| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00133/И |
| Дугаар | 134/ШШ2016/00142 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 134/ШШ2016/00142
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, талхан цех ажиллуулдаг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Тээвэрчдийн байр 15 тоотод оршин суух, Тайж овогт Нацагдоржийн Нарангэрэл /РД: ЗЮ65011801, утас: 99142394, 89962394/-д холбогдох
Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 14 617 626 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. Н.Нарангэрэл нь талхан цех байгуулах зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 7 585 880 төгрөг төлж, 12 414 120 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Н.Нарангэрэл нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. Байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.
Иймд Н.Нарангэрэлийн зээлийн үлдэгдэл 12 414 120 төгрөг, зээлийн алданги 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 710 хоногт 1 469 994 төгрөг, зээлийн хүү 734 502 төгрөг, нийт 14 617 626 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Нарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргаас Н.Нарангэрэл надад холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл 14 617 626 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Тус нэхэмжлэлийн шаардлага болох 14 617 626 төгрөгийг төлөх нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2014 оны 08 дугаар сар хүртэл хугацаандаа тасралтгүй төлж, төслийн дагуу байшингаа барьж дууссан. Тэгтэл хүүхэд өвдөж эмчилгээнд явсан. Мөнгө шаардлагатай болж зээлээ төлж чадахгүй болсон. Одоо хүртэл өвчтэй хүн асарч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч Н.Нарангэрэлд холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алдани, нийт 14 617 626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргатай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Тэжээл цэгийн 1-1 тоотод байрлах, 81м2 талбайтай, Ү-1902001362 улсын бүртгэлийн дугаартай, 000102436 гэрчилгээний дугаартай, 4 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №31 тоот барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Нарангэрэл нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 14 617 626 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 231 038 төгрөгийн тал хувь болох 115 519 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 14 617 626 /арван дөрвөн сая зургаан зуун арван долоон мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч Н.Нарангэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 115 519 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ