| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00124/И |
| Дугаар | 134/ШШ2016/00138 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 134/ШШ2016/00138
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордонд байрлах, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс /РД: 9020888, утас: 70543185, 70543263/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Мөнхийн 1 тоотод байрлах, “Мөнх авзага хайрхан” ХХК /РД: 4613643, улсын бүртгэлийн дугаар: 3211002049/-д холбогдох
Татварын өр 1 116 613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус хэлтэст бүртгэлтэй 4613643 регистрийн дугаартай “Мөнх авзага хайрхан” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус хэлтэст бүртгүүлэн худалдаа, тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 1 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна.
Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан албан татварт 1 116 613 төгрөгийн татварын өрийг төлөхгүй Татварын хууль тогтоомжийг зөрчсөөр байна.
2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, 0033621 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авсан.
Аж ахуйн нэгж хариуцсан Татварын улсын байцаагч Ч.Энххишиг нь “Мөнх авзага хайрхан” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдсон албан татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээнүүдийг удаа дараа авсан боловч “Мөнх авзага хайрхан” ХХК-ийн удирдлага Х.Мөнхсайхан нь тайлангаар ногдсон албан татварын өрийг төлнө гэдэг боловч барагдуулах мэдэгдэл, шаардлага, Татварын ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчсөөр байна. Татварын хууль тогтоомжийн дагуу албан татвараа хугацаанд нь төлөхгүйгээс татварын өр үүсэх нь татварын хэлтсийн улсын болон орон нутгийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг бөгөөд ажлын үзүүлэлтэнд муугаар нөлөөлдөг.
Иймд “Мөнх авзага хайрхан” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан албан татварт 1 116 613 төгрөгийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Мөнх авзага хайрхан” ХХК-ийн захирал Х.Мөнхсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Мөнх авзага хайрхан” ХХК-д холбогдуулан татварын өр 1 116 613 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилж буй 1 116 613 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компани нь 2016 онд багтаан татварын өрөө төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Мөнх авзага хайрхан” ХХК-д холбогдуулан татварын өр 1 116 613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“Мөнх авзага хайрхан” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 0033621 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаараа ногдуулсан өрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, татвар төлөгчийн карт, татварын тооцооллын жагсаалт, мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагчийн тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч “Мөнх авзага хайрхан” ХХК нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр 1 116 613 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 31 349 төгрөгийн тал хувь болох 15 674.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 1 116 613 /нэг сая нэг зуун арван зургаан мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийг хариуцагч “Мөнх авзага хайрхан” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Мөнх авзага хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 15 674.5 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ