Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01203

 

  *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/05152 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.  

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тул даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй ... гэсэн агуулгаар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.  Талууд 2024 оны 05 сарын 08-ны өдөр ******* дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******улсын дугаартай, Toyota Wish маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд, эрүүл мэндэд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгуулж, даатгалын хураамжид 23,760 төгрөг төлжээ.

4. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2024 оны 08 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ******* нь *******улсын дугаартай, Toyota Wish маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан, үүний улмаас иргэн *******од 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

5. ******* ХХК нь 2024 оны 07 сарын 17-ны өдөр *******той байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /автомашин/-ний үндсэн дээр *******улсын дугаартай, Toyota Wish автомашины өмчлөлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн үйл явдал нь даатгагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэл биш.

******* ХХК-ийг *******улсын дугаартай, Toyota Wish автомашины бодит өмчлөгч гэж үзэхгүй.

6.  Түүнчлэн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн ******* дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ нь эд хөрөнгөд бус харин жолоочийн хариуцлагад чиглэсэн даатгалын гэрээ болно. 

7. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хэлэлцэн тохирсон нөхөн төлбөрийг төлөхийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй, улмаар хариуцагч талын гаргасан ... тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотой шинээр албан журмын даатгалын гэрээ байгуулагдаагүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй ... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх даатгалын гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ гэм хорын зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/05152 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...497 дугаар зүйлийн 497.1 ... гэснийг ...431 дүгээр зүйлийн 431.1 гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 05 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР