Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01205

 

 ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Тус компани нь Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшил газар дээр орон сууцны ******* барилгын төслийг 2014 оноос эхлүүлж, эхний ээлжийн *******айлын ******* байрыг 2016 оны 04 сард байнгын ашиглалтад оруулсан. Иргэн *******, ******* нар энэ орон сууцнаас 64.01 м.кв талбайтай, ******* тоот, 3 өрөө орон сууцыг манай компанитай гэрээ хийлгүй, төлбөр төлөлгүй 2017 оны 10 сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг гаргуулан авсныг 2022 оны 09 сард бид мэдсэн. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 861 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 514 тоот тогтоолоор дээрх ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаргуулан авсан нь тогтоогдсон. Шинжээчийн 861 тоот дүгнэлтэд "...******* дугаартай хавтаст материалд байх 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 339 дугаартай "Хүсэлт гаргах тухай" гэсэн баримтын "захирал" гэсний ард "******* гэсний урд байх гарын үсгийг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн" гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, *******ийн гарын үсгийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн гэж дүгнэжээ. Тус компанийн харилцах дансанд ******* байрны ******* тоот орон сууцны төлбөр утгаар 2020 оны 04 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг төлөгдсөн. Манай компаниас орон сууц захиалж, худалдан авч байгаа иргэд нь байраа сонгоод баталгаажуулахын тулд урьдчилгаа төлбөрөө төлж, "Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ" хийсний дараа өглөг дансанд бүртгэгдсэн мөнгийг гэрээний төлбөрт оруулан тооцдог. Гэтэл өнөөдрийг хүртэл ******* тоот орон сууцны гэрээ хийгдээгүй байна. Барилгын захиалагч, гүйцэтгэгч, хууль ёсны өмчлөгч "*******" ХК-ийн хүсэл зоригоос гадуур өмчлөх эрх шилжсэн тул *******, ******* нарт шилжүүлсэн гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

Иймд, Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгч "*******" ХК болохыг тогтоож, өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: ******* миний бие ******* хотхоны борлуулалтын албанд 2017 оны 10 сарын 04-ний өдөр очиж захирал гэх *******тай уулзсан. Байр авах сонирхолтой байгаагаа хэлэхэд 1 м.кв-ын үнийг 1,960,000 төгрөг гэхэд нь зөвшөөрч ******* байрны ******* тоот орон сууцыг авахаар гэрээ хийсэн. ******* захирлын хэлсэн ******* дугаартай данс руу 2017 оны 10 сарын 06-ны өдөр Хаан банкны ******* дугаартай өөрийн данснаас "байрны үнэ *******аас гэж бичээд 59,000,000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн данснаас ******* дугаартай данс руу үлдэгдэл 66,600,000 төгрөг хийхэд илүү гээд 140,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Орон сууцанд нүүж ороод захирал *******аас "тооцооны үлдэгдэлгүй, тус байрны гэрчилгээг *******ын нэр дээр гаргаж өгнө үү" гэсэн албан тоотыг аваад бусад материалын хамт Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өгөөд гэрчилгээг гаргуулсан. Тухайн үед компанийн борлуулалт хариуцсан захирал нь ******* байсан учир итгэн байрны төлбөрөө шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн. Байр авснаас хойш 7 жилийн хугацаанд бидэнтэй байрны талаар нэг ч хүн яриагүй нь байрны үнийг 100 хувь төлсөнтэй холбоотой.

Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн ******* хороо, ******* хотхон ******* байр, ******* тоот хаягт байрлах 64.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан шаардсан, *******, ******* нарт холбогдох ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 244,848 төгрөгийг ******* ХК-аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үндэслэл болно гэж тайлбарласан гэж буруу тодорхойлжээ. Нэхэмжлэгч өмчийн хэлцэл хийгдээгүй учраас өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн болохоос өөрөө шилжүүлэн өгсөн өмчлөх эрхээ буцаан шилжүүлэн авах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгосон байна.

4.2. Нэхэмжлэгч "******* ХК-ийн Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт барьсан 16 автомашины дулаан зогсоол, зоорьтой, 16 давхар, *******айлын орон сууцны зориулалтай барилгыг 2016 оны 04 сарын 28-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/155 дугаар актаар ашиглалтад хүлээн авсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө нь *******, ******* нарын өмчлөлд 2017 оны 10 сарын 16-ны өдөр хууль бусаар бүртгэгдсэн талаар 2022 оны 09 сард мэдсэнээр эрүүгийн журмаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 861 дугаар дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 07 сарын 05-ны өдрийн ******* тогтоолоор дээрх ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаргуулан авсан нь тогтоогдсон.

4.3. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасныг үзвэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг үүргийн хэлцлээс ялган заасан бөгөөд *******, ******* нарт холбогдох маргааны тухайд Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-г үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх хэдий ч өмчийн хэлцлийг хүчинтэй гэж үзэх боломжгүй. ******* ХК өмчлөх эрхээ *******, ******* нарт шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд компанийн хүсэлт буюу албан бичгээр илэрхийлэгдэхээр байна. Гэтэл маргаан бүхий ******* тоот орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл болсон ******* ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн нь нотлогдож буй учир талуудын хооронд хуульд заасан өмчийн хэлцэл хийгдээгүй бөгөөд, өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур өмчлөх эрх нь шилжсэн байна. Энэ үйл баримтаар өмчийн хэлцэл хийгдээгүй буюу өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, мэдээгүй, зөвшөөрөөгүй, гэрээнд зааснаар өмчлөх эрх шилжих нөхцөл бүрдээгүй байхад өмчлөх эрх *******, ******* нарт ямар үндэслэлээр шилжсэнийг анхан шатны шүүхээс дүгнээгүй, маргааны гол үндэслэлийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчээс өмчийн болон үүргийг хэлцлийг тусгаарлан үзэж, үүргийн хэлцлийн нөхцөл биелэгдээгүй, өмчийн хэлцэл хийгдээгүй (зөвхөн өмчлөгчтэй энэ хэлцэл хийгдэнэ) учраас өмчлөх эрхээ сэргээн тогтоолгож, үр дагаврыг арилгуулахаар шаардлагаа тодорхойлсон байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжгүй.

4.4. *******, ******* нар орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байхдаа хуурамч бичиг баримтыг үндэслэн, ******* ХК-ийн өмчлөх эрхийг өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур шилжүүлж авсан. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхийн хариуцагч нарыг үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.5. Нэхэмжлэгчээс маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь өмчлөгч мэдээгүй, өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, хуурамч бичиг баримтаар орон сууцны өмчлөх эрх шилжсэнийг үгүйсгэж, *******, ******* нарын нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэнийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс үгүйсгээгүй гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч тал хариуцагч нарын төлөх ёстой нийт төлбөрөөс 80,000,000 төгрөг төлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байгаа нь хариуцагч нараас 2017 оны 10 сарын 06-ны өдөр ******* дансанд төлсөн төлбөр, 2017 оны 10 сарын 06-ны өдөр ******* дансанд төлсөн төлбөрийг тус тус хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж шүүхээс дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс дээрх 59,000,000 төгрөг (******* гэх хүний данс) болон 66,600,000 төгрөг төлсөн данс (******* гэх хүний данс) нь манай байгууллагын данс биш учраас нэхэмжлэгчээс орон сууцны үнэд хариуцагч нараас 125,600,000 төгрөгийг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин ******* байрны ******* тоот гэсэн утга бүхий нийт 80,000,000 төгрөг төлөгдсөн нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн дагуу манай байгууллагын өглөг дансанд бүртгэгдсэн. Тус компаниас орон сууц захиалж, худалдан авч байгаа иргэд байраа сонгоод баталгаажуулахын тулд урьдчилгаа төлбөрөө төлж, Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ" хийсний дараа өглөг дансанд бүртгэгдсэн мөнгийг гэрээний төлбөрт оруулан тооцож, төлбөр тооцоо бүрэн төлөгдсөнөөр борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч, худалдан авагч талд и-баримтыг нэг удаад олгодог. 2020 онд манай байгууллагын дансанд ******* байрны ******* тоот гэсэн утга бүхий мөнгө орсныг хүлээн зөвшөөрсөн. Манай компани нь өөрийн дансанд шилжүүлсэн төлбөрөөс шүүлт хийхэд 80,000,000 төгрөг төлөгдсөнөөс *******, ******* нараас манай байгууллагын дансанд төлбөр огт төлөгдөөгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг дур мэдэн өөрчилж, 80,000,000 төгрөг төлөгдсөнийг хүлээн зөвшөөрснөөр хариуцагч нарын *******, *******ы дансанд шилжүүлсэн мөнгийг орон сууцны үнэ төлөгдсөн гэж шууд дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ.

4.6. Төлбөр төлөх хуваарь тогтоогоогүй нь төлбөр тооцоог бүрэн барагдуулсан гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй. Эсвэл төлбөр төлөх хуваарь тогтоогоогүй л бол төлбөр төлөгдсөнд тооцно гэсэн хуулийн зүйл заалт байхгүй. Төлбөр тооцоо, төлбөр төлөх хуваарь гэдэг нь 2 тусдаа асуудал. Талууд гэрээтэй холбоотой асуудлыг дурдаагүй байхад шүүх хөндлөнгөөс хуваарь тогтоогоогүй нь орон сууцны үнийг бүрэн барагдуулсантай холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй. Өмчлөлийн маргааныг компанийн дотоод асуудалтай хольж дүгнэсэн нь буруу. Компанийн ажилтан дур зоргоор аашилж, эрх мэдлээ хэтрүүлэн бусдад компанийн хөрөнгийг дур мэдэн шилжүүлснийг өмчлөгч мэдээгүй байгааг өмч хүлээн авагч та хууль ёсны өмчлөгч мөн байна, харин компани ажилтнаасаа л шаардах ёстой гэж дүгнэж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ.

4.7. Хариуцагч нар ******* ХК-ийн барьж ашиглалтад оруулсан байр гэдгийг анхнаасаа мэдэж байсан, мэдсээр байж компанийн дансанд мөнгөө шилжүүлэх үүргийг мэдээгүй нь түүнд хэрэг маргааныг ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болохгүй. Хариуцагч нар нь хөрөнгө худалдан авч, гэрээ хэлцэл хийж, төлбөр тооцоог барагдуулахдаа хэрэв компанийн данс биш бол тухайн этгээд нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг лавлах, мэдсэн байх үүрэг бүхий субъект мөн. Гэтэл шүүхээс хариуцагч нарт илт давуу байдал олгон *******, ******* нарын дансанд шилжүүлсэн мөнгийг *******" ХК-д орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.8. Шаардах эрх үүсээгүй бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл үндэслэлтэй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар шүүх дүгнэлт өгнө. Гэтэл нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэлт хийхдээ шаардах эрх үүссэн боловч түүнийг хэрэгжүүлэх боломжгүй болжээ гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэдгийг огт мэдээгүй байсан. Мэдээгүй байсан учраас шаардлага гаргах эрх үүсэх боломжгүй. Өмчлөх эрх өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнийг мэдээгүй байхад өмчлөлөөс гарсан буюу өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагч нарын нэр дээр гарсныг 2022 оны 09 сард мэдсэн. Мэдсэнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хөөн хэлэлцэх тусгай хугацааг бус харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацааг баримтлах хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үндсэн агуулгыг ойлголгүй нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс ямар байдлаар тайлбарлаж, дүгнэснийг давж заалдах гомдолдоо дурдаагүй. Мөн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. *******, ******* нар ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр болон нотлох баримт байхгүй. Хариуцагч нарын данснаас гарсан орон сууцны төлбөр *******ын данс руу орж, *******ын данснаас ******* ХК-ийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс компанийн данс руу орсон төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа хариуцагч нарын данснаас гарсан мөнгийг хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын 4-д орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй гэж дурдсан. Уг нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний төлбөр хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* ХК-аас талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй учраас уг гэрээний дагуу 3 жил шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ХК нь Баянгол дүүргийн ******* хороо, ******* хотхон, 83 автомашины дулаан зогсоолтой, ******* айлын орон сууцны барилга (B2, B3, D2 блок)-ыг 2014 оны 06 сараас барьж эхлээд 2016 оны 03 сарын 15-ны өдөр барьж дуусгасныг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар 2016 оны 04 сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн;

3.2. ******* ХК болон ******* нар 2017 оны 10 сарын 13-ны өдөр 2017/339 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь дээрх барилгын B2 блок, 1-р орц, ******* давхар, ******* тоот, 64.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлэн өгөх, ******* нь гэрээний үнэ 125,459,600 төгрөгийг төлж барагдуулах нөхцөлийг тохирсон;

3.3. ******* нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр 59,000,000 төгрөгийг байрны үнэ *******-с гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь *******ын эзэмшлийн данс руу, 2017 оны 10 сарын 13-ны өдөр 66,600,000 төгрөгийг *******-с байрны үнэ ******* гүйлгээний утгатайгаар Хаан банк дахь *******ы эзэмшлийн данс руу тус тус шилжүүлсэн (нийт 125,600,000 төгрөг);

3.4. ******* ХК-ийн албан бланк, тамга, захирал ******* гэх гарын үсэг бүхий 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 339 дугаартай ...64.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд иргэн *******, ******* нарын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн агуулгатай албан бичиг Баянгол дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хүргэгдсэн;

3.5. Баянгол дүүрэг, ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 64.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь 2017 оны 10 сарын 16-ны өдөр *******, ******* нарын өмчлөлд бүртгэгдсэн;

3.6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 861 дугаартай дүгнэлтээр энэ магадлалын 3.1-д дурдагдсан гэрээнд зурагдсан гарын үсэг нь *******ийн гэх гарын үсгийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байгаа болохыг, харин энэ магадлалын 3.4-т дурдагдсан албан бичигт ******* гэсний урд байх гарын үсгийг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн болохыг тус тус тогтоосон;

3.7. *******, ******* нараас 2020 оны 04 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 04 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 04 сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 04 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 05 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг ******* байрны ******* тоот орон сууцны төлбөр гүйлгээний утгатайгаар ******* ХК-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн.

4. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

Тухайн үед ******* ХК-ийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан ******* нь тус компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг *******д төрүүлсний улмаас ******* нь итгэн 2017 оны 10 сарын 13-ны өдөр 2017/339 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байх тул түүнийг буруутгах үндэслэлгүй.

Маргаан бүхий орон сууц ашиглалтад орсны дараа талууд дээрх гэрээг байгуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Түүнчлэн ******* нь ******* ХК-ийн борлуулалтын албаны дарга *******ын данс руу болон түүний нэрлэн заасан этгээд *******ы данс руу гэрээний үнийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар түүнийг төлбөрийн үүргийг гүйцэтгэсэнд тооцно. 

5. Хэдийгээр ******* ХК-ийн албан бланк, тамга, захирал ******* гэх гарын үсэг бүхий 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 339 дугаартай албан бичигт ******* гэсний урд байх гарын үсгийг ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн болохыг хожим эрх бүхий байгууллагаас тогтоосон боловч уг албан бичгийг хуурамчаар үйлдсэн этгээд нь *******, ******* нар биш, уг албан бичгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг *******, ******* нар тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Иймд дээрх албан бичиг хуурамчаар үйлдэгдсэн гэх нөхцөл байдал нь *******, ******* нарын маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл биш.

6. ******* ХК-ийн зөвшөөрөлгүй *******, ******* нар орон сууцыг өмчлөх эрх олж авсан гэх асуудалд *******, ******* нар буруугүй буюу ******* ХК-ийн тамга, албан бланкаа бусдад ашиглуулсан, эрх бүхий албан тушаалтныхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадаагүй явдалд хариуцагч нар буруугүй байна.  

7. Иймд *******, ******* нарыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх тул нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

8. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөр байдлаар томъёолсон зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

9. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчлэх тул ... нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

Давж заалдах шатны шүүхийн хийсэн тус дүгнэлт нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй болно.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04141 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдох, Баянгол дүүргийн ******* хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай, нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 785,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Д.НЯМБАЗАР