| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/02320/И |
| Дугаар | 210/МА2025/01185 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01185
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03215 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 35,926,734 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ХХК-тай 2018 оны 05 сарын 31-ний өдөр ЗГ-2/03/180531/218 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 07 сарын 09-ний өдөр ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээг тус тус байгуулсан. 2018 оны 05 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн тухайд, ******* нь ******* ХХК-аас 20,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. ******* нь 2021 оны 05 сарын 25-ны өдөр фидуцийн зүйлийг манай байгууллагад хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Тухайн үед үрүүлийн аппарат дуу орсон, баруун талын урд хаалга хонхойж, зурагдсан, зүүн талын арын хаалга цөмөрч, зурагдсан, урд гупер баруун зүүн хэсгээрээ халцарсан, хойд гупер сэв зураастай, зүүн талын толины суурь хагарсан, баруун талын толь хагарсан, хаалгануудын резин суларч муудсан байдалтай байсан. Автомашиныг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь 24,733,200 төгрөгөөр үнэлсэн. Тус ББСБ нь уг тээврийн хэрэгслийн үрүүлийн аппаратыг гадаадаас захиулж авчран сольж, зар тавьж, 2022 оны 05 сарын 03-ны өдөр бусдад 25,000,000 төгрөгөөр худалдаж, зээл болон хүүгээс хассан. Зээлдэгч ******* нь 2023 оны 02 сарын 09-ний өдрийн байдлаар ЗГ-2/03/180531/218 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 19,087,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,072,067 төгрөг, нийт 27,159,067 төгрөгийг төлөх тооцоо байна. 2018 оны 07 сарын 09-ний өдрийн цалингийн шугамын зээлийн гэрээний үүргийн тухайд, ******* нь 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний хугацаа 2019 оны 07 сарын 09-ний өдөр дуусахад зээлдэгч нэг ч удаа төлбөр төлөөгүй. Зээлдэгчид удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй. Зээлдэгч нь ЗГ-4/02/180709/274 дугаартай цалингийн шугамын зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүний төлбөрт 8,092,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,278,667 төгрөг, нийт 14,370,667 төгрөгийн тооцоо байна. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан хоёр удаа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, шүүхийн шийдвэрээр *******г эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан ч 2021 оны 01 сарын 07-ны өдөр хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Манай байгууллага *******гийн хаягийг дахин тодруулж нэхэмжлэл гаргасан. Зээлдэгчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шаардах эрхтэй.
Иймд, 2018 оны 05 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр 16,092,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,473,200 төгрөг, нийт 17,565,867 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, мөн 2018 оны 07 сарын 09-ний өдрийн цалингийн шугамын зээлийн гэрээний төлбөр 5,000,000 төгрөг, хүү 11,358,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,932,000 төгрөг, нийт 18,290,667 төгрөг, бүгд 35,926,734 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд 2018 оны 05 сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг авсан талаар маргахгүй. Фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдан борлуулаад үүрэг дуусгавар болгоно гэж заасан. Гэтэл 2021 оны 05 сарын 25-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргахгүй. Үүнээс хойш нэхэмжлэгчид нэг ч мэдэгдэл ирээгүй. Машин тэргийг чинь борлууллаа, ийм төгрөг боллоо гэж нэг ч мэдэгдэл ирээгүй. 2022 оны 05 сарын 03-ны өдөр автомашиныг худалдсан байдаг. Бид автомашиныг өгөөд үүрэг дуусгавар болсон гэж үзсэн. Мөн цалингийн зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. ******* болон ******* нар хамт ажиллаж байсан, найзууд бөгөөд ******* нь нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч байсан. Тиймээс хувьцаа эзэмшигч нь *******д хоёр зээлийг хаалаа гэдэг ойлголтыг өгсний дагуу зээл дуусгавар болсон гэж бодоод явж байсан.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч *******гоос зээлийн гэрээний үүрэгт нийт 32,451,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 3,475,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443,620 (365,950 +77,670) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 320,207 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 3,475,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх нэмэгдүүлсэн хүүг хасахдаа хуулийг хэрхэн хэрэглэсэн талаар шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй.
4.2. Нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдэгчид хүлээлгэх хууль болон гэрээгээр хүлээлгэсэн хариуцлага бөгөөд зээлдүүлэгчээс зээлээ шаардаагүй нь зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох талаар хуульд ч, гэрээнд заагаагүй.
4.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа шаардаж байсан нь хэрэгт авагдсан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 992 дугаартай шийдвэр, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэрэгсэхгүй болсон 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 1787 дугаартай захирамж зэргээр хангалттай нотлогддог. Хариуцагчийн хаяг тодорхойгүй, эрэн сурвалжлагдаж байхад зээлдүүлэгч талыг дангаар буруутгах үндэслэлгүй.
4.4. Хариуцагч цалингийн зээлийн гэрээнд ямар нэг эд хөрөнгө барьцаалаагүй бөгөөд цалингийн зээлийн нэмэгдүүлсэн хүүг шүүх хасахдаа өөр зээлийн барьцаа хөрөнгийг хураагаагүйгээс нэмэгдүүлсэн хүүг хассан мэт шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.1. Маргаан бүхий зээлийн гэрээнүүдийн үүргийг ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч, түүгээр дуусгавар болгох талаар нэхэмжлэгч талын хувьцаа эзэмшигч *******, хариуцагч *******д мэдэгдэж, түүнтэй харилцан тохиролцсон тул тээврийг хэрэгслийг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Энэ хэрэгт дүгнэлт өгөхөд чухал ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох гэрч нь хариуцагч талын хувьцаа эзэмшигч ******* юм. Тиймээс хариуцагч талаас *******г гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа, гэрчээр оролцуулах ажиллагааг бүрэн явуулаагүй атлаа үүнд хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн *******ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй. Шүүх түүнийг гадаад улс руу явсан гэх ярианы тэмдэглэлд үндэслэж гэрчээр оролцуулах боломжгүй гэх боловч энэ нь худал, үнэн нь тодорхойгүй, түүнийг албадан ирүүлэх ажиллагааны хүрээнд албан ёсоор байгаа эсэхийг тодруулах мухарлах шаардлагатай байхад дээрх тайлбар төдийгөөр хязгаарлаж гэрчээр оролцуулах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй. Дээрх 2 гэрчийг асуулгах нь хариуцагч талд маш чухал ач холбогдолтой бөгөөд татгалзлалын үндэслэлийг нотлох гол нотлох баримт болох байсан. Эдгээр гэрч нарыг оролцуулах ажиллагааг бүрэн гүйцэт явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь автомашин хүлээлцсэн актаар ******* улсын дугаартай ******* гэрчилгээний дугаартай цагаан өнгөтэй *******суудлын автомашиныг 2021 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авсан атлаа бүтэн нэг жилийн дараа буюу 2022 оны 05 сарын 03-ны өдөр бусдад худалдан борлуулсан. Энэ хугацаанд хариуцагч талд ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, энэ талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн хариуцагч нь шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө хүлээн зөвшөөрч багасгадаг ба ингэхдээ багасгах болсон үндэслэлээ фидуцийн зүйлийг хураан авсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлээс талууд нь зээлийн гэрээний үүргийг тухайн үед фидуцийн зүйлийг хүлээн авч дуусгавар болгосон болох нь нотлогддог. Энэ бол бодит хууль зүйн факт мөн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Нэхэмжлэгч нь хураан авсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан хүлээлцсэн актад хариуцагч *******гоос өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөв гэдгийг тодорхойлсон, шүүх энэ талаар дурдаж дүгнэлт хийсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн болон анхан шатны шүүхийн тайлбар үндэслэлгүй.
5.3. Нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаанд, хэрхэн тооцоолсон талаараа тайлбарлаагүй бөгөөд энэ талаар шүүх тайлбарлахдаа үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар хийж чадаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь ...хариуцагчаас фидуцийн зүйлийг хураан авснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй гэж тайлбарласан... гэх боловч энэ талаар шүүх өөрөө тооцож, тодорхойлсон талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 35,926,734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2018 оны 05 сарын 31-ний өдөр ЗГ-2/03/180531/218 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 20,000,000 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 2018 оны 05 сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн;
3.2. Мөн өдөр талууд ФГ-2/03/180531/218 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *******маркийн, ******* улсын дугаартай автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцож, фидуцийн зүйлийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн;
3.3. Мөн талууд 2018 оны 07 сарын 09-ний өдөр 3Г-4/02/180709/274 дугаартай Цалингийн шугамын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 5,000,000 төгрөгийг 30 хоногт 2.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 2018 оны 07 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн;
3.4. Зээлдүүлэгч ******* ХХК нь фидуцийн зүйл болох *******маркийн, ******* улсын дугаартай автомашиныг 2021 оны 05 сарын 25-ны өдөр бодитоор гаргуулан авч, улмаар 2022 оны 05 сарын 03-ны өдөр бусдад 25,000,000 төгрөгөөр худалдсан.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
5. 2018 оны 05 сарын 31-ний өдрийн ЗГ-2/03/180531/218 дугаартай Зээлийн гэрээ-ний тухайд:
Энэхүү магадлалын хянавал хэсгийн 3.4-т дурдсанчлан нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, бусдад 25,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний онцлог нь уг гэрээ байгуулагдмагц үүргийн гүйцэтгэл хангагддагт оршино.
Түүнчлэн, зээлдүүлэгч нь шүүхийн шийдвэргүйгээр буюу хуульд зааснаар фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүргийн зөрчлийг аль хүртэл явуулаад фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах нь түүний хүсэл зоригоос шууд хамаардаг.
Үүнтэй холбоотойгоор зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах сонголтын аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой юм.
Иймд хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2018 оны 05 сарын 31-ний өдөр ЗГ-2/03/180531/218 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.
6. 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 3Г-4/02/180709/274 дугаартай Цалингийн шугамын зээлийн гэрээ-ний тухайд:
Энэхүү магадлалын хянавал хэсгийн 3.3-т дурдсанчлан зээлдүүлэгч нь 2018 оны 07 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч ******* нь дээрх зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт огт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцооллыг өөрийн тооцооллоор няцаагаагүй.
Хариуцагч ******* нь ...*******маркийн, ******* улсын дугаартай автомашиныг хураан авснаар дээрх гэрээний дагуу хүлээсэн үүрэг дуусгавар болсон... гэж тайлбарлах боловч 2018 оны 05 сарын 31-ний өдрийн ФГ-2/03/180531/218 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь мөн өдрийн ЗГ-2/03/180531/218 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай тул хариуцагчийн дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
Иймд 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 3Г-4/02/180709/274 дугаартай Цалингийн шугамын зээлийн гэрээ-ний үүрэгт хариуцагч *******гоос 18,290,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Талууд 2018 оны 07 сарын 09-ний өдрийн 3Г-4/02/180709/274 дугаартай Цалингийн шугамын зээлийн гэрээ-гээр нэмэгдүүлсэн хүүг тохирсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэж байхад анхан шатны шүүх ...зээлдүүлэгч цалингийн шугамын зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй... үндэслэлээр холбогдох нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
7. Хэргийн 1-р хавтасны 38-39-р талд хариуцагч *******г эрэн сурвалжлуулсан шүүхийн шийдвэр авагдсан, уг шийдвэрт нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн талаар дурдсан байхад анхан шатны шүүх ...улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгөөгүй... үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул уг алдааг давж заалдах шатны шүүх залруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гоос 18,360,867 төгрөг (18,290,667 + 70,200)-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/03215 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...235 дугаар зүйлийн 235.4... гэснийг ...452 дугаар зүйлийн 452.2... гэж, ...32,451,334... гэснийг ...18,360,867... гэж, ...3,475,400... гэснийг ...17,565,867... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...320,207... гэснийг ...249,754... гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч ******* ХХК-аас 2025 оны 05 сарын 27-ны өдөр төлсөн 70,560 төгрөг, хариуцагч *******гоос 2025 оны 06 сарын 03-ны өдөр төлсөн 321,601 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР