| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0483/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ийн Х-т холбогдох эрүүгийн 1910014230535 дугаартай 187/2019/0483/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны..... дүгээр сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ....настай, ... боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 19 дүгээр байрны 401 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт З-ийн Х /РД:............./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч З.Х нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр байрны гадна хохирогч П.С-ийг хүргэж өгөхдөө мартаж буусан гээгдэл эд хөрөнгө буюу цүнхтэй эд зүйлсийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч З.Х нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр байрны гадна хохирогч П.С-ийг хүргэж өгөхдөө мартаж буусан гээгдэл эд хөрөнгө буюу цүнхтэй эд зүйлсийг завшсан болох нь:
1. Шүүгдэгч З.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 1-р сургуулийн урдаас такси бариад Хан-Уул дүүргийн 11-р хороо удирдлагын академийн урд талын 4-р байр руу хүргүүлээд 18 цагт таксинаас буухдаа хойно байсан бэлэгнүүдээ аваад урд суудалд тавьсан байсан цүнхээ мартаад буучихсан юм. Тэгээд тэндээс би өөр таксинд суугаад гэртээ орохдоо юмаа авч буух гэтэл цүнх байхгүй байсан тэгээд өмнөх таксинд мартсанаа санасан. Миний цүнхэд HP маркийн сааарал өнгийн i7 үзүүлэлттэй 2.500.000 төгрөгөөр жилийн өмнө компьютер ландаас авч байсан содон шинж тэмдэггүй зөөврийн компьютер, i5 нэртэй Самсунг маркийн хар өнгийн андройд гар утас хар өнгийн гэртэй гэрний ар хэсэгт улаан өнгийн чонын зурагтай Монтел төвөөс 200.000 төгрөгөөр ойролиоогоор сарын өмнө авч байсан, мөн Ланд Ровер маркийн ногоон өнгийн товчлуүргай гар утас ойролцоогоор 2 жил орчмын өмнө авч байсан хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. зөөврийн компьютерийн цэнэглэгч. хар өнгийн хулгана / маус/, эмэгтэй ягаан өнгийн түрийвч хэрэглэж байсан үнзлж мэдэхгүй байна гарын үсгийн дардас үнэлэхгүй, манай компанитай холбоотой бичиг баримтууд улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг зүйлс байсан. Уг цүнх нь хар саарал өнгийн зөөврийн комьютерийн цүнх байсан, 20.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгө байгаагүй Самсунг утсанд 80120983 дугаар байсан пин кодыг мэдэхгүй, нөгөө гар утсанд 80134441 дугаар байсан, манай охины утас байгаа юм. Саарал өнгийн приус-20 маркийн автомашин байсан. Жолооч 20-25 орчим насны бордуу царайтай туранхай залуу байсан, автомашины улсын дугаарыг мэдэхгүй анзаараагүй. Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн гадаа буусан. Би тухайн эрэгтэйгийн данс руу мөнгө шилжүүлж тооцоо хийсэн бөгөөд данс эзэмшигч нь З-ийн Х гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/
3. Шүүгдэгч З.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн 19-67 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус- 20 маркийн автомашинаар хувиараа такси үйлчилгээнд явдаг юм аа. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байсан санагдаж байна яг хэдэн цагийн үеийг нь сайн санахгүй байна. Би тухайн өдөр машйнтайгаэ хүүхдийн 100 дээр явж байхад нэг үл таних эрэгтэй, эмэгтэй хүмүүс гараа өргөхөөр нь авсан.Тэгээд тухайн хүмүус 19-н үйлчилгээний төв орно гэж байсан. Ингээд би машинтайгаа 19-н үйлчилгээний төв дунд байдаг байран дундуур явж байгаад эмэгтэйг нь нэг байрны гадаа буулгаад цаашаа эрэгтэйг нь аваад зайсан чиглэлрүү явсан.Тэгээд тухайн эрэгтэй зайсан орчимд нэг байрны гадаа хүргэж өгсөн. Тэгээд би тухайн хүнийг хүргэж өгөөд машиныхаа хөгжмийг чанга орилуулаад явж байсан чинь жолоочийн эсрэг талын суудал дээр цүнх байсан. Тэгээд би тухайн цүнхийг сая хүргэж өгсөн эрэгтэй, эмэгтэй хоёрын цүнх юм байна даа гэж бодоод аваад хойд талын суудал дээр тавьсан. Тухайн цүнх хүнд цүнх байсан. Тэгээд цааш такси үйлчилгээндээ явж байхдаа замдаа тухайн хүний цүнхийг хойно хийсэн талаараа гэнэт санаад цүнхэн доторхыг нь үзсэн чинь нөүтбүүк байсан. Тухайн цүнх урд суудлаасаа хойд талын суудал дээрээ тавихад нилээн зузаан байсан. Гэтэл нимгэн болчихсон ганцхан нөүтбүүк байсан. Тэгээд гэртээ хариад байж байхад тухайн цүнхний эзэн надтай утсаар холбогдоод цүнхээ авмаар гэж хэлсэн. Тэгээд тухайн цүнхний эзэн надад шууд миний цүнхэн дотор 2 ширхэг гар утас баахан бичиг баримт байгаа гээд байхаар нь би хулгайн хэрэгт орчихлоо гэж бодоод айгаад надад таны цүнх байхгүй та цүнхээ миний машин дотор үлдээгээгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн цүнхийг өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цүнх, нөүтбүүк, нөүтбүүкийн цэнэглэгч, хулгана гэсэн эд зүйлийн хамтаар эзэнд нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Х нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч З.Х нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр байрны гадна хохирогч П.С-ийг хүргэж өгөхдөө мартаж буусан гээгдэл эд хөрөнгө буюу цүнхтэй эд зүйлсийг завшсан гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч З.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, түүний хувийн байдал /...23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Х-т улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч З.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
З.Х-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт З-ийн Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Х-т оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. З.Х-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг З.Х-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР