| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0119/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Бд холбогдох 1935002850143 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 07-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Т овогт Бын Б /РД:.................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Быг зодсон болох нь хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өмнөговь сумын 2-р багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг 2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн би гэрээсээ адуугаа хайх гээд гараад хүзүүвч, цахир хошуу, цасан хурдаг гэх газар явж байгаад 11 цагийн үед цасан хурдаг гэх газар манай багийн иргэн Б нь морьтой малаа хариулаад явж байсан тэр залуугаас би малаа асуучаад цааш эргээд Баян овоо гэх газар хүрчээд эргээд явж байхад Б нь мотоцикльтэй 10 гаруй насны хүүхэдтэйгээ миний зам тосоод зогсож байсан тэгээд ирээд морьноосоо буугаад очиход Б нь хойгуур мал байна уу гэж надаас асуусан тэгэхээр нь би мал байхгүй гэхэд өврөөсөө 0,75 л болор гэх нэртэй нэг шил архи гаргаж ирээд надад өгөхөөр нь би амсаад өгөхөд гайгүй л уучих хөгшин гээд тэгээд бид хоёр юм яриад сууж байхад Б нь хажуудаа байсан хүүхэд болон хонь хариулж явсан хүүхдээ дуудаад мотоциклио тэр хоёр хүүхдэд өгч явуулаад өөрөө морио бариад үлдсэн. Тэгээд хүүхдүүд явсны дараа Б нь би хүнээс уучлал гуйдаг гар биш танайд ирсэн хүн болгонд та хоёр намайг муу хэлээд явуулдаг танайд очсон хүмүүс чинь манайд ирж бүгдийн хэлдэг юм гээд миний хоёр нүдэн тус газар цохиход миний нүд харанхуйлсан. Яг юугаар цохисныг нь би мэдэхгүй байна тэгээд би газар унахад намайг татаж ирээд миний цээж рүү өшиглөсөн тэгэхээр би босч гүйгээд морио унаад явж байхад Б нь миний араас нааш хүрээд хөгшин гэж дуудаж байсан тэгэхээр би тэр чигээрээ явж байхад Б гэдэг хүн замд малаа хариуж яваад таараад намайг нүд ам чинь яачихсан юм гэхэд нь би Б намайг зодчихлоо гэхэд Б манай гэрлүү залгаад ааваа тосч ав энэ хүн явж чадахгүй юм шиг байна гэж хэлсэн. Б нь намайг эхнэр хүүхдээ иртэл айлд орж амраад байж бай гэхээр нь би цус гоожуулчихсан айлд ороод яахав гэж бодоод гэрийн зүг явж байхад манай эхнэр Б, хүү Ж нар нь мотоцикльтэй тосож ирж намайг аваад тэндээсээ шууд сумын эмнэлэг ороод үзүүлэхэд орой 19 цаг өнгөрч байсан. Оёдол тавидаг эмч нь байхгүй байна гээд У эмч үзэж боолт хийж өгсөн маргааш би аймаг орж ирээд нэгдсэн эмнэлэгийн эмч нарт үзүүлэхэд Б эмч шууд гэмтлийн тасагт хэвт гэж хэлсэн би тэгээд 2019 оны 7 дугаар сарын 17 ны өдөр нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтээд 7 дугаар сарын 23 ны өдөр эмнэлэгээс гарсан. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. Бгийн задалсан нэг шил архи талдаа ч ороогүй байсан Б хир зэрэг архи хэрэглэсэн талаар мэдэхгүй байна надтай анх таарахад эрүүл байх шиг байсан. Б бид хоёр архи ууж байгаад жаахан маргалдсан тэгж байгаад гэнэт Б уурлаад миний нүдэн тус газар цохиход миний нүд харахуулаад явсан яг юугаар цохисныг нь би мэдэхгүй байна би бодохдоо ууж байсан архины шилээр цохисон байх гэж бодож байна тэгээд би уруу газар сууж байсан болохоор гэдрэг унахад намайг татаж ирээд цээж рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Өмнөговь сумын 2-р багт нөхөр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг би 2019 оны 07 дугаар сарын 14 ны өдөр манай нөхөр Б.Б 08 цаг өнгөрч байхад адуугаа харан гээд гараад явсан тэгээд тэгээд цаг хэд болж байгааг анзаараагүй Б гэдэг хүн нь “аавыг чинь хүн цохиод хаячихаж ирж аваарай” гэж хэллээ гээд манай хонинд явсан хүүхэд ирээд бид мотоциклээр урдаас нь тосоод гэртээ авч ирсэн тэгэхэд нүүр тэр чигээрээ цус гоожсон байдалтай байсан тэгээд би цусыг арчаад маарал тавиад цусыг тогтоочихоод юу болсон талаар асуухад Б гэдэг залуу таараад өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд хөгшин хоёулаа энэ архийг хуваагаад ууяа гэж байгаад жаахан сууж байгаад архитай шилээрээ намайг цохиод газар унахад цээжрүү өшиглөсөн гэж хэлсэн тэгээд би сумын эмнэлэгт дуудлага өгөөд сумын эмнэлэгийн машин ирж аваад тэр өдрөө эмнэлэгт өвчин намдаах эм тариа хийж хоноод маргааш нь сумын үйлчилгээний машинаар аймагт ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд маргааш нь гэмтлийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би Бг танин бид хоёр нэг анги манай нөхөр Б Б нар нь цэргийн он жавууд байгаа юм би тэр талаар мэдэхгүй байна манай нөхөр хэлэхдээ архи ууж сууж байгаад намайг цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
Гэрч Ц.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Өмнөговь сумын 2-р багийн нутагт эхнэр 1 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг 2019 оны 7 дугаар сарын 14 ны өдөр 16 цагийн үед малаа хариулаад Өмнөговь сумын 2-р багийн нутаг болох цахир хошууны эхэнд явж байхад манай мал дундуур хүрэн морьтой саарал дээлтэй хүн гарч ирсэн тухайн үед тэр хүний нүүр улаан галзан болчихсон байсан. Би очоод юу болсон талаар асуухад Б намайг архины шилээр цохьчихлоо гэж хэлж байсан. Би Бын гэрийн утсаар хүүхэд нь болох Д гэдэг хүүхэд рүү залгаад ааваа тосож ав энэ хүн хүнээр зодуулчихсан байна гэж хэлсэн тэгээд би доор байгаа айлд очоод амраад хүүхэд чинь ирж автал тэнд байж бай гээд явуулсан тэрнээс тэрнээс өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
Гэрч Б.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Өмнөговь сумын 2-р багийн нутагт аав ээж дүү нарын хамт амьдардаг 2019 оны 7 дугаар сарын 14 ны өдөр 10 цагийн үед манай аав Б морьтой адуу хайна гэж гарсан тэгээд би хонио хариулаад бэлчээрт байж байхад 15 цаг өнгөрч байсан байх Б ах буюу шинэ нэрийг нь Д гэдэг хүн яриад танай аав чинь хүнээр цохиулчихсан байна тосож ав гэж хэлсэн тэгээд би гэртээ ирээд ээж Бтай цуг өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикльтэй тосохоор яваад хар чулуун гэдэг газар таархад манай аав цусаа гоожуулчихсан явж байсан тэгээд ээж бид хоёр юу болсон талаар асуухад Б гэдэг хүн архи ууж байгаад архины шилээр намайг цохьчихлоо гэж хэлсэн. Би аавыг ардаа сундалаад гэртээ ирээд цусыг нь арчаад тэгээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн юм. Сумын эмнэлэгийн машин ирээд аавыг сумруу аваад явсан. Би Б гэдэг хүнийг танин нэг сум баг гэдгээрээ, дээр нь манай ээж Бтай нэг анги гэсэн мөн манай аав Бтой нэг газар цэргийн алба хааж байсан гэдгээр мэднэ. Төрөл садангийн холбоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай нэг үхэр бэлчээртээ төрөөд тугалаа хаячаад гэртээ ирсэн байсан. Тэр тугалыг би тэр орой хайгаад олоогүй. Маргааш өглөө 8 цагийн үед хонио хариулаад гарсан. 11 цагийн үед цасан хурдаг гэдэг газарт хонио хариулаад явж байтал шинэ төрсөн тугал маань бээрсэн байдалтай байсан. Манай хүү үхэрээ хариулаад явж байгаад ирсэн. Тэгхээр нь би бээрсэн тугаланд архи өгөх гээд байна чи гэрээс очоод архи аваад ир гээд гэр лүүгээ явуулсан. Хүү Х 0.75 л Болор нэртэй архи авч ирсэн. Тэр архиа тугалдаа цутгачихаад байж байтал манай сумын Б ирсэн. Бид хоёр юм яриад сууж байгаад нөгөө архиа хуваагаад уусан. Б надтай хэрүүл маргаан үүсгэсэн миний хоёр хүүхэд чамайг ална гэж хэлсэн. Би энэ хэрүүлд хүүхдүүд битгий оруулаад бай гэхэд Б над руу салаавч өгөөд миний нүүр лүү тулгаад байсан. Тэхээр нь би цээж рүү нь нэг түлхэхэд босож ирээд чи хэзээ ийм байсан юм, явган нүцгэн явж байсан гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгхээр нь нүд рүү нь гараараа 2 удаа цохиод, босож ирэхээр нь цээж рүү нь нэг удаа өвдгөлчөөд мориндоо мордоод явсан. Бод 100.000 төгрөгийн хохирол төлсөн. Хэрэв надаас эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх юм бол би төлөхөд бэлэн байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 518 дугаартай шинжээчийн “Б.Бын биед тархи доргилт, хамрын таславчны муруйлт, толгой, нүүрний хэсгийн язарсан, шалбарсан шарх зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнхөн нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 14-р тал/-ээр хохирогч Б.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, толгой, нүүрний орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/-аар нотлогдсон.
Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлын талаар Насанд хүрээгүй гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б ах Өмнөговь сумын багийн нутагт амьдардаг. Даруу төлөв зантай дуу цөөтөй зан сайтай хүн маргалдаж хэрүүл зодоон хийгээд байдаггүй архи дарс нэг их уугаад байдаггүй. Бгийн аж амьдарал бол гайгүй хангалуун амьдралтай мал ихтэй айл.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, Гэрч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б ах төлөв даруу зантай, хүн амьтантай маргалдаж хэрүүл зодоон хийгээд байдаггүй. Хангалуун амьдралтай” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/ гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал буюу хор уршигт 231.100 төгрөгий нэхэмжлэж нотлох баримт гаргаж өгсөн нь хэрэгт хамааралтай бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байна.
Шүүгдэгч хохирол 100.000 төгрөг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 63-р тал/-аар нотлогдож байгаа тул хохирогчийн нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 131.100 төгрөгийг шүүгдэгээс гаргуулж хохирогч Б.Б /Увс аймгийн Өмнөговь сумын 2-р багт оршин суух. РД: ОЙ74121519/-д олгох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Бын амбулаториор эмчлүүлэгчийн карт, толгойны рентген зураг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Бгаас 131.1000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бод олгосугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Бын амбулаториор эмчлүүлэгчийн карт, толгойны рентген зураг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ