Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Т.Мижиддорж,      

шүүгдэгч В.В нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ын  В-д  холбогдох эрүүгийн 1910003280544 дугаартай, 187/2019/0493/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........оны ....... сарын ..........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ..........настай, ..........боловсролтой, ..............мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт, Хан-Уул дүүргийн ......... хороо, ........... тоотод оршин суух, З овогт Б-ын  В  /РД:............./ 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.В  нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвис хангай” сургуулийн хашааны хаалган дээр хохирогч Н.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжин тус гараараа цохиж хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.В  нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвис хангай сургуулийн хашааны хаалган дээр хохирогч Н.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжин тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.В гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Н.С -ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 07 дугаар сараас хоиш “Хангай” дээд сургуулийн жижүүрээр ажиллаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би ээлжнээс буугаад гэртээ хариад амарч байсан чинь’ нярэе Ганцэцэг нь “Арвис хангай” дунд сургуулийн манай их сургуулийн харъяа бүрэн дунд сургууль байгаа юм. Жижүүрүүд ирж амжихгүй болсон байна, өнөөдөр Арвис хангай сургууль дээр жижүүрээр гараад өгөөч гэж хэлэхээр нь би хэнд ч мөнгөний хэрэг гардаг учраас би жижүүрт гарахьг зөвшөөрсөн. Би өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвис хангай дунд сургууль дээр ирсэн. Тухайн өдөр манай сургуультай гэрээгээр байгууллагын ажилчид биеийн тамирын зааланд тоглож дуусаад шөнө 23:00 цагийн үед гараад явсан. Заал авсан хүмүүс машинаа сургуулийн хашаан дотор авто машины гаднах зогсоол дээр тавьсан байсан. Тухайн хүмүүс машинтайгаа хашаанаас гарах гэтэл хашааны хаалгыг 07- 51 УБӨ улсын дугаартай Саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машин хаагаад зогссон байсан дотор нь жолооч нь сууж байсан. Би уг машин дээр очоод жолооч болох 30 орчим насны залууд “та гарц чөлөөлөөд өгчих гарц хааж мэшинаа тавьж болохгүй гэж хэлтэл нөгөө залуу миний машиныг оруулчих би танай хашаанд машинаа тавья гэхээр нь би тэр залууд төлбөртэй зогсоол бишээ энэ сургуулийн хашаа болохоор машин тавьдаггүй. Нөгөө жолооч залуу би мөнгө өгье гэхээр нь би аваагүй сургуулийн зогоолийн зогсоол дээр байсан машинуудыг гаргаад хаалга хаах гэтэл нөгөө 07-51 УБӨ машины жолооч залуу машинтайгаа буцаж ирээд машинаасаа бууж ирээд миний цээжний баруун урд хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад хүчтэй цохиход би газар унасан. Ингээд би тэр запууд чи яаж байгаа юм бэ гээд хэлтэл тэр миний машиныг сургуулийн хашаанд тавиулсангүй гэж хэлтэл би тэр залууд зодуулчихаад цагдаа дуудлаа гэхэд тэр залуу машин руугаа явж байтал дахин надруу ирээд цээжний баруун урд хэсэг рүү гараа атгаж байгаад дахин 2-3 удаа цохиход би газар унасан. Тэр залуу намайг зодчихоод машин руугаа явахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч төд удалгүй ирээд намайг зодсон залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

            3. Гэрч У.Б-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 01-р сарын 25-ны өдөр би Хангай сургуулийн А байранд жижүүрт гарч байсан. Тэгсэн нэг хүн ирээд танай нөгөө жижүүр чинь хүнтэй зодолдоод байна гэхээр нь очиход нөгөө жолооч цонхоороо жижүүр Н.С хэрэлдээд байсан. Тухайн зодоон болох үед юу болсныг мэдэхгүй би сүүлд нь очсон. Хэрэг гарсны дараа Н.Сүхээ хэсэг хавирга өвдөөд гэхээр нь би оронд нь Нямбаяр гээд багшийг түр суугаад өгөөч ээ гээд суулгасан...Н.Сүхээг цагдаагийн машин аваад явсан. Нөгөө залууг нь авч явсан үгүйг мэдэхгүй байна. Намхан бор залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1804/-ний дүгнэлт:

            -Н.С -ийн биед 2 хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            -Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 28/

            5. Шүүгдэгч Б.В гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сүхээгийн цээжний зүүн хэсэг рүү нь 2-3 удаа гараараа хүчтэй түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.В  урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1804/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.В  нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвис хангай” сургуулийн хашааны хаалган дээр хохирогч Н.С хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан цээжин тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед 2 хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.С -ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...надад гомдол санал байхгүй, надад хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-64/, түүний хувийн байдал “…33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг...” зэргийг харгалзан Б.В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.В гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.    

Б.В-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овогт Б-ын  В г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З овогт Б-ын  В г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.В-д  оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Б.В-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.В-д  сануулсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.В-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР