| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/01170/и |
| Дугаар | 209/МА2025/00060 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 209/МА2025/00060
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 307/ШШ2025/01042 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: “Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өв хүлээн авах хугацааг сунгуулах, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, *******,******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь миний хүү ******* болон талийгаач хүү ******* нарын дундын хөрөнгө юм. Талийгаач хүү ******* маань 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн. Энэ үеэс түүний өвлөгч нарт өвлөх эрх нээгдсэн. Дархан-Уул аймгийн Тойргийн нотариатч ******* 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үйлджээ. Нотариатч *******гийн үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэнээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, *******,******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг талийгаач хүү *******гийн эхнэр ******* болон 2 охин болох , нарт өвлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Би хуульчаас зөвлөгөө авсан.
Иргэний хуулийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзэхээр хуульд заасан байдаг.
Би ямар ч нотариатчид 3 сарын дотор өвөөс татгалзах тухай бичиж өгч байгаагүй учир би хүүгийнхээ өвлөгдөх эд хөрөнгийг өвлөн авсан гэж тооцогдох боломжтой хүн гэж өөрийгөө үзэж байна.
Тус өвлөх эрхийн гэрчилгээний талаар тодруулахаар нотариатч *******тэй очиж уулзахад та 1 жилийн дотор хүсэлтээ гаргаагүй учраас та өвлөх эрхээ алдсан гэж надад хэлсэн. Миний бие нотариатч *******гийн Өвлөх эрхийн гэрчилгээг намайг 1 жилийн дотор хүсэлтээ өгөөгүй учраас өвөөс татгалзсан гэж үзнэ гэж өөрийн үйлдлээ зөвтгөн тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Тойргийн нотариатч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хууль ёсны өвлөгч намайг өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ. /х.х 1-2 /
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн үндэслэлийн агуулга:
А. ...Нотариатч ******* нь нэхэмжлэгчийг өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тус гэрчилгээг дахин олгохоос татгалзсан.
Хууль зүйн хувьд ч нотариатч нь нэгэнт өөрийн үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд дахин гэрчилгээ олгох боломжгүй. Бусад нотариатч мөн энэ тохиолдолд нэхэмжлэгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй. Иймээс өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн цаг үеэс нэхэмжлэгч *******гийн өвлөх эрх нь хязгаарлагдсан юм. ******* нь анх нэхэмжлэл гаргахдаа Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Шүүх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нэхэмжлэгчийн өвлөх эрх шууд хэрэгжих боломжгүй.
Нэхэмжлэгч ******* нь
- нотариатч *******гийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн болохыг,
- өвлөгч нь өөрт өвлөгдөх эд хөрөнгийг өвлөж авахдаа ийм гэрчилгээ авдаг болохыг,
-гэрчилгээ авахын тулд өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргадаг болохыг талийгаачийн эхнэр *******гийн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх нэхэмжлэлийн хувийг гардан авсныхаа дараа өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч мэдсэн.
Хүндэтгэн үзэх шалтгаанаар өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн бол шүүхэд хандан хугацаа сэргээлгэх боломжтой байдаг. Иймд өөрийн өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн бол шүүхэд хандан хугацаа сэргээлгэх боломжтой байдаг. Иймд өөрийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.
Б. Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, *******,******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь *******, ******* нар юм. Үл хөдлөх эд хөрөнгө нь хоёр хүний өмч учраас талийгаачийн хууль ёсны өвлөгч нар нь тус үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг хувь тэнцүүлэн өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар гуравдагч этгээдээр оролцож байгаа ******* болон талийгаачийн охид болох , , нэхэмжлэгч ******* нь тэргүүн ээлжид өвлөн авах эрхтэй этгээдүүд юм.
Нотариатч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо ******* болон талийгаачийн охид болох , нарыг өвлөгч болохыг нэгэнт тогтоосон. Харин нэхэмжлэгчийг өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж өвлөгчөөр тогтоохоос татгалзсан учраас нотариатч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй хамт нэхэмжлэгч *******г өөрийн төрсөн хүү *******гийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, *******,******* тоот 30.3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувиас өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ. / х.х*******-64 /
2. Хариуцагч *******гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
...Иргэн ******* миний 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн 37 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Би иргэн *******д 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуульд заасны дагуу олгосон. Иргэн *******гийн нөхөр ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барж өв нээгдсэн байсан. Би өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо доорх бичиг баримт лавлагааг үндэслэн олгосон байна. Үүнд:
а.Иргэний хуулийн 530.2-т заасан хугацаа өнгөрсөн үед олгосон, өв нээгдсэнээс хойш 1 жилийн 9 сарын дараа олгосон.
б.520-р зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч болох талийгаачийн эхнэр түүний насанд хүрээгүй 2 хүүхдэд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон тодорхойлолт,
в.Монголын нотариатчидын танхимын нэгдсэн бүртгэлийн сангаас талийгаач *******гийн өвийг хүлээн авах хүсэлт байгаа эсэх тухай лавлагааг шүүж үзсэн ба тэгэхэд ямар нэг хүсэлт бүртгэгдээгүй тухай лавлагаа,
г.Талийгаач ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсныг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн дугаартай нас барсны гэрчилгээ,
д.Талийгаач *******, түүний эхнэр ******* нарын 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газраас авсан 356 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
е.*******гийн иргэний үнэмлэх болон насанд хүрээгүй хоёр охин , нарын төрсний гэрчилгээ зэргийг үндэслэсэн болно. Иргэн ******* нь 2024 оны 07 дугаар сард буюу *******д гэрчилгээ олгосны дараа миний нотариатын газарт ирж өвлөх эрхийн гэрчилгээний талаар зөвлөгөө авъя гэж хандахад нь би *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухайгаа хэлсэн. Миний хувьд иргэн *******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хуулийн дагуу олгогдсон учир хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. /х.х 18 /
2.1. Хариуцагч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
Ихэсгэх шаардлагад өв хүлээн авах хугацааг сэргээлгэх, хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох тухай дурдсан байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлага нь миний олгосон өвлөх эрхийн гэрчилгээтэй хамааралгүй асуудал байна. Харин ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь гуайн өөрөө хуулийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй гэдгээ нотолж өгч байна. Өв хүлээн авах хугацааг сэргээх мөн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг надад хамаатуулж гаргаж байгаа нь буруу гэж үзэж байна. Хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүйг дурдах нь зүйтэй байна гэжээ. / х.х 73 /
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3, 528.4, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өв хүлээн авах хугацааг сунгуулах, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.
а. Нэхэмжлэгч нь талийгаач хүүтэйгээ хамт амьдардаг байсан нь түүний оршин суугаа хаягийн лавлагаа болон төрсөн хүү *******ийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн насанд хүрээгүй ач нарын мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд нь тухайн хүүхдүүдтэй байнга хамт амьдардаг, тэдэнд хэрхэн мэдүүлэг өгөх талаар нөлөөлсөн байх магадлалтай.
Шүүх гэрчийн мэдүүлгийг бүх талаас нь бүрэн дүүрэн дүгнэлт хийж, мэдүүлгийг үнэлэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримттай тулган үнэлэх учиртай. Гэтэл нотлох баримтыг үнэлэхгүйгээр дан ганц нэг талын мэдүүлэг нь илүү үндэслэлтэй гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна.
б. Нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагууд нь нэгэнт бүх өвлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэг мөр шийдвэрлүүлэх нь өвтэй холбоотой маргааныг хурдан дуусгая, энэ нь өвлөгч нарт ашигтай гэж үзсэний үндсэн дээр өгсөн. Логикийн хувьд алдаатай боловч нэхэмжлэгчийн хувьд ямар ч тохиолдолд өвлөх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой этгээд гэдгийг харуулахыг зорьсон.
в. Шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ******* нь Дархан сумын 11 дүгээр баг, ******* тоот хаягт хэдэн оноос бүртгэлтэй байсан, өөр хаягт шилжин оршин сууж байсан эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шүүхийн журмаар гаргуулах” тухай хүсэлтийг гаргаж байсан.
Улсын бүртгэлийн хэлтсээс архивын материалын хуулбарууд ирсэн боловч өөр хаягт оршин сууж байсан эсэх талаарх мэдээлэл нь ирээгүй. Шүүхээс захирамжийн биелэлтийг хангуулах ажиллагаа хийгээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна.
г. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг гэрээсээ хөөсөн мэтээр худал тайлбар гаргасныг шүүх ямар ч нотлох баримтгүйгээр тийм мэт дүгнэлт хийж, шүүх хуралдааны явцад шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан. Гуравдагч этгээдийн хувьд өөрийн хүүхдүүдийн хамт сайн дураар гэрээсээ явсан байдаг. Явсан үндэслэлээ бид нар яаж архи уудаг хүнтэй хамт байх юм гэж тайлбарлаж байхад шүүх илтэд буруу дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч нь гэрээсээ хөөсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөөсөн гэдэг үйл баримтыг баримтаар нотлоогүй байхад тийм дүгнэлтийг шүүх гаргаж болохгүй гэж үзэж байна. Өндөр настай хүн өөрийн үр хүүхдээ гэр орноосоо хөөх ямар ч шаардлага байхгүй. Харин ч тухайн гэр орныг хариуцан өнөөдрийг хүрч, өөрийн эзэмшилдээ байлгаж, бүх төлбөрийг нь төлж байгаа.
Ийнхүү хэрэгт ач холбогдолгүй хэргийн үйл баримтаас зөрсөн дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Иймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
д. Нотариатч нь Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар зэргийг үндэслэл болгодог. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатын үйлдэл хийх зааварт дурдсан материалуудаас гадна өөр өвлөгч байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл дээрх үйлдлийг хийгээгүй. Талийгаачийн төрөл садангийн лавлагаагаар өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаж болох байсан. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрх, үүргийн хүрээнд Нотариатч нь үйл ажиллагаагаа явуулдаг. Зайлшгүй шаардлагатай баримт материалыг шалгах нь нотариатчийн эрх хэмжээний асуудал. Гэтэл уг хуулиар хүлээсэн эрхээ хэрэгжүүлээгүй байна.
е. Багийн засаг даргын тодорхойлолт гэдэг бол тухайн хүнийг хаана оршин суудаг болохыг тодорхойлдог цорын ганц эх үүсвэр. Багийн Засаг даргын тодорхойлолт болон улсын бүртгэлээс ирсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар нэхэмжлэгчийн цорын ганц хаяг нь тухайн Дархан сумын 11 баг, ******* тоот болох нь нотлогдон тогтоогдоно. Энэ бол хөдөлшгүй нотлох баримт. Үүнийг зүгээр л бүртгэлтэй газар нь гэх зэргээр мушгин гуйвуулж тайлбарлаж болохгүй. Нэхэмжлэгч нь өөр өөр газар түр байрлаж, ажиллаж, амарч болно. Тэр тоолонгоор түүний байнга оршин суух, бүртгэлтэй газрыг биш гэж тайлбарлаж болохгүй. Ийнхүү тайлбарлах хууль зүйн үндэслэл ч байхгүй болно. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. / х.х 152-153 /
7. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, өв хүлээн авах хугацааг сунгуулах, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуульд заасны дагуу олгосон. ...холбогдох бичиг баримт лавлагааг үндэслэн олгосон.... хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй болохоо нотолж байгаа ба надад хамаатуулан гаргаж байгаа нь буруу” гэж маргажээ.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргээс судлан үзвэл:
12. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаартай гэрчилгээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 6 хороолол, ,******* тоот 30.3 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгэжээ. /х.х-ийн 77/
12.а. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
12.б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох *******, өвлүүлэгч ******* нар нь 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн 356 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон, тэдний дундаас охин , нар төрсөн байна.
12.в.Түүний эхнэр болох ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 6 хороолол, ,******* тоот 30.3 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн *******д оногдох 50 хувийг өвлөн авахаар нотариатчид хүсэлт гаргаснаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0037 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг эхнэр *******, охин , нарт олгожээ.
12.г. Нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгч *******гийн төрсөн эцэг мөн болох нь *******гийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
13. Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын маргааны зүйл нь өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатчийн үйлдэл хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгч *******тэй хамт амьдардаг байсан эсэх, өвлөх эрхээ алдсан эсэх, өв хүлээн авах хугацааг сунгуулах хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудал байна гэж зөв тодорхойлсон байна.
14. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний хүүхдүүд болох , нар нь өвлүүлэгч гийн хууль ёсны өвлөгч нар байх бөгөөд ******* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг тойргийн нотариатч *******д гаргасан байна.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ: 43.2.1.өвлөгч болохыг нотлох баримт бичиг; 43.2.2.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр; 43.2.3.өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг; 43.2.4.өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр; 43.2.5.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж заасан.
Тойргийн нотариатч ******* нь өвлөгчийн хүсэлтийг хүлээн авч дээрх хуульд заасан баримт бичгийг үндэслэн тогтоох ёстой нөхцөл байдлыг тогтоож, өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хуульд нийцсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатчийн буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй, төрөл садангийн лавлагаа авч өөр өвлөгч байгааг шалгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
15. Улсын бүртгэлийн газраас нэхэмжлэгч *******гийн оршин сууж байсан болон оршин суух хаягийн бүртгэлийн талаарх лавлагаа, холбогдох баримтуудад түүний оршин суугаа газрын хаягийг Дархан-Уул, Дархан, 11-р баг, 6 хороолол, ,******* тоот гэж, нэхэмжлэгчийн 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ХААТР-1 маягтад: байнга оршин суудаг хороо- 6 хороолол, 12 байшин, тоот гэж,
2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 598 дугаартай Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод “...******* нь тус багийн 6 дугаар хороолол, *******ны******* тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь дээрх хаягт бүртгэлтэй боловч зохигчийн хүсэлтээр асуусан гэрч *******, гэрч , нарын мэдүүлгээр дээрх хаягт байнга оршин суудаггүй болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч *******г өвлүүлэгч *******тэй хамт амьдарч байсан гэж үзэх боломжгүй байна.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, нэг талыг барьсан, Улсын бүртгэлийн газраас нотлох баримтыг дутуу авсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
16. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах талаарх хүсэлтийг гаргаагүй болох нь зохигчийн тайлбар, Монголын Нотариатчидын танхимын нэгдсэн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна. /х.х-ийн 24/
17. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, улмаар өвлүүлэгч *******тэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч тул өв хүлээн авахаас татгалзсан талаар хүсэлт гаргаагүй нь өвийг хүлээн авсанд тооцно гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүтэй байх тул өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
18. Иймд дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 307/ШШ2025/01042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.МЯГМАРСҮРЭН