Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0127

 

С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарыг  оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0872 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0872 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.Г нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 44.5 гектар 15/00 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, Б.У нарын давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэл Байгаль орчны газар хариуцан ажилладаг бөгөөд тус байгууллага ашигтлалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох ажиллагаа хийсний дараа Нийслэлийн засаг даргын захирамж гардаг. Тухайлбал, Хот байгуулалт хөгжлийн газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авсан албан бичиг, байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн тухай, Аргалант эмээлтийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхацсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байгааг компанийн захиралд тухай бүрд мэдэгдэж байсан.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах” тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 63 дугаар тогтоолоор “А” хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй тухай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай давхацсан талаар шүүх дүгнээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 44.5 гектар 15/RО20 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа “...хариуцагчийн зүгээс тухайн компанийн өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан биш шийдвэрлэхээр судалсан боловч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан” гэжээ.

Мөн “Улсын Их Хурлын 2013 оны “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах“ 23 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 63 дугаар тогтоолоор А хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй тухайн компанийн тусгай зөвшөөрөлийн талбай давхацсан талаар шүүх дүгнээгүй” байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий байнгын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг удаа дараа хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэсэн хэдий ч хариуцагчаас энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийж, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 44.5 гектар 15/0 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Аймаг нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 19.3.3-д “өргөдөлд дурьдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайг аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан үндэслэлийг нь дурьдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх” гэсэнтэй нийцээгүй байна.

Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн дээрх нэхэмжлэгчийн хүсэлтийг байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжигдээгүй талаар тус компанийн захиралд мэдэгдсэн гэж хариуцагч тайлбарлах боловч үүнийгээ нотлоогүй нь хариуцагчийг нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалт нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд тухайн захиргааны актыг гаргахыг даалгах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хамгаалах зохицуулалт бөгөөд ийнхүү даалгаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэх учиртай.

Гэтэл дээрх байдлаар өөрийн эзэмшлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг захиргааны байгууллагаас шийдвэрлэж хариу өгөөгүй байхад уг тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, бодит байдалд биелэгдэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А гаргасан тайлбартаа: “... манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлага байна. Тухайлсан шийдвэр гээд барих шийдвэр хариуцагчид байхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй. Хуульд заасан ажиллагаа хийгдээгүй энэхүү нөхцөл байдал нь хууль бус гэж тодорхойлогдох үндэслэл болоод байна. Иймээс  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т  зааснаар захиргааны татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчийг хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна  гэснийг шүүх анхаараагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага тодруулахад “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...” гэсэн агуулгаар  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болохыг дурьдах нь зүйтэй.

Тиймээс дээрх үндэслэлээр магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц. Б.У нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.