Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01066

 

*******-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01849 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* ХХК, ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 350,000 юань буюу 155,739,500 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* аймгийн ******* суманд байрлах асфальтны үйлдвэрийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт 350,000 юаниар зарахаар тохиролцож, 2020 оны 04 сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******тай гэрээ байгуулсан. ******* ХХК-ийн захирал ******* нь уг асфальтын үйлдвэрийг хүлээн авч, туршилтын журмаар ажиллуулж байсан боловч үйлдвэрийн үнэ болох 155,739,500 төгрөгийг төлөөгүй. Шүүхээр маргаантай байх үед ******* ХХК, ******* ХХК-иудыг хамтран хариуцагчаар татах шаардлага гарсан. Учир нь, тухайн үед орчуулагч хийж байсан, ******* ХХК-ийн захирал *******-т иргэний үнэмлэх байхгүй байсан учраас түүний өмнөөс гэрээ байгуулсан гэх тайлбарыг ******* гаргасан. Харин хариуцагч ******* ХК, ******* өргөө ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд, хариуцвал зохих этгээдээс 350,000 юань буюу 155,739,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК, ******* нарын хариу тайлбарын агуулга: ******* ХХК-ийн захирал ******* нь ******* аймгийн ******* сумын 1-р багт асфальтан зам тавьж байгаа, үйлдвэрийг худалдаж авмаар байна гэж холбогдсон. Найдвартай авна, чи гэрээгээ байгуулчих гэж хэлсэн. Түүний дагуу гэрээг байгуулсан. Явцын дунд надаас мөнгө нэхэж эхлэх үед *******т хэлэхэд бичиг баримтгүй тул авах боломжгүй байна, заавал бичиг баримтыг нь гаргаж өг гэж хэл гэсэн. Миний хувьд зуучилж өгсөн. Мөн би ******* ХХК-ийн захирал *******ийг танихгүй. Маргаантай үед тоног төхөөрөмжийг ачаад явсан гэжээ.

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбарын агуулга: 2020 оны 03 сарын сүүлээр ******* ХХК-ийн захирал ******* гэх залуугаар дамжуулан ******* аймгийн ******* сумын нутагт байрлах уг асфальтын үйлдвэрийг худалдан авахаар холбогдсон. Манай компанийн нэр дээр 350,000 юаниар худалдаж авахаар болж, гэрээний төслийг хятадууд Ви Чат-аар ирүүлсэн. Тухайн үед манай компанийн тамга тэмдэг хотод байсан учраас *******ын компани болох ******* ХХК-ийн нэр дээр гэрээ хийсэн. ******* ХХК, ******* нь зөвхөн зуучлалын үүрэг гүйцэтгэсэн болно. Асфальтын үйлдвэрийн хувьд 2020 оны 04 сараас засварын ажил эхлэсэн. Үйлдвэрийн дамжуулах ремень, цахилгаан моторууд, цахилгааны монтаж, хийн хаалт, автомат дозатор, жинлүүрүүд, цахилгаан хамгаалалтын реле, утаа сорох винтлятор, утаа шүүх банк, усны насос, битумын тогоо, шигшүүр, холигч зэрэг хэсгүүд бүгд эвдрэлтэй байсныг манай компанийн гэрээт ажилчид 2020 оны 07 capын 10-ны өдөр хүртэл засварлаж, асфальтын үйлдвэрийг асааж бэлтгэсэн. Үүнтэй холбоотой манай компаниас 98,000,000 төгрөгийн зардал гаргасан. Уг зардалд сэлбэг хэрэгсэл, засварын ажлын хөлс зэрэг орсон ба харин манаачийн төлбөр, тээврийн зардал, ажилчдын унаа хоол, байрны зардал ороогүй. 2020 оны 07 сард асфальтын үйлдвэрийг асаасан ч тохируулгыг хийж чадаагүй. Манайд уг үйлдвэрийн техникийн баримт бичиг, гарын авлага байгаагүй учраас сэлбэг худалдан авах, тохиргоо хийх боломжгүй байсан. Уг үйлдвэрийг ашиглаж чадаагүй. Бид өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үйлдвэрийн техникийн баримт бичиг, гарын авлага, үйлдвэрийн сертификатыг өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл бидэнд нэг ч баримт бичиг өгөөгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Бид үйлдвэрийг манаачтай ярьж байгаад авсан. Хулгай хийгээгүй. Үйлдвэрийг авна гэж 20,000,000 төгрөг өгсөн. Ерөнхийдөө үйлдвэр нь шатаад нүүгээд явсан. Энэ хооронд манаач нар цалин мөнгөө авахын тулд намайг үйлдвэрийг аваач, бид цалин мөнгөө авмаар байна гэж санал тавьсан. Үйлдвэрийг буулгаж авахад 2,000,000 төгрөг зарцуулсан. Үйлдвэрээ авна гэвэл манай хашаанд үйлдвэр байгаа. Доголдсон зүйл байхгүй. Нэг хятад иргэн гарч ирээд танай компанийг шүүхэд өгсөн гэж хэлсэн. Гэтэл тэр нь эцсийн өмчлөгч мөн ч юм уу мэдэхгүй байна гэжээ.  

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК /*******/-иас 155,739,500 /нэг зуун тавин таван сая долоон зуун гучин есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч ******* ХХК, *******, ******* ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******  ХХК нь асфальтны үйлдвэрийг ашиглаж байгаа болохыг тогтоолгож, ******* ХК-аас үйлдвэрийн бичиг баримтыг гаргуулахыг даалгах шаардлагаасаа нэхэмжлэгч ******* /ИҮД:*******/ татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,077,100 /936,700+140,400/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК /*******/-иас 936,647 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх ******* ХХК-аас өмнө нь гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэжээ. Бид тийм агуулгаар тайлбар гаргаагүй. Манай компаниас анх үйлдвэр ассаны дараа төлбөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь асфальтны үйлдвэр ажиллах бодит нөхцөл байдлыг бий болгоогүй. Мөн тоног төхөөрөмжийг Монгол Улсаас буцаах нөхцөлд оруулж ирсэн болох нь сүүлд мэдэгдсэн ба нэхэмжлэгч тал нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч эсэх нь тодорхойгүй болж, цаашид үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авах боломжтой эсэх, ямар үр дагавар үүсэх нь ойлгомжгүй нөхцөл байдалтай болсон. Иймээс шаардлагатай нотлох баримтуудыг нь гаргуулах байр суурь илэрхийлсэн. Түүнээс шууд төлбөрийг төлнө гэж хэлээгүй.

6.2. Харин ч манай компани хохирч байна. Үйлдвэр дээр нь тоног төхөөрөмж байхгүй. ******* ХХК-ийн хувьд бол асфальтны үйлдвэрийг албан ёсоор хүлээн аваагүй байсныг дурдах нь зүйтэй. Хүлээн авсан бол ******* ХХК-ийн зүгээс харуул манаагаа хариуцан байрлуулах байсан. Тухайн объект дээр ******* ХХК-ийн манаач нар ажиллаж байсан. Дараа нь ******* ХХК-аас ажиллуулсан юм шиг байгаа юм. Энэ талаар ******* ХХК-аас Тэгэхээр нь бид манаач нартайгаа ярьж байгаад 17,000,000 төгрөгийг тэдгээрийн дансанд шилжүүлсэн. ...Үйлдвэрээ авна гэвэл манай хашаанд үйлдвэр нь байгаа. Доголдож барьсан зүйл байхгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн эзэмшил, өмчлөл нь ******* ХХК-д байхад ******* ХХК-аас мөнгийг нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

6.3. Нэхэмжлэгч нь тухайн үйлдвэр болон тоног төхөөрөмжийн жинхэнэ өмчлөгч нь мөн эсэхийг тодруулахын тулд байрлаж байгаа тоног төхөөрөмж болон үйлдвэрийн холбогдох баримт бичгийг гаргуулах шаардлагатай. Бид өмнө нь шаардаж байсан ч гаргаж өгдөггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Нэхэмжлэгч нь өмчлөгч гэдгээ нотлоогүй байхад анхан шатны шүүхээс өмчлөгч гэж үзэн ******* ХХК-ийг мөнгө төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хуулийн этгээдийн мэдлийн тоног төхөөрөмж, бусад хөрөнгө байвал хамааралгүй хэн нэг этгээд бусадтай гэрээ байгуулчихаар өмчлөгч нь болохгүй.

6.4. Хариуцагч ******* ХХК-ийн ирүүлсэн тайлбарт ...2005 онд БНХАУ-ын Кармай хотын Төрийн өмчит үйлдвэрийн газрын зам гүүр барилгын компанитай гэрээ байгуулж, ******* Хандгайт чиглэлийн 58 км замын асфалт бетон хучилтыг хийж гүйцэтгэсэн. Ямар нэг хятад хүнтэй гэрээ байгуулаагүй гэдэг. Энэ гэрээг гаргуулбал тоног төхөөрөмж нь хэнийх, хэн захиран зарцуулах эрхтэй, Монгол Улсын хилээр хэн гаргах ёстой гэдэг асуудлууд тодорхой болно. Уг асфальтны үйлдвэрийг 2005 оны хавар Монгол тал нь Ховд аймгийн Булганы боомт, БНХАУ-ын тал нь Ташкентын боомтоор эргэн буцах нөхцөлтэй гэрээгээр Монгол Улсад оруулж ирсэн байдаг. 2022 онд ******* ХК-ийн захирал ******* нь уг мэдээллийг үнэн гэдгийг баталсан бөгөөд уг асуудлаар гааль, татварын байгууллага удаа дараа эргэн буцаах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, уг гэрээний үүргээ биелүүлэхгүй бол татвараа төлөхийг шаардсан байдаг. Тиймээс энэ баримтуудыг гаргуулах шаардлагатай.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК-ийн захирал нь иргэний үнэмлэх, холбогдох баримт бичиг байхгүй байсан гэсэн үндэслэлээр ******* ХХК-ийн захирал ******* гэрээ байгуулсан, үүнд талууд маргаагүй. Тухайн үйлдвэр 2005 онд орж ирэхдээ буцаах нөхцөлөөр орж ирсэн боловч буцаагүй, Монгол улсад 20 жил болсон. *******-г үйлдвэрийн эзэн биш гэж үгүйсгэх баримт байхгүй. Нэхэмжлэл гаргасны дараа үйлдвэрийн тоног төхөөрөмж, паспорт, холбогдох баримтуудыг шаардсан учраас БНХАУ руу хэлээд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. ******* ХХК-ийн захирал ******* нь манайх үйлдвэрийг хүлээж авахад 98,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарласнаас үзэхэд үйлдвэрийг ажиллуулсан үйл баримт тогтоогддог. Түүнчлэн, үйлдвэрийг хүлээж аваад 98,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Хөрөнгө оруулалт хийж, ажиллуулаад ашиг олоод, сүүлд ******* ХХК үйлдвэрийг ачиж явсан. ******* ХХК-ийн захирал ******* үйлдвэрийг шатаагаад явсан учраас ажилчид нь цалин хөлс авах ёстой гэсэн үүднээс худалдаж авсан гэж мэдүүлдэг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, *******, ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 350,000 юань буюу 155,739,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХК, ******* өргөө ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцжээ.

3. 1-р хавтаст хэргийн 4, 5-р талд 2020 оны 04 сарын 27-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ авагдсан, уг гэрээнд ******* нь ******* аймгийн ******* суманд байрлах 2000 маркын хуучин асфальтны үйлдвэрийг (үндсэн төхөөрөмж, ажиллуулах өрөө, асфальт дамжуулах систем, бөмбөлөг, ачуулах сав, зуух, 50 квт-ын генератор, элсний шигшүүр зэргийн хамт) худалдах, ******* ХХК нь асфальтны үйлдвэрийн үнэд 350,000 юань төлөх нөхцөл тусгагджээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна.

4. ******* ХХК, захирал *******ын гаргасан ... ******* ХХК-ийн захирал ******* нь үйлдвэрийг худалдаж авах сонирхолтой байна, чи хятад хэлтэй юм чинь холбогдоод өгөөч гэсний дагуу дамжуулсан. Улмаар гэрээний төслийг хятадууд Ви чатаар ирүүлсэн. ******* нь би хөдөө *******ад ажлаар явж байна, тамга тэмдэг хотод байгаа учир чи өөрийнхөө компаниар гэрээ хийчих гэсэн. Миний хувьд асфальтны үйлдвэрийг худалдаж авах хүсэл зориг байгаагүй ... гэсэн тайлбарыг хариуцагч ******* ХХК, хувьцаа эзэмшигч гэх *******ын гаргасан ... 2020 оны 03 сарын сүүлээр ******* ХХК-ийн захирал ******* гэх залуугаар дамжуулан ******* аймгийн ******* суманд байрлах асфальтны үйлдвэрийг худалдан авахаар холбогдсон. Хятадууд гэрээний төслийг Ви чатаар ирүүлсэн. Тухайн үед манай компанийн тамга тэмдэг хотод байсан учраас *******ын компани болох ******* ХХК-ийн нэр дээр гэрээ хийсэн ... гэсэн тайлбартай харьцуулан үзвэл Худалдах, худалдан авах гэрээ ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдохоор хуульчилсан тул хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... тус компани нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй ... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан ... асфальтны үйлдвэрийг засварлахад 98,000,000 төгрөгийн зардал гаргасан, уг зардалд манаач, тээвэр, ажилчдын унаа хоол, байрны зардал ороогүй ... гэсэн тайлбараар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... асфальтны үйлдвэрийг албан ёсоор хүлээн аваагүй ... гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

5. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол, мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдахаар хуульчилсан тул хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... асфальтны үйлдвэр эд хөрөнгийн болон эрхийн доголдолтой байсан ... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Иймд, хариуцагч ******* ХХК-аас 350,000 юань буюу 155,739,500 төгрөгийг (нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханш 1 юань = 444.97 төгрөг) гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай тус тус нийцжээ.

7. ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний тал биш тул түүнээс асфальтны үнийг гаргуулах үндэслэлгүй. Түүнчлэн, асфальтны үйлдвэрийг хожим ******* ХХК ачиж явсан гэх асуудал нь нэхэмжлэгч *******-д хамааралгүй.

8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 936,648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР