Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2016/00463

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын*** дугаар багт оршин суух, ********** регистрийн дугаартай, Х овогт Уийн Тий хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ы.Ктай гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч У.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие У.Т нь 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ы.Ктай гэр бүл болсон. Улмаар бид хоёр 6 хүүхэдтэй болсон. Тухайн үед бид гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгээгүй. Зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас бид хоёрын гэрлэлтийн бүртгэл Улсын бүртгэлийн архиваас гарахгүй байна. Иймд У.Т миний бие Ы.Ктай 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч У.Т нь 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ы.Ктай гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч У.Тд шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаартай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичигт: Тус газрын Иргэний баримтын архивд 1992 оны Улаанхус сумын гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр байхгүй гэх боловч ********** регистрийн дугаартай, Х овогт Уийн Т, ******** регистрийн дугаартай Төлек овогт Ыын К нар нь 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсон нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 195 дугаартай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт: У.Т, Ы.К нарын ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21 (Б) дүгээр маягтуудад гэр бүлийн байдал гэдэгт: анхны гэрлэлт, 1992 онд гэрлэсэн, гэрчилгээний дугаар 54 гэж бичсэн байдал,

-1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон 54 дугаартай гэрлэлтийн гэрчилгээнд: ********** регистрийн дугаартай У.Т, ******** регистрийн дугаартай Ы.К нар нь 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсон гэж бичигдсэн байдал,

-2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Т.Бы №57, 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Т.Тийн №69, 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Т.Бы №65, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Т.Нын №281 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн эцэг ********** регистрийн дугаартай У.Т, эх ******** регистрийн дугаартай Ы.К гэж бичсэн байдал,

-2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод: Улаанхус сумын 6 дугаар багийн иргэн У овогтой Т нь ам бүл 8, тус багт эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэх зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, У.Т, Ы.К нар нь 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ********** регистрийн дугаартай, Х овогт Уийн Т, ******** регистрийн дугаартай Төлек овогт Ыын К нар нь 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсныг тогтоосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч У.Тий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ