Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01156

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02184 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Гуравдагч этгээд: *******,

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууц хүлээлгэн өгөхийг даалгаж, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2019 оны 04 сарын 11-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн *******хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойно 4,060 м.кв газарт, ******* давхрын ******* тоот, 62,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт 71,990,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний 2.1-т зааснаар захиалагч тал орон сууцны үнийн 30 хувьтай тэнцэх буюу 21,597,000 төгрөгийг төлсөн өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгчээс 2019 оны 04 сарын 23-ны өдөр 19,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдөр 1,400,000 төгрөг, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 197,000 төгрөгийг тус тус төлснөөр гэрээнд заасан төлбөрийн 30 хувийг төлсөн. Дараагийн төлбөрийг карказ дүүргэлт хийснээр 21,597,000 төгрөг төлөхөөр байсан боловч хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тохирсон 2020 оны ******* улирал дуусаж байхад барилга бүтэн хэмжээнд босоогүй, суурин хэлбэртэй байхаас гадна барилгын ажил үргэлжлэхгүй, байгууллагад барилгын ажлын гүйцэтгэл болон карказ дүүргэлтийн талаар мэдээ ирэхгүй байсан. Хэдий карказ дүүргэлт хийгдээгүй байсан ч миний зүгээс 2020 оны 09 сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 07 сарын 05-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 13-ны өдөр 3,097,000 төгрөг төлж, гэрээний үүргийн 60 хувь буюу 43,194,000 төгрөгийн төлж дуусгасан. Гэрээний дагуу 40 хувь буюу 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орж түлхүүр гаргуулснаар төлөхөөр тохиролцсон. Манай байгууллагын ажилчдад 2022 оны ******* улиралд багтаан өгсөн тухай мэдээлэл өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлж барагдуулсан боловч орон сууц ашиглалтад орсны дараа намайг байранд минь оруулаагүй. Шалтгааныг нь тодруулахад үнэ нэмнэ эсвэл гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй цуцлана гэсэн зүйлийг хэлдэг боловч надад энэ талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй, карказ дүүргэлтийн талаар ч хугацаа мэдэгдэж байгаагүй, би сайн дураараа байр ашиглалтад орохоос өмнө зохих ёсоор нь төлсөөр ирсэн.

Иймд, орон сууц хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, гэрээнд заасны дагуу алданги 35,995,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай байгууллага *******тай гэрээ байгуулан ажилчдын орон сууцыг нь барихаар тохиролцсон. Уг гэрээний гол нөхцөл нь ******* барилга барихтай холбоотой бүх техникийн нөхцөл, бусад холбогдох зөвшөөрлүүдийг авч, манай компани ажилтнуудад нь хөнгөлөлттэй үнээр буюу 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр өгөхөөр тохирсон. Гэвч гэрээ байгуулсан нөхцөл байдал буюу дээрх тохиролцоо өөрчлөгдсөний улмаас байрны 1 м.кв үнийг өсгөхөөс өөр аргагүй болсон. Үнэ өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй учраас манай байгууллага орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, барилга 60 хувьтай байхад мөнгө өгсөн гэх боловч төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн цаасан дээр жагсааж бичсэн байна. 2021 оны 02 сарын 26-ны өдөр тухайн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байсан болох нь хэргийн 86-р талд авагдсан баримтаар тогтоогддог. 2021 оны 02 сарын 26-ны өдөр барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байхад төлбөр төлсөн гэж маргаж байгаа нь учир дутагдалтай. Гэрээний 2.1-т зааснаар гэрээ байгуулсан өдрөө 30 хувийг төлөх байтал 19,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч өөрөө гэрээний төлбөр төлөх үүргээ зөрчсөн нь харагдаж байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд зааснаар нэг эд хөрөнгийг хэд, хэдэн этгээдэд *******алдсан бол түрүүлж эзэмшилдээ авсан хүн *******алдаж авах давуу эрхтэй. Одоо амьдарч байгаа хүмүүс өнөөдөр *******алдаж авах давуу эрхтэй. Газрын албаны албан хаагчдаас 90 хувь нь төлбөрийн маргаангүйгээр байрандаа орсон. Бид м.кв-ын үнэ өсөөд байна гэдэг талаарх мэдээллийг өгч, өөрчлөгдсөн нөхцөл байдалд тааруулж гэрээ байгуулах саналыг нэхэмжлэгчид тавьсан. Нийт 932,000 төгрөгөөр 1 м.кв тутмын өртөг үнэ өссөн талаар хэрэгт баримт авагдсан. Нэхэмжлэгчийн өгсөн мөнгийг эргүүлээд өгөхөд татгалзах зүйл байхгүй. Алдангийн тухайд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэрхэн тодорхойлж байгаа нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Гэрээнээс татгалзсан, цуцалсан тохиолдолд алдангийн асуудал яригдахгүй. Нэхэмжлэгч мөн адил үүргийн зөрчил гаргасан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: ******* нь ******* ХХК-тай 2020 онд гэрээ хийж, гэрээний дагуу зохих төлбөрийг төлөөд 2022 онд ашиглалтад ороход нь үлдэгдэл төлбөрөө төлсөн. Тухайн үед ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор үнэ нэмэгдсэн. Нэмэгдсэн үнийг төлж гэрээг шинэчилж хийснээр тухайн байраа 2022 онд хүлээж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Анх гэрээ хийхэд байрны урьдчилгаа төлбөр болон каркас угсралт дууссаны дараа төлөх төлбөр гээд 1, 2-р шатны төлбөрийг хамтад нь хийсэн. Каркас угсралт дууссан байсан учраас урьдчилгаа болон дундын төлбөрийг хоёуланг нь төлөөд гэрээ байгуулж 2022 онд барилга ашиглалтад ороход нь үлдэгдэл болон нэмэгдэл төлбөрөө төлсөн. Тухайн байранд амьдраад тодорхой хугацаанд орон сууцыг бодитой эзэмшсэн.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох, нэхэмжлэгч *******ын орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 35,995,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч алдангиас бусад хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т заасан карказ дүүргэлт хийгдсэн хугацаа нь талуудын хооронд байгуулсан гэрээнд тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг буруутай мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан гэрээний 5.4-т орон сууц ашиглалтад орох үед мэдэгдэнэ гэх ганц зохицуулалтай. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тал карказ дүүргэлтийн талаар мэдээлэл өгөөгүй боловч уг төлбөрийг сайн дураараа төлсөөр ирсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийг үүргийн зөрчилтэй мэтээр тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

5.2. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч 2 өөр төрлийн баримтыг харилцан адилгүй байдлаар дүгнэсэн. Нэгдүгээрт улсын бүртгэлийн гэрчилгээ 90 хувийн гүйцэтгэлтэй гэж тодорхойлсон нь нэхэмжлэгчийн буруу мэтээр тайлбарласан. Тухайн барилгын компани барилгын гүйцэтгэл 100 хувьдаа хүрээгүй байхад хэдэн хувьтай авахыг нэхэмжлэгч буюу захиалагч мэдэх боломжгүй нөхцөлд байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг мэдэх ёстой буюу үүрэгтэй мэтээр тайлбарласан. Бодит байдалд улсын бүртгэлд хөрөнгийг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ үнэн зөв эсэхийг өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл, 100 хувийн гэрчилгээ гаргахаас бусад үед хэдэн хувийн гүйцэтгэлтэй авах эрх нь хариуцагч талд байгаа. Уг асуудлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан. Түүнчлэн 2021 оны 09 сард 90 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ гаргуулж авсан хариуцагчийн нөхцөл байдалд барилгын план зургийг дээрээс нь авсан байдаг. Уг план зурагт *******наас карказ дүүргэлт хийгдээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Анхан шатны шүүх ижил 2 нөхцөл байдалд хэргийг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээг үнэлсэн атлаа *******наас өгсөн карказ дүүргэлт хийгдээгүй гэх зургийг үнэлж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, харилцан адилгүй нөхцөл байдлыг үүсгэсэн нь анхан шатны шүүх хэргийг үнэн, зөв бодитой шийдвэрлээгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

5.3. Мөн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн огноотой гэрээний хугацаагаа 2 жил 2 сарын хугацаатай хэтрүүлсэн гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргэсэн гэх нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад талууд мэдэгдсэн болон авсан талаар мэдэгдээгүй, мөн мэдэгдсэн баримт байхгүй талаар талууд маргаж байгаагүй. Гэтэл шүүх мэдэгдсэн байна гэж дүгнэсэн нь зөрүүтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар нэхэмжлэгчийг үүргээ зөрчсөн гэх боловч тухайн барилга хугацаандаа ороогүй нь үүргийн зөрчил гүйцэтгэгч талд байсан гэдгийг үнэлж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гэм буруу нь хариуцагч талын барилга бариагүйтэй нь холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй.

5.4. Мөн анхан шатны шүүх 1 м.кв-ийн үнэ өөрчлөгдсөн нөхцөл байдлыг цар тахалтай холбоотой гэж тайлбарладаг боловч уг асуудлаар нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт байхгүй байхад сайн дураараа барилгын үнэ орсон байгаа тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-д заасныг хэрэглэнэ гэх байдлаар тайлбарласан. Гэтэл хариуцагч компани нэг ч удаа давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авч байгаагүй. Хариуцагч тал 3 жилийн хугацаанд гүйцэтгэгчийн доголдол нь давагдашгүй хүчин зүйлээс болж уг нөхцөл байдал үүссэн эсхүл бараа материалын үнэ өссөн талаарх мэдэгдлийг хүргүүлж байгаагүй байхад анхан шатны шүүх сайн дураараа үнэлж, дүгнэлт өгч цар тахлын нөхцөл байдлаас болж бараа материалын үнэ өссөн гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.7-д заасантай зөрчилдөж байна гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал төлбөрөө хугацаандаа төлсөн гэх боловч төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Гараараа бичиж өгсөн 1 м.кв-ийн 1,400,000 төгрөг гэж өгсөн баримтаас үзэхэд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, удаа дараа хоцроож байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэ нэмэгдсэн тухайд мэтгэлцээн өрнөсөн бөгөөд үүнийгээ нотлоогүй гэх боловч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон нийтэд илэрхий үйл баримт учраас дахин нотлох шаардлагагүй. Төлбөр төлөөгүй, үнэ нэмэгдсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээд гэрээг цуцалсан. Алдангийн тухайд гомдол гаргаагүй учраас тайлбар хийхгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-д зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн, төлбөрөө төлөөгүй учраас гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал үнийг төлсөн байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч тал төлбөрөө төлөөгүй байж бусдад шилжүүлсэн орон сууцыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2020 онд гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн бөгөөд бид нар******* гэх хүнд *******алдаад,******* нь цааш өөр хүнд *******алдаад тэр хүн нь одоо амьдарч байгаа. Бид нар газрын албаны ажилчдын орон сууцыг барьсан бөгөөд мэдэгдлийг нэгдсэн байдлаар өгдөг. Уг мэдэгдлийг мэдээгүй бол бүх хүмүүс мэдэхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, ганцхан ******* мэдээгүй байна гэж байхгүй гэжээ. 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууцны эзэмшил хэн дээр байгаа нь тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд *******ын эзэмшилд тухайн орон сууц гэрээний үндсэн дээр шилжсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх ******* ХХК-д байхгүй зүйлийг хангаж шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгч болон ******* ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүссэн асуудлыг******* болон ******* нар мэдээгүй. Гуравдагч этгээд *******ыг шударга бус гэж дүгнэх нэхэмжлэлийн хэмжээ хязгаар байхгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц хүлээлгэн өгөхийг даалгах, алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд ******* нь хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ХХК, ******* нар 2019 оны 04 сарын 11-ний өдөр 35 дугаартай УБ хотын *******-ийн *******хороонд баригдах *******ны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, *******хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд баригдах *******ны албан хаагчдын орон сууцны ******* байр, ******* давхар, ******* тоот 62.6 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны ******* улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх, ******* нь гэрээ байгуулснаар төлбөрийн 30 хувь буюу 21,597,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр төлбөрийн 30 хувь буюу 21,597,000 төгрөг, байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар төлбөрийн 40 хувь буюу 28,796,000 төгрөг, нийт 71,990,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон;

3.2. Дээрх орон сууцны барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2022 оны 10 сарын 20-ны өдөр ашиглалтад хүлээн авсан;

3.3. ******* нь 2019 оны 10 сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдөр 1,400,000 төгрөг, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 197,000 төгрөг, 2019 оны 04 сарын 23-ны өдөр 19,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 09 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 07 сарын 05-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 13-ны өдөр 3,097,000 төгрөг, нийт 43,194,000 төгрөг буюу төлбөрийн 60 хувийг ******* ХХК-д төлсөн; (хэргийн 1-р хавтасны 9-р талд авагдсан баримтын агуулгатай хариуцагч тал маргахгүй гэсэн тайлбарыг гаргасан болно)

3.4. ******* ХХК,******* нар 2020 оны 10 сарын 09-ний өдөр 10/09/01 дугаартай УБ хотын *******-ийн ******* хороонд баригдах ******* орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 4-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэн өгөх,******* нь гэрээ байгуулснаар төлбөрийн 30 хувь буюу 23,004,600 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр төлбөрийн 30 хувь буюу 23,004,600 төгрөг, байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар төлбөрийн 40 хувь буюу 30,672,800 төгрөг, нийт 76,682,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон;

3.5. ******* ХХК,******* нар 2022 оны 09 сарын 23-ны өдөр дээрх гэрээг шинэчлэн байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцны талбайг 70.08 м.кв гэж, үнийг 101,616,000 төгрөг гэж тус тус өөрчилсөн;

3.6. ******* нь 2020 оны 10 сарын 08-ны өдөр 33,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 15-ны өдөр 32,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 16-ны өдөр 32,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 23-ны өдөр 23,606,800 төгрөг, 2022 оны 09 сарын 26-ны өдөр 23,606,800 төгрөг, нийт 144,213,600 төгрөгийг ******* ХХК-д төлсөн;

3.7. *******, ******* нар 2023 оны 11 сарын 27-ны өдөр Орон сууц *******алдах, *******алдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр******* нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол /17121/, Наадамчдын зам, *******байр, ******* давхар, ******* тоот 70.08 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг (хаягшил өөрчлөгдсөн) нийт 175,200,000 төгрөгөөр *******алдах, *******алдан авахаар харилцан тохиролцсон. Тус гэрээнд төлбөрийн нөхцөлийг гэрээ байгуулсан өдөр 70,000,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар үлдэгдэл төлбөрийг Банкны ипотекийн зээлээр гэж тохирсон;

3.8. ******* нь маргаан бүхий орон сууцыг 2023 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авч, тэрээр 2023 оны 11 сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 100,000,000 төгрөгийг*******т төлсөн. 

4. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу 60 хувийн төлбөрийг хариуцагч ******* ХХК-д төлж, үүргээ гүйцэтгэсэн байна.

5. Нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Тодруулбал, хариуцагч ******* ХХК нь карказ дүүргэлт хийгдсэн тухай нэхэмжлэгч *******д мэдэгдэж байгаагүйгээс гадна орон сууцыг 2020 оны ******* улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хэргийн 1-р хавтасны 86-р талд авагдсан 90%-ийн гүйцэтгэлтэй гэх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь маргаан бүхий орон сууцны барилгын карказ дүүргэлт хийгдсэн гэдгийг шууд нотлох баримт биш.

Хариуцагч ******* ХХК нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг *******д хүргүүлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

6. Нэхэмжлэгч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч ******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Учир нь, өмнө дурдсанчлан (энэхүү магадлалын хянавал хэсгийн 3.7, 3.8) гуравдагч этгээд ******* нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хамгаалагдана. Гуравдагч этгээд ******* нь*******тэй гэрээ байгуулах тухайн үед ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний талаар мэдэж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй. 

7. Алданги 35,995,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02184 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 517,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР