Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2016/00137

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, эмэгтэй, 60 настай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, 34-07 тоотод оршин суух, Өндөр насны тэтгэвэрт байдаг Хад овогт Гаваагийн Баярсайханы /РД:ЧЕ56121827, утас:91144314, 98114314/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1987 онд төрсөн, эрэгтэй, 29 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 4-54 тоотод оршин суух, “Магнай трейд” ХХК-ийн Чойр салбарын дарга ажилтай, Цагаач овогт Цэдэнжавын Мөнгөншагайд /РД:ТГ87081516, утас:91144314/ холбогдох 

 

түрээсийн төлбөр 2 600 000 төгрөг, хаалганы үнэ буюу хохирол 500 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баярсайхан, хариуцагч Ц.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнгөншагай нь миний өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 61 тоотод амьдарч байсан ба түүнийг уг байрнаас албадан гаргах шүүхийн шийдвэр 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарсныг мэдсээр байж миний шаардлагыг үл тоож уг байранд амьдарсаар байсан тул 2015 оны 09 дүгээр сард Говьсүмбэр аймаг дахь ШШГА-ны тусламжтайгаар албадан гаргасан. Уг ажиллагааны үеэр Мөнгөншагай нь хаалганы түлхүүрийг санаатай гаргаж өгөөгүйн улмаас хаалгыг эвдэж нээсэн юм. Иймд Ц.Мөнгөншагайг мэдсээр байж байр суллаж өгөөгүй гэж үзэж 13 сарын түрээсийн төлбөр 2 600 000 төгрөг, хаалга сольж суулгах 500 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Г.Баярсайхантай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж уг байрыг түрээслээгүй. 2013 онд “Магнай трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Говьсүмбэр аймагт шилжин ирж, ажиллах хугацаандаа компаниас гаргаж өгсөн байранд амьдарсан. Г.Баярсайхан нь хохирлоо “Магнай трейд” ХХК-аас нэхэмжлэх ёстой байтал надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Би уг байрнаас 2015 оны 08 дугаар сард гарсан, гарахдаа байрныхаа түлхүүрийг компанийхаа хууль зүйн хэлтсийн дарга Энхжавхланд хүлээлгэж өгсөн. Би түлхүүрийг хүлээлгэж өгөхөөсөө өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй очиж уулзсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баярсайхан нь Ц.Мөнгөншагайд холбогдуулан түрээсийн төлбөр 2 600 000 төгрөг, хаалганы үнэ буюу хохирол 500 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот мэдэгдэх хуудас зэрэгт үндэслэжээ.

 

          Хариуцагч  Ц.Мөнгөншагай нь би Г.Баярсайхантай ямар нэгэн гэрээ байгуулж байрыг түрээслээгүй, “Магнай трейд” ХХК-иас гаргаж өгсөн орон сууцанд оршин сууж байсан тул уг нэхэмжлэлийн шаардлагаа компанид холбогдуулан гаргах ёстой хэмээн маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:

 

Хариуцагч талаас хэргийн жинхэнэ хариуцагч нь “Магнай трейд” ХХК болно хэмээн маргаж байгаа хэдий ч Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Мөнгөншагайг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 4-61 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа бус шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч Ц.Мөнгөншагай нь орон сууцыг чөлөөлөх үүрэг хүлээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэсний дагуу тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн болох нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 тоот мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Ц.Мөнгөншагай нь хариу тайлбар, татгалзлаа нотолж шүүхэд ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, компанийн мэдээллийн нууцыг хадгалах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь түүнийг “Магнай трейд” ХХК-д ажилладаг болохыг нотлохоос дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хүлээсэн үүргийг нь үгүйсгэх баримт болохгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар  шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсчээ.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл 13 сарын хугацаанд сарын 200 000 төгрөгөөр тооцож, байраа түрээсэлж олох ёстой байсан ашиг 2 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

 Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого хамаарах хэдий ч нэхэмжлэгч Г.Баярсайхан нь уг орон сууцыг бусдад түрээслэж, зайлшгүй 2 600 000 төгрөгийн орлого олох байсан гэдгээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Мөнгөншагайгаас хаалганы үнэ 500 000 төгрөгийг нэхэмжилсэн нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэлд тооцогдох хэдий ч тухайн орон сууцны хаалгыг бүхэлд нь солих шаардлага үүсч, шинээр хаалга худалдан авах нөхцөл бий болсон гэдэг нь мөн л нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэх хуудсанд тэмдэглэгдээгүй байна.

 

Харин Ц.Мөнгөншагай нь Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж, уг орон сууцны түлхүүрийг  шийдвэр гүйцэтгэгч болон нэхэмжлэгч Ш.Баярсайханд сайн дураараа хүлээлгэж өгөөгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны жолооч хаалгыг эвдэлсэн байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч нь хаалгыг бүхэлд нь солихоос өөр аргагүй нөхцөл үүссэн гэж шинэ хаалганы үнэ 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ байдлаа нотлоогүй учир шүүх хаалганы үнийг гаргуулах шаардлагагүй харин хаалганы нэг хэсэг болох цоож шинээр солих үнийг тооцож, хариуцагчаас 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.        

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас шүүхийн зардал буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд  4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч Ц.Мөнгөншагайгаас хаалганы цоож солих үнэ буюу хохирол 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.НАРАНЧИМЭГ