Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0123

 

Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0832 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0832 дугаар шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Д” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Ш” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-0 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бусад тооцож, XV-0 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О давж заалдах гомдолдоо:

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан. Төрийн захиргааны байгууллага дээр дурдсан хуульд заасны дагуу өргөдлийг хавсралт баримтуудын хамт бүрэн хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянахаар хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд бүрдэл дутуу өргөдлийг хүлээн аваад сунгахаас татгалзаж шийдвэрлэх эрхийг олгоогүй байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар төрийн байгууллага, албан тушаалтан нь харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхай эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж хуульчилсан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэхгүй зөвхөн нэг гэрчийн тодорхой биш мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр болжээ гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-т “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу үүргээ биелүүлж ажлаа хийж гүйцэтгэснийг хууль зүйн үндэслэлгүйгээр буруутгасан дүгнэлт хийсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж хуульчилсан.

Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах “Ш” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XY-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бусад тооцож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...өргөдлийг хүлээн аваагүй нь хууль бус болохыг тогтоосон тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авах эрх зүйн үр дагавар бий болох бөгөөд өргөдлийг хүлээн авснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эрх зүйн үр дагаварт хүргэж улмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх юм” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь Дархан-Уул аймгийн Ш суманд байрлах “Ш” нэртэй хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XY-0 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа  үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргах  ёстой.

Нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа өгөөгүй болохоо “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл өгөхөөр очсон боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэсэн шалтгаанаар өргөдөл болон хавсаргасан материалыг хүлээн аваагүй. Дархан-Уул аймгийн байгаль орчны улсын байцаагч Ч.Н нь 2018 оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ажлын байрандаа байхгүй хөдөө орон нутагт томилолтоор явсан байсан учир байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй” гэж тайлбарласан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 7/6131 дүгээр албан бичгээс үзвэл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын байранд тус хэлтсийн мэргэжилтэн Н.Н ажиллаж байсан бөгөөд тэрээр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...хуульд 1 сарын өмнө гэж заасан учраас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх бол төлбөрөө төлсөн тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байсан ч холбогдох материалыг хүлээн авдаг. Төлбөр төлсөн байх ёстой. Учир нь төлбөр төлсөн нь бүртгэгдэж байж цааш явдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад материал нь бүрдсэн байсан бол бид өргөдлийг хүлээж авах ёстой. Харин бусад материалын тухайд Геологи хайгуулын хэлтсээс авсан тодорхойлолтыг өгөх ёстой байдаг” гэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 414 дүгээр тодорхойлолтоос үзвэл “Д” ХХК-ийн жилийн ажлын төлөвлөгөө, жилийн тайлан 2018 онд хянагдаагүй, геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2017, 2019 онд баталгаажигдаагүй байна.

Мөн нэхэмжлэгчээс өргөдлөө хугацаандаа өгөөгүй шалтгаанаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах байсан албан тушаалтан Ч.Н томилолтоор явсан, эзгүй байсан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч “Д” ХХК нь 2018 оны 05 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөө шинэчлэн батлуулахаар Дархан-Уул аймгийн Ш сумын захиргааны байгууллагад хандаагүй, харин 2018 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны 06 сарын 17-ний өдөр батлуулсан болох нь Дархан-Уул аймгийн Ш сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/464 тоот, 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/000 дугаар   албан бичгүүдээр тогтоогджээ.

Ийнхүү хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч З.П, Н.Н нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах өргөдлөө тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу хуульд заасан хугацаанд дээрх баримтуудын хамт бүрдүүлж өгсөн болох нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл өгөхөөр очиход Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын газрын мэргэжилтэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэсэн шалтгаанаар өргөдөл болон хавсаргасан материалыг хүлээж аваагүй гэжээ.

Давж заалдах гомдолд “...төрийн захиргааны байгууллага хуульд заасны дагуу өргөдлийг хавсралт баримтуудын хамт хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2,  61 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянахаар хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулиар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд бүрдэл дутуу өргөдлийг хүлээн аваад хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэх эрхийг олгоогүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заажээ.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Ш X сумдын нутагт байрлах “Ш” нэртэй 550.45 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын X дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь буруу биш.

Тодруулбал, ашигт малтмалын хайгуулын X дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Д” ХХК нь хуульд заасан нөхцөл шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгуулагад ирүүлээгүй байх тул хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргад албан бичгээр хандаж, “...манай хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан олгох боломжийг олгоно уу” гэсэн хүсэлтийн хариуд 209 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...танай компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг огт өгөөгүй байнаа. Мөн кадастрын хэлтсийн мэргэжилтэн дутуу материалтай хүсэлтийг хүлээн аваагүй тухай тэмдэглэл байхгүй байна. Танай компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д заасны дагуу дотоод хяналтын хуудас нээн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгох Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан байна” гэснээс үзвэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн төрийн байгууллага, албан тушаалтан харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах үүрэгтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.