуудал дээр “*******” ХХК нь хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл дээрх Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын буруутай этгээд буюу хариуцах эзний талаар аль хэдийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан байхад шүүхээс дахин шинээр дүгнэж хариуцах эзэн буюу буруутай этгээдийг өөрөөр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

б. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар:

Маргаан болоод буй гэрээ нь 2007 онд талуудын хооронд байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйл, 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацааг шүүхээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдэг нь энэ хугацаа эхнээсээ дахин тоологдох нөхцөл байдал гэж ойлгох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн хэдий ч 79.5-т “Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй” гэж заасан байна. Энэ нь нэхэмжлэгчийн өмнө гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж Сум дундын 7-р шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 1036 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэх нөхцөл байдлыг үүсгэж байна гэжээ. / 3 х.х-97-98 /

6. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

8. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /  1 х.х-1-3, 38, 48-50, 67-68, 222, 2 х.х-60/

Хэргээс үзэхэд:

9. Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг гүйцэтгүүлэх нээлттэй тендер зарлагдаж,  2007 оны 09 сарын 26-ны өдөр тендер нээгдэхэд тус тендерт 19,187,778 төгрөгийн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн “*******” ХХК шалгарсан болох нь Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийг нээсэн тухай 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлээр, тендерт шалгарсан “*******” ХХК-тай барилгын ажлыг 18,000,000 төгрөгийн төсөвт өртөгт багтаан гүйцэтгүүлэхээр 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГТ-05/02 дугаартай “Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээнд заасан 18 сая төгрөгийн санхүүжилтийг ажил гүйцэтгэгч тал болох “*******” ХХК-нд олгосон болох нь тус тус нотлогдож байна. / 1 х.х-7, 71, 93, 95/

10. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг “...ийн гуйсны дагуу гэрээн гарын үсэг зурж, тамга дарж өгсөн учир дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж маргаж байгаа боловч уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгож хийсэн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж ойлгох тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, “*******” ХХК-ийн захирал ******* нь гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгаа дарсан байх тул гэрээний хариуцлагыг хүлээх үүрэгтэй.

Хариуцагч “*******” ХХК нь гэрээнд заасны дагуу Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэж, 2007 оны 12 сарын 05-ны өдөр улсын комиссын актын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байх боловч уг барилга чанарын шаардлага хангаагүй талаар Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 36/17/458 тоот дүгнэлт, 2012 оны 02 сарын 08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтүүдийг ирүүлсэн. / 1-х.х-17-18/

Дээрх дүгнэлтүүд нь хуульд заасан шаардлага хангахгүй хуулбар нотлох баримт байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “*******” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн барилга нь чанарын шаардлага хангахгүй талаар 2009, 2012 онд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргасан” гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцааж чадаагүй байна.

Иймд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагыг “*******” ХХК хүлээж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэн хариуцагч “*******” ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

12. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг .... барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлагаа гаргаж болно”, 349 дүгээр зүйлийн 349.3-т “энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.” гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч “*******” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан цагдаагийн хэсгийн барилга/ кабон/-ыг эзэмшигч болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагаас 2009, 2012 онд  гомдлын шаардлага гаргасны улмаас тухай бүрд нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж байсан, ашиглалтын явцад үүссэн доголдлыг өөрийн хөрөнгөөр засаж, хэвийн болгох талаар “*******” ХХК-иас  2012 оны 03 сарын 22-ны №05 дугаартай албан бичгийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж байсан зэргээс үзвэл байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.

13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, 227 дугаар зүйлийн 227.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч “*******” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Орхон сумын цагдаагийн хэсгийн барилга нь ашиглалтын шаардлага хангаагүйн улмаас ашиглах боломжгүй гэх үндэслэлээр гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулахаар шаардсаныг гэрээнээс татгалзаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 307/ШШ2025/00837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 18,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                          Б.ЭРДЭНЭХИШИГ                        

                                                                                                            Я.ТУУЛ