Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01186

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03687 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд нийт 168,379,200 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний нөхөр ******* нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан ******* аялал жуулчлалын цогцолбор барилгын талбайд явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байгаад ажлын байран дээр үдийн цайгаа уух үедээ бохир ус зайлуулах шугамыг далдалж өрсөн өрлөгийн баганад дарагдаж нас барсан. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх бүх ажлын захиалагч *******ХХК-аас гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа ба Прокурорын тогтоол болон хариу мэдэгдэх хуудаснуудаас үзвэл захиалагч *******ХХК-ийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.9, 37.1.19, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус зөрчсөн буюу бохир ус зайлуулах шугамыг далдалсан тоосгон өрлөгийг зохиогчийн зураг зөвшөөрөлгүй, аливаа хамгаалалт бэхэлгээгүй хийлгэсэн, гүйцэтгүүлсэн, гүйцэтгэгчээс хүлээж авсан, ажлын явц, чанар гүйцэтгэлийг баталгаажуулсан барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм нормативын шаардлагын дагуу бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Дээрх эрүүгийн хэрэгт ******* би хохирогчоор тогтоогдсон ба прокурорын байгууллагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. ******* нь 38 настайдаа нас барсан бөгөөд цаашид 34.6 жил наслах байсан гэх тодорхойлолт байгаа ба дундаж наслалтын зөрүү болох 34.6 жилийг 3,300,000 төгрөг (XXДХ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн)-өөр үржүүлбэл нийт 114,180,000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1-т заасны дагуу хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг 2016-2024 оны амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг 5-12 сараар тооцон, гэм хор учруулсны төлбөр 23,313,600 төгрөг гаргуулна. Бидний хүү ******* нь 2012 оны 01 сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд нөхрийг нас барах үед хүү 5 настай байсан, одоо 12 настай тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4.1-т зааснаар хүү *******ыг 18 нас хүртэл хугацааны гэм хор учруулсны төлбөр 30,885,600 төгрөг гаргуулахаар шаардана.

Иймд, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 114,180,000 төгрөг, хохирогч нас барсны улмаас учирсан хохиролд 54,199,200 төгрөг, нийт 168,379,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: *******ХХК нь ******* ХХК-тай 2016 оны 05 сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аялал жуулчлалын цогцолборын 5,054.9 м нийтийн эзэмшлийн явган зам, 2,310.8 м явган замын газар шорооны ажил, 2,655.32 м гүйлтийн болон дугуйн өнгөт бетон зам, 419.82 м хиймэл нуурын эргэн тойрны чулуун шигтгэмэл зам, 2,617с ус зайлуулах шуудуу, 1,963 м хашлага угсрах, 182 ширхэг тумбэ суулгах ажил хийлгэхээр тохиролцсон. Манай компаниас гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж ******* ХХК-д гэрээний дагуу төлбөрөө төлсөн. ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.4, 4.2.5, 4.2.9, 4.2.12, 4.2.13-т заасныг биелүүлээгүй, ажлын талбайд өөрийн үндсэн ажилчид биш бригад оруулж ажиллуулсан, бригад болон тус бригадын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр хамгааллыг сахин биелүүлээгүй, ажилчдыг нэг бүрийн тусгай хэрэгсэл ажлын багаж, хамгаалах малгай болон бусад хэрэгслээр хангаагүй, ХАБЭА-ийн инженер томилон ажиллуулаагүй зэргээс шалтгаалан нэхэмжлэгч *******ын нөхөр болох ******* амь хохирсон үйлдэл гарсан. Мөн *******ХХК нь 2014 оны 08 сарын 27-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн зүүн хэсгийн 34 ширхэг барилгын 2,400 м гадна ариутгах татуургын шугамын ажлыг хийлгүүлсэн байдаг. Гэтэл гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээт ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн, бохирын шугамыг дээд болон доод талд бүрэн холбоогүй (тус ажил далдлагдсан ажил байсан тул захиалагч талаас нүдээр хараад илрүүлэх боломжгүй ажил байсан болно) зэрэг байдлаас шалтгаалан мөн нэхэмжлэгч *******ын нөхөр ******* амь хохирсон. Гүйцэтгэгч ******* ХХК болон ******* ХХК-уудын буруутай үйл ажиллагааны улмаас дээрх нөхцөл байдал үүссэн нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тухайлбал, 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 02-07-095/383 тоот дүгнэлтээр Амь хохирогчийн ажил олгогч ******* ХХК нь талийгчтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, батлагдсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар өгсөн зааварчилгаа байхгүй, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажилтны хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг ажил олгогч ******* ХХК хариуцах ёстой байсан, унасан өрөгт бүтээц бүхий бохирын хоолойг бетонон шалан дээр ямар нэгэн бэхэлгээгүйгээр өрсөн, 1 давхрын шалны гадаргууд бэхэлгээ хийгээгүй зэргээс үзэхэд ******* ХХК, ******* ХХК-ууд буруутай тус компаниуд хариуцахаар байна гэж дүгнэсэн. Мөн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 05-16/15 тоот шинжээчийн гаргасан дахин дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжуудын заалтаар ажил олгогч ******* ХХК болон шугам угсралтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн ******* ХХК нар хариуцахаар байна гэсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас харахад *******ХХК нь энэ иргэний хэргийн хариуцагч биш бөгөөд хариуцагч нь ******* ХХК болон ******* ХХК-ууд байх тул хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч болох захиалагч компани нь бүтээн байгуулалт хийсэн. Гэрээтэй компанийн ажлыг хүлээж авахдаа хариуцлагагүй хандсанаас ам нас эрсэдсэн байна. Аюулгүй байдлыг хангаагүй, ажлыг хуулийн дагуу хүлээж аваагүйгээс болоод асуудал үүссэн. Энэ нь тухайн нөхцөл үүсэх шалтгаан болсон тул хариуцлага хүлээх ёстой. Хохирогчийн нөхөн олговрыг дүрэм журмын дагуу бодитоор төлөх ёстой гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч *******ХХК-аас 23,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 145,279,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 273,450 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн, хэргийг үзэн зөв бодитойгоор дүгнээгүй, талуудын тайлбар болон нотлох баримтуудыг үнэн зөв шударгаар үнэлж дүгнээгүй гэж үзэн энэ гомдол гаргаж байна.

5.1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан ба амь хохирогчийн хувьд өөрийн хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон ч түүний эх болох нэхэмжлэгчийн хувьд дээрх үүргийг хэрэгжүүлэх ёстой этгээд байхаар байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадваргүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэдэг нөхцөл байдлыг тогтоогоогүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажил хөдөлмөр эрхэлдэг тухайгаа илэрхийлж байсан зэрэг нь өөрийн хүүхдийг тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэх боломжтой болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үнийн дүнгээр тооцож тэтгэмж олгосон тохиолдолд эхийн хариуцах хэсгийг шүүхээс харгалзан үзээгүй буюу тухайн хүүхдийг 16 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэг нь зөвхөн эцэгт нь байсан ба тэрээр бусдын буруутай үйл ажиллагааны улмаас амь хохирсон учраас дээрх хэмжээний нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Иймээс тухайн төлбөрийн хэмжээ нь 69,300,000 төгрөгийн 50 хувь буюу 34,650,000 төгрөг болохоор байсан ба түүнийг хариуцах ёстой этгээдүүдэд гэм хор учруулахад нөлөөлсөн нөхцөл байдлаар нь харгалзан хэмжээг тодорхойлох байсан.

5.2. *******ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний 4.2.4, 4.2.5, 4.2.9, 4.2.12, 4.2.13-т тус тус заасныг биелүүлээгүй, ажлын талбайд өөрийн үндсэн ажилчид биш бригад оруулж ажиллуулсан, бригад болон тус бригадын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөр хамгааллыг сахин биелүүлээгүй, ажилчдыг нэг бүрийн тусгай хэрэгсэл ажлын багаж, хамгаалах малгай болон бусад хэрэгслээр хангаагүй, ХАБЭА-ийн инженер томилон ажиллуулаагүй зэргээс шалтгаалан нэхэмжлэгч *******ын нөхөр ******* амь хохирсон үйлдэл гарсан. Мөн *******ХХК нь 2014 оны 08 сарын 27-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн зүүн хэсгийн 34 ширхэг барилгын 2,400 м гадна ариутгах татуургын шугамын ажлыг хийлгүүлсэн. Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээт ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн, бохирын шугамыг дээд болон доод талд бүрэн холбоогүй (тус ажил далдлагдсан ажил байсан тул захиалагч талаас нүдээр хараад илрүүлэх боломжгүй ажил байсан болно) зэрэг байдлаас шалтгаалан мөн нэхэмжлэгч *******ын нөхөр болох ******* амь хохирсон үйлдэл гарсан. Гүйцэтгэгч ******* ХХК болон гүйцэтгэгч ******* ХХК-уудын буруутай үйл ажиллагааны улмаас дээрх нөхцөл байдал үүссэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тухайлбал 2018 оны 06 сарын 29-ний өдрийн №02-07-095/383 тоот мөн 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 05-16/15 тоот шинжээчийн гаргасан дахин дүгнэлтүүдээр ажил олгогч ******* ХХК болон шугам угсралтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн ******* ХХК-ууд хариуцахаар байна. Дээрхээс харахад *******ХХК нь энэ хэрэгт буруугүй бөгөөд иргэний хэргийн хариуцагч биш, хариуцагч нь ******* ХХК болон ******* ХХК-ууд байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх 2 хуулийн этгээд буруутай байхад 3 хуулийн этгээд буруутай гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

5.3. Манай компаниас амь хохирогчтой эрх зүйн харилцаанд ороогүй, ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийгээгүй, харин гүйцэтгэгч ******* ХХК нь амь хохирогч болон түүний бригадтай тохиролцож доороо туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд дээр дурдсан ноцтой зөрчлүүдийг гаргасан, ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүйгээс хүний амь эрсэдсэн бөгөөд хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед дээрх 2 этгээд яллагдагчаар татагдсан. Хэрэв буруутай гэж үзсэн тохиолдолд хүний амь эрсдэх нөхцөл байдалд шууд хүргэсэн этгээдтэй ижил хэмжээнд байна гэж үзэхгүй байгаа бөгөөд манай зүгээс хүний амь эрсэдсэн асуудалтай холбоотой 20 хувийн буруутай байж болно гэж үзэж байна. Иймээс шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн үнийн дүнгээс 6,930,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үлдэх 16,170,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.4. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар уг хэрэгт анхан шатны шүүх 3 хуулийн этгээдийг буруутай гэж дүгнээд хохирлыг 3 тэнцүү хуваарилж шийдэж байгаа бол дээрх 3 хуулийн этгээдийн буруутай үйлдлээс шалтгаалаад хэн нь хэдэн хувийг хариуцахыг тодорхой гаргаагүй, мөн амь хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэхийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн. Учир нь төслийн талбай нь дээд, дунд, доод бүс гэж 3 хуваагдсан бөгөөд нийт 62 га газрыг хамарсан болно. Тус төслийн талбайд ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч нар нь өдрийн цайны цагаар доод бүсэд байрлах өөр өөрийн байгууллагын кемп дээр өдрийн цайгаа уудаг байтал амь хохирогч нь цайны бус цагаар дээд бүсэд байрлах хэрэг учрал болсон барилгын доор (өөрийн кемпээс даруй 1,5 км зайтай газар байрлах) сууж өдрийн цай уусан, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүй байсан болно. Мөнх шинжээчийн дүгнэлтээр ******* ХХК болон ******* ХХК нар буруутай гэж үзсэн атал манай компанийг захиалагч гэдэг утгаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр ******* ХХК, ******* ХХК-уудыг буруутай гэж үзсэн учраас бид буруугүй гэж тайлбарлаж байна. Тухайн шинжээчийн дүгнэлт захиалагч *******ХХК нь зураг төсөлгүйгээр багана босгуулж түүнийг хүлээж авсан учраас чанаргүй барилга болсон, мөн Барилгын тухай хуулиар хөдөлмөр аюулгүй байдлыг захиалагч талаас шаардсан арга хэмжээг аваагүй учраас *******ХХК гэж дүгнэсэн. Хариуцагч тал 2 шинжээчийн дүгнэлтийн өөрт хамаарах хэсгийг огт тайлбарлахгүй байна. Анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны нөхөн тэтгэмж 69,300,000 төгрөг гэж тогтоосон атал хариуцагч тал 6,930,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарласан. Уг 69,300,000 төгрөг нь эцэг нь амьд байсан бол хүүхдэдээ зарцуулж болох хамгийн бага түвшин байгаа. Шударга ёсонд нийцэх байсан бол өнөөдөр нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлыг *******ХХК хариуцагч ёстой. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1-д заасан. Тодорхой хэлбэл, тэжээгчээ алдсаны 69,300,000 төгрөгийг *******ХХК хариуцах ёстой. Нэхэмжлэгч өөрөө хүсээгүй учраас давж заалдах гомдол гаргаагүй. Гэтэл хариуцагч тал шударга ёсонд нийцэхгүй тайлбарыг хэлж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******  ХХК-д холбогдуудан гэм хорын хохиролд нийт 168,379,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...гэм хорын хохирол бий болоход ******* ХХК, ******* ХХК-ууд гэм буруутай... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн нөхөр ******* нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр ус сувгийн байгууламж бүхий барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэж байгаад үдийн цайгаа уух үед ус сувгийн байгууламжийн өрлөгөнд дарагдаж нас барсан;

3.2. Хариуцагч *******ХХК нь 2014 оны 08 сарын 27-ны өдөр 14-1470 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г ******* ХХК-тай байгуулж, ******* аялал жуулчлалын цогцолборын 1-р ээлжийн зүүн хэсгийн 34 ширхэг барилгын 2,400 м гадна ариутгах татуургын шугамын ажлыг гүйцэтгүүлжээ.

3.3. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байх үед буюу 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 05-16/15 дугаартай дахин шинжээчийн дүгнэлтэд ...******* ХХК нь ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж олгоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, амрах, хооллох түр байраар хангаагүй, ажлын байрны эрсдлийг үнэлж тогтоогоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандартын шаардлагыг мөрдөөгүй, *******ХХК, ******* ХХК-ууд барилгын ажлын гүйцэтгэлд харилцан хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил далд ажлын актыг баталгаажуулан, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтөлж ажиллаагүй, *******ХХК нь барилгын ажлын гүйцэтгэхэд шаардлагатай зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлээгүй, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, актаар баталгаажуулж ажиллаагүй, ******* ХХК нь ариутгах татуургын шугамын угсралтын ажлыг зураг төсөлгүй гүйцэтгэсэн, ажлын явцад тэмдэглэл хөтлөөгүй, ил далд ажлын акт бүрдүүлж, баталгаажуулж ажиллаагүй нь хууль зөрчсөн... болохыг тогтоосон.  

4. Дээрхээс үзвэл, захиалагч *******ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан ...буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах, 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасан гүйцэтгэгч ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай гэж дүгнэхээр байна. 

5. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******ХХК нь ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллагаагүй, доголдолтой ажлын үр дүнг хүлээн авсны улмаас нэхэмжлэгч *******ын нөхөр ******* нас барсан байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлыг 69,300,000 төгрөгөөр тогтоож, *******ХХК, ******* ХХК, ******* ХХК-уудын гэм бурууг харгалзан үзэж, хариуцагч *******ХХК-аас 23,100,000 төгрөгийг (69,300,000 : 3) гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасантай нийцжээ.

Иймд ...*******ХХК нь гэм хорын хохирлын 20 хувь буюу 6,930,000 төгрөгийг зөвшөөрнө... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 145,279,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 238,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР