Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01204

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03763 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд нийт 56,656,400 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний охин ******* нь одоо 15 настай бөгөөд 2023 оны 07 сарын 26-ны өдөр *******аар үсэндээ сор тавиулах үйлчилгээ хийлгэх явцдаа *******ын буруутай үйлдлийн улмаас хохирч хүндэвтэр гэмтэл авсан. Улмаар цагдаад гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2024 оны 08 сарын 13-ны өдрийн 845 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Ингэхдээ насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар иргэн *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Миний охин эмнэлгийн байгууллагаар үзлэг, шинжилгээ хийлгэж 10 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бүтэн наркозтой хагалгаанд орох шаардлагатай болсон ба уг үзлэг, шинжилгээ, эмчилгээний зардалд нийт 1,384,000 (памперс 14,000, клизм 5,000, бинт 11,000, боолт 40,000, тос 48,000, ариутгалын бээлий 15,000, эм 51,000, нөхөн сэргээх эмчилгээ 1,200,000) төгрөг зарцуулсан. Мөн охиноо эмнэлэгт үзүүлж тээвэрлэхэд 99,000 төгрөгийн шатахуун зарцуулсан. Охиноо хагалгаанд ороход нь сахиж, эмнэлгээс гарсны дараа 4 цагийн зайтай өдрийн 3 удаа боолт хийлгэж, нөхөн сэргээлгэх эмчилгээнд хүргэх 2 сарын хугацаанд би ажил хөдөлмөр эрхлээгүй, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Миний бие хувиараа хоол хийж хүргэх, сормуус суулгах гоо сайхны үйлчилгээ хийдэг ба сард дунджаар 20,000,000 төгрөгийн орлого олдог. Энэ орлогоосоо зээлээ төлж, гэр бүлээ авч явдаг байсан. Иймд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй үеийн орлого 40,000,000 (20,000,000*2 сар) төгрөг нэхэмжилнэ. Өдөрт олох ёстой байсан орлогыг сүүлийн 6 сарын дансны хуулганы дунджаар тооцсон болно. Мөн тус гэмт хэргийн улмаас миний охины сэтгэцэд 2-р зэргийн гэмтэл тогтоогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлэхэд 15,173,400 төгрөг болно. Охины хуйх одоо болтол эдгэрээгүй, халцарсан хэсэгт дахин хэзээ ч үс ургахгүй гэсэн, халцарсан хэсгийн хуйх одоо ч таталдаж өвдөж байгаа, охин хүүхдийн эрүүл мэндийг насан туршид нь хохироосон учир өндөр дүнгээр тооцож хохирлыг нь барагдуулах ёстой гэж үзэж байна.

Иймд, гэм хор хохиролд нийт 56,656,400 төгрөг (1,384,000 + 99,000 + 40,000,000 + 15,173,400) гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: 2023 оны 07 сарын 20-ны өдөр хавьцаа ******* охинтойгоо манай салонд орж ирээд, охиныхоо үсэнд сор тавиулна гэсэн. Эхлээд 15-20 минут байлгаад, усан цэнхэр өнгөтэй маникюр түрхсэн. Би охины үсийг түлсэн гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл 2 удаа угаалт орсон. Эхлээд сайн угаахгүй бол болдоггүй, 2 дахь удаагаа угаалт орж байхад түлэгдэх ёсгүй. Сүүлд нь бодоод байхад усан цэнхэр өнгийн маникюр орсон байна лээ. Тухайн үед зүгээр сууж байгаад үйлчилгээгээ аваад явсан. Гэтэл түлэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд хамт түлэнхийн төв рүү явсан. Гэтэл түлэгдсэн байна үсийг нь хусаж байж цэвэрлэнэ гэсэн. Тухайн үсийг нь хусахад үс нь шарлаагүй байсан. Тэгэхээр шарх байж байгаад халаалтын явцад сэдэрсэн болов уу гэж бодсон. Түлэгдэж байхад хүмүүсийн нулимс нь гоожоод болъё гэж хэлдэг. Хэзээ хойно нь ингэж хэлж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Хуйх шархтай, эмзэглэлтэй байсан нь халаалтын явцад сэдэрсэн байх магадлалтай. Харин супранд түлэгдсэнийг зөвшөөрөхгүй. Гэмтлийн эмнэлэг болон нэхэмжлэгчийн гэр хоорондоо ойрхон алхаад очдог. Хамт алхаад боолтыг цуг хийсэн. Зардал материалыг нь өгч байсан. Нөгөө талаас хими будаг, супранаас болсон талаар баримт авагдаагүй.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэж байгаа зардал нь үндэслэлгүй гэж бодож байна. Хариуцагчийн хувьд хүүхдийн үсийг түлсэн нь буруу. Зохих ёсны төлөх ёстой мөнгөө төлөх хэрэгтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас нийт 8,344,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 48,311,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 148,462 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5.  Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 3,000,000 төгрөг хасахгүй шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зүйл заалтыг зөрчсөн. Төлбөр төлсөн гэх ******* ХХК-ийн 2024 оны 08 сарын 30-ны өдрийн НӨАТ-ын 1,200,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна энэ 1,200,000 төгрөгийн баримт нь хугацааны хувьд 2.5 сарын дараа төлөгдсөн баримт байна. *******ийн эмчилгээ сувилгааны зардлын баримт мөн эсэх, ямар үйлчилгээ аваад ямар үндэслэлээр 1,200,000 төгрөг болж байгаа эсэх, үүнийг нэхэмжлэгч тал өөрөө төлсөн эсэх, эсхүл тухайн эмнэлгээс үйлчилгээ авсан бусдын төлбөрийн баримтыг хэрэгт хавсарган өгсөн эсэх зэрэг нь нарийвчлан баримтаар тогтоогдохгүй байхад шаардлага хангахгүй эргэлзээтэй, хэрэгт шууд ач холбогдолтой болох нь тогтоогдохгүй баримтыг үндэслэн бодит хохирлын хэмжээг ихэсгэж шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй болно.

5.2. ******* нь 2024 оны 01 сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 01 сарын 13-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 01 сарын 14-ний өдөр 250,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг *******ийн хохиролд тооцон шилжүүлсэн. Гэтэл шүүх хэт явцууруулан үс суулгах зориулалтаар шилжүүлсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* мөнгө шилжүүлсэн дансны хуулганы гүйлгээний утгаас харахад үс суулгах зориулалтаар гэж мөнгө шилжүүлээгүй нь тодорхой байдаг. Анхан шатны шүүх хуралд 1,800,000 төгрөгийн талаар өмгөөлөгч ******* нэхэмжлэгч талаас асуухад 1,800,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зөв гэж зөвшөөрсөн байхад шүүх хэт нэг талыг баримталж, нотлох баримтыг буруугаар тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.3. ******* миний хувьд анх өөрийн гэм буруу байна гэж ойлгон *******т учирсан хохирлыг арилгах гэж хичээж байсан. Тиймээс *******т анхаарал тавьж тухайн үед эмчилгээ сувилгаанд хамт явж, шаардлагатай зардал, материал, тосыг авч өгч байсан. Дараа нь бусдаас зээлж хохиролд 1,800,000 төгрөг төлсөн байдаг. Хэдийгээр миний зүгээс эмчилгээ сувиллын зарим нэг зардлыг тухайн үед бодитоор гаргаж байсан ч энэ талаар маргаж хасуулах гээгүй зөвхөн хохиролд тооцон шилжүүлсэн 1,800,000 төгрөгийг бодит хохирлоос хасаж тооцох нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* ХХК-д төлсөн эмчилгээ сувилгааны зардал гэх 1,200,000 төгрөг, мөн *******аас хохиролд тооцон шилжүүлсэн 1,800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гомдолд дурдсан 1,200,000 төгрөгийн тухайд баримтыг үнэн, зөв эсэх талаар анхан шатны шүүхэд маргаагүй учраас тодорхой тайлбар өгөгдөөгүй. Нэхэмжлэгч баримт, эмнэлэгт үйлчлүүлсэн талаар тодорхойлолтыг эх хувиар нь өгсөн. Хариуцагч зөвшөөрөхгүй байсан бол нотлох баримтыг шалгуулах хүсэлт гаргах боломжтой байсан хэдий ч хүсэлт гаргаагүй. 1,800,000 төгрөгийн тухайд анхан шатны шүүх хуралдааны явцад зохигч мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгчээс үс суулгуулах төлбөр болгож авсан талаар тайлбартаа дурдсан. Цаашид дахин хагалгаанд орох шаардлагатай ба хагалгаанд орсны дараа дахин үс суулгуулах эмчилгээ хийгдэнэ.

Иймд, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд нийт 56,646,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хариуцагч ******* нь 2023 оны 07 сарын 26-ны өдөр Сувд нэртэй үсчний газарт насанд хүрээгүй охин *******ийн үсийг засах үедээ түүний хуйханд Супра нэртэй үс цайруулах үйлчилгээтэй химийн бодис түрхэж, хэт удаасны улмаас насанд хүрээгүй охин *******ийн эрүүл мэндэд зулайн хуйханд түлэгдэлтийн гүн сорвижил гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан;

3.2. Прокурорын байгууллагаас хариуцагч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоосон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй охин *******ийн эрүүл мэндэд гэм хорын хохирол учирсан байна гэж зөв дүгнэж, нэхэмжлэгч ******* нь хууль ёсны төлөөлөгчийн хувьд охины өмнөөс түүний эрүүл мэнд, сэтгэцэд учруулсан хохирлыг шаардах эрхтэй гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасантай нийцжээ.

5. Анхан шатны шүүх насанд хүрээгүй охин *******т учруулсан гэм хорын хохиролд хариуцагч *******аас нийт 8,344,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэнд буюу нэхэмжлэлийн шаардлагаас 48,311,900 төгрөг (эм, эмчилгээний зардлаас 184,000 төгрөг, шатахууны зардал 99,000 төгрөг, олох байсан орлого 40,000,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хороос 8,028,900 төгрөг)-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөхгүй.

6. Харин анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 8,344,500 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

6.1. Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн эрхэлдэг ******* сэргээн засах сувиллын тодорхойлолтыг ******* ХХК-аас олгосон эмнэлэг, рашаан сувилал гэсэн утгатай НӨАТ-ын баримттай харьцуулан үзвэл, 15 настай охин ******* нь толгойн үстэй хэсгийн химийн түлэгдлийн дараах үлдэц сорви гэсэн оноштойгоор тус сувилалд 2024 оны 06 сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 15 хоног нөхөн сэргээх, физик эмчилгээ, амьд зөгийн хатгуур эмчилгээ хийлгэж, төлбөрт нь 1,200,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд ... анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт үнэлж, хэн ямар үйлчилгээ авч, хэдэн төгрөг төлсөн нь мэдэгдэхгүй баримтаар хариуцагчаас мөнгө гаргуулж шийдвэрлэсэн ... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.2. Хэрэгт авагдсан Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл-д нэхэмжлэгч ******* нь ... дахин үс ургах боломжгүй болсон, ******* нь 2024 оны 01 сард 3 хувааж 1,800,000 төгрөг өгсөн ... гэж, хариуцагч ******* нь ... үс шилжүүлэн суулгах эмнэлэгт хандан үзүүлсэн чинь эмчилгээтэйгээ нийлээд 1,800,000 төгрөг болж байсан, ... тэгээд би охины ээжийн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн ... гэж тус тус мэдүүлсэн болох нь тусгагджээ.

Иймд ... хариуцагчаас хохиролд тооцон шилжүүлсэн 1,800,000 төгрөгийг анхан шатны шүүх хэт явцууруулан үс шилжүүлэн суулгах зориулалттай шилжүүлсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй ... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

8. Харин хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү шилжүүлсэн 37,600 төгрөгийг шүүхийн магадлалаар буцаан олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 13-ны өдөр илүү төлсөн 37,600 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан *******т буцаан олгож, 2025 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР