Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2025/0095

 

... аймгийн ...... сумын ... шүүхийн нэр бүхий

албан хаагчдын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                    М.Батсуурь

Танхимын тэргүүн:                 Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                        Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:                         П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0059 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0483 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё, Д.Н, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, Э.Б, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарыг оролцуулан,  

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 458 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно” гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож, нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгохыг, цаашид үргэлжлүүлэн олгохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад тус тус даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “аймгийн 2025 оны төсөв”-ийг баталж, улсын төсвийн байгууллагуудад олгох орон нутгийн нэмэгдэл “2,258,001,193 төгрөг” гэж тогтоосон байх бөгөөд шүүхийн нэр бүхий албан хаагчдаас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, “орон нутгийн нэмэгдэл”-ийг олгохыг хүссэн боловч “аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад Сум дундын шүүхийн Тамгын газар хамрагддаггүй тул орон нутгийн нэмэгдэл олгох боломжгүй” гэж татгалзсан байна.  

3.Нэхэмжлэгч нараас: “ ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдад тус шүүхийн 2024 оны 59 дүгээр шийдвэрийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн нэмэгдэл олгож эхэлсэн, гэтэл энэхүү шийдвэр нь .... аймгийн баруун 5 сумыг харьяалан төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагч нарыг бүрэн хамруулалгүйгээр ялгамжтай хандсан, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталж ирүүлсэн тус шүүхийн Тамгын газрын 2025 оны төсөвт “орон нутгийн нэмэгдэл” тусгагдаагүй, орон нутгийн нэмэгдэл нь цалин хөлс олгохтой хамааралгүй, аймаг өөрийн орон нутгийн төсвөөс албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг шийдвэрлэнэ гэж хуульд заасан, энэ эрхээ хэрэгжүүлэхдээ сонгох боломжийг буруу хэрэгжүүлж, тэгш хандаагүй, орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн захиргааны албан хаагч адилхан эрхтэй” гэж,

4.Хариуцагч нараас: “ ... орон нутгийн нэмэгдлийг олгох асуудал нь хуулиар үүрэг болгосон заалт биш сонгох боломж олгосон заалт, төсвийн нөхцөл боломжийг харгалзан хэрхэн олгох нь захиргааны бүрэн эрхийн асуудал, ... аймаг улсын төсвөөс дэмжлэг авдаггүй, орон нутгийн төсвийн орлогоор чиг үүргээ хэрэгжүүлдэг, нэхэмжлэгч нар нь аймгийн Засаг даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ордоггүй, ажил олгогч нь биш тул орон нутгийн нэмэгдэл олгох боломжгүй, шүүхийн байгууллага манайд шууд захирагдах байгууллага биш, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Улсын Их Хуралд тусдаа бие даасан төсөв оруулдаг” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнд:

5.1.Засгийн газраас баталсан тус журмын 2.3 дахь заалтаар орон нутгийн нэмэгдлийг төсөвт тусгах эсэх сонгох боломжийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгосон заалт болохоос бус аймгийн Засаг даргад орон нутгийн болон улсын төсвийн байгууллага, түүнчлэн төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаалын ангилал зэргээр ялгамжтай олгох сонгох боломжийг олгоогүй байна.

5.2.Аймгийн Засаг дарга нь тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд гэж заасан зорилго болоод орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид аль алинд өгч болох сонгох боломжгүй зохицуулалтыг үл харгалзан, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д заасан “төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний буюу зөвхөн орон нутгийн төсвийн байгууллагад орон нутгийн нэмэгдлийг өгч байгаа” гэж тайлбарлаж, нэмэгдлийг олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, сонгох боломжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар тогтоол, түүний хавсралттай нийцэхгүй байна.

5.3.Орон нутгийн нэмэгдэл нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болох талаар нээлттэй зохицуулсан журмын заалтыг аймгийн Засаг дарга нь улсын төсвийн байгууллагын албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгох боломжгүй гэж хууль болоод журмын заалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

5.4.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ... 2025 оны орон нутгийн төсвийн боломжтой байдлыг харгалзан, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 2025 оны төсвийн жилд улсын төсвийн байгууллагын албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдэл-д зарцуулах хөрөнгийг тусгасан байх тул хариуцагч аймгийн Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д “төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно”, мөн зүйлийн 7.3-т “Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж тус тус заасан чиг үүргийн дагуу нэхэмжлэгч нарт орон нутагт ажилласны нэмэгдэл олгох үүрэгтэй.

5.5.Орон нутагт ажилласны нэмэгдлийг улсын төсвийн болон орон нутгийн төсвийн байгууллагын зохих албан хаагчдад олгохыг захиргааны байгууллагад үүрэг болгоогүй эрх олгосон, тодруулбал, тус нэмэгдлийг олгох асуудлыг тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэх эсэх нь сонгох боломжийн хүрээнд байх тул шүүхээс жил бүр цаашид үргэлжлүүлэн олгохыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх боломжгүй.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд өөрийн аймгийн орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг олгохоор 2025 оны төсөвтөө тусган шийдвэрлэсэн байх тул тус аймгийн .... суманд ажилладаг төрийн албан хаагч нэхэмжлэгч нарын энэхүү орон нутгийн нэмэгдлийг авах эрхийн хэрэгжилт хангагдах боломжтой болсон буюу хууль зүйн үндэслэл бодит нөхцөл байдалд бүрдсэн гэж үзэхээр байна.

6.2.Орон нутгийн нэмэгдлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ орон нутгийн төсөвт эсхүл, тухайн төсвийн байгууллагын тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэж болохоор буюу эрх бүхий захиргааны байгууллагуудаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд хэрэгжүүлэх агуулгатай цалин хөлсний бүрдэл гэж үзэхээр байна.

6.3.Орон нутагт ажилласан нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй, тодруулбал, орон нутгийн нэмэгдлийг тухайн жилийн төсөвтөө тусган, олгох эсэх асуудлыг хариуцагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад буюу орон нутгийн хөгжлийн бодлого, төсвийн хүрэлцээтэй байдлын хүрээнд үндэслэн шийдвэрлэх, тэдэнд хуулиар олгогдсон сонгох боломж байна.

7.Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан. Маргаан бүхий хэргийн үйл баримттай адил Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 746 дугаар магадлалаар, аймгийн улсын төсвийн нэр бүхий байгууллагын 238 төрийн захиргааны албан хаагч нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч нар нь аймгийн улсын төсвийн байгууллагуудад ажилладаг төрийн захиргааны албан хаагч нар байх бөгөөд хариуцагч аймгийн Засаг даргын даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орох боломжгүй, ажил олгогч нь биш байхад цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг нэхэмжлэгч нарт олгохыг даалгасан нь биелэгдэх боломжгүй шийдвэр болсон” талаар дүгнэсэн. Төсвийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нарын ажиллаж буй байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нар нь цалин хөлсийг тогтоож олгох үүрэгтэй.

7.2.Аймгийн Засаг дарга цалин хөлс тогтоодог этгээд биш, улсын төсвийн байгууллагын ажилтан буюу нэхэмжлэгч нарын цалин хөлсийг тогтоож олгох үүрэггүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцан ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүсэх бөгөөд хариуцагчийг өөрийн төсөв хуваарилах бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нар болон улсын төсвөөс санхүүждэг байгууллагын албан хаагч нарт адил цалин хөлсийг өгөх нь үндэслэлгүй.

7.3.Улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг аймгийн Засаг даргад хуулиар үүрэг болгоогүй сонгох боломжийн хүрээнд шийдвэрлэхээр заасан.

7.4.Ижил төрлийн маргаантай захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх ялгаатай байдлаар дүгнэсэн, хуулийг нэг мөр тайлбарлаж хэрэглээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Энэ хэргийн тухайд, шүүхийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох үүрэг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын дагуу аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад үүсэх эсэх асуудлыг хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж хариу өгөх нь уг зохицуулалтыг цаашид зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байна.

10.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “Шүүхийн захиргаа нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах … /-д/ зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй байна” гэж зааснаар шүүхийн шүүн таслах чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд туслах үндсэн бүтэц нь шүүхийн захиргааны байгууллага буюу шүүхийн захиргааны албан хаагчид бөгөөд шүүхийн бие даасан, хараат бус байдлын зарчим нь шүүхийн захиргааны байгууллагад нэгэн адил хамааралтай.

11.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 74.1.3-т “шүүхийн эдийн засаг, санхүү, хөдөлмөр, ажлын нөхцөлийн болон бусад баталгааг хангах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол эдийн засаг, нийгмийн хамгааллын болон материал, техник хангамж зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 71.1.9-т “шүүхийн Тамгын газрын ажлын үр дүн, түүний даргын ажил үүргийн хуваарийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх, Ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг батлах, ажилтны ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнд суурилсан урамшууллыг батлагдсан цалингийн санд багтаан тогтоох” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, шүүхийн захиргааны байгууллага нь тусдаа бие даасан төсөвтэй байх бөгөөд, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн баталгаа нь аливаа байдлаар бусад байгууллагын төсвөөс санхүүжигдэхгүй байх тусгай зохицуулалттай байна.

12.Түүнчлэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Шүүх нь Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу нийлүүлэх эд хөрөнгө, зээл, тусламж, олон улсын болон хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрөөс бусад хэлбэрээр хандив, санхүүгийн туслалцаа авахыг хориглоно” гэж заасан, шүүхийн төсөв, санхүүжилт, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын цалин хөлсний талаарх эдгээр тусгай зохицуулалтуудаас үзвэл шүүхийн байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийн бусад байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас эдийн засгийн хувьд хараат бус байх зарчимтай, хуулиар тусгайлан зөвшөөрөгдөөгүй тохиолдолд шүүхийн захиргааны ажилтан нь нутгийн захиргааны байгууллагаас нэмэгдэл цалин хөлс олгохыг шаардах, аливаа хэлбэрээр нэмэгдэл, урамшуулал авахаар харилцан тохиролцож болохгүй.

13.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх тусгай зохицуулалтын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээ”-г тогтоосон, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг бие даан тогтоох эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолоор тогтоосон бусад төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг баримтлаагүй, шүүхийн захиргааны албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг илүү хэмжээгээр тогтоосон нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж буй төрийн захиргааны бусад албан хаагчдын цалин хөлсийг тогтоохтой холбоотой Засгийн газрын шийдвэрийг шүүхийн захиргааны байгууллага баримтлахгүй байх зарчмыг илэрхийлж байна.

14.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж заасан, Засгийн газрын 2018 оны маргаан бүхий 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.5-д “Орон нутгийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно” гэснээс үзвэл тухайн байгууллага нь өөрийн харьяалах байгууллагын албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох тухай шийдвэр гаргах агуулгатай, ингэхдээ тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан шийдвэрлэх буюу өөрийн чиг үүрэгт хамаарах төсвөөр хариуцагчийн эрх хэмжээ хязгаарлагдах тул шүүхийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл цалин олгохоос татгалзсан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын татгалзал хууль зөрчөөгүй.

15.Хариуцагч нарын “… Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д заасан “төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний буюу зөвхөн орон нутгийн төсвийн байгууллагад орон нутгийн нэмэгдлийг өгч байгаа” гэх тайлбар, татгалзал үндэслэлтэй, “аймгийн Засаг даргатай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ордоггүй, ажил олгогчийн үүрэг хүлээдэггүй, бие даасан тусдаа төсөвтэй байгууллагын захиргааны албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгохгүй байх” замаар орон нутгийн нэмэгдлийг хуваарилсныг тэгш эрхийн зарчим зөрчсөн гэж үзэхгүй.

16.Төсвийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан байна”, 31.1.1-д “санхүүжилтийг үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр тодорхойлсон байх”, 31.1.3-д “жилийн төсвийн хязгаарт багтаасан байх” гэж зааснаар хариуцагч нь тухайн жилийн төсвийн төсөл боловсруулахдаа хуулиар тусгайлан заасан үндсэн чиг үүрэгт хамаарах зардлыг төсөвт тусгаж, санхүүжүүлэх үүрэгтэй.

17.Өөрөөр хэлбэл, аливаа цалин хөлсний төсөв нь тухайн байгууллагын албан хаагчдад хамааралтай бөгөөд тухайн байгууллагын төсвөөс өөр байгууллагын ажилтанд цалин хөлс, нэмэгдэл олгохыг шаардах хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий энэ тохиолдолд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй шүүхийн захиргааны ажилтнуудад нэмэгдэл цалин олгох үүргийг хариуцагч хүлээхгүй.

18.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д “Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 57.5.3-т “шүүхийн захиргааны байгууллага, Шүүхийн сахилгын хорооны албан хаагчаас бусад захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч” гэж заасны дагуу Засгийн газар нь шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчаас бусад төрийн захиргааны албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоодог бөгөөд Засгийн газрын шийдвэрээр тогтоосон цалингийн хэмжээ нь төрийн захиргааны албан хаагч буюу ТЗ ангилалд ажилладаг шүүхийн захиргааны албан хаагчдад хамааралгүй гэдэгтэй нэхэмжлэгч нар маргахгүй атлаа “... Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам" нь ТЗ ангилалд ажилладаг бидэнд үйлчлэх ёстой” гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй.

19.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүхийн захиргааны албан хаагчдад цалин хөлсний нэмэгдэл олгохтой холбоотой маргаанд хэрэглэвэл зохих Монгол Улсын шүүхийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийн дээрх холбогдох зохицуулалтуудыг тайлбарлан хэрэглээгүй, “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь нэхэмжлэгч нарт орон нутагт ажилласны нэмэгдэл олгох үүрэгтэй”, “... төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагч нарыг бүрэн хамруулалгүйгээр ялгамжтай хандсан, сонгох боломжийг буруу хэрэгжүүлж, тэгш хандаагүй, орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн захиргааны албан хаагч адилхан эрхтэй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

20.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 746 дугаар магадлалтай, ... захиргааны албан хаагч нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нарт холбогдох, “орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ шүүхүүд “...тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно гэж сонгох боломж олгосон, харин үүрэг болгоогүй, өөрийн төсөв хуваарилах бүрэн эрхийн хүрээнд байна, ялгаварласан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг хэрэгт хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн, уг хэргийн үйл баримт нь “шүүхийн захиргааны ажилтан, албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгох үүргийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хүлээх эсэх”-тэй холбоотой энэ хэргийн маргааны агуулгаас өөр байх тул эдгээр маргаанд хуулийг тайлбарлан хэрэглэсэн шүүхийн хууль хэрэглээний зөрүү үүсэхгүй болно.

21.Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй буюу цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь шүүхийн захиргааны ажилтанд орон нутгийн нэмэгдэл олгох үүрэггүй байх агуулгаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 159/ШШ2025/0059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0483 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.9, 74 дүгээр зүйлийн 74.1.3, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Төсвийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч …. аймгийн …. сумын …. шүүхийн нэр бүхий албан хаагчдын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох “Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно” гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож, нэр бүхий 9 албан хаагчдад нөхөн олгохыг, цаашид үргэлжлүүлэн олгохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад тус тус даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

   Д.БАТБААТАР

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ