| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2023/00618/И |
| Дугаар | 215/МА2025/00012 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 215/МА2025/00012
Р.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** сумын ** -р баг, *****-д оршин суух, Р.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** сумын ** -р баг, ***** оршин суух, Г.О-т холбогдох,
Автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б (цахимаар), хариуцагч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч М.Э (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Д нь Г.О-т холбогдуулан автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Р.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч Р овогтой Д нь 2002 онд худалдаж авсан улсын ** ** ***арлын 06***** дугаартай, 1998 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн суудлын, ***** өнгийн УАЗ 31519 моделийн автомашиныг 2015 онд өөрийн төрсөн хүү Д.Б /РД: ** ********/, түүний эхнэр хариуцагч Г.О нарт түр ашиглаж байгаад өгье гэхээр нь өгсөн байна. Гэтэл хүү Д.Б, түүний эхнэр, хариуцагч Г.О нар 2019 онд Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2019/00020 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тэд эд хөрөнгөө хуваасан байдаг. Тухайлбал эхнэр Г.О нь адуу ***, тэмээ ***, хонь ***, ямаа *** толгой малыг 5 ханатай гэр, ****** сумын төвд байрлах хашаа зэргийг авахаар, Д.Б нь *** *** *** улсын дугаартай ***** машин, 4 ханатай гэр зэргийг авахаар эвлэрлэснийг шүүхээс баталсан байдаг. Нэхэмжлэгч Р.Д автомашин хариуцагч Г.О-ын эзэмшилд үлдсэн байсан тул хариуцагч Г.О-аас өөрийн автомашинаа авъя гэсэн боловч бусдад худалдсан гэж хэлээд өгөөгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасны дагуу эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан бөгөөд эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд болох нэхэмжлэгч 341 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу ...зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч, өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон, шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхгүй байх үүргээ гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр гэрээг цуцалж эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг. Нөгөө талаас 340 дүгээр зүйлд заасанчлан эд хөрөнгийг ашиглаж байгаа этгээд болох хариуцагч эд хөрөнгийг ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгахгүй байх, гэрээний хугацаа дуусахад бүрэн бүтэн буцааж өгөх, мөн 342.2-т гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах, 342.3-т ашиглалтын ердийн элэгдлээс илүү муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилсөнөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч Г.О нь Иргэний хуулийн 339-342 дугаар зүйлд зохицуулсан “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зөрчин нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөөгүй, хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, автомашиныг ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан, автомашиныг бүрэн бүтэн буцаан өгөх боломжгүй болсон байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 342.2, 342.3, 227.3-т заасныг тус тус үндэслэн өөрт учирсан хохирлыг 7,000,000 төгрөгөөр тооцож буюу өөрийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд автомашины үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу “А” компаниас тухайн автомашиныг 7,000,000 сая төгрөгөөр үнэлсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. Хариуцагч Г.О шүүх хуралдаанд: “...Миний бие Р.Д хүү Б-тай 20 жил гэр бүл болж хамт амьдарсан. 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжилж байгаа 69 /машин/-ийг хүү Б нь унадаг байсан. Иймд хүү нь энэ машиныг мэднэ. Иймд 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.О-аас автомашины үнэ 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Д-т олгохоор шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаартай шийдвэрийг хариуцагч Г.О-ын өмгөөлөгч би эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Р.Д нэхэмжлэлтэй автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д заалтыг үндэслэн “Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд нь эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй “ гэсэн заалтыг үндэслэн шийдвэрлэхдээ “А ХХК-ийн автомашины техникийн үнэлгээнд” УАЗ-31512 /469/ автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүх дээрх үнийн дүнгээр хохирлын хэмжээг тодорхойлсон гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.
Маргаан бүхий УАЗ 469 автомашин нь 1998 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн одоогоос 27 жилийн өмнөх автомашины элэгдэл хорогдолыг тооцоолоогүй автомашинд үзлэг хийлгүй ямар нэгэн бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй зөвхөн нэхэмжлэгчийн амаар үнэлгээний байгууллага үндэслэлгүй үнэлгээ гаргаж түүнд үндэслэн өрх толгойлсон ганц бие ээж болох хариуцагч Г.О-аас автомашины үнэ болох 7,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаартай шийдвэрийг дахин магадлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид өмнөх байр сууриа дэмжин оролцов.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р. Д нь 2002 онд худалдаж авсан улсын ** ** *** арлын 06***** дугаартай, 1998 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн суудлын, ***** өнгийн УАЗ 31519 моделийн автомашиныг 2015 онд өөрийн төрсөн хүү Д.Б /РД: ** ********/, түүний эхнэр хариуцагч Г.О нарт өгч тэдний хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.
10. Гэрээний нэг тал болох Д.Б, Г.О нар нь гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж гэрээний зүйл болох автомашиныг эхнэр Г.О-т үлдээснийг Д.Б шүүхэд гэрчилжээ. Уг маргаан бүхий үйл баримтын талаар талууд маргасангүй.
11. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь тухайн хөрөнгийг үрэгдүүлсэнээс үүссэн хохирол болох автомашины үнэ 7,000,000 төгрөгийг хариуцагч Г.О-аас гаргуулан нэхэмжлэгч Р.Д-т олгож шийдвэрлэсэн байна.
12. Нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Г.О нарын хооронд 2015 онд автомашин үнэ төлбөргүй ашиглуулахаар Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэл шүүхэд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 13-нд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 305/ШШ2025/00396 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Г.О-т холбогдох автомашины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай Р.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.О-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 128,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ