Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Захирагч овогт Доржийн Б /ДИ89072616/-д  холбогдох 1916002460120 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ..-ны   өдөр  төрсөн, 30   настай,  эрэгтэй,   боловсролгүй,   мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .. оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, З овгийн Д-н Б,

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн Бумбаны урд салаа гэх газарт иргэн Б.Бяыг зодож, биед нь тархины доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, толгойн оройн зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг  дүгнэхэд 2019 оны 7 сарын 22-ны өглөө 05-06 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн нутаг Бумбаны урд салаа гэх газарт шүүгдэгч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бяыг ташуураар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан  шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна  гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Орой Бяынд очиход хойно манай дүүгийн хүүхдийн даахинд очъё гэхээр нь хамт очсон. Буцаж явахдаа Бя намайг Бумбаны урсгал гэдэг газар орхиод явсан. Тэгээд араас нь алхаад ирэхэд хазаар байхгүй байсан. Хазаар яасан юм бэ? гэхэд чи авъяасаараа олж ав гэж хэлэхээр нь би Бяыг цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бяын мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 07-р сарын 22-ны өглөө үүрээр 05-06 цагийн үед Цогт сумын Баян-Өндөр багийн нутаг Бумбаны урд салаа гэх газарт гэртээ байж байхад Б гэх залуу манай гэрт ирж намайг ташуураар зодсон. Намайг тэр Б гэгч зодохдоо чи намайг адуу хулгай хийж хүнд зарсан гэж хэлсэн байна лээ гэж ирээд толгой руу минь ташуураар 2-3 удаа цохьсон... Миний хаана ч хамаагүй цохиж байсан. Цохисоор байгаад ташуураа хугалсан. Ташуураа хугалахдаа толгой дээр минь цохиж хугалсан. Ташуур нь хугарсан байсан ч намайг түүгээрээ үргэлжлүүлэн цохисоор байсан.  Гэтэл манай хаяаны айлын хүргэн У гэх залуу гарч ирээд Быг холдуулж надаас салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

 

Гэрч А.Уын мөрдөн байцаалтад өгсөн "... Тэр шөнө би хадам аавындаа эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байхад өглөөний 05 цагийн үед Бя гэдэг хүн манайд орж ирээд ахыг нь хүн зодчихлоо гэсээр орж ирсэн юм. Архи уучихсан байсан болохоор нь би тэр ахыг алив та гэрээс гар хүүхэд айлгачихна гэж хэлсэн. Гэтэл надаас цагдаагийн утасны дугаар нь байна уу чи мэдэх үү гэсэн. Тэгэхээр нь би утсыг нь сайн мэдэхгүй гэж хэлтэл гэрээс гараад явсан. Бяыг гараад явсны дараа Б гэх хүн манайд орж ирээд ахынхаа морины хазаарыг үзэв үү? гэж асуусан.  Би үзээгүй тул мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр Б гэх хүн гэрээс гараад явсан. Би босож хувцаслаад нүүр гараа угаах гээд ус саванд хийж байтал Бяын эхнэр орж ирээд миний дүү Быг салгаадхаач Бяыг зодоод алах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Бяын гэрийн гадаа очоод Быг Бяоос салгаж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч П.А-н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 07 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баян-Өндөр багийн Бумбаны урд салаа гэх газарт байх манай гэрийн хаяаны айлын эзэн Бя ахыг гэрийнх нь гадаа Б гэх нутгийн ах өглөөний 05-06 цагийн хооронд өөрийнхөө барьж явсан ташуураар учир зүггүй зодож эхэлсэн. Хэдэн удаа цохисоныг нь тоолоогүй, толгой руу нь ташуураа хугартал цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч Б.О-ын "... 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө манай нөхөр Бя нь айлд очиж ирээд гэрлүүгээ орох гэтэл Б араас ирээд ташуураар Бяын толгой руу цохиод авсан. Бя бид 2 гэрийн гаднаас гэрлүүгээ орох гэж явсан юм. Бя яагаад чи намайг цохив гэтэл Б нь унагааж байгаад Бяыг барьж явсан ташуураараа Бяын толгой руу нь цохисоор байгаад ташуураа хугалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Д-йн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №231 дугаартай "...Б.Бяын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, толгойн оройн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/, эд мөрийн баримтаар түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж үйл баримтыг тогтоосон байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Быг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Бы хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн бөгөөд Бяод 500.000 төгрөг өгч хохиролыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт хавтаст хэрэгт бэхжигдсэн байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Бы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнд уг зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  прокурор 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Быг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд  дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

“...Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох санал оруулж байна...” гэх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн “...2019 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө иргэн Бяыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Үйлдэл болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол 500.000 төгрөгийг барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч 600.000 төгрөгөөр торгох санал оруулж байна. Үүнийг тодорхой хэмжээгээр хөнгөрүүлж багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтүүд түүнчлэн Д.Бы гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь хугархай ташуур нь манай аавын ташуур тул буцааж авах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугархай ташуурыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Д-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хугархай ташуурыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц ялтан Д.Бд буцаан олгосугай.

6.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА