| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 101/2023/06105/И |
| Дугаар | 223/МА2025/00023 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 223/МА2025/00023
2025 6 19 223/МА2025/00023
Б.А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00540 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: .................................................. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........................................................-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .................... дүүрэг .............. хороолол, ................. тоотод оршин суух ............. овогт Б.А
110,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2016 оны 10 дугаар сард би компьютерын шинжлэх ухааны мастер хамгаалахаар Америкийн Нэгдсэн Улс руу ганцаараа явсан. Б.А2017 оны 3 дугаар сард ирж бид Америкийн Нэгдсэн Улсад хамт амьдрах болсон. Би ажил хийж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан бөгөөд сургуулиа төгсөөд 2017 оны 8 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсын “Амазон” ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх инженерийн ажилд, 2010 оны 6 дугаар сараас Google ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх ажилд орж ажилласан.
Би цалингаараа өмнө байсан оюутны өрөө дуусгаад дараа нь эхнэртэйгээ Монголд байр авъя гэж яриад байрны мөнгө цуглуулахаар болсон. 2019-2021 оны 3 дугаар сар гэхэд гуч гаран мянган ам.доллар цуглуулсан байсан. Нэг удаа эхнэр надад 3 хувийн зээл Монголд гарч байгаа гэнэ. Ах Б.Б300,000,000 төгрөгийн зээл гаргуулахын тулд 100,000,000 төгрөгтэй дүйцэхүйц байртай байх шаардлагатай юм байна. Энэ зээлийг гаргуулчих юм бол дор нь мөнгийг чинь буцаагаад өгнө гэж байна. Иймд намайг мөнгөө өгчих гэж хэлсэн. Би эргэлзээд яах юм бэ хэрэггүй гээд хэлтэл манай эхнэр ах Б.Б-т нэг л удаа тусалъя гэсэн. Мөн Б.Бнад руу утсаар яриад мөнгө зээлчих, найдвартай, 7 хоногийн дараа, үсрээд нэг сарын дараа буцаагаад өгнө гэсэн. Би итгээд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,500 ам.долларыг Б.Билгүүнбаярын Худалдаа хөгжлийн банк дахь 452644351 тоот данс руу АНУ-аас шилжүүлсэн.
Нэг сарын дараа мөнгө буцааж авах талаар хэлсэн, Б.Бнь шалтаг тоочиж улмаар өгөхгүй, Монголд ирвэл чинь ална шүү гэх зэргээр хэлж зээлийг буцааж өгөхөөс татгалзсан. Доллар зээлсэн үеэс хойш мөнгөний ханш унаж Америк доллар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нэг доллар 3407.88 төгрөгийг ханштай байна.
Одоогийн ханшаар тооцвол 31 500*3407.88=107 348 220 төгрөг болох ба анх доллар зээлсэн үеийн ханшны зөрүү 17,573,220 төгрөг болж байна.
Энэ 17,573,220 төгрөгийг гэрээний үүргээ зээлдэгч хугацаанд нь биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол гэж тооцон нэхэмжилнэ.
Зээлдэгч нь хугацаандаа үүргээ биелүүлээгүйн улмаас түүний араас удаа дараа мөнгөө нэхэх, хууль зүйн туслалцаа авах зэргээр гарсан зардал 2,901,780 төгрөг болж байгаа тул энэ мөнгийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учруулсан хохиролд тооцон нэхэмжилнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэлээр нэг долларыг тухайн үеийн ханштай уялдуулан үндсэн зээл 89,775,000 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учруулсан хохирол 17,573,220 төгрөг, мөн зээлийг хугацаанд нь авч чадаагүйн улмаас гаргасан зардал, хохирол 2,901,780 төгрөг нийт 110,250,000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.
2. Хариуцагч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх иргэн Б.Алтжинтай харилцан тохиролцож байр худалдаж авахаар ярьсан. Улмаар байр захиалсан. Захиалга авсан компанийн барилгын ажил удааширсан...” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбарыг бүрэн дэмжиж байгаа.
Зээлийн гэрээний дагуу 89,775,000 төгрөг, хохирол гэх 17,573,200 төгрөг, зардал гэж 2,901,780 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.А Б.Б-тай зээлийн гэрээний талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй ба Б.А-аас зээл авах, зээлийг буцаан төлөхөөр анх тохиролцсон. Мөн талуудын хооронд бичгээр болон амаар хэлцэл хийгдээгүй ба хохирол, зардлын талаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 110,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах үедээ 31,500 ам доллар буюу 1 ам долларыг 3500 төгрөгөөр тооцож гаргасан талаар шүүх хуралдаанд тайлбарладаг. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлага нь анх шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг үеийн ханшаар тооцож гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа хохирол, зардлаар тооцож гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Иймд Б.А, Б.Бнарын хооронд зээлийн хэлцэл, гэрээ байгуулагдаагүй, хохирол, зардал төлөх талаар хэлцэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс Б.Ааас 31,000 ам.долларын зээл авах хэлцэл, гэрээ хийгээгүй нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.1-т зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ханшаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Хохиролд 17,573,220 төгрөг нэхэмжлээд байна. Б.ББ.Аын өмнө үүрэг хүлээгээгүй учраас торгууль алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй. 2,901,780 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, ирж очсон бензин тос, унаа тэрэгний зардал гэж байна. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрвээ шүүх талуудын хооронд хэлцэл хийсэн, хэлцлийн дагуу төлөх нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бол шилжүүлсэн 89,775,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү” гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Б.Б-аас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 639,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00540 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Б.А болон Б.Бнарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хариуцагчаас 107,635,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, хариуцагч Б.Бнь өөрийн төрсөн дүү болох гуравдагч этгээд Б.А-аас 2021 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод хямд байр байна, авах гэсэн юм мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам доллар нийт 31,500 ам долларыг зээлж авсан.
Гэтэл анхан шатны шүүх Б.А, Б.Бнарын хооронд зээлийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримттай нийцэхгүй.
Хариуцагчийн зүгээс Б.Атай зээлийн харилцаа байхгүй, харин Б.А-тай анх зээл авах талаар харилцан тохиролцсон ба Б.Аын данснаас орж 31,500 ам.долларыг Б.А-сорж ирсэн гэж үзсэн ба Б.Алтжинд буцаан төлөх үүрэгтэй гэж үзсэн.
Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргасан тайлбартаа Б.Б-тай зээлийн тохиролцоо бидний дунд хийсэн ч Б.Аын 31,500 ам долларыг хэн ч авсан бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай тул шүүхийн шийдвэр гарсны дараа хувааж авах боломжтой талаар тайлбарладаг.
Гуравдагч этгээдийн хариу тайлбарын дагуу Б.Бнь Б.Ааас орж ирсэн 31,500 ам.долларыг буцаан төлөх боломжтой гэж үзэж байгаа.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Б.А, Б.Бнарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Б.Бзээлийн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй ба Б.Бнь Иргэний хуулийн 492 дугаар зүлийн 492.1-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан ба анх 31,500 ам долларыг шилжүүлэх үеийн 2021 оны 4 дүгээр сарын 13-15-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш 2849 төгрөг байсан нь хавтас хэрэгт авагдсан Монгол банкны албан ёсны ханшийн мэдээгээр нотлогдоно.
Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 31,500 ам долларыг 2849 төгрөгөөр үржүүлэн тооцоход 89,750,000 төгрөг байна.
Хариуцагчийн зүгээс Б.А-сзээлсэн зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөгийг төлсөн ба гуравдагч этгээд авсан талаар маргаагүй.
Харин тус 3,000,000 төгрөгийг өөр бусад асуудал гэж үзэж зээлийн төлбөр 39,750,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 31,500 ам долларыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ханш болох 3417 төгрөгөөр тооцож 107,635,000 төгрөг гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна,
Тодруулбал, талуудын хооронд шилжүүлсэн 31,500 ам долларыг шилжүүлэх өдрийн ханш буюу 2849 төгрөгөөр тооцох атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн Монгол банкны ханш 3417,79 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо зээлийн төлбөр 39,750,000 төгрөг ба зээлээ хугацаанд төлөөгүй хохирол 17,573,220 төгрөг, зээлийг хугацаанд авч чадаагүй зардал хохирол 2,901,780 төгрөг гэж тус тус тодорхойлсон.
Б.Бзээл авсан 31,500 ам доллар 2849 төгрөгөөр тооцон 89,750,000 төгрөгийг Б.А-д төлөхийг зөвшөөрсөн ба бусад хохирол, зардалд 20,475,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.А болон Б.Бнарын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, мөн хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээний хэлцэл байгуулагдаагүй учир хохирол, зардлыг төлөх үүрэг байхгүй болно.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00540 дугаар шийдвэрээр Б.Б-аас гаргуулсан 107,635,000 төгрөгөөс Б.А-д төлсөн 3,000,000 төгрөг, хохирол тооцсон 17,885,000 төгрөг нийт 20,885,000 төгрөгийг хасч тооцон 86,750,000 төгрөг болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6. Нэхэмжлэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Б.Абид хоёр нэг гэр бүлийн хүмүүс. "Зээл өгье" гэсэн шийдвэр миний зүгээс гарсан. Зээл авсан этгээд надаас л зээлсэн гэсэн үг. Хариуцагч Б.Бнь манай эхнэрийн ах байсан учраас Б.А-тай холбогдоод надаас зээл авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаа "... Би 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 ам.доллар, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 ам.доллар, нийт 31,500 ам.долларыг Б.Билгүүнбаярын Худалдаа хөгжлийн банк дахь 452644351 тоот данс руу Америкийн Нэгдсэн Улсаас шилжүүлсэн... Б.Бнь утсаа авахгүй таг болсон...зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 31,500 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож үндсэн зээл 89,775,000 төгрөг, анх доллар зээлсэн үеийн ханшны зөрүү 17,573,220 төгрөг, зээлийг хугацаанд нь авч чадаагүйн улмаас гаргасан зардал, хохирол 2,901,780 төгрөг, нийт 110,250,000 төгрөг Б.Билгүүнбаяраас нэхэмжилж байна..." гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.Бнэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх иргэн Б.Алтжинтай харилцан тохиролцож байр худалдаж авахаар ярьсан. Улмаар байр захиалсан. Захиалга авсан компанийн барилгын ажил удааширсан...” гэж тайлбарласан.
3.Талууд 31,500 ам.долларын үнийн дүн болон доллар шилжүүлсэн, долларын ханшийн талаар хэн аль нь маргаагүй байна.
4.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Б.Билгүүнбаяраас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
5.1. Нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн тохиолдолд уг эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж, нэхэмжлэлийг хангах, эсхүл зарим хэсгийг хангах, заримыг хэрэгсэхгүй болгох, бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж шийдвэрлэх юм.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэг 89,775,000 төгрөг болон долларын ханшийн зөрүү 17,573,220 төгрөгийн шаардлагыг шийдвэрлэж, бусад зардалд нэхэмжилсэн 2,901,780 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх уг үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
5.2. Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар "Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал"-ыг баталсан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан хэлбэр, бүтэц болон дээрх аргачлалын дагуу шүүхийн шийдвэрийг боловсруулах учиртай.
Мөн шүүхийн шийдвэрийн "Тодорхойлох" хэсэг нь хэргийн оролцогчоос тухайн хэргийн талаар гаргаж байгаа бүх мэдээллийг агуулсан байх учиртай бөгөөд үүний ач холбогдол нь үндэслэх хэсэгт маргааны үйл баримтыг тогтоох, тэдний хооронд үүссэн харилцаа, шаардах эрхийг тодорхойлох, нотлох баримтыг харьцуулан үнэлж, дүгнэлт өгөх суурь болдог.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн "Удиртгал" хэсэгт шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А оролцсон талаар нэрлэн заасан байх боловч "Тодорхойлох" хэсэгт тэдгээрийн тайлбар, татгалзлын үндэслэл, гуравдагч этгээдийн тайлбарын талаарх зохигчийн байр суурийг огт бичээгүй байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
6. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдаануудыг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын "...хохиролд тооцсон 20,475,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэх зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
7. Хэргийг дээрх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,375 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж хариуцагч Б.Б-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317/ШШ2025/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,375 /хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун далан тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
А.ЦЭРЭНХАНД