Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01202

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03618 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: газар эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах, газар чөлөөлүүлэх, үр шим, олох байсан орлогод нийт 46,200,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, *******ын аманд байрлах 21.98 га газрыг тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 2017 оны 09 сарын 19-ний өдөр иргэн *******оос 26,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2020 оны 09 сард газраа эргэж очих үед зэргэлдээ газар эзэмшдэг гэх иргэн ******* болон түүний гэр бүлийн гишүүд манай газрын талыг нь хагалж, төмс тариалсан байсныг олж илрүүлсэн. Бид уг газар өөрсдийн өмч болохыг нотолсон бичиг баримтуудыг үзүүлж, удаа дараа бичгээр болон амаар газар чөлөөлөхийг шаардсан боловч хэл амаар доромжилж, эвээр шийдэх боломжгүй байдалтай байна. 2022 оны 05 сард энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариуцагч нь 2020-2023 он хүртэл хугацаанд манай эзэмшлийн талбайг ашигласнаас олсон орлого, үр шим, олох байсан орлого нийт 46,200,000 төгрөгийг гаргуулна.

Иймд, газар эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгаж, газар чөлөөлүүлж, үр шим, олох байсан орлогод нийт 46,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* нь 81 настай, ******* НҮТББ-ыг үүсгэн байгуулсан. НҮТББ-ын 14 иргэн нийлээд малын ногоон тэжээл тариад, хурааж аваад малдаа зарцуулдаг. Зарж, худалдан борлуулаад ашиг шим олоогүй. Тус НҮТББ нь газрыг олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 сарын 10-ны өдрийн 255 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид зааснаар ******* НҮТББ нь маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан тул энэ хэргийг дараа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ******* гэдэг хүн газрын гэрчилгээг хууль бусаар гаргуулж, манайхыг хашаа барьсны дараа гэрчилгээ гаргуулж ирээд дайрч байсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоохыг даалгах, газар чөлөөлүүлэх, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашигласнаас олох байсан орлого 46,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул гомдол гаргаж байна.

4.1. ******* ХХК нь 2021 оны 03 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, *******ын ам гудамж, нэгж талбарын ******* дугаар бүхий 219,824 м.кв буюу 21.98 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 2-р албаны 2023 оны 21/648 дугаар албан бичигт *******ын аманд байрлах 22 га газарт дүүргийн засаг даргын захирамжаар өөр иргэн, хуулийн этгээдэд давхцуулж газар эзэмших эрх олгоогүй тухай дурддаг. Үүнээс үзэхэд хариуцагч ******* нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчин бусдын газрыг өөрийн газар мэтээр хашаалж амьдран, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тарьж буй нь хууль бус үйлдэл юм. 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 2024/37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Нэгж талбарын ******* дугаар бүхий 219,824 м.кв талбайтай ******* ХХК-ийн нэр дээрх газар дээр баригдсан иргэн *******ы хашаа тухайн нэгж талбарын 210,074 м.кв талбайтай давхцаж байна гэжээ. Дээрх дүгнэлтээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 210074 м.кв талбайг хашаалсан нь нотлогддог.

4.2. ******* ХХК-ийн газар эзэмших эрхэд ТББ бус ******* гэх хувь хүн саад учруулж хүнсний ногоо, тэжээлийн ургамал тарьж буй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2024 оны 2024/37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад нэр бүхий ТББ нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна гэж тодорхойлох, дүгнэх боломжгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6734 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад хандаагүй, нэхэмжлэл гаргагч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар дурдсан бөгөөд үүний дагуу хариуцагч нь өөрийн үүсгэн байгуулсан дээрх ТББ-аар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоогүй, хамааралгүй.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, *******ын аманд 1990 оноос хойш манай өвөг дээдэс мал, аж ахуй, газар тариалан эрхэлж өнөөдрийн хүртэл 30 гаруй жил нутаглаж байна. 2010 онд тухайн үеийн Засаг даргатай ярилцаад барьцааны сангийн аж ахуйн ногоон тэжээл тариалдаг 44 га газрыг ногоон тэжээл тариалахаар зөвшөөрөл аваад, Сонгинохайрхан дүүргийн газрын хэлтэст өргөдлөө өгсөн. 2011 оны 07 сарын 10-ны өдрийн 255 тоот Засаг даргын захирамжаар 44 га газрыг өөр этгээдэд хувааж олгосон. Яагаад манай хүсэлтийг шийдвэрлэхгүй өөр иргэнд газрыг олгосон талаар асуухад тухайн үеийн байцаагч нь хорооны зохион байгуулагчийн ахад уг газрыг олгосон байдаг. Тухайн газрыг манайх авахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй байсан учраас Авлигатай тэмцэх газар 2015 оны 03 сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газар гомдлыг хүлээж аваад газрын харилцааны дарга болон байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хууль зөрчиж газар олгосон нь тогтоогдсон. Учир нь Засаг даргын дэргэдэх дуудлага худалдаа буюу төсөл, тендерийг шалгаруулж газар олгох ёстой байхад бичиг баримтын шаардлага хангасан баримтгүйгээр газрыг олгосон. Энэ хугацаанд ******* ******* ХХК-д гэрчилгээг худалдсан. ******* ХХК надад удаа дараа санал тавьж байсан. Газрыг 40,000,000 төгрөгөөр авсан учраас танайхтай маргах зүйлгүй, 40,000,000 төгрөгөөр худалдаад авчих, тохиролцъё гэсэн. Тухайн газарт ургамал, гол горхийг хамгаалан тэмцэх үндэсний төвийг 2011 оны 02 сарын 20-ны өдөр миний эцэг үүсгэн байгуулсан, одоо 81 настай. Миний бие гүйцэтгэх захирлын үүргийг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсээр ирсэн. Захиргааны ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй захирамжийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй гэх хариу өгсөн учраас Нийслэлийн Засаг дарга болон Газрын харилцааны албанд хүсэлтээ гаргасан. Хэлэлцэх хуралдаанд ямар нэгэн шийдвэр гаргаагүй хүлээж байна. Иймд дээр дурдсанаар захиргааны ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хууль зөрчиж газар олгосон болохыг Авлигатай тэмцэх газар тогтоосон. Үүнийг мэдэхгүйгээр тухайн газрыг ******* ХХК-д худалдсаныг хүлээн зөвшөөрдөггүй. Нийт 6 айл өрхийн 30 гаруй иргэдийн амьжиргаа яригддаг учраас гомдолтой байна. Манай байгууллага барьцааны сангийн аж ахуйн өндөр настай, өрх толгойлсон иргэдэд ногоон тэжээлээс өгдөг. Нэгэнт байгалийн хишиг буян тул эцгийнхээ байгуулсан байгууллагын үйл ажиллагааны үр шимийг өнөөдрийг хүртэл Монгол улсын ард иргэдийн сайн сайхны төлөө зориулсан.

Иймд, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан газар эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах, газар чөлөөлүүлэх, үр шим, олох байсан орлогод нийт 46,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тус газарт манайх 30 гаруй жил нутаглаж байгаа, засаг дарга нь хууль зөрчиж газар олгосон асуудлыг авлигатай тэмцэх газар шалгуулж байгаа, захиргааны хэргийн шүүх маргааныг шийдвэрлэх хүртэл уг иргэний маргааныг шийдвэрлэх боломжгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан 2021 оны 03 сарын 17-ны өдрийн ******* дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 01116-2021/03301 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2021 оны 09 сарын 22-ны өдрийн кадастрын зураг, 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 2024/37 дугаартай Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт зэргээр Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, *******ын ам гудамжинд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 219,824 м.кв /21.98 га/ талбайтай, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалттай газрын эзэмшигч нь ******* ХХК болох нь, мөн хариуцагч *******ы барьсан хашаа ******* ХХК-ийн эзэмшлийн дээрх газартай 210,074 м.кв талбайтай давхцаж байгаа болох нь тус тус тогтоогдсон.  

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.

Хариуцагч ******* нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болохоо нотлоогүй бөгөөд ...тус газарт 30 жил нутаглаж байгаа, засаг дарга нь хууль зөрчиж газар олгосон асуудлыг авлигатай тэмцэх газар шалгуулж байгаа... гэх түүний тайлбар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашиглах эрхийг түүнд олгохгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий газар олголттой холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг иргэний маргааныг шийдвэрлэж болохгүй үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Анхан шатны шүүхийн хийсэн ...нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцвал зохих этгээд нь ******* биш, ******* НҮТББ байна... гэх дүгнэлт нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар газар эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газар чөлөөлөхийг хариуцагч *******оос шаардах эрхтэй тул холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

7. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн газрыг эзэмшиж, ашигласны үр дүнд 46,200,000 төгрөгийн үр шим олж авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03618 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлийн 95.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, *******ын ам гудамжинд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 219,824 м.кв /21.98 га/ талбайтай, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоож, газар чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үр шим, олох байсан орлогод нийт 46,200,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 58 дугаар зүйлийн 58.1 ... гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, ... 49,515 ... гэснийг 70,200 гэж, ... үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 459,150 (70,200+388,950) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР