| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0490/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 1910009940516 дугаартай, 187/2019/0490/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ....... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ........, Хан-Уул дүүргийн ..дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Г-ын Б /РД: .................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны орой 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн 25 дугаар гудамжны 455 тоотод байх өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Л.П-ыг гэрээсээ хөөж, явахгүй болохоор нь маргалдаж, улмаар түүнийг авдарны модон тагаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны орой 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн 25 дугаар гудамжны 455 тоотод байх өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Л.П-ыг гэрээсээ хөөж, явахгүй гэсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг авдарны модон тагаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Г.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Л.П-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Л Пүрэвбаярын Мягмарбаатар ах “манайд очоод хамт хуваагаад уучихья” гэхээр нь би зөвшөөрөөд Хан-Ууд дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн гудамжинд байдаг хашаан байшинд очсон. Тэгээд гэрт нь ортол Мягмэрбаатарын эхнэр Ббайсан ба бид гурав тэр архиа хувааж ууж дуусгаад хэвтэж байтал Бнамайг гэрээсзэ хөөгөөд надад “чи энхэрийнхээ хэнтэйг явдагийг мэдэх үү” гэхээр нь би эхнэрээ өмөөрч Б-т эй хэрэлдтэл Бминий баруун нүд, толгой хэсэгт юугаар гэдгийг мэдэхгүй хатуу эд зүйлээр 2-3 удаа цохьсон. Тэгээд би гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/
3. Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 045 дүгээр сарын 16-ны өдрийн орой 18 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс аваад Нүхтийн 7 дугаар гудамжинд явж байтал танил Мягмарбаатар, Бхоёр намайг ардаас “хөөш хүрээд ир” гээд дуудахаар нь очтол Б“Танай нөхрийг чинь би цохьчихсон шүү” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэтэл “зүгээр л толгойг нь хагалчихлаа, ийшээ явсан” гээд манай гэрийн зүг рүү заатал манай нөхөр нилээн хол цаашаа явж байсан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод хартал нүүр н ь нилэнхүйдээ цустай хутгалдсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “намайг зодчихлоо" гэхээр нь би эмнэлэг болон цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/
4. Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр зүйлийн 16-ны өдөр Нүхтийн 7 дугаар гудамжинд явж байгаад Пүрэвбаяртай тааралдаад нэг шил архи хувааж уухаар болоод Пүрэвбаяр дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай хамаг монгол архи 1 шилийг аваад манай гэрт очоод манай эхрэн бид гурав хувааж уусан. Тэгээд Пүрэвбаяр жоохон унтаадхая гээд унтсан Тэгэхээр нь манай эхнэр бид хоёр гарчихаад 30 минут орчмын дараа буцаж орж ирээд Батцэцэг, Пүрэвбаярыг сэрээгээд “одоо яв” гэтэл босохгүй “жоохон унтаад бослоо’ гээд хэрэлдээд Пүрэвбаяр босохгүй манай эхнэрийн өөдөөс хөлөөрөө жийгээд байсан. Тэгтэл манай эхнэр Буурлаад авдарны тагаар Пүрэвбаярын толгой нүүр хэсэгт 2 удаа цохьчихоор нь би эхнэрээ салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/
5. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-07/,
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4777/-ний дүгнэлт:
-Л.П-ынбиед баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зеөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 22/
7. Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай нөхөр Мягмарбаатар гаднаас Пүрэвбаяртай хамт 0,75 литрийн архитай орж ирээд бид гурав хувааж уусан Пүрэвбаяр 30 минут хэвтээдэхье гэхээр нь Мягмарбаатар бид хоёр гадуур гарч 30 минут орчим болоод буцаж орж иртэл Пүрэвбаяр унтаж байхаар нь би түүнийг одоо бос яв гэхэд босохгүй болохоор нь татаад хөөтөл Пүрэвбаяр намайг “гичий минь гэхээр нь би түүнийг “чи гичийгээс гараагүй юу” гэтэл намайг хөлөөрөө өшиглөчихөөр нь авдарны таг мод ил байхаар нь би тэр тагийг аваад шидтэл Пүрэвбаярын нүүрэнд нь оноод цус гарсан. Тэгээд бид нар Пүрэвбаярын эхнэрийн ажил дээр очоод “танай нөхрийн чинь толгойг хагалчихлаа уучлаарай” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4777/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны орой 1 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн 25 дугаар гудамжны 455 тоотод байх өөрийн гэртээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Л.П-ыг гэрээсээ хөөж, явахгүй гэсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг авдарны модон тагаар нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, түүний биед баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зеөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Л.П-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/, түүний хувийн байдал /...36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б т улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Г.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Г.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Г-ын Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Г.Б т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Б т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР