| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2024/04645/И |
| Дугаар | 210/МА2025/01224 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/01224
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03569 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдох,
Гуравдагч этгээд *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай,
Бие даасан шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай,
иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2022 оны 08 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, ******* хороо, Нүхтийн ам, ******* хотхоны ******* блок, 1-р орцны 11-р давхар, ******* тоот 49.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. ******* ХХК нь ******* хотхоны төслийн туслан гүйцэтгэгч бөгөөд ******* ХХК-аас ажлын хөлсөнд авсан дээрх орон сууцыг надад худалдан борлуулсан. Гэрээ байгуулахдаа орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч гэх ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 04 сарын 23-ны ажил гүйцэтгэх гэрээг үндэслэсэн. Орон сууцны нийт үнэ 74,085,000 төгрөгийг ******* ХХК дансанд 100 хувь төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Тохирсон ёсоор уг орон сууц 2022 оны ******* улиралд багтаан ашиглалтад орох ёстой байсан ч өнөөдрийг болтол ашиглалтад оруулаагүй. Барилгын ерөнхий гүйцэтгэгч гэх ******* ХХК-аас асуухад ******* ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан, тантай байгуулсан гэрээ одоо хүчингүй, манайх уг орон сууцыг зарах эрхтэй, орон сууцыг танд өгөхгүй гэж хэлсэн. Уг блок байрыг улсын комисс одоохондоо хүлээн аваагүй. Төлбөрөө бүрэн төлсөн иргэн захиалсан орон сууцныхаа өмчлөгч болохыг тогтоолгохоор арга буюу шүүхэд хандаж байна.
Иймд, *******ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: *******" ХХК-аас ******* ХХК-д хандаж 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 22/43 тоот албан бичгээр 2022 оны 04 сарын 23-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хавсралтад заасан 42 ширхэг орон сууц, 6 ширхэг автозогсоолыг худалдан борлуулах, захиран зарцуулах, бусдад дамжуулах бүрэн эрхтэй болохыг баталсан. Бид санхүүжилт дутагдсан, саатсан үед ажлаа зогсоохгүйн тулд ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын төлбөрт шилжүүлэн өгсөн бартерын байрнуудаас бүрэн эрхийн дагуу иргэдэд худалдан борлуулж байсан бөгөөд *******т 2022 оны 08 сарын 09-ний өдрийн ******* тоот орон сууц захиалгын гэрээгээр ******* барилгын 1-р орцны 11-р давхрын ******* тоот 49.39 м.кв орон сууцыг 74,085,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ мөнгийг манай компани 100 хувь барилгын ажилд зарцуулсан. Манай компани ******* ХХК-тай хийсэн ажлын тооцоог баталгаажуулан орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээр хасалт хийнэ.
Иймд, нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК хариу тайлбартаа: "******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг *******т анхнаасаа хууран мэхлэх замаар, захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон гол нөхцөлүүдийг зөрчиж худалдан борлуулсан. ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан үүргээ ноцтой зөрчсөн буюу дундын санхүүжилт авах шаардлага, нөхцөлийг биелүүлэхгүйгээр зөвхөн гэрээний үнэ ба төлбөрийн нөхцөлийг баталгаажуулсан хавсралт болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн үед эдлэх гэрээт ажлын төлбөрт шилжүүлэн өгөх орон сууцыг худалдан борлуулах нөхцөлийг ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө гэрээг зөрчиж, хууль бусаар хэрэгжүүлсэн. ******* ХХК нь туслан гүйцэтгэгч атлаа ерөнхий захиалагчийн эрхийг эдэлж нэхэмжлэгч *******ыг илт хуурч мэхлэх замаар "Орон сууц захиалгын гэрээ байгуулснаас тодорхой харагдана. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн зохицуулалт болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид эцэслэн хүлээлгэж өгөөгүй буюу гэрээний дагуу төлбөр авах эрх нь үүсээгүй төдийгүй дундын санхүүжилт авахад шаардагдах гэрээгээр тохиролцсон нөхцөл, болзлыг хангаагүйгээр захиалагчийн зөвшөөрөлгүйгээр *******тай орон сууц захиалгын гэрээг хууль бусаар байгуулах замаар мөнгөн хөрөнгөөр хохироосон үйлдлийн хариуцлагыг хариуцагч ******* ХХК бүрэн барагдуулна. Түүнчлэн, ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлөгдөх хавсралтаар үнийг баталгаажуулсан орон сууцыг захиалагчаас дундын санхүүжилт хүсэх нэхэмжлэлийг гэрээнд заасан нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр гаргах бөгөөд ийнхүү зөвшөөрөл олгогдсон байрыг бусдад борлуулахдаа захиалагчаас тухайн орон сууцыг худалдан борлуулах өртгөөс бага үнээр худалдан борлуулах эрхгүй юм. Энэ талаар ******* ХХК нь 2022 оны 08 сарын 07-ны өдрийн 22/59 дугаар албан бичгээр ******* ХХК-д мэдэгдсэн бөгөөд энэ хугацаа нь нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулахаас 2 өдрийн өмнө байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Гуравдагч этгээд *******гийн тайлбар, бие даасан шаардлагын агуулга: Миний бие 2023 оны 10 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, ******* хороонд баригдаж буй ******* хотхон ******* блок, 11-р давхар, ******* тоот 49.39 м.кв талбайтай орон сууцыг захиалахдаа 1 м.кв үнийг 1,790,000 төгрөг, нийт 88,408,100 төгрөгөөр захиалан, төлбөрийг 2023 оны 10 сарын 18-ны өдөр ******* ХХК-ийн Хаан банкны ******* тоот дансанд бүрэн төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 2.1-д зааснаар 2024 оны 2-р улиралд багтаан ашиглалтад орох байсан ч ашиглалтад ороогүй. Өнөөдрийн байдлаар миний бие орон сууцны түлхүүрийг авч эзэмшиж байгаа.
Иймд, *******г орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ******* ХХК бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцны барилгад улсын комисс ажиллаад дууссан, одоо актад гарын үсэг зурагдаад явж байгаа. Гуравдагч этгээдэд байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Хан-Уул дүүрэг, ******* хороо, Нүхтийн аманд байрлах ******* хотхоны ******* блокийн 1-р орцны 11-р давхрын ******* тоот 49.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудад тус тус даалгаж, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудаас 528,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 10-р хуудасны 9-д хийсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй бөгөөд худалдах-худалдан авах гэрээний харилцаа нь хууль ёсны өмчлөгч болон захиалагчийн хооронд үүсэх харилцаа бөгөөд хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч, захиалагч болохоо газрын эзэнтэй байгуулсан 2022 оны 03 сарын 31-ний өдөр NC-C2-2 дугаар хамтран ажиллах гэрээ болон хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 04 сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хөдлөшгүй нотолсон. Туслан гүйцэтгэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээгээр тохиролцсон төлбөрийн нөхцөлийн хүрээнд дундын санхүүжилт авах тохиролцсон шаардлага буюу хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээ захиалагчаар баталгаажуулсан акт, талбай дээр буулгасан бараа материалын нөөцийг баталгаажуулсан акт, захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гүйцэтгэсэн тайланг баталгаажуулах замаар гүйцэтгэсэн ажлаа баталгаажуулаагүй бүх нөхцөлд орон сууцыг худалдан борлуулах эрхгүй болохыг нотолж байгаа. Түүнчлэн шүүгч, шүүх хуралдаан эхэлснээс дуусах хүртэл маргаан бүхий орон сууц буюу барилгын карказ, барилга усралтын ажлыг хариуцагч ******* ХХК гүйцэтгэсэн мэтээр буруу ойлгож, буруу дүгнэлт хийж, шийдвэрээ буруу гаргасан. Тодруулбал, маргаан бүхий орон сууцны карказ угсралт, гадна инженерийн шугам сүлжээний ажлыг захиалагч ******* ХХК өөрөө гүйцэтгэсэн бөгөөд дотор засал, гадны фасадны ажлыг ******* ХХК хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэвч шүүх хэрэгт авагдсан материалыг бүх талаас нь бүрэн бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь судлаагүйгээр шийдвэрлэсэн нь хариуцагч "*******" ХХК болон гуравдагч этгээдийн эрхийг ноцтой хохироох үндэслэл болсон.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан, сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргахгүй байх агуулга юм. Гэтэл шүүгч хэрэг шинжлэн судлах шатанд хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 01 сарын 16-ны өдөр дэлгэрэнгүй тайлбарын хамт, нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн дотор сан техникийн, агаар сэлгэлт, салхивчны, цахилгаан, холбоо дохиоллын, хар шал, гипсэн таазны зэрэг ажлуудыг ******* ХХК-аас өөрөө гүйцэтгүүлж, холбогдох төлбөр тооцоог барагдуулсан тул хэргийг шийдвэрлэхэд чухал баримтыг хэрэгт ямар хамаатай юм, яах гэж судлуулж байгаа юм зэргээр эсэргүүцэж, улмаар судалснаар тооцсон гэж үзсэн. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй, дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн үйлдэл болж, улмаар шүүхийн шийдвэрийг хууль бус гарахад шууд нөлөөлсөн.
7.3. Шүүхийн шийдвэрийн 11-р хуудасны 12-т ...Мөн нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийи улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хариуцагч нарын хооронд байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ-ний гүйцэтгэлийг дүгнэн үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх үндэслэлгүй юм.... гэж дурдсан байх бөгөөд маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэхэд туйлын ач холбогдолтой захиалагч ******* ХХК болон гүйцэтгэгч ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгч эсэхийг тогтооход ач холбогдолтой баримт юм. Тодруулбал, хариуцагч буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ******* ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүрэг, ******* хороо, Нүхтийн аманд баригдаж байсан ******* хотхоны ******* блокын 2-р орцны барилгын дотор заслын иж бүрэн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй төдийгүй ямар тоо хэмжээ, төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд нотлоогүй, шүүх хуралдаан үргэлжлэх явцад энэ тухай хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой баримт хариуцагч талаас гаргаагүй. Нэгэнт ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцагч "******* ХХК-д орон сууц худалдан борлуулах эрх огт үүсэхгүй байтал шүүх, шүүгч энэ нөхцөл байдлыг огт хайхралгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг тогтооход Ажил гүйцэтгэх гэрээ-нд гүйцэтгэлийг дүгнэх үндэслэлгүй гэсэн нь хууль бус, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийг буруу хэрэглэсэн, хууль тогтоомжийг буруу тайлбарласан үйлдэл нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх, хэргийг шийдвэрлэх нотлох баримт нь маргаан бүхий хэрэгт хамааралтай байх бүх л шаардлагыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүх талаас нь бүрэн бодитой шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг залруулж өгнө үү.
7.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-р хуудасны 7.1 дэх хэсгээс эхлэн хариуцагч "******* ХХК-аас гаргасан хэргийг шийдвэрлэх чухал ач холбогдол бүхий баримтад ач холбогдол бүхий нэг ч дүгнэлт өгөөгүй, ******* ХХК-ийн гаргасан нотлох баримтын хүрээнд тогтоогдож буй бүхий л үйл баримтаас тойрсон, зугтаасан нэхэмжлэгч болон иргэнийг хохироосон ******* ХХК руу чиглэсэн үйл баримтыг сарниулсан дүгнэлт хийсэн нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шударгаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэрийн 9-р хуудасны 7.1-д "...нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 сарын 09-ний өдөр ******* дугаар орон сууц захиалгын гэрээг хариуцагч "******* ХХК-тай байгуулж ... 123,475,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ... гэх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо ашиглажээ. Гэхдээ шүүх, шүүгч тухайн гэрээ байгуулсан өдрөөр ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны барилга дээр гүйцэтгэж байсан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, өөр хуулийн этгээд рүү шилжүүлэх тухай 2025 оны 01 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан баримтад дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагч ******* ХХК-аас маргаан бүхий орон сууц хамаарч буй *******-2 блок барилгыг 2022 оны 08 сарын 10-ны өдөр ******* ХХК-аар гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн бөгөөд *******ын орон сууцны төлбөрт төлсөн 74,080,000 төгрөгөөс 72,000,000 төгрөг нь 2022 оны 08 сарын 10-ны өдөр "******* ХХК-ийн данс руу шилжин орсон нь хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийг анхнаасаа хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар орон сууц зарсан гэдгийг нотолж байгаа. Гэтэл шүүх тухайн цаг хугацаа, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, өгөхөөс эрс зайлсхийсэн.
7.5. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3, 7.4, 7.5-д хариуцагч ******* ХХК болон *******" ХХК-уудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт, улмаар ажлаа хийж гүйцэтгэснээр төлбөрөө авах нөхцөлүүдийн талаар дурдсан байх боловч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн нөхцөлд шилжүүлэх орон сууцнуудын захиран зарцуулах эрхээ олж авах хамгийн гол нөхцөл буюу захиалагчийн өмнө ажил үүргээ гэрээгээр тохиролцсон нөхцөлийн хүрээнд гүйцэтгэсэн эсэхэд бүхий л үйл явдалд дүгнэлт өгөлгүй, зөвхөн цаасаар үйлдэгдсэн гэрээ, баримтыг үндэслэн *******' ХХК-д орон сууц захиран зарцуулах эрх үүссэн гэсэн дүгнэлт хийсэн нь гэрээ болон хуульд заасан үндэслэл бүрдээгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
7.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т хийсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй. Тодруулбал, ******* ХХК нь дээрх мэдэгдлийг албан бичгээр заасан хугацаанд хүргүүлсэн бөгөөд ийнхүү заасан хугацаанд тухайн компани тухай бүр тухайн албан бичгүүдэд хариу ирүүлж байсан нь хариу албан тоотуудаар нотлогдож байгаа. Түүнчлэн дээрх 11-д ...тордуулбал, 2022.06.29-ний өдрийн 22/52 тоот мэдэгдэл, 2022.08.07-ны өдрийн 22/59 тоот албан бичгийн хариу гэх баримтыг хариуцагч ******* ХХК-д хүргүүлсэн талаар "******* ХХК-аас дээрх мэдэгдлүүдийг хариуцагч "******* ХХК-ийн менежер *******ын хувийн ******* и-мэйл хаягаар хүргүүлсэн байх ба хариуцагч нарын хооронд байгуулагдан гэрээний хаягийг тодорхойлсон байх... гэж шүүгч өөрийн үндэслэлийг гэрээний заалтаар шууд тулган тайлбарлажээ. Гэвч шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийгөө тухайн маргаан бүхий барилгын ажил дээр ажил гүйцэтгэж эхлэхээс одоог хүртэл байсан гэдгийг тухайн үзлэг хийх явцад хүлээн зөвшөөрч, мөн тухайн и-мэйлийг өөрийн и-мэйл хаяг мөн гэдгийг баталгаажуулсан. Мөн шүүх хуралдааны сүүлийн тайлбар хийх шатанд ч тухайн барилгыг бүрэн хариуцаж, өнөөг хүртэл хариуцаж яваа менежер гэдгээ илэрхийлж байсан компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэгт шүүх дүгнэлт хийлгээгүй, тухайн гэрээ цуцлах бичгийг компанийн гэрээн дэх хаягаар явуулах гэсэн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан, туйлширсан ганцхан дүгнэлт хийснээс хариуцагч ******* ХХК ямар ч хариуцлага хүлээхгүй, хариуцлагаас мултарч байна.
7.7. Түүнчлэн шүүх, шүүх бүрэлдэхүүн туслан гүйцэтгэгч гэдгийг мэдсээр байж *******" ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, барилгын талбай дээр ажлаа огт хийгээгүй ******* ХХК-ийг ажлаа хийж, бараг дуусгаж байсан мэтээр мэдүүлсэн нэхэмжлэгчийн илт худал мэдүүлгүүдэд үндэслэж хийсвэр дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл байна. Тодруулбал, нэхэмжлэгч анхнаасаа гүйцэтгэгч ******* ХХК-д хууран мэхлэгдэж байснаа нэхэмжлэлийн шаардлагадаа маш тодорхой дурдсан бөгөөд 2024 он хүртэл байранд оруулна, хүлээж бай зэргээр маргааны зориуд ээдрээтэй байдалд оруулсан.
Иймд, анхан шатны шүүхийн хууль бус, үндэслэлгүй, нэг талыг барьсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх гуравдагч этгээд *******гийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч, давж заалдаж байна.
8.1. ******* нь орон сууцыг худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. ******* нь ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 18-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******* хотхоны ******* блокийн 11-р давхрын ******* тоот 49.39 м.кв талбайтай орон сууцны төлбөр болох 88,408,100 төгрөгийг бүрэн төлсөн.
8.2. ******* ХХК гэрээний үүргээ биелүүлсэн талаар нотлох баримт анхан шатанд бүрдээгүй. ******* ХХК гэрээний үүргээ биелүүлсэн талаарх бодит, хангалттай нотлох баримтыг шүүхэд бүрдүүлээгүй. Харин ******* ХХК нь уг гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл хүргүүлж байсан нь хэрэгт байгаа баримтаар нотлогдсон.
8.3. Гэрээний дагуу шууд харилцагчтай гэрээ байгуулсан *******гийн эрх илүү үндэслэлтэй. ******* ХХК нь тухайн газрын эзэмшигч ******* ХХК-тай гэрээ байгуулж орон сууцыг барьсан бөгөөд надтай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн хүлээн авсан. Нэхэмжлэгч ******* нь энэ орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээдтэй холбоотой шууд эрх зүйн харилцаанд оролцоогүй тул өмчлөх эрх тогтоох үндэслэлгүй.
8.4. ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг ******* ХХК, мөн гуравдагч этгээд ******* нарт худалдсан тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан үндэслэлээр эзэмшилдээ авсан ******* тухайн орон сууцны өмчлөгч болох үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх гуравдагч этгээд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, *******г орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, маргааны хүрээг зөв тодорхойлсон. Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлсөнд орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон эсэх, хариуцагч нарын хоорондын байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэх, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, орон сууцны талаар сүүлд гэрээ байгуулсан гуравдагч этгээдийн эрх хамгаалагдах эсэх гэх 4 агуулгаар хэргийг шалгасан нь маргааны үйл баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдлоо тайлбарлахдаа газрын эзэнтэй ******* ХХК гэрээ байгуулж, уг гэрээний дагуу захиалагч буюу өмчлөгчийн эрхийг дангаар эзэмшиж байна гэж дурддаг. Нэхэмжлэгч болон уг маргааны үйл баримтад ******* ХХК эсхүл ******* ХХК-аас өмчлөгч мөн, биш талаар маргаагүй. Талууд анх гэрээ байгуулахдаа захиалагч ******* ХХК, гүйцэтгэгч ******* ХХК гэдгийг тохиролцсон учраас мэдэж байсан. Гэвч гэрээ байгуулах үед ******* ХХК нь ажлаа хийгээд карказаа 90 хувьтай босгож байсан. Гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан төлбөрийн нөхцөлийг өөрчилсөн. Мөн гэрээний нэмэлт өөрчлөлтөд 42 орон сууц, 6 гараашийг дурдаж, жагсаалтыг гаргаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. 2022 оны 06 сард ******* ХХК-аас ******* ХХК-д 42 ширхэг орон сууц, 6 гараашийг захиран зарцуулах болон бусдад дамжуулах бүрэн эрхтэй бөгөөд ******* ХХК-аас татгалзах зүйл байхгүй гэх мэдэгдлийг гаргаж өгсөн. *******ын зүгээс талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, гаргасан хүсэлт, мэдэгдлийг авч, үндсэндээ бүх зүйлийг судалж, гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10, 11-д талуудын хооронд барилгын гүйцэтгэлээс шалтгаалаад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаагүй. Өмчлөгч буюу газрын эзэнтэй гэрээ байгуулсан хүн нь *******тай гэрээ байгуулах ёстой гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа хэрэгт хавсаргах, цуглуулах үүрэгтэй. Анхан шатны шүүхийн сүүлийн 2 удаагийн шүүх хуралдааны явцад хариуцагчаас их хэмжээний нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалсны дараа хариуцагч нараас нэмэлт тайлбар гаргаагүй бөгөөд судалсанд тооцохоор болсон. Уг нөхцөл байдлаар хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. 2022 оны 04 сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д заасныг харилцан тохиролцож, өөрчлөлт оруулсан. Уг гэрээний дагуу дараа дараагийн мэдэгдлүүдийг өгч, орон сууцыг худалдан борлуулах хэрэгтэй гэж нэмэлтээр тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11-д Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, учирсан хохиролдоо нөхөн төлөх мэдэгдэл өгсний дараа гэрээ цуцлах талаар үр дагаврыг ярилцах ёстой байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дурдагдсан цахим шуудангаар гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг явуулах ёстой гэж зохицуулсны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлахгүй бол гэрээг дуусгавар болгох ажиллагаа хийгдээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК зөвшөөрч, хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг гаргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* ХХК, ******* ХХК-ууд 2022 оны 04 сарын 23-ны өдөр 22/10 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй зоорьтой 16 давхар барилгын C2-1 блокийн карказ угсралт, гадна цахилгаан, гадна холбоо, гадна зам тохижилт, ногоон байгууламж, гадна цэвэр, бохир, газар шороо, эргэн булалтын ажлаас бусад ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэх, ******* ХХК нь дундын санхүүжилтийн нэхэмжлэхийг үндэслэн төлбөр төлөх нөхцөлийг тохирсон;
3.2. ******* ХХК, ******* ХХК-ууд 2022 оны 04 сарын 25-ны өдөр 22/10-01 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр 2022 оны 04 сарын 23-ны өдөр 22/10 дугаартай гэрээний төлбөр тооцооны нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
3.3. ******* ХХК, ******* нар 2022 оны 08 сарын 09-ний өдөр ******* дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, ******* хороо, Нүхтийн аманд баригдаж буй ******* хотхоны ******* блок, 1-р орцны 11-р давхрын ******* тоот 49.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны ******* улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 123,475,000 төгрөгийг төлж барагдуулах нөхцөлийг тохирсон;
3.4. ******* нь 2022 оны 08 сарын 09-ний өдөр 2,085,000 төгрөг, 08 сарын 10-ны өдөр 72,000,000 төгрөг, нийт 74,085,000 төгрөгийг орон сууцны үнэд шилжүүлсэн;
3.5. ******* ХХК болон ******* нар 2022 оны 08 сарын 10-ны өдөр Тооцоо нийлсэн баримт үйлдэж, ...гэрээний төлбөр болох 74,085,000 төгрөг бүрэн /100 хувь/ төлсөн... болохыг батласан;
3.6. ******* ХХК болон ******* нар 2023 оны 10 сарын 18-ны өдөр AB23/20 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, ******* хороонд баригдаж буй ******* хотхоны ******* блок, урд орцны 11-р давхрын ******* тоот 49.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2024 оны 2-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, өмчлөлд нь хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 88,408,100 төгрөгийг төлж барагдуулах нөхцөлийг тохирсон;
3.7. ******* нь 2023 оны 10 сарын 18-ны өдөр 88,408,100 төгрөгийг орон сууцны үнэд шилжүүлсэн.
4. Дээрхээс үзвэл, ******* ХХК болон ******* ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, ******* ХХК болон *******, мөн ******* ХХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Энэхүү магадлалын хянавал хэсгийн 3.5-д дурдагдсан Тооцоо нийлсэн баримт-ын агуулгаас үзвэл ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний орон сууцны бодит үнэ 74,085,000 төгрөг байжээ.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхийг ******* ХХК-д олгосон эсэх, ******* ХХК, ******* ХХК-уудын хоорондын гэрээ цуцлагдсан эсэх, ******* ХХК болон ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, хожим худалдах, худалдан авах гэрээ байгуулсан *******гийн эрх хамгаалагдах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
6. ******* ХХК нь ...******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлаа захиалагчаар баталгаажуулаагүй, дундын санхүүжилт авах нөхцөлийг хангаагүй атлаа гэрээг зөрчиж маргаан бүхий орон сууцыг *******т худалдсан... гэж маргаж байна.
Энэхүү магадлалын хянавал хэсгийн 3.2-т дурдагдсан Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зааснаас үзвэл ******* ХХК нь Арцатын аманд баригдаж буй ******* хотхоны C2-1 блокоос нийт 2,899.88 м.кв талбай бүхий 42 ширхэг орон сууц, 6 автозогсоолыг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон ******* ХХК-д өгөхөөр тохирсон байна. (Уг жагсаалтын 30 дугаарт маргаан бүхий орон сууц багтжээ)
Түүнчлэн, хэргийн 1-р хавтасны 62-р талд ******* ХХК-аас ******* ХХК-д хаягласан 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 22/43 дугаартай албан бичиг авагдсан, уг албан бичигт ...2022 оны 04 сарын 25-ны өдрийн 22/10-01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалтанд олгосон нийт 42 ширхэг орон сууц болон 6 ширхэг автозогсоолыг ******* ХХК нь захиран зарцуулах, бусдад худалдах, дамжуулах бүрэн эрхтэй бөгөөд ******* ХХК-аас татгалзах зүйлгүй болно гэж дурдсан байна.
Дээрхээс үзвэл ******* ХХК маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах бүрэн эрхийг өөрөө ******* ХХК-д олгосон байх тул ...******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлаа захиалагчаар баталгаажуулаагүй, дундын санхүүжилт авах нөхцөлийг хангаагүй атлаа гэрээг зөрчиж маргаан бүхий орон сууцыг *******т худалдсан... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. ******* ХХК нь ...Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах тухай мэдэгдлийг ******* ХХК-д удаа дараа бичгээр, мөн ******* ХХК-ийн менежер *******ын хувийн цахим шуудангаар хүргүүлсэн... гэж маргаж байна.
Хэргийн 1-р хавтасны 108, 109, 110-р талуудад авагдсан ******* ХХК-аас ******* ХХК-д хүргүүлсэн гэх 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 22/50, 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 22/53, 2022 оны 08 сарын 07-ны өдрийн 22/59 дугаартай мэдэгдлүүдийг хүлээж аваагүй гэж ******* ХХК маргаж байх ба эдгээр мэдэгдлүүдэд хүлээн авагч тал хүлээж авсан талаар аливаа тэмдэглэгээ хийгдээгүй байна.
******* ХХК, ******* ХХК-уудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 23-ны өдрийн 22/10 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.2-т Энэ гэрээний дагуу мэдэгдэх, заавар өгөх (талбайн даалгавар) буюу бусад байдлаар харилцахдаа гэрээнд өөрөөр заагаагүй бол бичгээр (албан бичгээр буюу эсхүл ГТН-д заасан албан цахим хаягаар) харилцана гэж заажээ. ГТН-ийн 4-т гүйцэтгэгчийн төлөөлөгчийг захирал ******* гэж, хаягийг Баянгол дүүрэг, ******* хороо, *******хороолол, ******* тоот гэж бичсэн байх ба албан цахим шуудан гэсэн хэсэг хоосон байна.
Иймд ******* ХХК-аас ******* ХХК-ийн менежер *******ын хувийн цахим шуудангаар хүргүүлсэн гэх мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлсэн гэж үзэхгүй.
Дээрхээс үзвэл, Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах тухай мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлсэн гэх тайлбараа ******* ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул ...Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах тухай мэдэгдлийг ******* ХХК-д удаа дараа бичгээр, мөн ******* ХХК-ийн менежер *******ын хувийн цахим шуудангаар хүргүүлсэн... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. ******* нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх тул ******* ХХК, ******* ХХК-уудын хоорондын Ажил гүйцэтгэх гэрээ-тэй холбоотой маргаан *******т хамааралгүй юм.
Иймд ******* нь хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүргийг шаардах эрхтэй, ******* ХХК, ******* ХХК-уудад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасантай нийцнэ.
9. ******* нь ...******* ХХК-тай гэрээ байгуулж, үнийг бүрэн төлсөн, орон сууцыг эзэмшилдээ авсан тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар давуу эрхтэй... гэж маргаж байна.
******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцаа мэдсээр байж дахин өөр этгээдэд худалдсан *******тэй байгуулсан 2023 оны 10 сарын 18-ны өдрийн AB23/20 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-ний улмаас *******д учирсан хохирлыг өөрөө хариуцах учиртай.
Түүнчлэн, Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан зохицуулалт нь хөдлөх эд хөрөнгөд хэрэглэгдэх буюу үл хөдлөх эд хөрөнгөд хэрэглэгдэхгүй зохицуулалт тул *******д давуу эрх бий болгохгүй.
Дээрхээс үзвэл ...******* ХХК-тай гэрээ байгуулж, үнийг бүрэн төлсөн, орон сууцыг эзэмшилдээ авсан тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар давуу эрхтэй... гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.
10. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03569 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 05 сарын 30-ны өдөр төлсөн 528,375 төгрөг, гуравдагч этгээд *******гээс 2025 оны 06 сарын 09-ний өдөр төлсөн 599,991 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР