| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2022/03793/И |
| Дугаар | 210/МА2025/01183 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01183
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02277 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* апартмент-2, ******* блок, 1******* давхар, 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг даалгах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ21/06 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан *******тэй 2021 оны 03 сарын 19-ний өдөр ЗГ21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээ байгуулсан тул орон сууцны үүдний ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөг хооронд нь сольж өөрчлөн, хана шалны плита зэргийг өөрөө сонгон аваачиж өгөх зэргээр очиж үзэж, ажилд нь хяналт тавьж байсан. Ковидын хөл хорио зэргээс шалтгаалж барилгын ашиглалтад орох хугацаа удааширсан ч хүлээцтэй хандаж өнөөдрийг хүрсэн. Гэтэл тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* ХХК гаргаж өгөхгүй байгаа төдийгүй, өөр хөрөнгө оруулагчдад давхардуулан борлуулсан болохыг мэдсэн. Миний бие орон сууцаа ашиглалтад орохыг хүлээгээд бага насны 4 хүүхэд, эхнэрийн хамт орон сууц түрээслэн амьдарч маш их хохирч байна. ******* нь *******ы хүү бөгөөд компанийн менежер байсан. Гэрээ байгуулсны дараа ******* нь төлбөрийг *******т өгөөрэй гэж хэлсэн. Би мөнгө болон машинаа төлбөрт тооцож өгсөн, багагүй мөнгө гаргаж засвар хийсэн, амьдарч байсан байраа зараад үлдэгдэл төлбөрөө өгсөн.
Иймд, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* апартмент-2, ******* блок, ******* давхар, 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь компанийн захирал ******* юм. Тэрээр нэхэмжлэгчтэй орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж байсан тохиолдол байхгүй. Хэн нэгэн этгээдэд итгэмжлэл олгох байдлаар эрхээ шилжүүлсэн зүйлгүй. 2021 оны 03 сарын 19-ний өдрийн огноотой ЗГ21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г ******* ХХК-аас байгуулаагүй бөгөөд уг хууль бус гэрээнээс үүсэх үүргийг хариуцахгүй. Нэхэмжлэлд байрны үнэ 120,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэх боловч ******* ХХК-д *******аас нэг ч төгрөг бэлэн болон бэлэн бусаар шилжүүлсэн тохиолдол байхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан ******* давхрын 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь 186,900,000 төгрөгийн үнэтэй байр юм. Иргэн *******той 2020 оны 05 сарын 30-ны өдөр ХО/01А дугаартай хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт нэхэмжлэлд дурдагдсан ******* давхрын 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэхээр тохирсон. Уг орон сууц нь дээрх гэрээний дагуу *******ийн эзэмшлийн орон сууц юм. ******* ХХК нь ******* ХХК-д арматур нийлүүлж байсан ба гэрээний маргаантай байсан. Тэр компанитай орон сууц захиалах гэрээг хийж тохиролцсон байдаг. *******, ******* нар өөрийн байр мэтээр *******д ойлголт өгч, тухайн үед ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй *******тэй хуурамч гэрээ байгуулаад *******аас байрны төлбөрийг шилжүүлж авсан. Авлигатай тэмцэх газраас орон сууцыг битүүмжилсэн. ******* нь залилуулсан мөнгөө энэ хүмүүсээс шаардаж гомдол гаргах ёстой. ******* нь тус компанийн менежер албан тушаалтай *******тэй байгуулсан гэх 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ21/06 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-ийн менежер *******, иргэн ******* нарын хооронд 2021 оны 03 сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх ЗГ 21/06 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч *******ын гаргасан тайлбарын агуулга: Хоёр компанийн хооронд байгуулсан арматур нийлүүлэх гэрээ нь биелээгүйгээс болоод миний худалдаж авсан байр дээр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* нь компанийн тамга, тэмдгийг барьж ирж дараад, гарын үсэг зурчихаад явсан. Гэрээг биелээгүйгээс болоод би хохирох ёсгүй. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл бие даасан шаардлага бус, үр дагаврыг шаардах зохицуулалттай гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн ******* хороо, *******-2 апартмент орон сууцны хотхоны ******* блок, баруун талын орцны ******* давхарт байрлах 74.76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар *******, ******* ХХК нарын 2021 оны 03 сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗГ21/06 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,017,690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 757,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчиж хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан. Талуудын хооронд үүссэн маргаанаар эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад иргэний журмаар хэргийн шийдвэрлэсэн. Тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэнээр нэхэмжлэгчид дээрх 120,000,000 төгрөгийг хэн өгөх ёстой, хэний хооронд үүссэн харилцаа, буруутай этгээд нь хэн гэдэг нь шийдэгдэх байсан бөгөөд иргэний журмаар шийдвэрлэхээс өмнө эрүүгийн журмаар шийдвэрлэх байсан боловч анхан шатны шүүх уг маргаанд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5.2. Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* апартмент-2 орон сууцны хотхоны ******* блок, баруун талын орцны ******* давхар, 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэрэгт прокуророос битүүмжилсэн, тухайн маргаанаар эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ байрны өмчлөгч, захиран зарцуулах эрхтэй этгээд нь ******* болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа тайлбартаа хэлж, гэрээг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Мөн талууд Хан-Уул дүүргийн ******* хороо, *******-2 апартмент орон сууцны хотхоны ******* блок, баруун талын орцны ******* давхар. 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******той байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээн дэх байрд хамаарах эсэхэд талууд маргаагүй боловч шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагчийн хувьд Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа яллагдагч *******ын холбогдсон нүүрсний хэрэгт гэрчээр оролцсон тул уг хэргийн оролцогч биш учраас тухайн байрыг битүүмжилсэн баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан. Үүнийг зайлшгүй бусдад шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүх шүүгчийн захирамжаар гүйцэтгэх боломжтой байсан.
5.3. Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулахдаа талууд байрны төлбөрийг 171,948,000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан ба гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь мөнгө болон машин оролцуулан 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ******* нь гэрээнд заасан 171,948,000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, 51,948,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. *******аас хариуцагч ******* ХХК-д бэлэн болон бэлэн бусаар нэг ч төгрөг шилжүүлээгүй, тус байрны өмчлөгчөөр ******* байхад анхан шатны шүүх ямар ч нотлох баримтгүйгээр ...нэхэмжлэгчээс төлөгдсөн төлбөрийг хариуцагч хүлээн авсан буюу төлбөрийн үүрэг гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна, ...нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байхад..., үл хөдлөх эд хөрөнгийг ******* өмчлөх эрх үүссэн ба орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна... гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: *******ы хүү ******* нь *******тай гэрээ байгуулахдаа ******* ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй гэж үнэмшүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаар очиж уулзахад борлуулалтын менежер *******тэй холбож, гэрээ байгуулсны дараа орон сууцны дотоод зохион байгуулалтыг өөрчилж, хууль ёсны эзэмшигч болохыг хүлээн зөвшөөрч байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд салбар төлөөлөгчийн тамга тэмдэг дарагдсан. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар салбар төлөөлөгчийн газар нь толгой компанийг төлөөлж, гэрээ байгуулах эрхийг олгосон. Мөн салбар төлөөлөгчийн газрын байгуулсан гэрээ, хэлцлийн үр дагаврыг толгой компани шууд хариуцахаар зохицуулсан. Уг нөхцөл байдлын улмаас талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр. Хоёр компанийн хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй холбоотой асуудал нь захиалагчтай байгуулсан гэрээний маргаанд хамаарахгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* апартмент-2, ******* блок, 1******* давхар, 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ21/06 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ.
3. Хэргийн 6-9-р талд 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ 21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ авагдсан, уг гэрээнд нэг талаас ******* ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, компанийн салбарын тамга дарсан, нөгөө талаас ******* гарын үсэг зуржээ.
Тус гэрээнд ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* апартмент-2, ******* блок, ******* давхар, 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 3-р улиралд барьж, ашиглалтад оруулах, ******* нь гэрээний үнэ 171,948,000 төгрөг төлөх нөхцөлийг тусгажээ.
4. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ гэж заасан тул ******* ХХК-ийн салбар нь ******* ХХК-ийн чиг үүргийг гүйцэтгэж, бусадтай гэрээ байгуулах эрхтэй.
5. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заажээ.
5.1. Хэргийн 124-126-д авагдсан Гэрч асуусан тухай тэмдэглэл-д ******* нь ...таньд төлөөлөх эрх байсан юм уу... гэсэн асуултанд ******* нь ...захирал болох манай аав өөрөө зөвшөөрөл өгөөд би төлөөлсөн..., ...аавыг очоод гэрээ байгуулаад гарын үсэг зурчих гэхээр нь хальт гүйлгэж хараад гэрээ байгуулсан... гэж, ...******* ХХК-ийг төлөөлж өөрөө гарын үсэг зурдаг юм уу... гэсэн асуултанд ...тийм... гэж тус тус хариулсан болох нь тусгагджээ.
5.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг хүү *******д өгөхөөр нөхцөл бүрдүүлсэн, ******* нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн *******тай гэрээ хийсэн байх тул ******* ХХК, гүйцэтгэх захирал ******* нь *******гийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.
5.3. Иймд ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ 21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзэх тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй, улмаар уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
6. Хариуцагч ******* ХХК нь дээрх гэрээний дагуу *******аас аливаа төлбөр хийгдээгүй гэж маргаж байна.
6.1. 2021 оны 03 сарын 19-ний өдрийн ЗГ 21/06 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-ний 3.1-д ...төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн цаашид төлбөрийн үлдэгдэлгүй болно гэж бичигджээ.
Дээрх гэрээнд гэрээний үнийг 171,948,000 төгрөг гэж тусгасан боловч талуудын тохирсон үнэ бодитоор 120,000,000 төгрөг байна.
6.2. ******* нь *******гийн нэрлэн заасан этгээдэд төлбөрийг шилжүүлж байсан гэж тайлбарласан. ******* нь 2021 оны 03 сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдрийн хооронд мөнгө (79,995,000 төгрөг) болон автомашинаар (40,000,000 төгрөгт тооцон) төлбөрийг төлж барагдуулжээ.
6.3. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар *******ыг гэрээний үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэнд тооцох тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
7. ******* ХХК, *******, ******* болон ******* ХХК-иудын хоорондын хэрэг маргаан, мөн ******* ХХК болон *******ийн хоорондын гэрээний асуудал нь тэдгээрт хамааралтай буюу нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцаатай шууд хамааралгүй тул ...эрүүгийн хэрэг үүсэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь ******* (Монгол Улсын хилээр 2022 оны 09 сарын 20-ны өдөр гарсан бүртгэлтэй, орж ирсэн бүртгэлгүй) болохыг анхан шатны шүүх анхаараагүй... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч тогтоох хэсэгт оновчтой томъёолоогүй байгааг давж заалдах шатны шүүх залруулж, өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/02277 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* апартмент-2, ******* блок, ******* давхар, 74.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 1,776,740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР