Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 113/ШШ2017/0007

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Зүлэгт овогт Лувсандоржийн Одбаясгалан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 10 дугаар байрны 5-69 тоотод оршин суух (РД:ЕЙ74032132);

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга;

Гуравдагч этгээд: “Мэжик бридж” ХХК (РД:5175933), Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 64-40 тоотод оршин байх;

4201002682 нэгж талбарын дугаартай, 000456580 дугаар эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхийг[1] Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Одбаясгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өргөдөлдөө: “Миний өөрийн эзэмшлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг, төмөр замын баруун, “Адил оч” ХХК-ийн хойд талд байрлалтай, 4201002682 нэгж талбарын дугаартай, 000456580 дугаарын эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, мөн хуулийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-нд “Межик бридж” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлэхээр зохих журмын дагуу холбогдох материалыг бүрэн хавсарган Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Гэтэл шижлүүлэхээс татгалзах үндэслэл байхгүй байтал Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраараа дамжуулан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар албан бичгээр шилжүүлэхээс татгалзсан агуулгатай үндэслэлгүй хариу ирүүлсэн. Мөн энэ талаар Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандсан байсан боловч 2 сарын хугацаанд ямар ч хариу өгөлгүй байж байгаад Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Гомдолд хариу хүргүүлэх тухай” А/216 дугаар албан бичгээр ижил утгатай хариу ирүүлсэн. Цаашид тус газар шилжүүлэх тухай асуудлыг шилжүүлэхгүй нь тодорхой боллоо. Ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг хангахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын хууль бус эс  үйлдэхүйгээс болж миний газар эзэмших эрх, түүнийг шилжүүлэх эрх зөрчигдөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа[2]: “Л.Одбаясгалан миний бие нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд миний тус газар эзэмших эрхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжаар хууль бусаар дуусгавар болголоо. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээх гэж нэмэгдүүлж байна. Уг захирамжаас болж Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх маань зөрчигдөж байна. Тус захирамжаар миний газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо хууль зүйн хувьд дараах алдааг гаргасан гэж үзэж байна. 1/ Тус захирамжийн хууль зүйн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйн 43.1, 43.2-т заасныг үндэслэжээ. Энэ зохицуулалт захиргааны актыг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх талаарх зохицуулалт юм. Харин уг захирамж нь өнөөдрийн байдлаар эх хувиараа албан ёсоор надад ирсэн зүйл алга. Ирүүлсэн гэх захирамж нь хуулбар хувь юм. Тус захирамжийг шүүхэд өгсөн учраас үүгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. Харин эрхийг зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хувийн хэрэг бүрдсэн эсэх нь тодорхойгүй байна. 2/ Тус захирамжийн хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 заалтуудыг тус тус үндэслэжээ. Эдгээр заалт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Миний хувьд тухайн газрыг анх авсан хугацаанаас хойш зохих ёсоор ашиглаж, арчилж ирсэн тул эдгээр хуулийн заалтыг сонгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. 3/ Тус газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шүүхэд маргаж байх явцад дуусгавар болгосон нь хууль бус юм. Учир нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйл ажиллагаа нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь хууль бус юм. Иймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн нэхэмжлэлийн үндсэн болон нэмэлт шаардлагад өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Одбаясгалан нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 2014 оны 9 дүгээр сарын 16–ны өдөр газар эзэмших эрхийн 000456580 дугаартай гэрчилгээг авсан байна. Нэхэмжлэгч Л.Одбаясгалан нь анх аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/287 дугаар захирамжаар “Сүмбэр сумын 1 дүгээр багийн Төмөр замын баруун талд” байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар газрыг эзэмших эрх нь үүссэн. Энэ хугацаанаас хойш 4 жилийн хугацаанд зориулалтын дагуу дээрх газрыг ашиглаагүй болно. Сүмбэр сумын Засаг дарга болон иргэн Л.Одбаясгалантай байгуулсан гэрээний хугацааг нь тооцвол 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу буюу тухайн газраа 2 жил дараалан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй нь нотлох баримтаар нотлогдож байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт” байхыг ойлгоно гэжээ. Нэхэмжлэгч Л.Одбаясгалан нь 2016 оны 8 дугаар сарын 17-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өөрийн эзэмшлийн газраа хэмжүүлэхээр хүсэлт хүргүүлсэн байна. Энэ нь Л.Одбаясгалангийн өөрийн гаргасан хүсэлт болон Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна. Л.Одбаясгалан нь “Сүмбэр сумын 1 дүгээр багийн Төмөр Замын баруун талд” байрлах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газар нь дээрх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно. Нэхэмжлэгч Л.Одбаясгалангийн эзэмшлийн газар дээр баригдсан байгаа модон хашаа нь ямар нэгэн суурь цутгаагүй зүгээр л айлын хашаа барьсан байна. Тус хашаанд одоогийн байдлаар гэрээнд заасан үйлдвэрлэл явагдаагүй байна. Иймд гэрээнд заасны дагуу газар эзэмшигч нь уг 2.8 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж түүний 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хүлээж аваагүй болно.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5  дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139  дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд буюу Л.Одбаясгаланд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Т.Багатгүль утсаар мэдэгдэхэд “Чойр кашмер гэсэн хаягаар шууданд хийгээд хүргүүлчих” гэж хэлсний дагуу тус өдөр аймгийн Шуудан үйлчилгээний газрын шуудан хүргэгч Чанцалд хүлээлгэн өгч бүртгэл дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжинд хувийн хэрэг хөтөлж ажилласан. Уг хувийн хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/307 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Л.Одбаясгалангийн “Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь танаа тайлбар хүргүүлэх тухай” хариу тайлбар, 2017 оны 5 дугаар сарын өдөр сонсох ажиллагаа буюу Л.Одбаясгалантай уулзалт хийсэн тухай тэмдэглэл, захиргааны актын дагалдах хуудас, Л.Одбаягаланд шуудангаар хүргүүлсэн баримт зэрэг материалыг хавсаргасан болно.

Дээрх захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт авсан Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэг нь дээрх байдлаар нотлогдож байна. Ямар нэгэн асуудлаар шүүхийн шатанд маргаж байх явцад эрх бүхий этгээдээс эрх зүйн акт гаргаж болохгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйл ажиллагаа хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Одбаясгалан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сард гаргасан. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нараар виз явуулж, Засаг даргын захирамж гардаг. Үүний дагуу Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн “хууль зүйн үндэслэлтэй” гэж үзвэл бусад хэлтсийн дарга нараар виз зурагддаг. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэнгээс “газрыг 2 жил ашиглаагүйг шалгана уу” гэсэн үүднээс 2017 оны 1 дүгээр сард тухайн газар очиж зураг авсан. Өөрөөр тайлан, илтгэх хуудас бичсэн зүйл байхгүй. Хашаа барьснаас өөр үйл ажиллагаа явагдаагүй байсан. Авсан фото зургаа хэвлээд хэргийн материалд хариу тайлбар дээр хавсаргаж өгсөн. Тэгэхэд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж хэргийн материалаас буцааж өгсөн. Тухайн газар эзэмших эрх иргэн, аж ахуйн нэгж байгууллага эрх нь хөндөгдөж байгаа тохиолдолд мэдэгдэж сонсгол хийгдэж Засаг даргын захирамжаар хүчингүй болгох үйл ажиллагаа явагддаг учраас газраа 2 жил ашиглаагүй гэдэг үүднээс хүчингүй болгох гэж байгаа асуудал хойшлогдсон. Тэгээд хашаа барьснаас өөр зүйлгүй учраас Говьсүмбэр аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын хүрээнд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш 90 хоногийн дотор ерөнхий дүгнэлт гаргуулаад газар эзэмших эрхийн гэрчилгээг авдаг. Хашааг 2016 оны 3 дугаар сард барьж эхэлсэн гэж байна. Манай байгууллагад 2016 оны 8 дугаар сард хүсэлт гаргаж хашааны газрын эргэлтийн цэг заалгасны дараа хашаа барих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Газрын төлөв байдал, чанарыг хянах баталгааг хийлгэнэ. Энэ нь тодорхой үнэлгээтэй гэсэн зүйл ярьж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг өгөхдөө 3 дугаар хавсралтаар үүнийг өгдөг. Шинээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа газарт улс үнэлгээ өгч 5 жил тутамд аж ахуй нэг байгууллага өөрийн хөрөнгөөр шинэчилж хийлгэдэг. 2012 онд захирамж гарсан гэж үзвэл энэ жил дахин үнэлгээ хийлгэх шаардлагатай болж байгаа. Газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирлыг төр хариуцахгүй. Төр газраа худалдчихаад дараа нь захиран зарцуулах эрх дагаж явах ёстой гэж ярьж байна. Газар эзэмшүүлэх эрхийн бус, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа гэж явагдана. Газрыг худалдана гэсэн ойлголт бол байхгүй. Газрыг эзэмших эрх байгаа болохоос худалдах эрх байхгүй” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Л.Одбаясгалантай түүний өөрийн эзэмшлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг, Төмөр замын баруун, “Адил оч” ХХК-ийн хойд талд байрлалтай 2.8 га газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан зохицуулалтын дагуу газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохих журмын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Гэтэл шилжүүлэхээс татгалзах үндэслэл байхгүй байтал Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дамжуулан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 100 дугаар албан бичгээр шилжүүлэхээс татгалзсан агуулгатай, үндэслэлгүй хариуг ирүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.1, 38.3.2, 38.3.3, 38.4-д заасан зохицуулалтаас харахад Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь газар шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч тодруулах ажиллагаа хийх ёстой байтал эрх шилжүүлэхээс үндэслэлгүй татгалзах ёсгүй, өөрөөр хэлбэл тодруулах ажиллагаа зайлшгүй гүйцэтгэж байж, захиргааны акт гаргах ёстой байсан. Түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт гүйцэтгээгүйг дурдах нь зүйтэй байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болох тухай” А/139 дүгээр захирамж нь миний нэхэмжлэгчээс шилжүүлэн авахаар тохирсон газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Энэ нь газар эзэмших эрх шилжүүлэх авах эрхийг давхар хөндөж байна. Иймээс нэхэмжлэгчийн  гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, бүхэлд нь дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үүгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Тус шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 14.00 цагт зарласан шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирт 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, ... тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан.

Шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь ач холбогдолгүй байна. Шүүх талуудын саналыг сонсож дараагийн шүүх хурлыг товлож байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажлаа төлөвлөж ажиллахгүй, шүүхийн үйл ажиллагаанд зориудаад саад хийгээд байна. Д.Тамир төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд бүтэн оролцож тайлбараа хэлсэн. Хариуцагчийг төлөөлж байгаа 2 төлөөлөгчийн нэг нь ирсэн байна. Шүүх хуралдааныг үргэлжүүлэх саналтай байна”[3] гэсэн хүсэлтийг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирт хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тэрбээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан[4], хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно. 

 

Ингэхдээ энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

I. “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгийг баримтлан Л.Одбаясгаланд олгосон “Сүмбэр сумын 1 дүгээр баг, “Адил оч” ХХК-ийн хойд талд байршилтай, нэгж талбарын 4201002682 дугаартай, 2800 кв.м талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар”-ын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Шүүхээс Л.Одбаясгалан нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан, захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, маргаан бүхий А/139 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв:

1/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ “газар дээр хашаа барьснаас өөр зүйл байхгүй, хашаа нь газраа зориулалтын дагуу ашигласан үндэслэл болохгүй, зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын гаргасан хүсэлтээр нотлогдоно, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 онд шалгахаар очсон боловч газар дээр юу байгаагүй тул хяналт шалгалт хийх боломжгүй байсан” гэж тайлбарлах боловч доорх байдлаар үгүйсгэгдэнэ.

Л.Одбаясгалан нь маргаан бүхий уг газрыг дуудлага худалдааны дагуу, аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/241 дүгээр захирамжаар “орон сууц”-ны зориулалтаар эзэмшиж, улмаар аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/287 дугаар захирамжаар зориулалтыг “үйлдвэрлэлийн” болгож өөрчлүүлсэн ба Газрын албанаас 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 000425483 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ[5].

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийг гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг дээрх үйл баримттай харьцуулан тайлбарлавал, Л.Одбаясгалангийн газар эзэмших эрх нь аймгийн Засаг даргаас эрх олгосон захирамжаар үүссэн боловч эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан өдрөөс уг эрх бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/287 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэнээс хойш 4 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй”[6] гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь Л.Одбаясгалан дээрх газрыг эзэмшиж байх хугацаандаа буюу 2014 онд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тус тус хийлгэсэн, барилга барихад зайлшгүй шаардлагатай барилгын эскиз зургийг хийлгэж, эрх бүхий этгээдээр батлуулахын зэрэгцээ газар дээр хашаа барьсан, газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /тухайн үеийн нэрээр/-ны дүгнэлт, “Скайлайн дизайн” ХХК-иар 2016 онд гүйцэтгүүлж, Говьсүмбэр аймгийн ерөнхий архитектороор батлуулсан барилгын зураг төсөл /эскиз/, “Мон газар экологи” ХХК-иар 2016 онд гүйцэтгүүлж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /тухайн үеийн нэрээр/-ны ерөнхий шинжээчээр батлуулсан “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан” зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар[7] тогтоогдоно.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй” гэж үзэж, Л.Одбаясгалангийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ...” гэснийг зөрчсөн байна.

Учир нь Газрын тухай хуулийн дээр заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25 дугаар зүйлд заасан зохицуулалттай харьцуулан тайлбарлавал газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг шийдвэр гаргахаас өмнө, шалган тогтоох нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байх тул “Л.Одбаясгалан нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Газын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өөрийн эзэмшлийн газраа хэмжүүлэхээр хүсэлт гаргаж байсан нь түүнээс өмнө газраа ашиглаагүй гэдгийг нотолно”[8] зэргээр татгалзлын үндэслэлээ илэрхийлж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан дээрх зохицуулалтад нийцэхгүй юм.

Гэрч Д.Ганзоригийн “... би мэргэжилтнийхээ хувиар энэ бүхнийг юм хийж байна гэж үзэж, гэрээг хуулийн дагуу дүгнэсэн. Гэрээг дүгнэснээс өөрөөр шалгалтын ажиллагаа хийгдээгүй, миний хувьд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг илтгэсэн тайлан, илтгэж хуудсыг аймгийн Засаг даргад явуулсан зүйл байхгүй, гэрээг дүгнэсэн тухай байгууллагын даргад танилцуулж байсан”[9] гэх мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын “2017 оны 1 сард газар дээр очиж зургийг нь авснаас өөр тайлан, илтгэх хуудас байхгүй”[10] гэх тайлбар, аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/77 дугаар захирамж, ажлын хэсгийн хяналт шалгалтын удирдамж, тайлан зэргээс[11] үзэхэд уг ажлын хэсэг нь удирдамжид зааснаар 2017 оны 4 дүгээр сарын 05-19-ний өдрийн хооронд маргаан бүхий дээрх газарт бус, харин Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байх ажлын хэсгийн тайланд иргэн Л.Одбаясгалангийн эзэмшиж буй дээрх газартай холбоотой зөрчил шалгаж тогтоосон талаар тайланд огт тусгагдаагүй байна.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А/307 дугаар албан бичигт[12]  “... иргэн Одбаясгалан та ... тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсанаас үзэхэд аймгийн Засаг дарга нь маргаан бүхий А/139 дүгээр захирамжийг гаргахдаа 2017 оны А/77 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн тайланг үндэслэл болгох цаг хугацааны хийгээд хууль зүйн боломж үгүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг тогтоосон ямар ч баримт байхгүй, хийсвэр дүгнэлтээр ашиглаагүй гэж тогтоох буюу хяналт шалгалт хийсэн баримтыг нөхөн бүрдүүлж болох, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “очоод үзэхэд ойлгомжтой, хашаанаас өөр юу ч байхгүй” гэж тайлбарлах боловч аймгийн Засаг даргын 2017 оны А/139 дүгээр захирамжид тодорхойлсон, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дээрх үндэслэлийг шалган тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоогоогүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасныг зөрчжээ.

Иймд газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасанд нийцээгүй, аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамжийг тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д заасны дагуу хүчингүй болгож, захиргааны байгууллагын хууль бус  үйлдлийг таслах зогсоох нь зүйтэй гэж дүгнэв.  

2/ Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрх  дуусгавар болох буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох “тохиолдол”-ыг тодорхойлсноос бус, тэдгээр тохиолдолд шийдвэр гаргахад баримтлах журмыг нарийвчлан зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу энэ харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ, тодруулбал газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захиргааны байгууллагын шийдвэр, түүнийг гаргах ажиллагаа нь бүхэлдээ энэ хуульд нийцсэн байхыг шаардана.

Захиргааны байгууллагаас “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх” тухай иргэний өргөдлийг шийдвэрлэх явцдаа “тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” хэмээн дүгнэж, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон уг шийдвэр[13] нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй ба А/139 дүгээр захирамжийг гаргахдаа тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу[14] хөтлөөгүй байна.

Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол “тухайн шийдвэрийг гаргахад шууд хамааралтай, зайлшгүй ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг судлан тогтоох; эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны А/139 дүгээр захирамжийн үндэслэлд тодорхойлсон “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зөрчилд холбогдуулан бодит нөхцөл байдлыг шалгаж, баримтаар тогтоогоогүй нь өмнөх хэсэгт зааснаар нотлогдсон, шийдвэр гаргах ажиллагааны талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу газар эзэмшигчтэй “газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх” гэрээ байгуулсан “Мэжик бридж” ХХК-ийг оролцуулаагүй, захиргааны шийдвэр гаргах сонсох ажиллагааны талаар газар эзэмшигч Л.Одбаясгаланд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан шаардлагын дагуу мэдэгдэл хүргүүлээгүйн улмаас сонсох ажиллагааны тэмдэглэлийг тус хуулийн 27.6-д заасан агуулга, шаардлагын дагуу үйлдээгүй, шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлоогүйн улмаас Л.Одбаясгалангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагаа 3 сар гаруйн хугацаанд[15] үргэлжилсэн, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан шаардлагыг хангаагүй, захиргааны актын хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны үндэслэлд хамаарах хийгээд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэнтэй холбоотой баримт байхгүй, уг актад хөтөлсөн хяналтын дагалдах хуудсанд шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтны оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй тэмдэглээгүй зэрэг нь аймгийн Засаг даргын 2017 оны А/139 дүгээр захирамж хууль бус байх үндэслэлд хамаарахыг дурдах нь зүйтэй юм.

Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох” агуулга бүхий  “хуульд үндэслэх зарчим”- д нийцнэ.

 

II. 4201002682 нэгж талбарын дугаартай, 000456580 дугаар эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Шүүх маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхээр гаргасан Л.Одбаясгалангийн хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичиг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариу төлбөртэй шилжүүлэх (худалдах) эрх газар эзэмшигчид хуулиар олгогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ:

1/ Л.Одбаясгалан нь өөрийн эзэмшиж буй уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхээр Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өргөдөл гаргахдаа түүнд “Мэжик бридж” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 000456580 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, аймгийн Газрын алба /тухайн үеийн нэрээр/-тай 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын кадасрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг дүгнэх хуудас, газар эзэмших эрх шилжүүлэх үйлчилгээний хураамж төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, “Мэжик бридж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тус компаниас Л.Энхтайванд олгосон итгэмжлэл зэргийг хавсаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “Газар эзэмших, ашиглах, өмчлөхийг хүссэн өргөдөл бүртгэх дэвтэр”, 4201002682 дугаартай нэгж талбарын хувийн хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр[16] тогтоогдож байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай өргөдөлд хавсаргасан эдгээр баримт бичгүүдийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан “шилжүүлэх хүсэлтэд хавсаргах шаардлагатай баримт бичиг”-тэй харьцуулахад тус хуулийн 38.2.2-т заасан баримт бичгийг гаргаж бүрдүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2 болон 5-д заасан нь энэ нотолгоо болно” гэж тайлбарлах боловч гэрээний энэ заалт нь дээрх хуулийн заалт дахь “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэдэг агуулгад хамаарахгүй.

Иймд Л.Одбаясгалангийн гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэлгүй, “Газрын албаны мэргэжилтний шаардсан баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлж өгсөн” гэх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Хэдийгээр Л.Одбаясгалангийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу тодруулаагүй, тус хуулийн 38.4-д заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа боловч энэ эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн тодорхойлсон “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх”-ийг зөрчөөгүй болох нь удаах үндэслэлээр тайлбарлагдана.

2/ Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй:”, 27.1.3-д “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй:”, 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно ...” гэж тус тус заасныг харьцуулан тайлбарлавал, газрыг зохих журмын дагуу худалдах зэргээр захиран зарцуулах нь газар эзэмшигчид хуулиар олгосон эрхийн агуулга хамаарахгүй, гагцхүү өмчлөх эрхийн хүрээнд байж, түүний үндсэн агуулгыг ирэлхийлэх ойлголт байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “... хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр ...” гэдэгт хамаарахгүй юм.

Харин Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандаж гаргасан Л.Одбаясгалангийн гомдол, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Эзэмших эрхийн гэрчилгээг хариу төлбөр авч шилжүүлэх нөхцлийг тохиролцсон гэдэг дээр маргаан байхгүй” гэх тайлбар зэргээс[17] үзэхэд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар хүчингүй болгосон уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг худалдах зэргээр хариу төлбөрийн нөхцөл тохиролцож, “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхээр хэлцэл хийсэн байна.  

Маргаан бүхий уг газрыг Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын 2011 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Аймгийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”[18]-нд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн дуудлага худалдаа бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу газар эзэмших эрхийг тодорхойн үнийн дүнгээр олж авч буй хэлбэр боловч, эзэмшиж буй газрыг захиран зарцуулах, эрхийн гэрчилгээг худалдах эрхийг илэрхийлэхгүй. 

Түүнчлэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх” нь нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхийг дуудлага худалдаанд оролцож авсанаас үл хамааран эрхийн гэрчилгээ болоод газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалт, хугацаа, нөхцөлөөр тодорхойлсон хүрээнд хэрэгжих тул “Төр газрыг дуудлага худалдаагаар иргэнд худалдчихаад цааш нь бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлах ойлголт байхгүй. Л.Одбаясгаланд газар эзэмших эрх олгосноор захиран зарцуулах эрх нь хамт шилжиж байгаа. Шилжүүлэх гэдэг нь худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр олон агуулгатай”[19] гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авч, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн эрхэд үл хамаарах асуудлаар захиргааны байгууллагад хандсан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж тооцох, газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдах нөхцлөөр тохиролцсон хэлцлийг үндэслэж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүхийн энэ шийдвэр нь Л.Одбаясгалангийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасан шаардлагад нийцүүлэн, хуулиар тогтоосон журмын дагуу “газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх эрх”-ийг хязгаарлахгүй болохыг дурдав.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Л.Одбаясгалангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын “4201002682 нэгж талбарын дугаартай, 000456580 дугаарын эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Одбаясгаланд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 


[1] Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “... 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийн дагуу “Мэжик бридж” ХХК-д шилжүүлэхийг даалгах” гэж тодруулсан болно.

[2] Хэргийн 94-95 дахь талд Л.Одбаясгалангаас шүүхэд ирүүлсэн “нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай”  хүсэлт авагдсан.

 

[3] Хэргийн 240-241 дэх талд авагдсан 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд

[4] Хэргийн 17 дахь талд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, 184 дэх талд хэргийн материал танилцуулсан тухай баримт, 186-203 дахь талд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 206 дахь талд шүүх шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт авагдсан.

[5] Хэргийн 38, 47-49, 53 дахь талд газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж, анх олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ авагдсан.

[6] Хэргийн 21 дэх талд

[7] Дурдсан нотлох баримтууд нь хэргийн 32-35, 43-46, 73, 175-177 дахь талд авагдсан буюу хэрэгт хавсаргасан болно.

[8] Хэргийн 21-22 дахь талд

[9] Хэргийн 175-177 дахь талд

[10] Хэргийн 199 дэх талд

[11] Хэргийн 210-229 дэх талд

[12] Хэргийн 27 дахь талд

[13] Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамж нь хэргийн 85 дахь талд авагдсан.

[14] Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар захиргааны актын хувийн хэргийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хэрхэн тогтоосон, сунгасан эсэх, шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон, цуглуулсан нотлох баримт, сонсох ажиллагаа хийсэн бол хүргүүлсэн мэдэгдэл, баримтжуулсан тэмдэглэл зэргийг; хяналтын дагалдах хуудасны хувьд шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон албан тушаалтан тус бүрийг аль үе шатанд, ямар чиг үүрэг гүйцэтгэсэн тухай оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй баримтжуулахыг шаардана.  

[15] Хэргийн 4, 128 дахь талд. Л.Одбаясгалангийн гаргасан гомдолд хариу хүргүүлж, 2017.02.22-ны өдөр аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас явуулсан албан бичиг гарснаас хойш аймгийн Засаг даргын А/139 дүгээр захирамж гарсан 2017.05.12-ны өдрийг хүртэлх хугацааг тооцох ба шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох нь сонсох ажиллагааг хууль заасан хугацаанд хийсэн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой болно.

[16] Хэргийн 64-84 дэх талд дурдсан нотлох баримтууд, 231-235 дахь талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт бичгүүд авагдсан.

[17] Хэргийн 26 дахь талд Л.Одбаясгалангийн гаргасан гомдол, 200 дахь талд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлэг авагдсан.

[18] Хэргийн 140-143 дахь талд

[19] Хэргийн 190, 193 дахь талд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд