Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2017/00462

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, И овогт Хын Х,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Н овогт Тн М нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Х, Т.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 35804834 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 26000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Х, Т.М нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 50000000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар авсан байна. Зээлдэгч нь амины сууц барих зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 16332693 төгрөг, зээлийн хүүд 21557657 төгрөг, нийт 37890350 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Х нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлүүд нь 120 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд 1.2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2.зээлийн гэрээний үүргийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 33667307 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2108369 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29158 төгрөг, нийт 35804834 төгрөг, нотариатын төлбөр 26000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Х Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 33667307 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2108369 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29158 төгрөг, нийт 35804834 төгрөг болон нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 26000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Төлж өгнө. Би энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрвэл барьцаанд тавьсан эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй. Би хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Иймд энэ хэргийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэрэгт Т.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Х, Т.М нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 35804834 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 26000 төгрөгийг тус тус Х.Х, Т.М нараас гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13:30 цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласан боловч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч Х.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 35804834 төгрөг болон нотариатын үйлчилгээний хураамжид төлсөн 26000 төгрөг бүгд 35830834 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, тайлбараа бичгээр гаргасан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Мд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өөрийн хүү хариуцагч Х.Хд итгэмжлэл олгосон болно.

Хариуцагч Х.Х, Т.М нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний хөлсний хамт нийт 35830834 төгрөгийг сайн дураараа төлөхгүй бол 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр багт байрлах хашаа, байшин 72 м.кв талбайтай өмчлөх эрхтэй хашаа, байшин (Y-*****, гэрчилгээний дугаар **********), мөн тус багт байрлалтай 880 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших газар(гэрчилгээний дугаар *********, ************), мөн 100 м.кв талбайтай 3 өрөө хашаа, байшин, гараашийн хамт (гэрчилгээний дугаар ******, Y-*********), мөн 756 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших газар (гэрчилгээний дугаар *************), Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 160 м.кв талбайтай 9 өрөө хашаа байшин, гараашийн хамт (гэрчилгээний дугаар ***********, Y-************), мөн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 95,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрчилгээ(гэрчилгээний дугаар **********) зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Х, Т.М нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний хураамжийн хамт нийт 35830834 төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337104 төгрөгийн тал нь болох 168552 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 168552 төгрөг, мөн хариуцагч Х.Х, Т.М нараас 168552 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Х, Т.М нарын барьцааны гэрээний зүйл болох Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр багт байрлах хашаа, байшин 72 м.кв талбайтай өмчлөх эрхтэй хашаа, байшин (Y-*****, гэрчилгээний дугаар **********), мөн тус багт байрлалтай 880 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших газар (гэрчилгээний дугаар *********, ************), мөн 100 м.кв талбайтай 3 өрөө хашаа, байшин, гараашийн хамт (гэрчилгээний дугаар ******, Y-*********), мөн 756 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших газар (гэрчилгээний дугаар *************), Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 160 м.кв талбайтай 9 өрөө хашаа байшин, гараашийн хамт (гэрчилгээний дугаар ***********,Y-************), мөн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 95,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтаар эзэмших гэрчилгээ (гэрчилгээний дугаар**************) зэрэг барьцаат хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ