Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2016/00143

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Денверийн гудамжны 79 дүгээр байрны 175 тоотод оршин суух, Хатиган овогт Болдхүүгийн Анхныбаяр /РД:СЩ82101102, эмэгтэй, утас: 99264933/-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 8-121 тоотод оршин суух, Бага Монгол овогт Дэмбэрэлийн Байгалцэцэг / РД:ЕЙ70092527, эмэгтэй, утас: 99022115/-т холбогдох зээлээр авсан  барааны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Б.Анхныбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Нарантуул зах дээр гоо сайхны бараа зардаг бөгөөд Д.Байгалцэцэг надад утсаар захиалга өгөөд бараа авдаг ба 29-68 ГСА гэсэн улсын дугаар бүхий автомашинд ачуулчихаач гэж гуйгаад би ачиж явуулдаг байсан. Д.Байгалцэцэг бараа авчихаад төлбөрийн зарим хэсгийг нь дараа төлье гэж гуйдаг байсан бөгөөд тухайлбал 3 200 000 төгрөгийг бараа авчихаад 2 500 000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн мөнгийг 7 хоногийн дараа төлье гэдэг боловч төлөхгүй хойшлуулах зэргээр хүндрэл учруулдаг байсан боловч аль болох хамтарч ажиллахын тулд хүлээцтэй ханддаг байсан. Гэтэл сүүлийн тооцооноос 500 000 төгрөг дутуу төлчихөөд мөнгөө төл гэхээр өөдөөс НӨАТ-ын падаан нэхсэн. Тэгэхээр нь би түүнд 2 удаа 8 сая гаруй төгрөгийн бараа авсан баримтыг “Глобал бридж” компаниас НӨАТ бичүүлж аваад Д.Байгалцэцэгт юм бодолгүй өгчихсөн. Гэтэл Д.Байгалцэцэг нь үүн дээр дөрөөлж, хамгийн анх 12 сая төгрөгийн НӨАТ-ын баримт нэхэж байсан боловч дараа нь 24 сая төгрөгийн, сүүлдээ 32 сая төгрөгийн НӨАТ-ын баримт нэхэх болсон. Би түүнд 17 сая гаруй төгрөгийн НӨАТ-ын падаан бичүүлж өгсөн. 500 000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэдгээ Д.Байгалцэцэг нь өөрөө зөвшөөрч, мессеж бичиж байсан боловч зөрүүлээд үндэслэлгүйгээр НӨАТ-ын падаан нэхээд дарамтлаад байгаа юм. Иймд зээлийн барааны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Анхныбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Байгалцэцэгээс миний нэхэмжилсэн 500 000 төгрөг дансанд минь орж ирсэн нь үнэн болно гэжээ.

 

Хариуцагч Д.Байгалцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Нарантуул захад хувиараа худалдаа эрхэлдэг Б.Анхныбаяраас 2016.01.08-ны өдрөөс 2016.08.01-ний өдрийг хүртэл нийт 10 удаагийн давтамжаар  32 200 000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Худалдан авалт хийсэн бараандаа НӨАТ-ын баримт нэхэхэд “захууд ороогүй байгаа, сүүлд нэгдсэн журмаар орохоор нөхөөд бичээд өгье” гэсээр байгаад 05 сар болгосон.  Хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр татсан барааны үнийн дүн болох 2 169 270 төгрөгийн 1 669 270 төгрөгийг төлөөд 500 000 төгрөгийг шилжүүлээгүй үлдээсэн юм. Гэхдээ энэ мөнгийг анх дутуу худалдан авсан барааны НӨАТ-д суутган тооцох санаатай дутуу төлөөгүй, яг тухайн үеийн бэлэн мөнгөний нөхцөл тийм байсан учир дараа тооцоогоор хийхээр түр үлдээсэн байсан юм. Сүүлдээ борлуулагч маань НӨАТ өгөхгүй гээд их ширүүн загнаад байсан учир миний зүгээс “Чи манайд өгөх ёстой НӨАТ-ын тайлангаа шивж өгөө, үгүй бол барааны үлдэгдэл мөнгө болох 500 000 төгрөгийг чинь өгөхгүй гэсэн  тайлбар хэлээд мөнгийг шилжүүлээгүй байсан юм. Шүүхээс борлуулагчийн гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад тус өдрийн 08 цаг 23 минутад иргэн Б.Анхныбаярын ХААН банкны 5013071299 тоот дансанд 99022115 гар утаснаас мобайл банкаар шилжүүлсэн болно гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Анхныбаяр нь Д.Байгалцэцэгт холбогдуулан зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хариуцагч Д.Байгалцэцэг нь нэхэмжлэлийн хувийг гардан авсаны дараа уг 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Анхныбаярын банкны дансанд шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн тухай маргаангүй тайлбарыг талууд шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 6000 төгрөгнөөс 7 825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 8 175 төгрөгийг /илүү төлсөн 350 төгрөгийн хамт/ орон нутгийн төсвийн орлогоос буцаан, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн  тавин хувь болох 7 825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Анхныбаярын нэхэмжилсэн зээлийн барааны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Байгалцэцэг нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 6000  төгрөгнөөс 8 175 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 7 825 төгрөг гаргуулж тус тус  нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ