Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 506

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,  

хохирогч Д.Ц ,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт П-ийн  Б-д  холбогдох эрүүгийн 1910002060469 дугаартай, 187/2019/0496/Э индекстэй хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........... оны....... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, ......... боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ............ амьдардаг, Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт П-ийн  Б /РД:...................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1 дүгээр гудамжны 4 тоотод Д.Ч архидан согтуурч, улмаар түүнийг бусадтай хардсаны улмаас үснээс нь зулгааж толгой руу нь өмсөж байсан пүүзээрээ цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1 дүгээр гудамжны 4 тоотод Д.Ц тэйй архидан согтуурч, улмаар түүнийг бусадтай хардсаны улмаас үснээс нь зулгааж толгой руу нь өмсөж байсан пүүзээрээ цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ хохирогчтой хамт архи ууж байхдаа маргалдсан. Би хохирогчийг уурандаа пүүзээр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Д.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өлзийт хотхонд шүүгдэгчтэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид хоёр согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хоорондоо маргалдсан тул шүүгдэгч намайг пүүзээр цохиж, хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой хамтран амьдрагч Б  ийн хамтаар архи уусан бөгөөд бид хоёр нийлээд 0,75 граммын 1 шил архи, 0,5 литрийн 1 шил архи хувааж^уугаад сууж байхад миний гар утас дуугараад аваад ярьтал Б хэн залгаад байгаа юм бэ гэж намайг хардаад миний гар утсыг булааж авч шидэж, өөрийнхөө өмсөж байсан пүүзээр миний нүүр рүү цохих үед би зүүн гараараа нүүрээ хамгаалсан ба тэр үед миний гарын шуун дээр цохиж гэмтээсэн. Намайг утсаар ярихад хардаад маргалдсан. Б миний үснээс зулгаагаад өмсөж явсан пүүзээрээ толгой цохьсон. Би толгойгоо цохиулахгүй гэж зүүн гараараа хаасан. Б намайг Төв аймагт байхдаа зодож, цохьдог байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй ар гэрийн хүмүүстээ хэлж байгаагүй. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-15/ 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1294/-ний дүгнэлт:

            -Д.Ч-ийн биед тархи доргилт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 25/

            4. Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Чимэдцэрэнд учирсан гэмтлийг би учруулсан. Бид хоёр танилцаад 4 жил болж байна. Хамтран амьдарч байгаагүй. Нэгнийхээ гэрт ирэн очин байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№1294/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1 дүгээр гудамжны 4 тоотод Д.Ч архидан согтуурч, улмаар түүнийг бусадтай хардсаны улмаас үснээс нь зулгааж толгой руу нь өмсөж байсан пүүзээрээ цохих зэргээр зодож түүний биед тархи доргилт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Иймд шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч Д.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад шүүгдэгч 500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

Шүүгдэгч П.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.         

            П.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт П-ийн  Б   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт П-ийн  Б   500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. П.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг П.Б-д  сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР