Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2016/00136

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 2-118 тоотод оршин суух, Боржигон овогт Тогоохүүгийн Хүдэрбат /РД: ЕЙ78021711, утас: 95541212/-д холбогдох

 

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 13 596 665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. Т.Хүдэрбат нь хаягдал хог дахин боловсруулах цэг байгуулах зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 7 900 640 төгрөг төлж, 12 099 360 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Т.Хүдэрбат нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. Байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.

Иймд Т.Хүдэрбатын зээлийн үлдэгдэл 12 099 360 төгрөг, зээлийн алданги 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 495 хоногт 998 197  төгрөг, зээлийн хүү 499 098 төгрөг, нийт 13 596 665 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Хүдэрбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сүмбэр сумын Засаг даргаас Т.Хүдэрбат надад холбогдуулан 13 596 665 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус нэхэмжлэлийн шаардлага болох 13 596 665 төгрөгийг төлөх нь үнэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч Т.Хүдэрбатад холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алдани, нийт 13 596 665 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сум хөгжүүлэх сангаас олгох 08 тоот зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 1116 ГСА улсын дугаартай Тоёота приүс, 3333 улсын дугаартай Авантэ эксди маркын авто машиныг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08 тоот сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №09 тоот барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Хүдэрбат нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 13 596 665 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 225 933 төгрөгийн тал хувь болох 112 966.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 13 596 665 /арван гурван сая таван зуун ерэн зургаан мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг хариуцагч Т.Хүдэрбатад төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.Хүдэрбатаас улсын тэмдэгтийн хураамж 112 966.5 төгрөг  гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                   

 

ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ