Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2016/00139

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг  даргалж, тус  шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 30 тоотод оршин суух, Хүнд овогт Шарбандийн Дагважаргалын /РД:ЕУ66061511, утас:99262370/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Төрийн банкны тооцооны төв /утас:88041900/,

 

            Хамтран хариуцагч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /утас:,,,,,,,, нарт холбогдох

 

зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Дагважаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэмбэлмаа, өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, Г.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

      Нэхэмжлэгч Ш.Дагважаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Дагважаргал миний эхнэр Б.Энхтуяа нь Шивээговийн нүүрсний уурхайд тасралтгүй 17 жил ажиллаж байгаа бөгөөд уурхайгаас манай гэр бүлд 8 хувийн зээлд хамруулан тодорхой нөхцлөөр орон сууц олгох эрх олгосон юм. Хаан банкнаас олгох зээлийн гэрээнд намайг хамтран зээлдэгчээр орох ёстой гэсэн шаардлага тавьсаны дагуу би банкинд өөрийн хувийн мэдээллээ өгтөл намайг Монгол банкны зээлийн муу ангилалд бүртгэлтэй тул хамтран зээлдэгч болохгүй боломжгүй гэсэн. Би маш их гайхаж надад ямар ч зээл, өр төлбөр аль ч банкинд байхгүй гэтэл Монгол банкны мэдээлэлд бүртгэгдсэн байна гэсэн. Тэгээд Хаан банкнаас шүүлгэж байж Хадгаламж банкны зээл болохыг олж мэдсэн. Ингээд Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч гэдэг газрыг олж очоод учир байдлаа хэлж, муу зээлдэгчийн бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 11-нд гаргахад надад зээлийн баримтуудыг Мөнхболд гэж хүн үзүүлсэн. Уг зээл нь 2007 онд миний нэрээр авсан 3 000 000 төгрөгийн зээл байсан. Тэр зээлийн баримтууд дотор миний поспартын хар хуулбар байсан. Өөр надтай холбогдолтой зүйл огт байгаагүй. Би энэ бүгдийг үзээд миний бичиг баримтын хуулбарыг ашиглан банк доторх эрх бүхий хүмүүс миний нэр дээр хуурамч зээлийн гэрээгээр зээл авсан болохыг ойлгосон. Би зээл авсан энэ хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд оршин суух нь бүү хэл очиж ч байгаагүй. Би Ховдын Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд ажиллаж амьдарч байсан юм. Иймд 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Монгол Шуудан банкны тооцооны төвөөс Ш.Дагважаргалын нэрээр байгуулж авсан 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэмбэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Төрийн банкны тооцооны төвд хандан гаргасан. Ш.Дагважаргалын нэхэмжлэл гаргасан шалтгаан нь Ш.Дагважаргал нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 14-35 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Эхнэр Энхтуяа нь Шивээговь сумын нүүрсний уурхайд тасралтгүй 17 жил ажиллаж байгаа болохоор уурхай нь 8 хувийн байрны зээлд хамрагдах эрх олгосон. Хаан банк мөн адил тодорхой нөхцлөөр орон сууц олгох эрх олгон Ш.Дагважаргалыг хамтран зээлдэгчээр орох ёстой гэсэн болохоор өөрийн хувийн мэдээллээ банкинд өгсөн. Гэтэл Ш.Дагважаргалыг Монгол банк зээлийн муу бүртгэлтэй тул хамтран зээлдэгч болох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ш.Дагважаргалын нэр дээр ямар ч зээл байгаагүй. Энэ асуудлыг эхлээд Монгол банкны бүртгэлээс асуусан. Тэгтэл Капитрон банк руу яв гэж хэлсэн. Ш.Дагважаргалыг очиход ямар ч зээл аваагүй байна гэсэн. Дараа нь Хаан банкнаас шүүлгэхэд Хадгаламж банкны зээл болохыг нь мэдсэн. Хадгаламж банк татан буугдсан болохоор Хадгаламж банкны эрх хүлээн авагч дээр очиж уулзсан. Тэгээд эрх хүлээн авагчтай уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр муу зээлдэгчээс гарах тухай хүсэлтийг гаргаж байсан. Зээлийн баримтыг Г.Мөнх-Од үзүүлсэн. Ш.Дагважаргалын нэрээр 2007 онд 3.000.000 төгрөгний зээл авсан баримт байсан. Уг баримтанд Ш.Дагважаргалтай холбоотой зүйл нь иргэний үнэмлэхний хар хуулбар л байсан, өөр зүйл байгаагүй. Зээлийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Монгол Шуудан банкны нягтлан бодогч П.Ганхолбоо гэдэг хүн авсан баримт байсан гэж Ш.Дагважаргал хэлдэг. Анх П.Ганхолбоог зээл авсан гэдгийг банкны эрх хүлээн авагчтай уулзаж мэдэж авсан. Үүнээс эхлэн өөрийнх нь бичиг баримтыг ашиглан банк доторх хүмүүс эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж зээл авсан болохыг Ш.Дагважаргал мэдсэн. Ш.Дагважаргал зээл авсан хугацаа болох 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, нотариатаар баталгаажуулсан өдөр болох 2008 онд Баянтал суманд ажиллаж, амьдарч байгаагүй гэдгээ хэрэгт авагдсан баримтуудаар нотолж чадна. Мөн банкны ажилтны эрх мэдлийн хүрээнд  авсан зээл гэдгийг банкны эрх хүлээн авагчийн баримт дотор байсан. Учир нь Ш.Дагважаргалын нэр дээр 3 удаа зээл авсан. Энэ 3 зээлийг Ш.Дагважаргал огт авч байгаагүй. Энэ зээлийн гэрээ нь зээл авч эхэлсэн үеэс эхлээд хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдэг нь энэ олон баримтаар нотлогдож байна. Төрийн банкыг хариуцагчаар татсан шалтгаан нь Монгол Шуудан банк нь татан буугдаад Хадгаламж банк болсон. Хадгаламж банк нь одоогийн Төрийн банк болсон. Энэ нь банк өөрчлөн байгуулагдахад нийтэд мэдээллэн зарлана гэж хууль, журманд заасан байдаг. Нөгөө талаас хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримт нь Хадгаламж банк Төрийн банк болсон гэдгийг нотлоно. Ш.Дагважаргалын Монгол Шуудан банкнаас авсан зээл Хадгаламж банкаар дамжин Төрийн банкинд очин муу зээлдэгчийн бүртгэлтэй болохоор Хадгаламж банкны эрх хүлээн авагч дээр ирсэн. Үүнээс үзэхэд хариуцагч нь тодорхой болж байна. Ш.Дагважаргал Хадгаламж банкны эрх хүлээн авагчтай 2-3 удаа очиж уулзаж байсан. Үүнд зээлийн холбогдолтой баримтаа авах гэж уулзсан. Гэтэл зүгээр хуулбар өгсөн. Дараа нь Хүний эрхийн үндэсний комиссоор дамжуулан тоот явуулсан. Гэтэл шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар өгч байсан. Аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Дагважаргал, Энхтуяа нар 17 жил хүнд нөхцөлд ажилласны эцэст өөрийн гэсэн орон сууцтай болох гэтэл өөрсдөөсөө шалтгаалаагүй зүйлээс болоод хохирч байна. Үүний төлөө Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яам, Нотариатчдын танхимд хандсан. Нотариатчдын танхимд хандаж шинжээч томилж өгнө үү гэж хүсч байхад хариуцлагагүй хандсан гэх зүйлээс эхлэн нэхэмжлэгчид ямар их хохирол учруулсныг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харж болно. Үүний дагуу зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Ийнхүү хууль бус үйлдлийн улмаас Ш.Дагважаргалын гэр бүл хохирч байна. Цаг хугацааны хувьд банкны эрх хүлээн авагчид хандаж эхэлсэн мөчөөс эхлээд бүтэн 1 жилийн хугацаа өнгөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хариуцагч тогтоож, нотлох баримт гаргуулахаар тодорхой хүсэлтийг удаа дараа гаргасан боловч үр дүнд хүрэхгүй байсан. Мөн хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Төрийн банкны  төлөөлөгч нь Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хариуцна гэсэн хүсэлт тайлбар гаргасан. Мөн хуурамч зээлийн гэрээг банкны эрх хүлээн авагч өөрийн мэдэлд байлгаж байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэл гаргасан. Одоо шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар хэргийн жинхэнэ хариуцагч нь тодорхой болсон гэж үзээд Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Төрийн банкны  тооцооны төвийг хариуцагчаар татсан нэхэмжлэлээсээ татгалзаж, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

         Хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Төрийн банкны тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК-ийн Говьсүмбэр салбарын харилцааны ахлах менежер С.Батчимэг би 2013 оны 10  дугаар сарын 18-ны өдөр “Тэнцлийн гадуур бүртгэлтэй сангаас хаасан зээл, авлага, барьцаа хөрөнгийн хувийн хэрэг, гэрчилгээ хүлээн авсан ажлын баримт хүлээлцсэн акт”-ыг үйлдэн “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүн М.Адилбишэд нэхэмжлэлд дурдсан зээлтэй холбоотой бүх материалыг шилжүүлэн өгсөн. Иймд нэхэмжлэлд дурдсан Ш.Дагважаргалын зээл болон холбогдох бусад материал 2016 оны 02 дугаар сарын байдлаар Төрийн банк ХХК-д бүртгэлгүй байх тул Төрийн банкны Говьсүмбэр салбарын харьяа Баянтал тооцооны төвийг хариуцагчаар татсан нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна гэв.

 

          Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монгол банкнаас Хадгаламж банкыг татан буулгах шийдвэр гарсны дагуу томилогдсон. Эрх хүлээн авагч нь Хадгаламж банкинд байсан бүх харилцагч нарын харилцах данс болох хадгаламж, хэвийн зээлтэй хүмүүсийг нь Төрийн банкинд шилжүүлэн өгч, харин муу зээлтэй хүмүүсийн зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж төрд учирсан хохирлыг төлүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талаараа Хадгаламж банкыг татан буулгах ажиллагааг хийж байна.  Мөн Хадгаламж банк нь Монгол шуудан банкны муу зээлийг 2010 онд актив, пассив шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан байдаг юм байна лээ. Энэ материал дунд Монгол Шуудан банк, Ш.Дагважаргал нарын хооронд 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байсан нь манайд шилжиж ирсэн. Үүний дагуу Хадгаламж банкны эрх хүлээн авагч ажиллагаа хийсэн боловч Ш.Дагважаргалтай холбогдож чадаагүй. Уг зээлийг банкны эрсдлийн сангаас хаасан байгаа. Ш.Дагважаргал нь орон сууцны зээл авах гэтэл Монгол банкнаас муу зээлийн бүртгэлтэй гээд арилжааны банк зээл олгохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? би зээл аваагүй гэх байдлаар ирж уулзсан. Энэ зээл 2007 онд гарсан. Бүтэн 8 жилийн хугацаа өнгөрсөн байхад дөнгөж өнөөдөр зээл авсан юм шиг гэнэт гарч ирж байгаа нь банкинд хохирол учруулж байна. Яагаад гэвэл энэ зээлийн хүү нь зогсоогүй, 8 жил бодогдоод явж байна. Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа явуулах хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл  сунгагдсан байгаа. Миний хувьд нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж яриагүй. Ш.Дагважаргалтай байгуулсан зээлийн гэрээ манай байгууллага дээр шилжиж ирсэн. Тийм болохоор манайх хариуцагч мөн. Хариуцагч биш гэж маргаагүй, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний хувьд эрх хүлээн авагчаас өгсөн итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх боломжгүй, нэгэнт зээлийн гэрээ хийгдэж, мөнгийг авсан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна байна гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Дагважаргал нь  Говьсүмбэр аймаг дахь Монгол шуудан банкны 120 дугаар салбар, иргэн Д.Дагважаргал нарын хооронд 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3000 000 төгрөгийн 101 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү хэмээн Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Төрийн банкны тооцооны төвд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг татан оролцуулахаар хүсэлт гаргажээ.

 

Гэвч шүүх хуралдаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сум дахь Төрийн банкны тооцооны төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

         

Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зүгээс уг хэргийн жинхэнэ хариуцагч нь манай байгууллага мөн хэдий ч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

 

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

          1.Хэрэгт Монгол шуудан банк хэрхэн Хадгаламж банктай нэгдэж, өөрчлөн зохион байгуулагдсан, уг зээлийн гэрээ яагаад Хадгаламж банкинд шилжиж очсон талаар албан ёсны баримтууд авагдаагүй хэдий ч хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Одын ...Монгол шуудан банк, Хадгаламж банкны хооронд 2010 онд актив, пассив шилжүүлэх гэрээ хийгдсэн байдаг юм байна лээ. Харин сүүлд нь 2013 онд Монгол банкнаас Хадгаламж банкыг татан буулгах шийдвэр гарч, Хадгаламж банкны эрх хүлээн авагчийг томилсон. Үүний үндсэн дээр Хадгаламж банкны эрх хүлээн авагчид Хадгаламж банкны чанаргүй муу зээлүүд шилжиж ирсэн бөгөөд энэ дунд Ш.Дагважаргалын зээлийн материал манайд шилжиж ирсэн гэсэн тайлбараар хэргийн жинхэнэ хариуцагч нь  Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ хэмээн тодорхойлсон.

 

Гэтэл нэхэмжлэгч Ш.Дагважаргал нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу Монгол шуудан банкнаас зээл хүсч, хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлээгүй байх бөгөөд улмаар тэдний хооронд 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3000 000 төгрөгийн 101 тоот зээлийн байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 511 тоот ...Ш.Дагважаргал нь 1989-2009 онд тус багт оршин сууж байсан тухай тодорхойлолт, мөн аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 66 тоот ...Ш.Дагвжаргал нь 2007 онд тус багт бүртгэлгүй, оршин сууж байгаагүй тухай тодорхойлолт, МОЭНКО ХХК-ийн ...Ш.Дагважаргал нь 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус компанид ажиллаж байгаа тухай тодорхойлолт, Ш.Дагважаргалын 0113158 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4765 дугаартай ”Шинжилгээнд ирүүлсэн 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ¹101 тоот “Зээлийн гэрээ”-нд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Ш.Дагважаргалын зурсан гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрч П.Гансүхийн ...би Ш.Дагважаргал гэдэг хүнийг танихгүй. Мөн би Баянтал сумын Монгол шуудан банкнаас зээл авч байгаагүй, хэн нэгний хамтран зээлдэгчээр орж зээл авч байгаагүй, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна гэсэн мэдүүлэг, гэрч Ё.Эрдэнэцэцэгийн …энэ зээлийг Ш.Дагважаргал өөрөө зээлж аваагүй, манайд теллер, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ганхолбоо авсан юм. Энэ гэрээг дотоодын шалгалт ирэхэд нөхөж бичээд тамга тэмдэг дарсан байх гэж бодоод байна гэсэн мэдүүлэг, мөн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 240 дугаартай шүүхийн шийдвэр  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Говьсүмбэр аймаг дахь Монгол шуудан банкны 120 дугаар салбар, иргэн Д.Дагважаргал нарын хооронд 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3000 000 төгрөгийн 101 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дагважаргалд олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Ш.Дагважаргалын нэхэмжлэлтэй Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Говьсүмбэр аймаг дахь Монгол шуудан банкны 120 дугаар салбар, иргэн Д.Дагважаргал нарын хооронд 2007 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 3000 000 төгрөгийн 101 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.   

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дагважаргал нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Төрийн банкны тооцооны төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Дагважаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 62 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ