| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0469/Э |
| Дугаар | 484 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн Ганболд холбогдох эрүүгийн 1910012230490 дугаартай, 187/2019/0469/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ......дугаар сарын .......-ний өдөр Архангай аймагт төрсөн, ....... настай......... боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ........ хамт, Хан-Уул дүүргийн .......дугаар хороо, ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Г /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20 дугаар гудамж 517г тоотод эхнэр Д.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20 дугаар гудамж 517г тоотод эхнэр Д.О 2500 төгрөгийг өгөхгүй гэх шалтгаанаар түүнийг халуун зуух руу түлхэж унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал миний нөхөр Б.Г гаднаас архи уучихсан гэртээ орж ирээд би ажилдаа явлаа надад унааны мөнгө өгчих гэхээр нь 2500 төгрөг өгсөн. Тэгтэл чи надад 10.000 төгрөг өгч чадахгүй байна уу гэхээр нь өгч чадахгүй байна гэтэл надад уурлаж надтай маргалдахаар нь нөхөртөө өгсөн 2500 төгрөгийг авах гэтэл надад өгөхгүй байхаар нь буцааж авах гэж ортол намайг халуун зуух руу түлхэж унагаасан. Би зуух руу унах үедээ баруун шуу, дух хэсгийг түлсэн. Иймд нөхөртөө гомдол гаргаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-14/
3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дүү Одонтуяа гэх эмэгтэйтэй гэр бүл болоод яг хэдэн жил болж байгааг би сайн мэдэхгүй байна. Миний барагцаагаар 8 жил болж байгаа байх гэж бодож байна. Энэ хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамт амьдрах хугацаанд дундаасаа нэг хүүтэй болсон. ...Манай дүүгийн дутагдалтай муу тал нь архи үе үе уудаг. Архи уусан үедээ жаахан түргэн ууртай болчихдог өөр дутагдалтай тал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5837/-ний дүгнэлт:
-Д.Одонтуяагийн биед дух, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27/
5. Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед гэртээ ус авчихаад хотын төв рүү явах ажилтай байсан болохоор эхнэрээс автобусны мөнгө гуйсан чинь надад 2500 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би чи надад 10.000 төгрөг өгчих гэтэл надад өгөхгүй байхаар нь чи үхлээ юу гэж хэлтэл үхлээ чи миний өгсөн мөнгийг тэгвэл аваад ир гээд надаас авах гээд миний өмдний баруун талын халаас руу баруун гараа хийсэн. Тэгэхээр нь чи гараа ав гээд гарыг нь халааснаасаа тавиулах гэтэл тавихгүй байхаар нь галын хажууд ноцолдсон. Би тухайн үед гарыг нь тавиулах гээд түлхтэл асаж байсан халуун зуух руу унаж гар, духаараа түлэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5837/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Г нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20 дугаар гудамж 517г тоотод эхнэр Д.О 2500 төгрөгийг өгөхгүй гэх шалтгаанаар түүнийг халуун зуух руу түлхэж унагааж, түүний биед дух, баруун шуунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Отгонтуяа нь шүүгдэгч Б.Г той хамтран амьдрагч, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20 дугаар гудамж 517г тоотод хамтран амьдарч байсан, мөн шүүгдэгч Б.Г ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Д.О мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт: “...аюулын зэргийн үнэлгээ бага...” /хх-30/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-31/ зэргээр шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Отгонтуяатай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял / хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн….” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/,түүний хувийн байдал /...48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.../ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс Б.Г од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд улсын яллагчийн санал болгож байгаа 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Б.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т овогт Б-ийн Г-ыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Б.Г од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Г од сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР