Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 201/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ш-т холбогдох 1916000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б-н Ш.

Шүүгдэгч Б.Ш-н 2019  оны  06  дугаар  сарын   14-ний  өдөр  Говь-Алтай  аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойт  0-0  тоотод байрлах байшинд нэвтрэн орж хохирогч М.С-н өмчлөлийн 12,8 кг ноолуур хулгайлан авч,
1.088.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Ш-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хажуу айлын хаалга онгорхой шар ууттай ноолуур байхаар нь аваад доошоо ажил руугаа алхсан ... Энэ үйлдэл миний буруу. Намайг хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү? ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Ш-н мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин өгсөн “...2019 оны 06 сарын 14-ний өглөө 07, 08 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд манай хажуу айлын үүд нь онгорхой үүдний таамбарт нь шар өнгийн 50-н шуудайтай ноолуур байх шиг байхаар нь би таамбар луу нь орж уг шуудайтай ноолуурыг авч яваад ажлын байрандаа үлдээгээд 13, 14 цагийн үед ажлын урд зогсож байхад манай ажлын Б-тэй тааралдаад Б ахыг гуйж уг авсан ноолуураа захын урд байдаг "Өгөөж" гэх нэртэй түүхий эдийн төвд очоод жинлэхэд 12,8 кг болж 1 килограммыг нь 85.000 төгрөгөөр бодож 1.088.000 төгрөгөөр худалдсан Тэгээд би эмнэлэг дээр очоод Ба гэх эмнэлэгт ажилладаг жолоочид 800.000 төгрөгийг хадгалж бай гэж өгсөн. Надад өөрт 288.000 төгрөг үлдээд тэр мөнгөөр архи авч уусан....” гэсэн мэдүүлэг /ХХ56-58/, 

Хохирогч М.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Халиун сумаас аймаг дээр ирээд өөрийн хамаатан садан болох Жаргалантын хороонд гэр нь байдаг Ч эгчийнд ирсэн. Тэгээд би гэрээсээ авч ирсэн 50-н шар шуудайтай ноолуурыг Ч эгчийн байшингийн таамбарт нь тавиад амарсан юм. 2019 оны 06  дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд таамбарт үлдээсэн байсан ноолуур алга болсон байсныг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /ХХ26-29/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... Нэгдсэн эмнэлэг дээр байж байхад Ба, Ш бид 3 миний унадаг “пикап” маркын машинтай хамт хөдлөөд Нэгдсэн эмнэлгийн доод талд байх цагаан өнгөөр шохойдсон байшингаас Ш орж 50-н шар өнгийн ууттай ноолуур аваад Шинэ-Алтай захын урд талд байдаг "Өгөөж" төвийн үүдэнд очиж зогсоод Ш дотогш орж ноолуураа өгөөд гарч ирээд бид нар хамт явж Тамгын газар орж бичиг өгөөд драгон орж 8 ширхэг хайрцагтай эм ачаад эмнэлэг орох замдаа Ажаа ээж гэх газар орж хоолонд ороод эмнэлэг орсон ... Б.Ш өөрөө малтай байдаг болохоор ноолуур нь гарсан юм байна гэж бодсон ... Надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй… Тухайн байшин бол хаягдлын байшин байгаа юм. Тэр дотор хүн байгаагүй. Түлхүүр нь Ш-т байдаг. Б.Ш дотор нь ажил үүргээ гүйцэтгэдэг юм..." гэсэн мэдүүлэг /ХХ33-35/,

Гэрч Ч.Ба-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Нэгдсэн эмнэлэг дээр хамт ажилладаг Б.Ш, Б хоёр таараад, би тэр хоёрт хандаж бичиг хүргээд өгье гээд Б ахын машинтай бичиг хүргэж өгөх гээд эмнэлэгийн үүднээс хөдлөөд Нэгдсэн эмнэлэйн хогийн цэгийн хажууд байх цагаан өнгийн байшин дотроос Ш ороод ууттай ноолуур авч гарч ирээд машинд тавиад тэндээсээ хөдлөж яваад Шинэ-Алтай захын хажуу талд байх С-н түүхий эд авдаг цэг дээр очиж зогсоод Б.Ш дотогш орж өөрөө ноолуураа өгөөд гарч ирээд шууд Тамгын газар орж бичиг өгөөд цааш явж драгон дээрээс 8 хайрцаг эм ачаад эмнэлэг дээр буулгасан. Тэгээд надад 40 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн тэмдэгт өгөөд хадгалж бай гэсэн ... Та хадгалаад байж бай гэсэн. Түүнээс тэдний өдөр авна гэж хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /ХХ36-38/,

Гэрч М.С-н мөрдөн байцаалтад өгсөн "... Би 2019 оны 06 сарын 14-ний өдөр ажил дээрээ Ц, П нарын хамт байж байтал өдөр 14 цагийн үед эмнэлэгт ажилладаг хүн орж ирээд ноолуур ямар үнэтэй байна, ноолуур авах уу? гэж асуухаар нь би ноолуур 85.000 төгрөг гэж байна, авна гэж хэлэхэд тэр хүн гараад явсан. Тэгээд тэр хүн 50-н шар шуудайтай ноолуур авч орж ирээд манай хилэн дээр тавихад 12 кг 900 грамм болохоор нь уутны жинг хасаад 12 кг 800 грамм болоод 1 килограммыг нь 85.000 төгрөгөөр бодоод би тэр хүнд 1.088.000 төгрөг өгсөн ...  Би хулгайн ноолуур гэж мэдээгүй. Тэр хүн чинь их л дөлгөөн царайтай хүн байх шиг байсан...." гэсэн мэдүүлэг /ХХ39-40/,

Гэрч Д.П-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим хоолоо идээд байран дотор сууж байхад гаднаас нэг хүн орж ирээд ноолуур өгөхөөр болоод Ц, С ах бид нар өрөөнөөс гарч тухайн ноолуурыг Ц бид хоёр уутнаас нь гаргаж задласан юм ... Би тэр хүнийг танихгүй. Цэнхэр цамцтай, саравчтай малгайтай хүн л байсан. 50 гаруй насны хүн байсан ... Шар өнгийн ууттай кг-г нь сайн мэдэхгүй байна. Би Ц-н хамт уутнаас нь гаргасан. Холимог улаан, хар өнгийн ноолуур байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ41/,

Гэрч Н.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчим хоол хийдэг өрөөн дотроо хоолоо идээд сууж байхад гаднаас нэг ах хаалга нээгээд ноолуур өгье гээд тэгээд С ах бид хоёрыг гараад үзээдэх гээд Д.П бид хоёр хамт гарсан юм... Би тэр хүнийг танихгүй. Цэнхэр өнгийн куртикэн цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, 40-45 насны орчим хүн байсан... Яг хэдэн кг ноолуур байсан талаар би мэдэхгүй байна. Шар өнгийн ууттай ноолуур байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ42-43/,

 “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №ТҮХ/410/411 дугаартай  ноолуурыг 1.088.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /ХХ47-49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ5-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ7-8/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ9-11/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ12-13/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ14-17/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш-н 2019 оны 06 дугаар сарын 14-ний  өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Толгойт  0-0 тоотод байрлах иргэн Ч-н эзэмшлийн байшинг онгорхой байхад нэвтрэн орж хохирогч М.С-н өмчлөлийн 12,8 кг ноолуур хулгайлан авч, 1.088.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдгийг хүн байнга амьдрахад зориулагдсан төрөл бүрийн байр, орон сууц, байшин, монгол гэр, урц, зуслангын байр, зочид буудал, амралт сувилалын газрын хаалга, цонх, хамгаалалтын хэрэгсэлийг багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр эвдэх, түлхүүр тааруулах, хамгаалалтын кодыг эвдэх, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг аргаар тухайн орон байранд түр болон удаан хугацаагаар оршин суух эрхгүй этгээд нэвтрэн орж гэмт хэрэг үйлдэхийг ойлгоно. Тухайн орон байрны хаалга онгорхой байсан, шүүгдэгч хөрш зэргэлдээ амьдардаг зэрэг нь гэмт хэргийн зүйлчилэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэгээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэгээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ХХ-22/, хохирогч М.С-н 5326011064 тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийн үндэслэн  шүүгдэгч Б.Ш-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж шүүх үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Уул гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг мөн зөвхөн хорих ял оногдуулахаар хуульчилсан тул шүүгдэгчийн гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү? гэх хүсэлтийг хүлээн авч хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авах хууль зүйн боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ш-г 1/нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1/нэг/ ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор               Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА