Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох 1916001560099 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Б-н А.

Шүүгдэгч Б.А-н 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед 00-00 ГАА улсын дугаартай Тоёота Ланд круйзер-80 маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын төвд байрлах Гэр бүл,  хүүхэд, залуучуудын ордны зүүн талын 4 замын уулзварын хойд талын замд шороон далан   мөргөсний   улмаас   машинд   зорчиж  явсан   Ж.Гө,   Ж.Го, О.Б  нарын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 04 сарын 23-ны шөнө хүнд юм хүргэж өгөх гээд хөдөө явсан. Тэгэхэд Го, Н, Гө нар жоохон тоглоё гээд араас утастаад байсан. Тэгээд би хөдөөнөөс ирээд шууд тэдний гэрт нь яваад очсон чинь Гө гадуур гараад мөнгө авъя тэгээд О.Б-г аваад ирье гээд Б ахыг очиж аваад тоглоом дууссаны дараа нэг шил архи авъя гээд Шонхор алтай дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэгээд Гө-н мөнгийг авах гээд төв рүү явсан. Миний лед гэрлийн товчлуур нь унтарч өгөхгүй байсан. Тэгээд араас цагдаагийн машин ирж байсан. Би тухайн үед цагдаагийн машин юу гэхийг өөрөө сайн анзаараагүй шатахуун түгээх станцаар ороод наад талын шатахуун түгээх станцаар эргээд Есөнбулагийн хорооны ар тал руу явсан. Тэгээд Есөнбулагийн хорооны урд руу өгсөөд Хүүхэд залуучуудын ордны доогуур явдаг засмалаар хойшоо явахад зам нь цаанаа зассан юм шиг цагаан зам харагдах шиг болсон тэгсэн чинь овоолоотой шороо байсан. Тоормос гишгэх боломж гаралгүй шууд мөргөсөн. Энэ үйлдлийг гаргасандаа маш их гэмшиж байна. Болгоомжгүй үйлдсэн, хүмүүсийн биед хохирол учруулсандаа харамсаж байна ... Хохирлыг шүүхээс тогтоосны дараа төлнө. Тэрнээс өмнө их хэмжээний мөнгө нэхээд тохиролцохгүй байгаа. Би нааш цаашаа явсан зардлыг өгье гэсэн тэрнээс их хэмжээний мөнгө нэхээд байгаа ... Осол гаргасандаа маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хүмүүсийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ж.Го-н мөрдөн байцаалтад өгсөн “....2019 оны 04 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед би Гө ахынд очсон. Тэднийд очсны дараа гаднаас А, М хоёр орж ирсэн. Тэгээд А Гө ахыг дагуулаад гарсан. Араас нь би жаахан байж байгаад гартал тэр хоёр машинд сууж байхаар нь би машинд нь суутал шууд хөдлөөд яваад өгсөн ... Петровис колонкын хажууд цагдаагийн машины хажуугаар өнгөрөхөд цагдаагийн машин зогс гэж чанга яригчаар хэлсэн. Тэгээд Петровисын колонкын талбай дээр шууд эргэхэд цагдаагийн машин дагаж эргэсэн. Тэгээд Очир төвийн араар засмал уруудаад давхисан. Тэгээд харзатын шинэ засмалаар баруун эргэж явж байгаад нэг гудамж руу ороход би наанаа гэрлээ унтраагаад зогсчих гэж хэлэхэд А давхиад байсан. Чигээрээ давхиад далан тулаад Очир төвийн урдуур төв зам руу ороод урд засмалаар дээшээ давхиад Их нуруу төв өнгөрөөд Хөгжил хорооллын урдуур явдаг засмалаар чигээрээ хойшоо давхиад их хурдтай явсан. Тухайн үед би хүүе 4 замын уулзвар гэж хэлэхийн завдалгүй шороон даланг мөргөсөн … Машин бол хурдтай явж байсан. Нэг милл рүү харахад 80-аас дээш миллийн хурдтай явж байсан. Би болон Б ах одоо машинаа зогсоо гэж хэлсэн ... Миний биед нуруу хугарсан, баруун мөр мултарсан, баруун хөмсөгний аяганы яс хугарч цөмөрсөн байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ72-74/,

Хохирогч О.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой хоолоо идчихээд байж байтал Гө, А нар орой манай гадаа ирсэн... Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад гадаа ирээд сигналдахаар нь би хувцсаа өмсөөд машинд нь суусан. Тэгээд манай гаднаас А-н гадна очиж зогсоод А гэр лүүгээ ороод гарч ирсэн. А-н гаднаас хөдлөөд төв гудамж руу орсон. Гө колонкоос мөнгө авна гээд захын тийшээ явсан. Колонкоо андуураад зогссоноо буруу байна гээд хөдлөх гэтэл цагдаагийн машин гарч ирсэн. Тэгээд шууд эргэж зөрөөд Очир төвийн ар тал руу уруудаад шинэ засмалаар урагшаа эргээд Очир төвийн урд өөд өгсөөд төв зам руугаа нийлсэн. Тэгээд хаашаа яаж явсныг нь сайн мэдэхгүй байна. Их хурдтай явж байсан. Тэгээд шороо гэж хэлэхийн завдалгүй очоод мөргөсөн ... Миний биед нурууны хугаралтай, цээж их хөндүүр байгаа ...” гэсэн мэдүүлэг /ХХ77-78/,

Хохирогч Ж.Гө-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой гэртээ унтаж байхад А нэг хүнтэй орж ирсэн … Тэгээд гэрээсээ гараад машинд сууж байхад манай дүү Го араас гарч ирээд та хоёр хаачих гэж байна гэхээр нь Б ахыг аваад ирье гэхэд тэгвэл би суучихъя гээд машинд суусан. Тэндээсээ хөдлөөд Б ахыг аваад А-н хашаанд очсон. А хаалгаа хаачихаад Шунхан алтай гэх дэлгүүрийн үүдэнд очоод тэр дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэгээд төв замаараа давхиад захын дээд талд цагдаагийн машинтай таарсан. Тэндээсээ шууд эргээд Очир төвийн араар шууд уруугаа явахад араас цагдаагийн машин явж байсан. Бид нарыг Есөнбулагийн хороо руу шинэ засмалаар эргэхэд цагдаагийн машин байхгүй байсан. Би цагдаагийн машин байхгүй байна зогс гэж хэлсэн. Тэгэхэд А зогсолгүй шууд захынхаа урд өөд өгсөөд Их нуруу төвөөс Хөгжил хороолол руу эргэдэг засмалаар чигээрээ хойшоо давхисан. Тэгээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын ордны хойд талын 4 замын уулзвараар чигээрээ хойшоо гараад шороо мөргөсөн. Милл нь 120 хүрчихсэн давхиж байсан. Би урд нь сууж явсан болохоор миллийг нь харж байсан. ...Миний 7 ширхэг шүд унасан, баруун мөр, цээжний баруун хэсэг хөндүүртэй байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ81-82/,

Шинжээч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасангийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...НЭГ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Land-80” маркын 48-86 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А /ДП00000000/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв.

ХОЁР: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.А /ДП00000000/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд. 12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэв.

ГУРАВ: Дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь осол үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

ДӨРӨВ: Хавтаст хэрэгт тоормосны мөр авагдаагүй, холбогдогч, хохирогчийн мэдүүлэг зэрэгт зогсоох арга хэмжээний талаар дурдагдаагүй тул тогтоох боломжгүй гэж үзэв…” гэсэн дүгнэлт /ХХ85/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...1. Иргэн Ж.Го-н биед баруун нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун хөмсгөнд шарх, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун мөрний мултрал, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ91-92/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...1. Иргэн Ж.Гө-н биед үүдэн 7 шүдний хугарал, мултрал, уруулын дотор талын шарх, баруун эгэмний холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 25% хувь алдагдуулна.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ109-110/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн “...1. Иргэн О.Б-н биед бүсэлхийн 3-р нугаламын сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /ХХ116-117/,

Гэрэл зургийн үзүүлэлт /ХХ7-9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ13/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ14-15/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед 00-00 ГАА улсын дугаартай Тоёота Ланд круйзер-80 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын төвд байрлах “Гэр бүл,  хүүхэд, залуучуудын ордон”-ны зүүн талын 4 замын уулзварын хойд талын замд шороон далан мөргөсний   улмаас   машинд   зорчиж  явсан   Ж.Гө,   Ж.Го, О.Б  нарын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч О.Б нь 856.680 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хохиролтой холбоотой гаргаж өгч, хавтаст хэргийн 20-р хуудсанд бэхжүүлсэн Алтай тан,  Монос эмийн сангийн зарлагын баримтууд, Сант арвин ХХК-ийн эмийн сангийн, Эм хангамж ХХК-ийн НӨТ-ийн баримтууд, 22-р хуудсанд бэхжүүлсэн рентген зургийн үнэ төлсөн кассын баримт, нийт 388.680 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлсэн бөгөөд шүүгдэгч Б.А нь хохиролд 200.000 төгрөг төлсөн учраас үлдсэн 188.680 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин нотлох баримтаар нотлогдоогүй 468.000 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ж.Гө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.000.000 төгрөгийн, шүүхийн шатанд 5.500.000 төгрөгийн, нийт 8.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс шүүхийн шатанд гаргаж өгсөн шашны зан үйлтэй холбогдон гарсан гэх /ХХ211-212/ 5.500.000 төгрөгийн зардал нь шүүгдэгч Б.А-н гэм буруутай үйлдлийн улмаас шууд гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Хохирогч Ж.Гө-н ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлогыг хавтаст хэрэг бэхжүүлсэн баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ХХ36/, цалингийн карт /ХХ37/-аар ямар хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, хэдэн төгрөгний цалин хөлсөө дутуу авсан болохыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохиролтой холбоотой хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаас 41-р хуудсанд бэхжүүлсэн Алтай тан ХХК-ний эмийн сангийн зарлагын баримт, 42-р хуудсанд бэхжүүлсэн Бамбайн үндэс ХХК-ний эмийн сангийн зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэлж, нийт 187.100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Гө-н хохиролд 315.000 төгрөг төлсөн учраас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хавтаст хэргийн 43-р хуудсанд бэхжигдсэн VOCO DENT шүдний эмнэлэгийн 130.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болно.

Хохирогч Ж.Го нь 18.234.595  төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хохиролтой холбоотой гаргаж өгч, хавтаст хэргийн 60-р хуудсанд бэхжүүлсэн Мөнхийн шидэт тун, Бамбайн үндэс, Алтай тан эмийн сангуудын зарлагын баримтууд, Улаанбаатар хотын эмийн сангаас эм худалдан авсан НӨАТ-ийн баримт,  Агар шим эмийн сангийн баримтууд, LUXMED-ийн НӨАТ-ийн баримт, Хаппи Веритасийн НӨАТ-ийн баримт, 61-р хуудсанд бэхжүүлсэн Бамбайн үндэс эмийн сангийн НӨАТ-ийн баримт, хот хооронд зорчих тасалбар, Бамбайн үндэс эмийн сангийн 3 ширхэг, Алтай тан эмийн сангийн 3 ширхэг, Агар шим эмийн сангийн 1 ширхэг, Аки фарм эмийн сангийн 1 ширхэг, Монос эмийн сангийн НӨАТ-ийн баримтууд, шинжилгээний төлбөр төлсөн баримт, онгоцны тасалбар гэсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэлж, нийт 2.065.300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Гоод хохиролд 500.000 төгрөг төлсөн учраас үлдсэн 1.565.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Го-н нэхэмжлэлээс цалингийн зээл, ярианы төлбөр, Сарнайцэцэгийн хот хооронд зорчсон тасалбаруудын үнэ, хүнсний зүйл худалдан авсан үнэ, бензин шатахуун авсан төлбөрүүдийг шүүгдэгч Б.А-н гэм буруутай үйлдлийн улмаас шууд гарсан зардал гэж тооцох үндэслэлгүй байна. Иймээс хавтаст хэргийн 60-р хуудсанд авагдсан 64, 69, 72, 73, 78 дугааруудтай, 61-р хуудсанд 99 дугаартай шатахуун авсан баримтууд, 60-р хуудсанд авагдсан 66, 70, 75, 76, 77, 80 дугааруудтай, 61-р хуудсанд  авагдсан 102 дугаартай карт уншуулсан баримтууд, 61-р хуудсанд  авагдсан 103, 104, 105, 106, 107, 112 дугаартай хүнсний бүтээгдэхүүн авсан баримтууд, 60-р хуудсанд авагдсан 65, 74, 79, 81 дугааруудтай бичвэр нь харагдахгүй хаанаас, юу авсан нь мэдэгдэхгүй баримтуудыг тус бүрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй учраас нийт 10.516.570 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тухайн цалингийн зээл нь хохирогч Ж.Го-н хувьд орсон орлого бөгөөд хэрхэн өөрийн эмчилгээнд зарцуулсан нь баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд гэм буруутай этгээдээс гаргуулах боломжтой байна. Өөрөөр хэлвэл гэм буруутай этгээдээс нэхэмжилвэл зохих зардалд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хамааруулан авч үздэг болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Го-н гаргаж өгсөн 904.401 төгрөгний цалин авдаг болохыг тодорхойлсон байгууллагын тодорхойлолт/ХХ-58/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбаруудаар /ХХ-59/ түүнийг хэдий хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан, ямар хэмжээний цалин хөлсөө дутуу авсныг тогтоох боломжгүй байх тул нотлох баримт гаргаж өгөөгүй 5.652.725 төгрөгийн нэхэмжлэл, түүнчлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.А нь хохирогч О.Бд 200.000 төгрөг, хохирогч Ж.Гөт 315.000 төгрөг, Ж.Гоод 500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.А-н эзэмшлийн ГАА 00-00 улсын дугаартай ногоон өнгийн Тоёота Ланд Круйзер-80 маркын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт ирсэн ТА№00000 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ,  №00000 дугартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид буцаан олгож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Т овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д сануулсугай.  

5. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч О.Б-н нэхэмжилсэн 856.680 /найман зуун тавин зургаан мөнгө зургаан зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлээс төлөгдөөгүй үлдсэн 186.680 / нэг зуун наян зургаан мянга зургаан зуун ная/ төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж, хохирогч О.Б-д олгож, үлдсэн 468.000 /дөрвөн зуун жарган найман мянга/ төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хохирогч Ж.Гө-н нэхэмжилсэн 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.685.000 / хоёр сая зургаан зуун наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэл болон ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хохирогч Ж.Го-н нэхэмжилсэн 18.234.595 /арван найман сая хоёр зуун гучин дөрвөн мянга таван зуун ерэн тав/ төгрөгийн нэхэмжлэлээс 10.516.570 /арван сая таван зуун арван зургаан мянга таван зуун далан/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.565.300 / нэг сая таван зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.А-с гаргуулж, хохирогч Ч.Г-д олгож, 5.652.725 / таван сая зургаан зуун тавин хоёр мянга долоон зуун хорин тав/ төгрөгийн нэхэмжлэл болон ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Б.А нь хохирогч О.Б-д 200.000 төгрөг, хохирогч Ж.Гө-д 315.000 төгрөг, Ж.Го-д 500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.А-н эзэмшлийн ГАА 00-00 улсын дугаартай ногоон өнгийн Тоёота Ланд Круйзер-80 маркын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт ирсэн ТА№0000 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ,  №000000 дугартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид буцаан олгож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА