Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01155

 

 ******* ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03204 дугаар шийдвэртэй,

Хариуцагч: ******* ХХК,

Хүсэлт: хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай,

Нэхэмжлэгч: *******,

Нэхэмжлэлийн шаардлага: татварын өр төлбөрт 355,841,473 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч нь хүсэлт, тайлбартаа: ...******* ХХК нь 2011 оны 05 сарын 23-ны өдөр барилгын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компани 2015 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын болон шатахууны үнэ өссөн, барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажлын захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсон. Бид ажил гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэргүй бөгөөд банкны болон бусад хөрөнгө оруулалтаар зээл, төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй болсон. Засвар гүйцэтгэлийн ажлын өртөг нэмэгдсэнээс ажилтан цалинжуулах төсөв хүрэлцэхгүй болсноос хүний нөөцийн хомсдолд орсон. Өнөөдрийн байдлаар ******* ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр 395,965,500 төгрөг байгаа, цаашид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй болж үйл ажиллагаа бүрэн зогссон.

Иймд ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч компани нь 2023 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар 355,827,173 төгрөгийн татварын өртэй байсан. Хэрэг шүүхээр хэлэлцэгдэх явцад автотээврийн хэрэгслийн татвар 14,300 төгрөгөөр нэмэгдэж, нийт 355,841,473 төгрөгийн татварын өртэй болсон. Дээрх өр төлбөр нь 2018 оноос үүссэн цалин хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлангийн өр 7,015,122 төгрөг, автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын өр 16,667 төгрөг, зам ашигласны төлбөр 66,667 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 6,600 төгрөг, НӨАТ-ын тайлангийн өр 346,846,783 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн өр 1,810,924 төгрөг, татварын хяналт шалгалтын актын өр 64,411 төгрөгийг төлж барагдуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг тус тус зөрчсөн.

Иймд тус компаниас 355,841,473 төгрөгийн татварын өр төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ: ...******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход компанийн өр төлбөр 357,119,618 төгрөг байгаа нь өөрийн хөрөнгийн -104.47 хувьтай тэнцэх тул төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Худалдаа хөгжлийн банк дахь ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот харилцах дансны үлдэгдэл 293,975 төгрөг, тус компанийн эзэмшил өмчлөлд DY150A маркийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, БНХАУ-д 2015 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгөтэй мотоцикл (бичиг баримтгүй) бүртгэлтэй байна.

Иймд Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж татан буулгах саналыг оруулж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах, хэрэг гүйцэтгэгч ******* нарт даалгаж, хүсэлт гаргагч ******* ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгож, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч *******од даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс хариуцагч чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

5. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* нь татварын өр төлбөрт 355,841,473 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тухай бичсэн хэдий ч дүгнээгүй, тогтоох хэсэгт хуулийн хугацаанд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх, арилжааны банканд байгаа мөнгөн хөрөнгө болон бусад тогтоогдсон хөрөнгөнөөс татварын өрийг төлүүлэх талаар тусгаагүй, татварын өр төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг дэмжсэн шийдвэр болсон.

5.2. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна гэж заасан. Татвар төлөгчийн татварын өр 2018 оноос үүссэн бөгөөд төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т хариуцагч ******* ХХК-ийн зүгээс *******йн нэхэмжилж буй татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч *******ийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах давж заалдах гомдлыг дэмжиж байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг дэмжихгүй гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2. Хариуцагч ******* ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Шүүх 2022 оны 10 сарын 31-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэн, Дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлаар ******* ХХК-ийн хүсэлтээр 2022 оны 11 сарын 04-ний өдөр түр хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилж, 2023 оны 02 сарын 16-ны өдөр төлбөрийн чадваргүйд тооцож, Өнөөдөр сонины 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 039 дугаарт хэвлүүлэн, нийтэд мэдээлсний дагуу ******* нь ******* ХХК-д холбогдуулан нийт 355,841,473 төгрөгийг татварын өр төлбөрт нэхэмжилж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Улмаар, шүүх 2023 оны 03 сарын 28-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгч *******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилжээ.

4. ******* ХХК нь 1 гишүүнтэйгээр, 2011 оны 05 сарын 30-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэн, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар анх байгуулагдсан.

5. Хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийн 2017-2021 онуудын санхүүгийн тайлан тэнцэлд гаргасан 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд ...компанийн өр төлбөр 357,119,618 төгрөг болж өөрийн хөрөнгийн -104.47 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. ...тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд 301,416,500 төгрөг, 2018 онд 670,399,260 төгрөг, 2019 онд 395,965,500 төгрөг, 2020 онд 349,420,879 төгрөг, 2021 онд 357,119,618 төгрөг болж нэмэгдэж, нийт 342,840,639 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ гэжээ.

6. Анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасанд нийцсэн байна.

Хэрэг гүйцэтгэгч нь ******* ХХК арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол орлого зарлагын ямар гүйлгээ хийгдсэн талаарх лавлагааг холбогдох банкуудаас, мөн ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөндлөх эд хөрөнгө байдаг эсэх талаарх лавлагааг Улсын бүртгэлийн газраас тус тус гаргуулан ажиллажээ.

Хэрэг гүйцэтгэгчийн шүүхэд гаргасан дүгнэлтэд ...Тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК 2017 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

Өөрөөр хэлбэл, Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй байна.

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *******ийн гаргасан татварын өр төлбөрт нийт 355,841,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна. Энэ талаарх нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Хариуцагч ******* ХХК нь нийт 355,841,473 төгрөгийн татварын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй.

8. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд ...******* ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөд Худалдаа хөгжлийн банк ХК дахь тус компанийн эзэмшлийн дансны үлдэгдэл 293,974 төгрөг, мөн DY150A маркийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, БНХАУ-д 2015 онд үйлдвэрлэсэн цэнхэр өнгөтэй мотоцикль тогтоогдсон... талаар дурдагджээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03204 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дараа Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас татварын өр төлбөрт 355,841,473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэсэн 3 дахь заалт нэмж,

тогтоох хэсэгт 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж, 5 гэснийг 6 гэж, 6 гэснийг 7 гэж, 7 гэснийг 8 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР