Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01201

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02259 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 12,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: 2023 оны 12 сарын 27-ны өдөр 03:10 цагийн үед Баянзүрх дүүрэг, ******* хороо, БХИС-ийн баруун замд Toyota Prius маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, *******гийн зогсоолд тавьсан байсан Toyota Prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Жолоодох эрхгүй атлаа жолоо барьж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан түүний буруутай үйлдэлд хуульд заасан хариуцлага ногдуулж торгосон. ******* ХХК-ийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар Toyota Prius маркийн, ******* улсын дугаартай автомашинд 10,315,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Уг хөрөнгийн үнэлгээгээр тус автомашины зах зээлийн үнийг 25,000,000 төгрөгөөр тогтоосон. Тээврийн хэрэгслээ сэлбэгт 13,000,000 төгрөгөөр худалдсан. Зах зээлийн үнэ 25,000,000 төгрөг байхад 13,000,000 төгрөгөөр худалдаж 12,000,000 төгрөгийн хохирол хүлээсэн учир 12,000,000 төгрөгийг хариуцагч нараас адил хэмжээтэй гаргуулна. Toyota Prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* ХХК, жолооч нь ******* юм.

Иймд хариуцагч нараас 12,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.

3. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: ******* нь 2023 оны 11 сарын 23-ны өдөр 81103107075 тоот Зээлийн гэрээ байгуулж 19,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээ байгуулан ******* улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн автомашиныг манай өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн үлдэгдэл төлбөр өнөөдрийн байдлаар 23,440,559 төгрөг байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэх ******* нь манай зээлдэгч биш бөгөөд манай байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******иас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* ХХК-д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******иас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ...*******ийн жолоодож явсан Toyota Prius маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн учир уг бүртгэлийг үндэслэн гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй... гэж үзсэн нь үндэслэлгүй. ******* 2023 оны 12 сарын 27-ны өдөр зам тээврийн осол гаргах үед түүний унаж явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь *******" ХХК байсан.

5.2. ******* ХХК-ийн хариу тайлбараас үзэхэд ******* зам тээврийн осол гаргаснаас хойш зээлдэгч ******* нь тээврийн хэрэгсэл худалдаж авсан зээлээ төлөлгүй гэрээний үүрэг зөрчиж, улмаар хариуцагч *******" ХХК нь ******* улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, өөрийн бодит эзэмшилд авах эрх үүссэн байна. Өөрөөр хэлбэл, зээл болон фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь түүний хууль ёсны эзэмшигч гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй ба тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан гэм хорыг ******* хариуцах нь хуульд нийцэх юм.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Фидуцийн гэрээ байгуулагдсан хэдий ч барьцаа хөрөнгө манайд байхгүй, хаана байгааг мэдэхгүй. Манайх *******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 12,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй бол хариуцагч ******* ХХК нь ... фидуцийн гэрээний үндсэн дээр автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлсэн ... үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Хариуцагч ******* нь 2023 оны 12 сарын 27-ны өдөр 03:10 цагийн үед Баянзүрх дүүрэг, ******* хороо, БХИС-ийн баруун замд ******* улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2-т тус тус заасныг зөрчин нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан;

3.2. Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөд 10,315,000 төгрөгийн хохирол учирсан;

3.3. Зам тээврийн осол гарах үед ******* улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашины эзэмшигчээр хариуцагч ******* ХХК бүртгэлтэй байсан.  

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зам тээврийн осолд хариуцагч ******* гэм буруутай тул нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг 6,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.1. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар *******, ******* ХХК-ийг тодорхойлж, гэм хорын хохирлыг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан хүсэл зориг нь зам тээврийн улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо барагдуулах юм.

Иймд гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэнд хамаарахгүй.

4.2. Хариуцагч ******* ХХК нь 2023 оны 11 сарын 23-ны өдөр *******той байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /автомашин/-ний үндсэн дээр ******* улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашины өмчлөлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн үйл явдал нь гэм хорын хохирлыг түүнд хариуцуулах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь ******* улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашины бодит өмчлөгч биш тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан зохицуулалт түүнд хамаарахгүй. Энэ талаархи нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буруу тодорхойлжээ.

Энэхүү магадлалын 3.2-т дурдсанчлан зам тээврийн ослын улмаас ******* улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашинд 10,315,000 төгрөгийн хохирол учирсан тул уг үнийн дүнг хариуцагч *******иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцнэ.

Хэргийн ******* талд авагдсан үнэлгээний ажлын хөлстэй холбоотой баримт нь уншигдахгүй (бүдэг бичигдсэний улмаас) байх тул хангах боломжгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/02259 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******иас 10,315,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 1,685,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... 110,950 ... гэснийг 179,990 гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР