Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01154

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/03147дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 05-ны 13/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 5694 дугаар шийдвэрээр "******* ХХК, ******* нараас 562,221,086 төгрөгийг гаргуулж, *******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч *******нь *******ын өмчлөлийн эрхийн бүртгэлтэй ******* дугаартай бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Их монгол улсын гудамж ******* байрны ******* тоот хаягт байрлах, 111.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй, мэдэгдэлгүй анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нарт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2024 оны 01 сарын 05-ны өдөр *******д өгснөөр анхны албадан дуудлага худалдааг явуулсныг мэдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 13/6 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлыг хангаж шийдвэрлээгүй болно.

Иймд, *******ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 13/6 дугаартай "Анхны албадан дуудлага худалдаан оруулах тухай тогтоол"-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 181/Ш32021/05694 дугаар захирамжаар ******* ХХК, ******* нараас 562,221,086 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгох, төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 111.75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 13/6 дугаартай мэдэгдлийг 2023 оны 12 сарын 11-ний өдөр төлбөр төлөгч *******ын ******* утсаар мэдэгдэж, *******-гаар хүргүүлж, шуудангийн тэмдэг дарж баталгаажуулсан нь хувийн хэрэгт авагдсан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. 2023 оны 12 сарын 22-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 1/1 дугаартай тогтоолын дагуу 2024 оны 01 сарын 19-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдэх хуудсыг 2024 оны 01 сарын 05-ны өдөр *******д нэг хувийг хүлээлгэн өгч баталгаажуулсан.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, ******* байр, ******* тоот хаягт байрлалтай 111.75 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 13/6 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн тул гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу *******ын ******* дугаарын утсанд 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 15 цаг 51 минутад холбогдож тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн, албадан дуудлага худалдаа 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 10 цагт тус газрын 200 тоот өрөөнд болохыг мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчид оршин суугаа хаягаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр төлөгчийн оршин сууж байгаа буюу улсын бүртгэлд бүртгэлтэй баталгаат шуудан хүргүүлсэн хаягийн талаар маргаагүй бөгөөд тус газраас мэдэгдэх хуудсыг дээрх хаягаар хүргүүлсэн.

4.2. ******* ХХК-д тус тогтоолыг 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 4-154/25553 тоот мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэлтэй. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэх хуудсыг болон холбогдох баримтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар биечлэн, баталгаат шуудангаар, утас, факс, цахилгаан, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зэрэг олон аргаар мэдэгдэж болохоор байхад шүүх зөвхөн төлбөр төлөгч иргэн шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдүүлсэн өөрийн хаягтаа байгаагүй баталгаат шууданг хүлээж аваагүй гэх үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хэргийн 2-р хавтасны 49-р талд авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс төлбөр төлөгчийн нэрийг буруу бичсэн учраас шуудан буцаагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Төлбөр төлөгч нь өөрийн бүртгэлтэй хаягт оршин сууж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн материалд үзлэг хийхэд төлбөр төлөгчид хүргэгдсэн гэх баримт битүүмжлэгдсэн үйл баримт тогтоогддог.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/05694 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 562,221,087 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* /13311/, Их Монгол Улсын гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 111.75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

3. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, захирамжид заасан орон сууцыг 2022 оны 03 сарын 16-ны өдөр битүүмжилж, 2023 оны 11 сарын 10-ны өдөр хураан авч, 2023 оны 11 сарын 10-17-ны өдрүүдэд талуудаас үнийн санал авахад ******* ХХК, ******* нар орон сууцыг 550,000,000 төгрөгөөр үнэлснийг ******* ХХК хүлээн зөвшөөрчээ.

4. Улмаар, *******ын 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 13/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор 111.75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 550,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 385,000,000 төгрөгөөр 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

5.  Дээрх тогтоолыг нэхэмжлэгч *******д мэдэгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж, 15 дугаар зүйлийн 15.7-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно гэж заажээ.

*******аас 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 4-154/25553 дугаартай мэдэгдлийг ******* ХХК-д, мөн өдрийн 4-154/25554 дугаартай мэдэгдлийг *******д хүргүүлэхээр тус тус баталгаат шууданд хийж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч Тэмдэглэл хөтөлжээ.

5.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ******* бүртгэлтэй бөгөөд ******* ХК-аас 2023 оны 12 сарын 18-ны өдөр дээрх мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлжээ.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Төлбөр төлөгч ... оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх ... үүрэг хүлээнэ гэж заасан, *******аас 2021 оны 10 сарын 20-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК, *******д эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулжээ.

5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заажээ.

*******аас мөн өдөр *******ын ******* дугаар руу холбогдож 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 10:00 цагт анхны дуудлага худалдаа явагдахыг мэдэгдсэн болох нь хэргийн 1-р хавтасны 116-р талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-ээр нотлогдож байна.

******* нь ... очиж авах боломжгүй, одоо хөдөө Дорноговьд байна, гурав дахь өдөр очино ... гэсэн болох нь дээрх тэмдэглэлд тусгагджээ.

6. Иймд анхан шатны шүүхийн хийсэн ... анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол, мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулан өгөөгүй, хуульд зааснаар хүргүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ... гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

7.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/03147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар хариуцагч *******т холбогдох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 13/6 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР