Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 503

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Н.Уранбайгаль,  

хохирогч Б.Ж , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Ө.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-ийн  Э  холбогдох эрүүгийн 1903003240199 дугаартай 187/2019/0410/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .......... оны ..........дугаар сарын ........-нд Ховд аймагт төрсөн, ....... боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ......ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ........ хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Ц-ийн  Э /РД:......................./

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Цагаанцоож овогтой Э нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хотхоны урд замд өөрийн эзэмшлийн Toyota prius /Тоёота приус/ маркийн 95-63 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эмэгтэй Б.Ж ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Цагаанцоож овогтой Э нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хотхоны урд замд өөрийн эзэмшлийн Toyota prius /Тоёота приус/ маркийн 95-63 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эмэгтэй Б.Ж ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч  Б.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн орой 20 цаг 40 минутын үед ажлаа тараад гэртээ харих замд зам тээврийн осолд орсон. Тухайн үед би өсвөр насны охины хамт зам гарч байсан. Би явган хүний гарцаар гарч дуусах мөчид гэнэт хажуу талаас машин гарч ирээд намайг дайрсан. Би ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэрээд хартал миний бөгсөн бие мэдээгүй болсон мэт мэдрэмж төрсөн. Би утсаар цагдаагийн болон түргэн тусламжийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Гэтэл шүүгдэгч хэргийн газраас зугтаахыг оролдох үйлдэл хийх гэж байхад хүмүүс зогсоосон. Харин шүүгдэгч машин дотроо айж, сандарсан байдалтай байсан бөгөөд утсаар хүн рүү залгаж байсан. Дараа нь түргэн тусламж ирснээр намайг эмнэлэг руу авч явсан. Харин шүүгдэгчийг цагдаагийн байгууллагын ажилтнууд аваад явсан. Түргэн тусламжийн бүрэлдэхүүнт баг намайг ослын газраас авч Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэж өгч гуяны дотор 4, гадна 6 оёдол, мөн шагай гэмтсэн байсан тул хөлөндөө гипс хийлгүүлсэн. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс төвөгшөөдөг тул өөрийн хүсэлтээр Гэмтэл Согог Судлалын эмнэлэгт хэвтэхээс татгалзсан. Гэтэл гипстүүлсэн хөл хавагнаж эхэлсэн учраас би 3 дугаар сарын 28-ны өдрөөс 8 хоног “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний бүх зардлыг шүүгдэгч гаргасан бөгөөд намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирж уулздаг байсан. Би анхны сэтгэгдлээрээ шүүгдэгчтэй тохиролцож болох мэт санагдсан. Би шүүгдэгч болон ахад нь өөрийн амьдралын талаар дэлгэрэнгүй ярьж өгч байсан боловч шүүгдэгч болон ах нь намайг ойлголгүй миний нэхэмжилсэн хохирлыг төлөхөөс татгалзсан. Гэтэл хэсэг хугацааны дараа шүүгдэгч шүүх хуралдаан болох талаар надад хэлсэн ба өөртөө өмгөөлөгч авчихсан шүүх хуралдаанд бэлтгэж байсан. Тиймээс би өмнөх шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч авах гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсан. Миний хувьд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл буюу 85 хоног өвчтэй байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний магадалгаа болон амбулаторийн картаар нотлогдон батлагддаг. Би өөрийн орлогыг батлахын тулд хөндлөнгийн аудитын компанид хандаж дундаж орлогоо тодорхойлуулсан ба ажилгүй байсан ажилгүй байсан 85 хоногийн цалин 6.578.405 төгрөг, аудитын дүгнэлт 250.000 төгрөг болон эмчилгээний 607.541 төгрөг, нийт 7.435.946 төгрөгийг шүүгдэгчээс гэм буруугийн дүгнэлтээр баримтын хүрээнд нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл “…Зам тээврийн осол болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны урд замд баруунаас зүүн тийш явах замын 1 дүгээр эгнээнд 95-63 УНГ дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин зогсож байх бөгөөд явган зорчигч ГССҮТ-рүү /Б.Ж / хүргэгдсэн, зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл үүссэн ул мөргүй байх тул жолооч Ц.Э аар анх мөргүүлсэн цэгийг А цэгээр, явган зорчигч унасан цэгийг Б үсэг, урд талд байх дугааргүй гэрлийн шонгоор авч В үсэг тэмдэглэв. ...Осол болсон газар нь ЗХД-ийн 1.1 За тэмдэглэл бүхий газраас баруун тийш 61.0 метр, гэрлэн дохиотой явган хүний гарц ЗХД-ийн 1.13 а тэмдэглэл бүхий гарцны 2 талд ЗХД-ийн 5.19 а,б тэмдэгтэй байв…” /хх-ийн 6-7/

            4. Зам  тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /х-12/

           5. Хохирогч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед 20 цагийн үед байхаа ажлаасаа тараад, таксинд суух гээд зам хөндлөн явган хүний гарцаар гарч байтал машин ирээд л мөргөсөн. Жолооч эмэгтэй хүн байсан. Би ганцаараа явж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өнөөдөр дүгнэлттэй танилцсан. Би одоогоор гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/  

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3962/-ний дүгнэлт:

            -Б.Ж -н биед зүүн тавхайн дөрвөлжин ясны хугарал, тархи доргилт духанд зулгаралт, цус хуралт баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 27/

            7. Мөрдөгчийн магадлагаа “…Т.Приус-20 маркийн 95-63 УНҮ улсын дугаарын автомашиныг жолоодож явсан Ц.Э  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д зааснаар “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаас хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Ж  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” /хх-ийн 40/

            8. Шүүгдэгч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалтай, хохирлоо төлж барагдуулна. Би хохирогчтой холбоотой байгаа, би хохирогчид ойролцоогоор эм тариа, эмнэлгийн төлбөрт 900.000 гаруй төгрөг эмчилгээнд зарцуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3962/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Цагаанцоож овогтой Э нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны оройн 20 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хотхоны урд замд өөрийн эзэмшлийн Toyota prius /Тоёота приус/ маркийн 95-63 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эмэгтэй Б.Ж ийг мөргөж, түүний биед зүүн тавхайн дөрвөлжин ясны хугарал, тархи доргилт духанд зулгаралт, цус хуралт баруун гуянд шарх, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие шүүгдэгч Ц.Э аас ажилгүй байсан 85 хоногийн цалин 6.578.405 төгрөг, аудитын дүгнэлт 250.000 төгрөг болон эмчилгээний 607.541 төгрөг, нийт 7.435.946 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монгол угсаа констракшн ХХК-нд ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э т оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э аас 7.435.946 /долоон сая дөрвөн зуун гучин таван мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж Б.Ж т олгох хууль зүйн үндэслэлтэй.

Тодруулбал шүүгдэгч Ц.Э аас эмчилгээний зардал 607.541 төгрөг, аудитын дүгнэлт 250.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6.578.405 төгрөг нийт 7.435.946 төгрөгийг гаргуулж Б.Ж т олгохоор шийдвэрлэсэн болно.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ц.Э ийн В ангиллын 1184709 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Э т буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн  Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Ц-ийн  Э-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э т оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Ц.Э т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э аас 7.435.946 /долоон сая дөрвөн зуун гучин таван мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж Б.Ж т олгосугай.

 

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ц.Э ийн В ангиллын 1184709 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Э т буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.Э т сануулсугай.   

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР