Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн, Э.Ууганбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            

             прокурор Р.Энхтуяа,

             нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаагийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч  прокурор Р.Энхтуяагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 11 тоот  эсэргүүцлээр эрүүгийн 201726010039 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Алаг морьт овгийн Эрэнтовчийн Ууганбаяр, 1997 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байр, 65 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УП97033010/;

           

Цагаан морьтон овгийн Эрдэнэ-Очирын Эрдэнэбаатар, 1997 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 30-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УП97071034/,

           

Тайжууд овгийн Очирбатын Билгүүн, 1996 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын хамтарсан политехникийн коллежийн авто механикийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, эгч, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 8 дугаар гудамж, 237 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: НХ96040614/,

             

Яллагдагч Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19 дүгээр байрны 2 дугаар орцонд “эмэгтэй хүнтэй эвгүй харьцаж болохгүй гэж хэллээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Б.Батболдод хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр  прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр захирамжид: Нэг. Б.Эрхэмбаяр нь энэ хэргийн хохирогч мөн эсэх талаар:

                Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1. дэх хэсэгт танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” хэмээн хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдын бие махбодод гэмтэл учирсан байхыг заавал шаардаагүй байна.

                Гэтэл энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Эрхэмбаяр нь гэмт хэрэг гарах үед хохирогч Б.Батболдтой хамт явж байсан бөгөөд тэрээр мөн адил зодуулсан, цохиулсан талаарх хууль ёсны нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

                1. Б.Эрхэмбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл: Б.Эрхэмбаяр би ...таксины төлбөрийг хийх бэлэн мөнгөгүй байсан тул жолооч гэрээс мөнгө авахаар намайг дагаж орсон юм. Орцны нэг давхарт 19-20 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр маргалдсан буюу эрэгтэй нь эмэгтэйгээ заамдсан, дээрэлхсэн байдалтай байсан. Би  "... эмэгтэй хүнд ингэж хандаж болохгүй" гэж шаардлага тавиад дээш алхсан. Хоёрдугаар давхар өнгөрөөд явж байтал араас гурван залуу ирж, ард явсан жолооч залууг шат дагуулан чирж унагаасан. Майктай шаргал царайтай залуу нь хүүе гэхийн завдалгүй цохиж, жолооч бид хоёрыг дундаа хийн нүүр нүдгүй цохисон. Үүний улмаас одоогоор миний амны хөндий, шүд маш хөндүүртэй, ярихад хүндрэлтэй байна. Толгой их өвдөж байна. Маш их гомдолтой байна. Эрүүл мэндийн байгууллагад хандаж нарийн үзлэг хийлгэх болно. (хх-ийн 5),Б.Батболдын тайлбар: “...гэртээ хүргүүлж байсан залууг яг хэн цохиж, зодсоныг хараагүй. Дараа нь харахад түүний амнаас цус гарсан байсан...” (хх-ийн 14-15),

                Б.Эрхэмбаярын тайлбар: Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр рүүгээ харих гээд такси барьж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол руу явсан юм. Ингээд 19 дүгээр байрны хоёрдугаар орцны үүдэнд буугаад мөнгө дутсан учраас таксины жолоочид "дагаж ороод мөнгөө авчих" гэж хэлээд, бид хоёр манай орц руу хамт орсон. Дээш шатаар алхаж явтал эрэгтэй нь хоёр гараараа эмэгтэйнхээ энгэрээс заамдчихаад нааш, цааш сэгсэрч, хана мөргүүлээд маргалдаад зогсож байхаар нь би "...эмэгтэй хүнийг болиоч" гэж хэлчихээд түрүүлээд шатаар өгссөн. Харин таксины жолооч араас алхаж явсан. Тэгээд ард чимээ гарахаар нь эргээд хартал таксины жолоочийн араас нэг залуу татаад, айлууд байдаг коридорт чирж аваачин 3 залуу өшиглөж зодож байсан. Гэтэл нэг залуу нь над руу хүрч ирээд миний хамар, ам руу гараараа хавсарч цохисон. Мөн тэр залуу намайг духаараа мөргөх гэж үзэж байсан. Мөн доогуур миний хөл рүү өшиглөсөн“... миний дээд уруулын дотор талд язарч, хамраас цус гарсан, мөн зүүн хөлийн шилбэ хөндүүртэй байсан...” (хх-ийн 17),Э.Ууганбаярын тайлбар: “...Би махлаг ахын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Туранхай залууг бид гурав гурвуулаа цохисон. Хэн нь яаж цохисноо сайн санахгүй байна...” (хх-ийн 19-20), О.Билгүүний тайлбар: “...Би махлаг ахтай нь ганцаараа нэг нэгнээ 2-3 удаа цохиод, Ууганбаярыг салгаад бид хоёр доошоо буусан...” (хх-ийн 21),хохирогч Б.Батболдын мэдүүлэг: “...Эрхэмбаяр бид хоёр дээш 5 давхар руу гарах гээд шатны доороосоо 2 дахь гишгүүр дээр зогсож байсан бөгөөд би цохиулаад 4 давхрын коридорт унасан. Эрхэмбаярыг цохиж зодсоныг би хараагүй. Харин цагдаа ирсний дараа шүд рүүгээ цохиулсан талаар хэлж байсан...” (хх-ийн 40-41),Б.Эрхэмбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг: “...таксины жолоочийн араас нэг залуу татаад, айлууд байдаг коридорт чирж аваачин 2 залуу өшиглөж зодож байсан. Гэтэл 3 дахь залуу над руу хүрч ирээд миний хамар, ам руу гараараа хавсарч цохьсон.  Тэр залуу намайг духаараа мөргөх гэж үзсэн. Мөн доогуур миний хөл рүү өшиглөж байсан ... миний дээд уруулын дотор талд язарч, хамраас цус гарсан, мөн зүүн хөлийн шилбэ хөндүүртэй байсан...” (хх-ийн 42-43),гэрч Б.Хонгорзулын мэдүүлэг: “...Билгүүн "ах нар яасан, юу болсон" гээд махлаг ах руу очтол тэр ах "Ууганбаяртай маргалдсан учир ууртай байсан уу" мэдэхгүй, "яадаг юм бэ" гээд Билгүүнийг алгадсан. Харин Билгүүнээ зөрүүлээд тэр ахын нүүр рүү 2-3 удаа цохьсон. Ууганбаяр бас тэр үед "та яаж байгаа юм бэ" гээд махлаг ахын нүүр рүү гараараа цохих шиг болсон...” (хх-ийн 44),гэрч С.Одонтуяагийн мэдүүлэг: “...Тэгээд би тэр ах руу очиж "ахаа та гэртээ орчих. манай найз нар согтуу байна" гэж хэлсний дараа шиг санаж байна. Ууганбаяр тэр ахын нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Билгүүн ч бас тэр ахын нүүр рүү гараараа цохьсон...” (хх-ийн 47-48).

                Эдгээр нотлох баримтаас дүгнэвэл яллагдагч Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар О.Билгүүн нар гэмт хэрэг гарах үед зөвхөн Б.Батболдыг зодсон бус, тэдний зарим нь Б.Эрхэмбаярыг мөн хүч хэрэглэн зодсон болох нь нотлогдож байна. Харин цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг удаашралтай шалгасны улмаас Б.Эрхэмбаярт учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоох боломжгүй болжээ.

                2.Яллагдагчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй талаар:

                Яллагдагч О.Билгүүний оршин суугаа хаягийн тодорхойлолт хэрэгт авагдаагүй байх тул түүний хувийн байдлыг бүрэн тогтоосон гэж үзэхгүй. Хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд хавсаргасан "Иргэний үнэмлэхийн лавлагаа"-нд О.Билгүүний амьдарч эхэлсэн хаягийг тусгасан боловч энэ нь түүний одоо оршин сууж буй хаягийг тодорхойлохгүй. Жишээ нь: Яллагдагч Э.Ууганбаярын "Иргэний үнэмлэхийн лавлагаа"-нд (хх-ийн 116)түүний амьдарч эхэлсэн хаягийг "Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 65 тоот" гэж тусгасан боловч “Оршин суугаа хаягийн тодорхойлолт”-д(хх-ийн 117) Төв аймгийн Аргалант сум, 2 дугаар баг Хөшөөт гэж өөрөөр тодорхойлогдсон байгаа.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрсөн талаар:

                1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "... оршин суугчдын амьдардаг хэсэг болох баруун гар талын давхар хаалганаас өмнө 22 см, орцны урд хананаас 11см зайд шалан дээр 9x12 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар болон самбай даавуу ашиглан бэхжүүлэн авав..." гэсэн байх боловч уг баримтыг хэрхсэн нь тодорхойгүй байна.

                2.Хавтаст хэргийн 162, 164 дүгээр хуудсанд авагдсан Яллагдагч О.Билгүүн, Э.Эрдэнэбаатар нарыг байцаасан тэмдэглэлд мөрдөн байцаагч гарын үсэг зураагүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэх боломжгүй.

                3.Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Оюунчимэг нь тус хэлтсийн 108 тоот өрөөнд 18 цаг 16 минутаас 18 цаг 59 минутын хооронд яллагдагч О.Билгүүн, Э.Эрдэнбаатар нарыг нэгэн зэрэг байцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул тэдний мэдүүлгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэхгүй. (хх-ийн 79, 84 дүгээр хуудас),

                4.Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэтэл тус дүүргийн прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай "мөрдөн байцаалт явуулж ирүүлсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах тухай" тогтоолд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг болгон өөрчлөн бичсэн байна. Улмаар цагдаагийн хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр мөн зүйл, хэсгээр хэргийг прокурорт шилжүүлжээ.

                Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 146 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн зүйлчлэлийг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5. дахь хэсэг" болгон дахин өөрчилсөн нь ойлгомжгүй байна.

                5.Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж оролцогч нарт хэргийн материал танилцуулсан байх боловч уг ажиллагаа ямар хугацаанд үргэлжилсэн болох нь тодорхойгүй буюу мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлд заасан журмыг зөрчжээ. (хх-ийн 154-157 дугаар хуудас),

                6.Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нарыг хэрэг хариуцах чадвартай эсэхийг шалгаагүй, энэ талаар зохих байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй атлаа яллах дүгнэлтэд "яллагдагч нарыг хэрэг хариуцах чадвартай" гэж тодорхойлсон нь үндэслэлгүй болжээ.

                7.2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед яллагдагч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байхад яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар бичихдээ "согтуурсан үөдээ" гэх хэргийн нөхцөлийг дурдаагүй байх тул прокурор хэргийн үйл баримтыг бүрэн тодорхойлоогүй гэж үзнэ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байдал нь тэдэнд оногдуулах ял шийтгэлийн хэр хэмжээнд нөлөөлдөг хуультай.

                8.Хавтаст хэргийн 33, 34 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн
тэмдэглэлийг цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан өдрөөс нэг жилийн болон нэг
хоногийн өмнө үйлдсэн нь ойлгомжгүй байна.

                9.Хавтаст хэргийн 74, 79 дүгээр хуудсанд авагдсан яллагдагч нарыг байцаасан
тэмдэглэлийн биеийн байцаалтад "ЭТА-гүй" гэж бичсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь
                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

                Эцэст нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс мөрдөн байцаалтын үед илэрсэн хэрэгт хамааралтай шинэ нөхцөл байдлыг нэг мөр шалгавал зохино.

                Яллагдагч Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлэв гэжээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор Р.Энхтуяа эсэргүүцэлдээ:

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүгчийн 319 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Шүүх Э.Ууганбаяр, О.Билгүүн нарын тайлбар, гэрч Б.Хонгорзул, С.Одонтуяа нарын мэдүүлэг зэргээс дурьдаад эдгээр нотлох баримтаас дүгнэвэл яллагдагч Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн нар нь гэмт хэрэг гарах үед зөвхөн Б.Батболдыг зодсон бус, тэдний зарим нь Б.Эрхэмбаярыг мөн хүч хэрэглэн зодсон болох нь нотлогдож байна гэсэн заалтын тухайд:

            Гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрч Б.Эрхэмбаяр, гэрч Б.Хонгорзул, С.Одонтуяа, яллагдагч Э.Ууганбаяр, Э.Эрдэнэбаатар, О.Билгүүн нар нь бүгд согтуу байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон харин энэ үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ганц хүн нь хохирогч Б.Батболд байсан.

            Хохирогч Б.Батболд нь "...Эрхэмбаяр бид хоёр 5 давхар руу гарах гээд явж байхад араас гүйж ирсэн залуучууд намайг цохисон бөгөөд би 4 давхрын коридорт унасан. Эрхэмбаярыг цохиж зодсоныг би хараагүй, харин цагдаа ирсний дараа шүд рүүгээ цохиулсан талаар тэр хэлж байсан /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлэг өгсөн нь гэрч Б.Эрхэмбаярын..." хоёрдугаар давхар өнгөрөөд явж байтал доороос 3 залуу гүйж гарч ирээд миний ард явсан жолооч залууг шат дагуулан чирж унагаасан, майктай шаргал царайтай залуу нь хүүе гэхийн завдалгүй цохиж, жолооч бид 2-ыг дундаа хийж нүүр нүдгүй цохисон" гэсэн өргөдөл болон гэрчийн мэдүүлэг зэргийг үгүйсгэж байна.

            Өөрөөр хэлбэл хохирогч Б.Батболд нь тухайн хэргийн болсон үйл явцыг хамгийн сайн мэдэх хүний хувьд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийн эх сурвалж нь нотолгооны шаардлагыг хангасан.

            Харин Б.Эрхэмбаяр нь хэрэг үйлдлийн талаар гаргасан өргөдөл, хоёрдугаар давхар өнгөрөөд явж байтал доороос 3 залуу гүйж гарч ирээд миний ард явсан жолооч залууг шат дагуулан чирж унагаасан, майктай шаргал царайтай залуу нь хүүе гэхийн завдалгүй цохиж, жолооч бид 2-ыг дундаа хийж нүүр нүдгүй цохисон..., би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...," гэсэн гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд Б.Эрхэмбаярыг хохирогч гэж үзэхэд учир дутагдалтай байна.Учир нь: тэрээр хэрхэн яаж хохирсон талаарх мэдүүлгийн эх сурвалжаа бүрэн гүйцэд нотолж чадахгүй байгаа тул хохирогчоор тогтоох боломжгүй.

                2.Яллагдагч О.Билгүүний оршин суугаа хаягийн тодорхойлолт хэрэгт
авагдаагүй байх тул түүний хувийн байдлыг бүрэн тогтоосон гэж үзэхгүй. Яллагдагч Э.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаанд түүний амьдарч эхэлсэн хаягийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол,12 дугаар байрны 65 тooт гэж тусгасан боловч "Оршин суугаа хаягийн тодорхойлолт"-нд /хх-ийн 116,117/ Төв аймгийн Аргалант сум, 2 дугаар баг Хөшөөт гэж өөрөөр тодорхойлогдсон байгаа гэсэн заалтын тухайд:

            Шүүгчийн захирамжийн энэ заалт үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулж хавсаргасан, тэд одоогоор амьдарч байгаа газрынхаа хаяг байршлыг мэдүүлэг өгөхдөө хэлж тэмдэглүүлсэн байхад заавал түр оршин сууж байгаа газраас нь тодорхойлолт авахуулах гэж буцааж байгааг хүлээн авах боломжгүй .

            3.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд оршин суугчдын амьдардаг хэсэг болох баруун гар талын хаалганаас өмнө 22 см, орцны урд хананаас 11 см зайд
шалан дээр 9x12 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар болон самбай даавуу
ашиглан бэхжүүлэн авав.." гэсэн боловч уг баримтыг хэрхсэн нь тодорхойгүй байна гэсэн заалтын тухайд:

            Шалан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргаж фото зургаар бэхжүүлсэн. Энэ фото зургаас харахад самбай даавуу ашигласан байдал харагдахгүй, хэрэгт мөн энэ талаар бэхжүүлж авсан зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хавсаргагдаагүй тул "хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурьдсан самбай даавуу ашиглан бэхжүүлэн авав..," гэсэн асуудлыг одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй.

           

4.Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар
эрүүгийн хэрэг үүсгэсэн, дүүргийн прокурорын газрын 2017 оны 3
дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай "мөрдөн байцаалт явуулж ирүүлсэн
хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах тухай" тогтоолд хэргийн
зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг
болгон өөрчлөн бичсэн, улмаар цагдаагийн хэлтсээс 2017 оны 3 дугаар
сарын  21-ний өдөр мөн зүйл, хэсгээр хэргийг прокурорт шилжүүлжээ.

            Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 146 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ хэргийн зүйлчлэлийг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5" болгон дахин өөрчилсөн нь ойлгомжгүй байна гэсэн заалтын тухайд:

            Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорт шилжиж ирсний дараа прокурор бүрэн эрхийн хүрээнд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан тогтоолд гэмт хэргийн зүйлчлэлийг дутуу бичсэн байна,

            Прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан үед хэргийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ хавтаст хэргийн 73-75, 78-80, 83-86 дугаар хуудсанд байгаа яллагдагч нарт ял сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэлд үндэслэж бичсэн.

            Гэтэл шүүгч үндэслэлгүй дүгнэлт хийж прокурорын хэрэг хянах явцад үйлдсэн эрх зүйн хэлбэрийн бичвэрийг хянаж шүүхээс хэрэг буцаах үндэслэл болгосныг хүлээн авах боломжгүй, прокурорын эрх зүйн хэлбэрийн үндэслэлийг хянаж зөвтгөх нь Дээд шатны прокурорын эрхийн асуудал ба шүүгчийн эрх хэмжээнд хамааралгүй юм.

            5.Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж оролцогч нарт хэргийн материал
танилцуулсан байх боловч уг ажиллагаа ямар хугацаанд үргэлжилсэн болох нь
тодорхойгүй буюу мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар
зүйлд заасан журмыг зөрчжээ /хх-ийн 154-157/ гэсэн нь ойлгомжгүй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.7-д "Хэргийн материалтай энэ хуулийн 212 дугаар зүйлийн 212.2-д заасан оролцогч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас тогтоосон хугацаанд танилцах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ" гэсэн байхад тогтоосон хугацаа гэдгийг шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлаж өөрийн ойлголтоор хэрэг буцаах үндэслэл болгож байгааг хүлээн авах боломжгүй байна.

            6.Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нарыг хэрэг хариуцах
чадвартай эсэхийг шалгаагүй, энэ талаар зохих байгууллагаар дүгнэлт
гаргуулаагүй атлаа яллах дүгнэлтэд "яллагдагч нарыг хэрэг хариуцах чадвартай" гэж тодорхойлсон нь үндэслэлгүй болжээ гэсэн заалтын тухайд:

            Шүүхийн хэлэлцүүлэг явагдсан бол яллах дүгнэлтийн зөвхөн энэ хэсгийг шийтгэх тогтоолд дурдахгүй байх боломжтой, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.6-д зааснаар "онц хүнд" гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох талаар зааснаас биш хүндэвтэр хэргийн яллагдагч нарын хэрэг хариуцах чадвартай эсэхийг зохих байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй байдаг тул дээрх байдлаар шийдвэрлэх боломжтойгоос гадна хэрэг буцаах үндэслэл биш юм.

            7.2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед
яллагдагч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь хэрэгт цугларсан
нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байхад яллах дүгнэлтэд холбогдсон
хэргийн талаар бичихдээ "согтуурсан үедээ" гэх хэргийн нөхцөлийг дурдаагүй, гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байдал нь тэдэнд оногдуулах шийтгэлийн хэр хэмжээнд нөлөөлдөг хуультай гэсэн заалтын тухайд:

            Харин согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг шүүх ял шийтгэл ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл болгон хэрэглэх ба улсын яллагч шүүмжлэлийн шатанд энэ талаар санал тавьж болох юм. Иймд шүүгчийн захирамжийн энэ заалт нь хэрэг буцаах үндэслэл биш юм.

            8.Хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн
тэмдэглэлийг цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан өдрөөс нэг жилийн болон нэг хоногийн өмнө үйлдсэн нь ойлгомжгүй байна гэсэн заалтын тухайд:

            Мөрдөн байцаагч хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд "Хохирогч гэх Б.Батболдыг гэмтлийн эмнэлэгт яаралтай үзүүлэхээр явуулсан, Б.Эрхэмбаяр, Б.Хонгорзул, Г.Бямбадалай, С.Одонтуяа, Г.Ууганбаяр, О.Билгүүн нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тайлбар авах боломжгүй байсан" тухай тэмдэглэл бичихдээ 2015 оны 12 дугаар сарын 15 гэж бичжээ.

            Энэ баримтын тухайд прокурор нотлох баримтын хэмжээнд үнэлж яллах дүгнэлтэд дурдаагүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэн дүгнэх шаардлагагүй юм.

            9.Хавтаст хэргийн 74,79 дүгээр хуудсанд авагдсан яллагдагч нарыг байцаасан тэмдэглэлийн биеийн байцаалтад "ЭТА-гүй" гэж мөрдөн байцаагчийн бичсэнийг яллах дүгнэлт үйлдэхдээ "эрхэлсэн тодорхой ажилгүй" гэж залруулан зөвтгөж бичсэн байх тул энэ заалтыг хүлээн авах боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхийн ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

            Оролцсон прокурор Р.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулж, яллагдагч О.Билгүүн, Э.Эрдэнэбаатар нарыг дахин байцаасан тэмдэглэлд өөрөө гарын үсэг зураагүй, өмгөөлөгч яллагдагч нараар зуруулсан нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Цагдаагийн албан хаагч 2 яллагдагчийг байцааж эхлэхдээ 18 цаг 16 минут гэснээ төгсгөлийг өөр, өөр бичсэн нь шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзээд эсэргүүцэл бичээгүй. Бусад бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

                                                                        ХЯНАВАЛ:

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжид заагдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах үндэслэл болсон заалтуудын зарим хэсгийг хангаж , зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан “Яллагдагч, шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанар нөлөөлөх нөхцөлүүдийг нотлоно”, 146 дугаар зүйлийн 146.9, 202 дугаар зүйлийн  202.6 дахь хэсэгт заасан “Тэмдэглэлд яллагдагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, түүнчлэн байцаалтад орсон бусад хүмүүс гарын үсэг зурна”, 201 дүгээр зүйлийн 201.3 дахь хэсэгт заасан “Яллагдагчдыг тус тусад нь байцаах бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэг хэрэгт дуудагдсан яллагдагчдыг өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна”, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар “ ...байцаалт бүрт тэмдэглэл үйлдэж түүнд байцаалтыг хэзээ, хаана, хэнээс явуулсныг дурдана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Иймээс шүүгчийн захирамжийн заалтуудаас 1. яллагдагч О.Билгүүний оршин суугаа газрыг тодруулах, мөрдөн байцаагч гарын үсэг зураагүй, нэг цаг хугацаанд зэрэг байцаагдсан яллагдагч О.Билгүүн, Э.Эрдэнэбаатар  нарын мэдүүлгийг дахин авч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой болгох, хавтаст хэргийн 33, 34 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл цаг хугацааны хувьд ойлгомжгүй байх тул тодруулах зэрэг ажиллагаануудыг хийж, зөрчлүүдийг арилгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгчийн захирамжийн бусад заалтын дагуу нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй, шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулж шийдвэрлэх боломжтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн зарим заалтыг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгож энэ үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 2 болон 3-ын 2, 3, 8 дахь заалтуудыг хэвээр үлдээж бусад заалтыг хүчингүй болгож прокурорын бичсэн 2017 оны 5 дугаар 04-ний өдөр 11 дугаартай эсэргүүцлийн 1 болон 3-ын 1,4,5,6,7,9 дэх заалтуудыг хүлээн авч бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧИД                                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ