Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01153

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,931,525,935 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга: Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ******* нь *******д хандаж *******ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг хүссэн. Үүний дагуу 2018 оны 06 сарын 29-ний өдөр ******* нь дүү *******д даалгавар өгч, түүгээр дамжуулан өөрийн нэрийн өмнөөс *******ид 4,800,000 ам.долларын зээлийг олгож, түүний *******дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Монголбанкны зүгээс зарласан бодлогын хүүтэй ижил тэнцүү хэмжээгээр буюу жилийн 11 хувийн хүүтэй байхаар, зээлийн хүүгийн төлбөрийг жил бүрийн 12 сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл зээлдэгч зээлийг авах үед амласан тохиролцоогоо үл биелүүлж, зээл болон зээлийн хүүг төлөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ******* нь батлан даалт гаргаж, өөрөө төлөх сонирхлоо илэрхийлж 2021 оны 09 сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээг хүртэл байгуулж байсан. Зээлдүүлсэн мөнгөө эргүүлж авах хэрэг байсан боловч хариуцагч нарын зүгээс удаа дараа ёс бус үйлдэл, сүрдүүлэг, заналхийлэл ирж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ******* захирлын нэр хүндийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргаж байсан.

Иймд, 2,783,265 ам.доллар буюу 7,931,525,935 төгрөгийг (2021.02.08-ны ханш 2,849.72) гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд мөнгө өгсөн авсан буюу зээлийн харилцаа байсан асуудал дээр маргахгүй. 4,800,000 ам.доллар авснаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 4,100,278 ам.долларын эргэн төлөлт хийсэн нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч нарын тайлбараас харагдаж байгаа учраас үлдэх 699,722 ам.долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь *******ийн өөрийнх нь эрх. Хамтран хариуцагч *******ХХК болон ******* нар зээлийг хариуцах этгээдүүд биш юм. Зээлийн мөнгөн үүргийг ******* гүйцэтгэнэ. Нэхэмжлэлийн шаардлагаас 699,722 ам.долларыг ******* хүлээн зөвшөөрнө.

Иймд, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Хариуцагч ******* ын хариу тайлбарын агуулга: ******* ын ямар үйлдэл нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан нь тодорхойгүй, ямар гэрээ хэлцлээр хүлээсэн биелүүлэх ёстой ямар үүргээ зөрчсөн нь тодорхойгүй. Зөвхөн нэхэмжлэлд дурдсан байхад хариуцагчаар тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үүрэг хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгчийн данснаас зээлдүүлэгчийн дансанд мөнгө шилжүүлж, тухайн гэрээний тал болж, Иргэний хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж буй ******* болон ******* нарын хооронд шаардах эрх үүснэ. ******* нь зээлийн гэрээний аль нэг тал биш, аль нэг талынх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч биш, баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч биш, батлан даалтын гэрээний дагуу батлан даагч биш, *******ийн өрийг Иргэний хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд ч биш юм.

Иймд, ******* т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар нь иргэд хоорондын зээлийг үндэслэн******* ХХК-д холбогдуулан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нараас ******* ХХК нь ямар нэг байдлаар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй тул хариуцагч биш. Тус банк нь иргэн *******ийн өмнөөс төлбөр төлөхөөр хүлээн зөвшөөрч баталгаа гаргасан зүйл байхгүй.

Иймд, ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч *******, ******* нараас 4,372,370,991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,559,154,945 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч *******ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,853,392 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 22,019,805 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд бодит үйлдлээр зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч, тус зээлийн гэрээнд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээр *******ыг тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Нэхэмжлэгч нь 2018 оны 06 сарын 29-ний өдөр хариуцагч *******ийн ******* тоот дансанд 4,800,000 ам.долларын зээлийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Харин хамтран хариуцагчаар татагдсан *******ын дансанд нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн болон бүхэлд нь ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй бөгөөд *******ын хувьд зээлийн гэрээ байгуулах бодит үйлдэл хийгээгүй. *******ийн хүлээн авсан зээлийн мөнгөн хөрөнгөөс ******* нь ямар нэгэн үр ашиг хүртээгүй, захиран зарцуулаагүй буюу зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөг *******ын эзэмшил ашиглалтад шилжээгүй тул энэ зээлийн гэрээтэй ямар нэгэн бодит хамаарал үүсгээгүй. Нэхэмжлэгч нь *******ыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлоогүй, харин Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах этгээд буюу зөвхөн нөхөх хариуцлага хүлээх ёстой этгээд гэж тодорхойлсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 01 дугаартай зөвлөмжид тодорхойлсноос үзвэл зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлоогүй бол бодит үйлдлээр холбоо хамааралгүй гуравдагч этгээдийг үндсэн үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж буй анхан шатны шүүх илт хууль хэрэглээний хувьд алдаатай болсон.

6.2. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зохицуулалтаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нар гэрээний эрх чөлөөтэй байх зарчмыг тусгасан боловч энэ нь хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд нийцэх ёстой. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг гэх бичигт үндсэн үүрэг гүйцэтгэгч ******* гарын үсэг зураагүй, зээлийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад ******* гарын үсэг зурсан нь *******ийн хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх Иргэний хуулийн суурь зарчмыг зөрчсөн шинжтэй болохыг шүүх анхаарч үзээгүй байна.

6.3. Түүнчлэн, тухайн албан бичигт ******* хувь хүний хувьд эсвэл *******ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар гарын үсэг зурсан гэдэг нь тодорхой биш байхад шүүх тухайн бичгийг үндэслэн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал 01 дугаартай зөвлөмжийн 2-т зааснаар маргаан бүхий бодит үйлдлээр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч нь зөвхөн ******* (******* яагаад нэхэмжлэгчээр оролцож байгаа нь тодорхойгүй), үүрэг гүйцэтгэгч нь зөвхөн ******* нар бөгөөд талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тохиролцоогүй, хүү шаардах эрхгүй болно. Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг үндэслэж гэрээний талууд бодит байдалд хүүг төлөхийг зөвшөөрч өрийг төлсөн тул зээлийн гэрээний хүүд 843,594 ам.долларыг хангаж шийдвэрлэсэн. Гэрээний талууд ямар нэгэн байдлаар хүү төлөөгүй талаар шүүх дүгнэсэн буюу *******ийн 2019 оноос 2022 оны хооронд нийт 5 удаагийн төлөлтийг үндсэн зээлээс төлсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Түүнчлэн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч ******* ямар нэгэн байдлаар хүүг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгөөгүй болон бодит байдалд хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй байхад зээлийн хүүг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг анхаарах шаардлагатай. ******* нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч биш бөгөөд баталгаа гаргасан гэж үзэх тохиолдолд зөвхөн нөхөх хариуцлага хүлээх юм. ******* зээлийн гэрээний хүү тохиролцоогүй, нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй нөхцөл байдал бодитоор тогтоогдсон байхад нөхөх хариуцлагын хэмжээг үндсэн үүргээс давуулсан байдлаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

6.4. Зээлийн гэрээний үүрэг нь мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг бөгөөд хэрэв хамтран үүрэг гүйцэтгэгч гэж 2 хариуцагчийг тодорхойлж байгаа бол хэн нь хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байвал Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг үндэслэн тэнцүү хуваах боломжтой байсан. Анхан шатны шүүх уг хуулийн заалтыг үндэслээгүй нь *******ыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй байгаагийн нэг илрэл бөгөөд ******* тодорхойгүй дүнгээр үүрэг хүлээж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, зээлийн гэрээний хүү 834,594 ам.доллар буюу 2,378,359,213 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.  Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хугацаа авах зорилгоор бүх төрлийн гомдлыг гаргасан. Нэхэмжлэгч нарын зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн төлбөрийг шаардсан. Мөн хариуцагч нараас эвлэрлийн гэрээ, баталгааны бичиг гаргаж өгсөн атлаа ямар баримтад гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй гэх тайлбарыг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *******ийн зүгээс үндсэн зээлдэгч учраас зээлийн гэрээний төлбөрийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд *******ийг зээлдэгчээр тогтоож шийдвэрлэсэн. Гэвч хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй баталгааг үндэслэж, *******ыг хамтран хариуцагчаар тогтоосон. Тухайн баталгаа нь өөрөө үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхад үндсэн үүргээс давсан хэмжээний үүргийг гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргасан.

Иймд, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, *******, *******ХХК-д холбогдуулан 2,783,265 ам.доллар буюу 7,931,525,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... *******ийн хүсэлтийн дагуу 4,800,000 ам.долларыг өөрийн дүү *******гийн дансаар шилжүүлсэн, зээлийн хүү жилийн 11 хувь байхаар, зээлийн хүүг жил бүрийн 12 сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон ... гэж, хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ... 4,800,000 ам.доллар зээлж авсан талаар маргахгүй, 4,100,278 ам.доллар буцаан төлсөн тул 699,722 ам.долларыг зөвшөөрнө, үлдэх дүнг зөвшөөрөхгүй ... гэж, хариуцагч ******* болон *******ХХК нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, аливаа байдлаар зээлийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй ... гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хэргийн 1-р хавтасны 11-р талд авагдсан 2018 оны 06 сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар Хаан банк дахь *******гийн эзэмшлийн ******* тоот данснаас *******дахь *******ийн эзэмшлийн ******* тоот данс руу 4,800,000 ам.долларыг  ******* гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Зээлдэгч тал зээлийн хариу төлбөрт 2019 оны 09 сарын 30-ны өдөр 1,000,000 ам.доллар, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 1,000,000 ам.доллар, 2020 оны 06 сарын 19-ний өдөр 500,000 ам.доллар, 2021 оны 12 сарын 31-ний өдөр 1,000,000 ам.доллар, 2022 оны 03 сарын 09-ний өдөр 600,278 ам.доллар, нийт 4,100,278 ам.долларыг буцаан төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-ийг зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах этгээд биш гэж, хариуцагч *******ыг зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах этгээд мөн гэж тус тус дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 460 дугаар зүйлийн 460.2-т заасантай нийцжээ.

5.1. Хэргийн 1-р хавтасны 81-р талд авагдсан Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг-т ... ******* гийн олгосон 4,800,000 ам.долларын зээлийг ... төлж барагдуулах нь үнэн болохыг үүгээр баталгаажуулж байна. Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулахгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу учирсан гэм хорыг хариуцах болохоо баталгаажуулж 2020 оны 02 сарын 27-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр 2,800,000 ам.долларыг хүүгийн хамт төлж барагдуулах болно. ... 2018 оны 06 сарын 29-ний өдрөөс хойшхи хуримтлагдсан хүү 834,594 ам.доллар ... гэж бичиж, хариуцагч ******* гарын үсэг зуржээ.

5.2. Хэргийн 1-р хавтасны 188-189-р талд авагдсан Эвлэрлийн гэрээ-нд ... нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид жилийн 11 хувийн хүүтэйгээр 4,800,000 ам.долларын зээлийг 2018 оны 06 сарын 29-ний өдөр олгосон, тус зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд ... ******* нар бичгээр баталгаа гаргаж өгсөн. ... хариуцагч ******* нь нийт 3,715,566 ам.долларыг нэхэмжлэгч талд дор дурдсан хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар тохиролцлоо. ... хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дангаар барагдуулна ... гэж бичиж, хариуцагч ******* мөн гарын үсэг зуржээ.

Хэдийгээр дээрх Эвлэрлийн гэрээ-г баталсан шүүгчийн захирамжийг шүүх хожим хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч уг Эвлэрлийн гэрээ-нд тусгагдсан хүсэл зориг нь тухайн үед хариуцагч ******* ын илэрхийлж байсан хүсэл зоригт тооцогдоно.

5.3. Хэргийн 3-р хавтасны 100-р талд авагдсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч ******* нь ... ******* ах өгсөн, чамайг өгөхгүй байна гэсэн шүү ... гэхэд хариуцагч ******* нь ... Тэгвэл тэр ******* ахаасаа ав ... гэсэн хариуг өгсөн болох нь тусгагджээ.

6. Дээрхийг дүгнэвэл, хариуцагч ******* нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дугаар зүйлийн 460.2-т тус тус зааснаар батлан даалтын гэрээг бичгээр байгуулж, зээлдэгч ******* үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч буюу хариуцагч ******* хамтран хариуцахаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь батлан даагчаас шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Иймд ... ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч биш, зээлийн хүүг гэрээний үүрэг гүйцэтгэгч тохиролцоогүй, шүүгч хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлоогүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 199 дүгээр зүйлийн 199.3, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч *******, ******* нараас нийт 4,372,370,991 төгрөг (699,722 ам.доллар + 834,594 ам.доллар) х 2,849.72 төгрөг)-ийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4-т заасантай нийцжээ.

Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй болно.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/02608 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 282.1 ... гэсний дараа ... 460 дугаар зүйлийн 460.2 ... гэж нэмж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 12,050,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР  

Д.НЯМБАЗАР