| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2023/00698/и |
| Дугаар | 209/МА2025/00059 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 209/МА2025/00059
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/00857 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “543,539,942 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 06 сарын 01-ний өдөр "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай ЗЗ/ДН/02 дугаартай гэрээ байгуулагдаж, БХБЯ/202105173/01/01 урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн БАГЦ-2 болох Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хорооны 2-А, 6-р хорооны 13, 15-р байр, 7-р хорооны 33-р байр/-ны ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон юм.
Бидний хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК нь БХБЯ/202105173/01/01 урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн БАГЦ-2 тендерт тусгагдсан 2022 оны улсын төсвийн санхүүжилт болох 899,794,800 /найман зуун ерэн есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг болон БХБЯ/202212114/01/01 дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй/ тендерийн ажлын санхүүжилтээс 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг тус тус нэхэмжлэгч “*******” ХХК-ийн дансанд үл маргах журмаар шилжүүлэх үүргийг хүлээсэн.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1.1-3.1.1.3-т заасан бүх санхүүжилтийг дангаар авах, захиран зарцуулах эрхийг эдэлж, харин хариуцагч “*******" ХХК нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1.1-3.1.1.3-т заасан санхүүжилтийг тухай бүрд нэхэмжлэгч “*******” ХХК-д шилжүүлэх, бусад зорилгоор санхүүжилтийг ашиглахгүй байх үүргийг хүлээсэн юм.
Хариуцагч “*******” ХХК нь БХБЯ/202105173/01/01 урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн санхүүжилт болох 899,794,800 /найман зуун ерэн есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуун/ төгрөгөөс 2022 онд 513,902,571 /таван зуун арван гурван сая есөн зуун хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийн, 2023 онд 298,000,000 /хоёр зуун ерэн найман сая/ төгрөгийн, нийт 811,902,571 /найман зуун арван нэгэн сая есөн зуун хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс авсан.
Ийнхүү хариуцагч “*******” ХХК улсын төсвөөс авсан санхүүжилтийг тухай бүр нэхэмжлэгч “*******” ХХК-д үл маргах журмаар шилжүүлэх үүрэг хүлээсний дагуу улсын төсвөөс авсан 811,902,571 /найман зуун арван нэгэн сая есөн зуун хоёр мянга таван зуун далан нэгэн/ төгрөгийн санхүүжилтээс 428,362,629 /дөрвөн зуун хорин найман сая гурван зуун жаран хоёр мянга зургаан зуун хорин есөн/ төгрөгийг манай компанид бэлнээр олгосон. Харин үлдэгдэл 383,539,942 /гурван зуун наян гурван сая таван зуун гучин есөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийн санхүүжилтийг олгохоос үндэслэлгүй татгалзаж өдий хүрсэн.
Мөн түүнчлэн хариуцагч “*******” ХХК нь БХБЯ/202212114/01/01 дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй/ тендерийн ажлын санхүүжилтээс 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс 2023 онд 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг улсын төсвөөс авсан боловч нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.1.3, 5.1.3-т заасан үүргээ ноцтой зөрчиж, тухайн санхүүжилтийг олгохгүй байх тул бид өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргав.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.гэжээ. / 1х.х-1-2 /
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд тайлбар, татгалзлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө гэжээ. / 1 х.х-96 /
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “*******” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хийсэн ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй, ажлаа доголдолтой хийж гүйцэтгэсэн, хийсэн ажилд нь тохирсон мөнгийг нь өгсөн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 383,539,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 160,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 2,875,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,075,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 2814 дугаартай Шүүхээс гаргах шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу хариуцагч “*******” ХХК-иас 4,000,000 төгрөгийг гаргуулан шинжээч “” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг болно.” гэж дүгнэсэн атлаа “*******” ХХК-аас 383,539,942 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэсэнтэй нийцэхгүй байна.
Тодруулбал, “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй, үр дүн гаргаагүй, ажил бүрэн гүйцэтгээгүй талаар “*******” ХХК нь маргадаггүй болно.
Мөн анхан шатны шүүх “” ХХК-ийн дүгнэлтээр ... “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гадна фасадны ажлын үнэлгээ 678,329,906 төгрөг болно гэжээ гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгийг үндэслэн “*******” ХХК-аас 384,439,942 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.” гэж заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, “*******” ХХК нь ажлыг бүрэн гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг нь чанарын шаардлага хангаагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. / 4 х.х-86/
5. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 543,539,942 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / х.х-1-2, 96/
Хэргээс үзэхэд:
8. Зохигчдын хооронд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 33/ДН/02 дугаартай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч “*******” ХХК нь БХБЯ/202105173/01/01 урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн Багц 2-т тендерт тусгагдсан 2022 оны улсын төсвийн санхүүжилт болох 899,794,800 төгрөгийг “******* ХХК-нд үл маргах нөхцөлөөр шилжүүлэх, Улсын Их хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын хүрээнд Гэрээний зүйлийн нэмэгдэл болох 427,020,505 төгрөгийг “*******” ХХК-ний дансанд үл маргах журмаар шилжүүлэх, БХБЯ/202212114/01/01 урилгын дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ тендерийн ажлын санхүүжилтээс 200,000,000 төгрөгийг “*******” ХХК-ний дансанд үл маргах журмаар шилжүүлэх, БХБЯ/202212114/01/01 урилгын дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ тендерийн ажилд “*******” ХХК-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй боловч харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар маргажээ.
9. Талуудын хооронд “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” нэртэйгээр 2022 оны 06 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК нь БХБЯ/202105173/01/01 урилгын дугаартай Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг/ тендерийн багц 2 болох Нийтийн зориулалттай орон сууцны барилгын фасад /Улаанбаатар Баянгол дүүрэг 4-р хороо 2а, 6-р хороо 13, 15 байр, 7-р хороо 33 байр /-ны ажлыг хийж гүйцэтгэх, БХБЯ/202212114/01/01 урилгын дугаартай XII.3.9 Эко жорлон /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ тендерийн ажилд “*******” ХХК-тай хамтран ажиллах үүрэг хүлээсэн.
Харин хариуцагч “*******” ХХК нь гэрээний 3.1.1.1-т заасан улсын төсвийн санхүүжилт болох 899,794,800 төгрөгөөс гэрээний 3.2.1-т заасны дагуу урьдчилгаа санхүүжилт 385,509,096 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь авч, захиран зарцуулах ба үлдэх 514,225,704 төгрөгийг, 3.1.1.2-т заасан УИХ-ын 88 дугаар тогтоолын хүрээнд гэрээний нэмэгдэл 427,020,505 төгрөг, 3.1.1.3-т заасан Эко жорлогийн санхүүжилт 200,000,000 төгрөг, нийт 1,141,246,209 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгч “*******” ХХК-нд шилжүүлэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд хийгдсэн тохиролцооноос үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн.
10. Хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 01-нээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлд 513,908,571 төгрөг, УИХ-ын 88 дугаар тогтоолын хүрээнд батлагдсан нэмэгдэл 298,900,000 төгрөг, нийт 812,802,571 төгрөгийг улсын төсвөөс авсан боловч нэхэмжлэгч “*******” ХХК-нд хийсэн ажлын хөлсөнд 428,362,629 төгрөгийг бодитоор өгсөн болох нь нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. / 2 х.х-10-13, 79, 86-90/
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “*******” ХХК нь бодитоор хийсэн ажлын хөлсөө нэхэмжлээгүй, харин 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1.3-т “*******” ХХК нь гэрээний 3.1.1.1-3.1.1.3-т заасан санхүүжилтийг тухай бүр “*******” ХХК-нд шилжүүлэх, бусад зорилгоор санхүүжилтийг ашиглахгүй байх үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажилтай нь холбоотойгоор төсвөөс авсан санхүүжилтийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан учир талуудын байгуулсан дээрх ажил гүйцэтгэх гэрээний 5.1.3-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэн улсын төсвөөс олгосон мөнгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэх дүгнэлт хийж, 384,439,942 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
11. Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.3-т “...санхүүжилтийг тухай бүр Б талд шилжүүлэх, бусад зорилгоор санхүүжилтийг ашиглахгүй байх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч “*******” ХХК нь тендерт заагдсан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, дутуу үлдээсэн ажлыг нь хариуцагч “*******” ХХК нь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.2-т заасны дагуу “чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй”, 5.2.3-т заасны дагуу “ажлын гүйцэтгэлийн чанарт хариуцлага хүлээх, доголдлыг арилгах үүрэгтэй” бөгөөд 678,329,906 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа учир тэдний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний зөрүү болох 249,967,277 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. /678,329,906-428,362,629=249,967,277 төгрөг/ / 4 х.х-37-54/
12. Харин Эко жорлонгийн тендерийн ажилд нэхэмжлэгч “*******” ХХК нь оролцоогүй учир эко жорлонгийн ажлын хөлс 160,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул энэхүү шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг төлөх үүргийг хариуцагч “*******” ХХК нь хариуцахыг дурдаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. /4 х.х-36/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/00857 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 361 дүгээр зүйлийн 361.1.1-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 249,967,277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293,572,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.”
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,407,786 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,075,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Я.ТУУЛ